Н.ДАЯН

1983 оны энэ өдөр дуучин Эми Уайнхаус Лондоны хойд хэсэгт гэртээ төржээ. Тэрээр хорвоо дээр 27-хон жил амьдарсан ч мянга мянган сонсогчдын хайртай дуучин болж чадсан юм.

Мөн түүний долоон дуу Британийн хамгийн алдартай 40 синглийн жагсаалтад оржээ. Тухайлбал, “Back To Black” сингл жагсаалтын тав, “Rehab” 22, “Тears Dry On Their Own” 24, “Love is a losing Game” 26, “Үоu Кnоw I’m No Good” 33, “Vаrеriе” дууны үндсэн хувилбар 35, продюссер Марк Ронсонтой хамтран дуулсан хувилбар 39-д орсон байна. “Vаrеriе”-гаас бусад нь Эмигийн “Васк То Вlаск” цомогт оржээ. Эми 2006 онд өөрийн бие даасан “Back to Black” цомгоо гаргасан нь их амжилтыг дагуулж, түүнийг дэлхийн хэмжээний од болгосон бөгөөд тэрээр Греммийн шагналыг таван удаа хүртжээ. Эми Уайнхаус 2011 оны долдугаар сарын 23-нд хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Түүний хөшөөг гэрийнх нь ойролцоо Кэмден дүүрэгт өнгөрсөн жил 31 насны төрсөн өдрөөр нь босгожээ. Хөшөөг дуучны биеийн хэмжээгээр хийсэн бөгөөд содон үс, галзуу нүүр будалт, түүний имиж болсон сарнайг хүртэл урласан байв.

Эми Уайнхаусыг нас барсны дараа түүний ээж, ах нь түүний нэрэмжит “Уайнхаус” сан байгуулжээ. Сангийн хүрээнд согтууруулах ундаа, мансууруулах бодист донтсон хүмүүст туслах зорилготой аж. Лондон хотын хууль тогтоомжийн дагуу нас барсан алдартны хөшөөг 20 жилийн дараа босгодог ч Эми Уайнхаусын хувьд энэ нь үйлчлээгүй ажээ.

1916 оны энэ өдөр Чилийн коммунист намын тэргүүн асан Луис Корвалан, 1965 онд ОХУ-ын ерөнхийлөгч асан Димитрий Медведев нар мэндэлжээ.

1930 онд Адольф Гитлерийн удирдсан Үндэсний социалист нам Рейхстаг дахь хамгийн нөлөө бүхий хоёр дахь нам болов.

1939 онд Игорь Сикорскийн бүтээсэн “VS-300” нисдэг тэрэгний анхны нислэг амжилттай болсон.

1998 оны энэ өдөр “Майкрософт” дэлхийн хамгийн баян компаниар тодорч байжээ.