1936 оны аравдугаар сарын 5-нд Чехийн Праг хотноо томоохон бизнесмэний гэр бүлд алдарт жүжгийн зохиолч, тэрс үзэлтэн, улстөрч Вацлав Хавел төржээ. Тэрээр 1963 онд “Цэцэрлэг дэх баяр” жүжгийн зохиолоороо нэрд гарч, 1968 онд ЗХУ-ын цэрэг эх оронд нь цөмрөн орсны дараагаар 1989 он хүртэл үзэл бодлынхоо улмаас удаа дараа шоронд хоригдож байсан юм. 1989 оны арваннэгдүгээр сард В.Хавел Чехословакийн ардчилсан хөдөлгөөнийг удирдан тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонирхуулахад, тэрээр гурван улсын Ерөнхийлөгчөөр ажилласныхаа хувьд (Бүгд найрамдах социалист Чехословак улс, Чехословак, Чех) Гиннесийн номонд бүртгэгдсэн байна.
Аравдугаар сарын 5-нд болсон бусад тэмдэглэлт үйл явдлыг сонирхуулъя.
1793 оны энэ өдөр Францын үндэсний конвентын тогтоолоор христийн уламжлалт григорианы он тооллыг халан шинэ эринийг илэрхийлсэн хувьсгалт цагалбарыг мөрдөж эхэлжээ. Тус цагалбарыг Францын хувьсгал ялалтад хүрч хаант төрийг унаган Бүгд найрамдах улсыг зарлан тунхагласан 1792 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн тоолох болсон байна. Харин Наполеон хаан ширээнд суусныхаа дараа 1806 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ цагалбарыг хүчингүй болгожээ.
1914 онд дэлхийн I дайны үеэр анхны агаарын тулалдаан болж Франц, Германы онгоцууд хоорондоо байлджээ.
1921 онд Лондонд олон улсын зохиолчдын ПЕН-клуб үүсч, хожим Нобелийн шагнал хүртсэн Английн зохиолч Жон Голсуорси анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдов. ПЕН гэдэгт яруу найрагч, нийтлэлч, романы зохиолч гэсэн англи үгнүүдийн эхний үсгүүд оржээ.
1925 онд буюу 90 жилийн тэртээ суут зохиолч Эрнест Хэмингуэйн анхны ном хэвлэгдэн гарсан байна. “Бидний цаг үед” гэсэн нэртэй нимгэн номонд зохиолчийн анхны өгүүллэгүүд багтжээ.
1962 онд Лондонд 007 буюу Жеймс Бондын тухай алдарт цувралын анхны кино дэлгэцнээ гарч эхлэв. Жеймс Бондын анхны дүрийг Английн жүжигчин Шон Коннери бүтээсэн юм.
1975 онд Английн Рединг хотод жүжигчдийн гэр бүлд Кейт Винслет төржээ. 11 наснаасаа жүжиглэж эхэлсэн тэрээр 1997 онд найруулагч Жеймс Камероны “Титаник” киноны гол дүрд тоглосноор дэлхий даяар алдаршсан билээ. Кейт Винслет 2007 онд “Уншигч” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин