Д.АРИУН

Америкийн боксчин  Рой Жонс /бага/ Оросын иргэншил аваад байгаа бөгөөд тэрээр нэг жилийн дотор орос хэл сурч, оросоор ярьж сурна хэмээн “Р-Спорт”-д ярьжээ. Нэрт боксчин “Би оросоор ярьж сурах хүсэлтэй байна, үүнд нэг жил хэрэгтэй байх. Дараа жил би орос хүн шиг ярьж сурсан байна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Цаашдын зорилго, ирээдүйн тухайгаа тэрээр юуны өмнө боксоор хичээллэсээр байх болно гэдгээ онцолжээ. Рой Жонс өдгөө 46 настай. Гэхдээ нас бол ердөө л тоо гэж үзэж, дахин аваргын бүс авах авах зорилготой байгаа гэнэ.  Мөн Орос, Америкийн хооронд бизнес хийх, хэдэн тэрбумтан болох гээд олон зорилготой ч эцсийн дүндээ “Зүгээр л сайхан амьдрах” нь чухал шүү дээ гэдгийг тэрээр онцолжээ.

Рой Жонсын төлөвлөгөөнд Орост боксын сургууль байгуулах, хөгжмийн карьераа үргэлжлүүлэх ч мөн багтжээ.

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 12-нд түүнд ОХУ-ын иргэншил олгосон зарлигт гарын үсэг зуржээ.  Харин тамирчин энэ хүсэлтээ наймдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа  гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Рой Жонс бол дөрвөн жинд аварга болсон үзүүлэлтээрээ дэлхийд анхдагч мэргэжлийн боксчин. Тэрээр рингэн дээр 70 удаагийн тулаан хийхдээ 62 ялалт байгуулжээ. 2001 онд боксчин хөгжмийн ертөнцөд хөл тавьж, цомгоо ч гаргаад амжсан нэгэн билээ.