×.Îëäîõ 

 

 

Энэ удаагийн дугаарын зочноор ардын урлагийг сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж яваа залуу уран бүтээлчдийн нэг  Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа. 

 

-Уртын дуучдыг  хөдөө төрж өссөн  нь  сайхан хоолойтой, хотод дөрвөн хананы дунд өссөн хүн уртын дуу  дуулахад учир дутагдалтай мэтээр ойлгох нь бий.  Таны хувьд хотын унаган хүүхэд, яаж яваад уртын дуучин болчихов?

-Тиймээ, би Улаанбаа­та­рын унаган охин. Аав Төв айм­гийн Баяндэлгэр, ээж Завхан аймгийн Идэр сумын хүн. СУИС-д анх орохдоо л ардын дуучин болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан байсан. Шал­гуул­тал намайг дуурийг ангид хуваарилсан. Өглөө нь дуу­рийн­хаа хичээлд суучихаад  үдээс хойш нь Ц.Дэлгэр баг­шийн ангийн үүдэнд хаалганых завсраар лекцийг нь хальт хульт сонсч зогсдог байлаа. Зааж байгаа дуунуудыг нь ангийнх нь хүүхдүүдтэй зэрэг­цээд сурчихна. Тэгж явсаар хүссэн ангидаа орж Дэлгэр багшийнхаа удирдлагад төгссөн. “Хотын хүүхэд уртын дуучин болно гэж юу байх вэ”  гэдэг үгийг ганц нэг хүнээс сонсч байсан. Тухайн үедээ  эмзэглэж байсан ч өөртөө тавь­сан зорилго, хүсэл эрмэлзлэл маань хөтөлсөн. Мөн намайг жилийн дараа ч гэсэн уртын дууны ангид элсүүлж авсан Ц.Дэлгэр багшдаа баярладаг. 2000 онд сургуулиа төгссөнөөс хойш өнөөг хүртэл ардын ур­лагийн том төв болсон  Үн­дэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаадаа туйлын их баяртай байдаг.

-Танайд урлагийн хүн байв уу?

-Монголчууд “Наадамд гурван даваатай, найранд гур­ван дугараатай”  гэлцдэг. Ми­ний аав, ээж  сайхан дуулдаг. Одоо  нас сүүдэр 70 гарч яваа ч  дугараа ирэхэд  хангинатал дуулна шүү. Тэгэхээр манайд  удмын жаахан юм байсан байх. Харин  мэргэжлийн урла­гийн байгууллагад  ажиллаж яваа  нь би.

-Үндэсний эрдмийн дуу бүжгийн чуулгын  босго өндөр, шалгуур нь хатуу гэж сонссон. Түүнд тэн­цэж дуучнаар ажиллах хүртэлх зам дардан бай­гаагүй байх?

-Гурван удаа  шал­гуулж байж дуучнаар ор­сон шүү. Эхний удаад шалгаж үзээд шууд авъя гээгүй. Дахиж шалгуу­лаарай гэж байсан. Тухайн үед  авчихмаар байсан ч орон тоо байхгүй байсан уу ямар ч гэсэн тэгж хэ­лээд буцаасан. Бид ангиа­раа очиж шалгуулсан юм. Гурав нь тэнд дуучнаар орсон. Одоо ангийнхан дотроосоо яг дуучнаар ажил­лаж байгаа нь би.

-Мэргэжлийн байгуул­лагын босгыг алхахад тосч авсан багш хэн бэ?

-Үндэсний дуу бүж­гийн чуулгын хамт олон бүгдээрээ бидний багш. Энэ дууг ингэж дуул, тэр дуунд тэрийг нь анхаар гээд тал талаас зааж зөв­лөнө. Бид  ч “Алив Нэргүй эгч ээ, хэлээд өгөөч”, “Ам­галан эгч ээ,  туслаач” гэнэ. Одоо ч асууж зөв­лөгөө авах зүйл гардаг. Аль ч салбарт, ямар ч хүн байн­га суралцаж байдаг шүү дээ. Хамт олон, ахмад үе маань биднээс өмнө ар­дын урлагийн амт, үнэ­рийг мэдэрсэн хүмүүс. Захаасаа аваад бидэнд багшилж байгаа юм чинь. Олон зүйлийг зааж, сур­гаж, дадлагажуулж өгсөн. Одоо ч хэлж,  ярьж байдаг юм. Ардын урлагийг ну­руундаа үүрч  яваа сайхан хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа залуу уран бү­тээлчийн хувьд  бахар­хахын зэрэгцээ   сэтгэл дүүрэн явдаг.

-Дуучин болохоор га­раагаа эхэлж байсныг бодвол өнөөдөр урын сан­даа олон дуутай болсон байх?

-СУИС-ийг төгсөхөд нэг жил 7-8 дуу сурдаг юм. Нэг жил дуурийн ангид сурсан болохоор үлдсэн таван жилийг тооцвол 40 дуутай. Чуулгад ороод урын сангаа баяжуулсан. Мартагдсан дууг гаргаж ирэх, сэргээн дуулахад анхаарсан. Мөн ард түм­ний дотор нийтлэг дуу­лагд­даг дуунуудыг бүгдийг сурах хэрэгтэй.  Оюутан байхад  “Жаахан шарга”, “Энх мэндийн баяр” дууг заалгасан ч  тэр дуунуу­даар шалгалт өгөлгүй төгс­сөн.  Сүүлд чуулгад ороод  судалж сурсан.  Сүхбаатар аймагт нутгийнх нь дуу “Жаахан шарга”-ыг дуу­лахад  халуун дотно хү­лээж авч байсан. Тэгэхээр  нутаг нутгийн дууг дуулж сурах нь чухал. Тоглолтоор явж байхад “Чи тэр дууг мэдэх үү”  гээд асуудаг юм. Монголчууд дуучин ард түмэн шүү дээ. Мөн ард түмний дунд төдий л түгээгүй нууцлагдмал үлд­сэн дуунууд, тэдгээрийг дуулдаг буурлууд  бий. Тэдэнтэй уулзаж судалгаа хийх, урын сангаа бая­жуулахад багагүй ан­хаарч, өөрийгөө хөгжүүлж  байна.

