Ч.ГАНТУЛГА
1803 оны энэ өдөр Францын алдарт зохиолч Проспер Меримег мэндэлжээ. Тэрээр алдарт “Кармен” дуурийн зохиолч юм. Эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн эрч хүчийг өгүүлдэг “Кармен” дэлхийн сонгодог жүжгүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг. Харин зохиолоо бичихэд нь түүнд А.Пушкин нөлөөлсөн гэдэг. Проспер 1840 онд Пушкины “Цыганууд” найраглалыг уншаад сэтгэл нь хөдөлжээ. Үүнийхээ дараа 1845 онд “Кармен хүүхэн” зохиолоо уг найраглалаас санаа авч бичсэн түүхтэй. Мөн 1852 онд “Цыганууд” найраглалыг орос хэлнээс төрөлх франц хэл рүүгээ орчуулсан байна. Хожим нь Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе энэ зохиолыг дуурь болгосон бөгөөд 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавьжээ. Энэ өдөр түүхэнд болсон зарим үйл явдлаас дурьдвал
1994 онд Таплин-Стокгольмын чиглэлд явсан “Эстония” усан онгоц Финийн буланд усанд живж сүйрсний улмаас онгоцонд байсан 1000 гаруй хүнээс дөнгөж 140 нь амьд үлджээ.
1919 оны энэ өдөр Латвийн их сургуулийг байгуулжээ.
1939 онд ЗХУ, Германы хооронд нууц протокол батласан байна. Энэ протоколын дагуу Польш, Литва улсын хилийн зурвасыг тогтоожээ.
1618 онд дэлхийн анхны ломбард Брюсель хотод нээлтээ хийжээ.
2001 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан Нобелийн шагнал хүртжээ.
1863 оны энэ өдөр Португалийн эзэн хаан I Карлуш төржээ. Тэрээр 1889 онд хаан ширээнд заларсан юм.
1883 оны энэ өдөр Америкийн сэтгүүлч Альберт Рис Вильямс төржээ. Тэрээр Ленинтэй уулзаж байв. Хожим Ленинийн тухай ном туурвисан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин