М.ЦЭЦЭГ
Монголчууд ёстой ухаантай юм аа. Шатахуун үйлдвэрлэчихнэ. Тэр нь бүр машин байтугай онгоц цэнэглэдэг гэнэ. Ерөнхийлөгчийнхөө машиныг цэнэглээд, бас онгоцоор баруун хязгаарт хүргэчихдэг ид шидтэй М-93 хэмээх шатахуун цаана чинь байна. Энэ тухай дээр, дооргүй ярих болжээ.
Энэ яриа юунаас үүдэлтэй гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ авангуутаа Дорнод аймагт ажиллахаар гарахдаа Монголд үйлдвэрлэсэн M-93 шатахуунаар машинаа цэнэглэн хөдөлсөн байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч маань Дорнодод онгоцноос буужээ. М-93 машинд байтугай онгоцонд тохирдог сайн шатахуун гэсэн мэдээ тарах нь тэр. Үнэн хэрэгтээ бол М-93-аар зөвхөн машин цэнэглэдэг. Учир нь Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллахаар гарах замдаа Яармаг дахь “Шунхлай” ШТС-аас Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн M-93 шатахуунаар машинаа цэнэглэжээ. Тэрээр нисэх орж онгоцонд суух замдаа машиндаа шатахуун авсныг хүмүүс андуурсан байж.