1968 оны аравдугаар сарын 12-нд Мексикийн нийслэлд 19 дэх зуны олимпийн наадам эхэлжээ. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа медалийн тавцанд гарсан билээ. Мехикод чөлөөт бөхийн 87 кг-ын жинд Ж.Мөнхбат мөнгө, 52 кг-д Ч.Дамдиншарав, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Артаг нар тус бүр хүрэл медаль хүртжээ. Монгол Улсаас Латин Америкийн оронд болсон анхны энэ олимпод 20 эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 24 тамирчинтайгаар чөлөөт бөхөөс гадна хөнгөн атлетик, буудлага, спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн юм. Энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд тохиосон бусад үйл явдлаас толилуулъя.
МЭӨ 539 Перс омгуудын удирдагч Их Кирагийн арми Вавилон хотыг эзлэн авчээ. Вавилоны хаан Набонидын цэргийн жанжин Угбару урван, дайсны армийг хот руу нэвтрүүлсэн гэж түүхийн сурвалжид тэмдэглэсэн байна. Ийнхүү 1500 гаруй жил оршин тогтсон Вавилоны их гүрэн тусгаар тогтнолоо алдахад хүрчээ.
1350 Алтан ордын дотоодын зөрчилдөөн хурцадсан үеэр Куликовын тулалдаанд Мамайн цэргийг бут цохисноороо алдаршсан Москвагийн ван Донын Дмитрий төржээ. Куликовын тулалдаанд их гарз амссан Мамай хожим Алтан ордын хаан ширээнд заларсан Тохтамыштэй тулалдан мөн ялагдсан билээ. Харин Москвагийн ван болсон Донын Дмитрий Алтан ордод харьяалагдан татвар төлдөг байжээ.
1492 Испанийн далайчин Христофор Колумбын удирдсан хөлөг онгоцууд Европоос гаран Атлантын далайгаар гурван сар аялсны дараа анх удаа эрэгт зангуу хаяжээ. Христофор Колумб орчин үеийн Бахамын арлуудын нэг болох Сан-Салвадорт хүрсэн энэ өдрийг Америкийг нээсэн өдөр гэж үздэг байна.
1810 Баварийн хунтайж Людовиг Саксоны гүнжтэй хурим хийх үеэр хуран цугларагсдыг олон төрлийн шар айргаар дайлсан нь хожим “Октоберфест” хэмээн алдаршжээ. ХБНГУ-ын Мюнхен хотноо жил бүрийн аравдугаар сарын 12-нд болдог “Октоберфест” наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон сая шар айраг сонирхогчид тэмүүлдэг байна.
1935 Италийн Модена хотод дэлхийн дуурийн урлагт хувьсгал хийсэн алдарт тенор дуучин Лучано Паваротти мэндэлжээ. Нэгэн концертын үеэр үзэгчид алга ташин түүнийг 165 удаа тайзан дээр дахин дуудаж байсан нь Гиннесийн номонд бүртгэгдсэн юм. Нью-Йоркийн төв цэцэрлэгт түүний концертыг хагас сая үзэгч сонирхсон бөгөөд ийм олон хүн нэг зэрэг үзсэн концерт түүхэнд үгүй билээ. Домогт дуучин 2007 онд өөд болжээ.
1960 НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Филиппины төлөөлөгч индрээс ЗХУ-ын Зүүн Европ дахь бодлогыг шүүмжлэх үеэр ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрущёв гутлаараа ширээ балбан эсэргүүцлээ илэрхийлж дуулиан тарьжээ. Үүний дараа хурлыг даргалагч танхимд дэг журам сахиулах гэсээр алхаа хугалсан гэдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин