Ө.БАТХҮҮ


Энэ бөмбөрцөгийн  хаана  ч 90-ээд  оны үед  сурагч байсан, одоо ид  бүтээх насандаа  яваа  залуусын шүтээн нь  Backstreet  boys  байлаа.  Тэд  үнэхээр од  байсан  учир дэлхийн  хаана  ч  очиж  тоглолт  хийсэн  галзуу үзэгчид нь   дүүрэн байдаг ажээ. Тус хамтлагийнхан  эргэн  нэгдсэнээ  тохиолдуулж  энэ  онд  20 жилийн  ойн  аялан тоглолтоо дэлхий  даяар  хийж буй  юм.  Нэгэнт  “World tour” хэмээн нэрийдсэн  учир  манайд  ч  бас   тоглох тухай  зар  түгж, бүр  энэ сарын  23-нд “Буянт  ухаа” спорт цогцолборт  болно хэмээн  албаны  цахим  хуудаст  нь орсон ч худал байсан. Гэхдээ  Бээжинд  тоглоно гэдэг монголчуудын  хувьд  том  боломж, очиж үзэх  завшаан  байлаа. Тэдний  тоглолтын тасалбарын  үнэ 280-1280 юанийн  хоо­ронд байв.  Монгол төг­рө­гөөр  бол 66 мянгаас 300 мянган төгрөг гэсэн үг. Судлаж  байгаад 480 юа­нийн  тасалбарыг  нь захиалж  чадсан учир  мэргэжил  нэгт  хэдэн  найзтайгаа хамт  Бээжинд  очлоо. Baскstreet  boys Хятадын есөн  хотод  тоглох  хуваарийг  анх гаргасан  байсан ч өнгөр­сөн бүтэн сайнд  товлосон Shenzhen нэртэй  хотын  тоглолтоо  цуцалсан  байна лээ.  Яагаад  тэгснийг  сайн мэдээгүй. Харин гомдсон  фэнүүдийнх  нь үг  цахим хуудсаар  нь дүүрчээ.  Гэхдээ 28-нд Шанхайд болсон, 31-нд  буюу өнөөдөр Чэнгду-д, зурга­дугаар сарын 02-нд  Фүз­хоу-д, 06-нд Нанжинд, 08-нд  Гуанжоу-д  төлөвлөсөн  тоглолтууд нь хуваарийн дагуу үргэлжилж  байгаа юм. Тоглолтын  тасал­барын хувьд аль хотод  тоглохоосоо шалтгаалах­гүйгээр  бараг  ижил юм байна. Өнгөрсөн  бямба га­ригт Бээжин  бүрхэг байв. Зарим  газраа манан буу­гаад өндөр  байшингуу­дынх нь орой үзэгдэхгүй уйтгартай. Baскstreet boys хамтлагийнхан тоглолтоо хийхээр  төлөвлөсөн “Mastercard center” буюу Wuksong  Arena нь  хотынхоо төвөөс  баруун  зүгт  20 орчим километр  зайтай 18 мянган  хүний  суудалтай битүү  цэнгэл­дэх  байв.  Манайхыг  бод­вол  Бээжинд  зар суртал­чилгааны  самбар  байх­гүй, дэлхийн алдартай  хамтлагийнхан  тоглох  гэж  байгаа  гэсэн  ямар ч  уур  амьсгал  бүрдээгүй юм шиг байх нь  сонирхолтой  юм.  Нутгийн жолоочтой  хэл амаа ололцохгүй төөрч байж цэнгэл­дэхээ олтол төв хаалганаас нь нэлээд наана  дугаар­лаж байгаа залуусаас өөр  бичиг, зураг энэ тэр  алга.  Цаг  тулсан учир  дотогш яаруу орвол  зургаан  төвшин  бүхий  суудалтай цэнгэлдэхэд  залуус аль хэдийнэ байраа эзэлжээ.

 

Нэг их  удалгүй товлосон  цагаасаа  10 минутын дараа  тоглолт эхэллээ.  Нөгөө  Aj, Brian, Howie, Kevin, Nick  нар  “Hello Beejin”  гэж мэндчилээд л  дундуур нь  дураараа  нэг их  юм ярилгүй дуулж гарсан. Зарим нэг  шинэ  уран  бүтээлийг нь эс тооцвол  бүгд  танил дуу. Backstreet back-аас эхлээд As long аs  you  love me, I want it  that way, Show  me  the meaning  of  being  lonely, Larger than life...  Залуус хэл соёл, үндэстэн хамаарахгүйгээр бүгдийг нь  даган дуулсаар нэг мэдэхэд тоглолт дуусав.  Ердөө нэг цаг  20 минут  л  болсон тоглолт бидэнд  бол  хэтэрхий богино санагдсан. Харин тэд угаасаа л  ийм цөөхөн  цагаар  тоглож, үзэгчид  ч “Дахиулъя” гэж  ядаргаа  болохгүйгээр  тарж  оддог  бололтой. Backstreet  boys хамтла­гийн дэлхийг тойрч буй  аялан  тоглолтын тухайд ерөнхийдөө ийм.  Үнэтэй тасалбар авч чадаагүйгээс  холоос  авсан  зураг тавьж, илүү  тодорхой дүрслэл гаргаж  чадаагүйдээ уншигчдаас хүлцэл  өчье. Хэсэг үеийг төлөөлөх  залуус  бидний багын гэгээн  дурсамжийг сэргээсэн,  дэлхийд  алдартай boy band-ийн  тог­лолт  үргэлжилж бай­гаа.  Тэд  ирэх  аравдугаар сард Японы 10  гаруй хо­тоор  тоглох  ху­ваа­риа  гаргасныг  цахим  хуудсаас нь  хараарай, боломж гарвал  очиж  үзээрэй.  Сурагч насны  сайхан  дурсамжууд нө­гөө  харь  орны  арын  гудамжны  хөвгүүдийн дуу, хоолойтой   холбогдон  урсч байна  билээ.