Х.ХАТАН
Дээрхийн гэгээнтэн Шри шри Рави Шанкар багш Монголд дөрөв дэх удаагаа айлчлан ирлээ. Уржигдар өглөө онгоцноос буусан их багш 15.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт бясалгалын чанарыг гүнзгийрүүлж, энергийн хүрдийг засах томоохон бясалгалыг зохиов. Монголд анх удаа зохион байгуулсан Чакра крияа буюу Хүрдэн крияад 7000 хүн оролцсон. Монголчууд сайхан сэтгэлтэй, энерги ихтэй, идэвхтэй сайхан хүмүүс гэдгийг гэгээнтэн багш олонтаа онцолж байлаа.
Өчигдөр өглөө улс төр, бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн лидер 20 эмэгтэйг тусгайлан хүлээн авч уулзаж, сонирхолтой ярилцлага өрнүүлж, хүссэн асуултад нь хариулсан юм. Дараа нь 11.00 цагаас СТӨ-нд мэдлэг өгөх лекцийг уншсан. Тасалбар нь хэвлэгдсэн өдрөө зарагдаад дууссан учраас энэхүү лекцийг олон хүнд хүргэхийн тулд ЕТВ орон даяар шууд дамжуулсан.
Дээрхийн гэгээнтэн үдээс хойш Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчидтэй уулзсан. 21 аймгаас ирсэн буяны ажиллагаа явуулдаг эдгээр хүмүүстэй уулзахаар орж ирэхдээ Рави Шанкар багш “Хайртай” гэж монголоор хэлж, мэндчилсэн. Мөн энэ үеэр монголчуудыг бясалгалын сургуультай болгох ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн. Үүний дараа Монголд суугаа оросуудтай уулзаад, орой хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсоноор энэ удаагийн айлчлал нь өндөрлөж байна.
Өнөөдөр Шри шри Рави Шанкар багш эх нутгийнхаа зүг хөлгийн жолоо заллаа. Дээрхийн гэгээнтэнг шүтэн биширч, даган бясалгадаг олон мянган хүн түүний сургааль номлолыг сонсч, хамтдаа бясалгаж, эрч хүч, энергээ сэлбэж чадсан юм. Хүн бүрийн сэтгэл амар амгаланг мэдэрч, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байх ерөөлөөр дээрхийн гэгээнтнийг үдье.