-Урын санд чинь зохио­лын дуунууд  хэр олон  байна?

-60-70-аад оны сайхан дуунууд бий. “Хаврын шө­нийн бодол”, “Би чамд хайртай” зэрэг дуунд по­нограм хийлгэсэн. Дуучин хүн би дуурийн дуулаач, эсвэл уртын дуучин гэж  баригдалгүй  олон төрөлд өөрийгөө сорьж, хөглөж хөгжүүлж чаддаг байх хэ­рэгтэй болов уу. Ингэж бодоод ардын урт, богино дуу, зохиолын дууг дуучин хүний хэмжээнд, мэргэж­лийн дуучны хэмжээнд дуулж чаддаг байх зорилго тавьсан. Түүндээ   хүрч, зорилгоо биелүүлж яваа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Олон оронд уртын дуу, ардын урлагаа суртал­чилсан. Өнгөрсөн жил Японд цунамид нэрвэгд­сэн оюутнуудад туслах хандивын тоглолтод эх орноо төлөөлж оролцсон. Гэр оронгүй болсон хоёр оюутны сургалтын төлбө­рийг олоход  дуу хоолойгоо өргөж  сэтгэлийн дэмээр хөглөсөн. Энэ жил ОХУ-д болсон ардын хөгжмийн наадамд  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуул­гынхаа “Хөсөгтөн” хамт­лагтай хамт оролцлоо. Өн­гөрсөн сард Туркт болсон Олон улсын хөгжмийн 30 дахь удаагийн наадамд улсаа төлөөлж оролцоод ирлээ. Цагаан сараар нэ­лээд хэдэн дуунд понограм хийлгэсэн. Заавал ардын хөгжим гэлгүй өөр хэм­нэлд оруулж дуулвал сонирхолтой юм уу гэдэг үүднээс хоёр дууг урын сандаа оруулсан.

-Уламжлалыг хадгала­хын зэрэгцээ шинэчлэлийг хэрхэн хослуулах талаар энэ салбарын тогоонд буцалж яваа залуу уран бүтээлчийн хувьд юу гэж үзэж байна?

-Хөдөлмөрлөж байгаа нэгийгээ хайрлаж, хүн­дэлж байх хэрэгтэй. Хүн чадахгүйгээс чадахаа хүр­тэл зүтгэж бүтээдэг шүү дээ. Рок, попынхноос эх­лээд залуучууд тэр чиглэлд ихээхэн шинэчлэл хийж, ардын урлагаа хүмүүст хүргэж байна. Уран бү­тээл­чид өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Үеийн үед мартагдахгүй үлдэх ганц юм чинь ардын урлаг юм байна гэдгийг эстрадын дуучид маань мэдэрч байгаад баярладаг. Ардын урлаг мөнх оршиж, олон сайхан уран бүтээл­чид түүнийг сурталчилж  яваасай гэж хүсдэг. Хэ­лийг нь мэдэхгүй ч ур­лагаар нь ойлгоно гэдэг шүү  дээ. Аливаа улс ор­ныг тольдох зүйл нь урлаг юм. Нөгөөтэйгүүр, би за­рим зүйлд хэтэрхий  хэл­бийхгүй юм сан гэж бод­дог.  Ардын аялгуу, ардын манер, айзам нугалааг зөв хадгалж явбал дараа да­раа­гийн уран бүтээлчдэд хэрэгтэй. Тэд бидний үл­дээснийг сонсч түүгээр сургуулилт хийж сурна. Тийм болохоор ахмад үеийнхнийхээ нуруундаа үүрч ирсэн ардын урла­гийн амт үнэрийг тэр чигээр нь цогц авч үлдэж,  дуулж явах сан,  өвлүүлж үлдээх сэн  гэж боддог. Энэ үүднээс ардын дууны цомог гаргахаар бэлтгэж байгаа.

-Танай үеийнхэн хэний өв сангаас  суралцаж байв?

-Эмэгтэй дуучид Хө­дөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норов­бан­зад, Ардын жүжигчин Ч.Шар­хүүхэн, Ш.Чимэд­цэеэ, А.Нэргүй, гавьяат жүжигчин С.Сүглэгмаа нарын бичлэгийг сонсч сурч байсан. Алдарт дуу­чин Б.Лхамжав, Ж.Дорж­дагва, Д.Баттөмөр нарын алтан фонд дахь бичлэг, ардын дууны өвийг сонсч,  судалж суралцсан.

-Хувь уран бүтээлчийн зүгээс ардын дууны өвс сангаа авч үлдэх сэн, үлдээх сэн гэж зорьдог юм байж, төрийн зүгээс анхаа­рал, оролцоо хэр байдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд тө­рөөс анхаарч, хэрэгжүүлж байгаа бодлого ардын ур­ла­гийн чиглэлд  бага бай­даг. Ардын урлагт дуртай, хайртай хүмүүсийн нуруун дээр явж ирсэн, одоо ч тэр  хэвээр байна. Ардын дуу, уртын дууны тэнхимийн багш нарын сэтгэлд дотор байдаг ганц зүйл тэр уч­раас энэ хүртэл явж ир­сэн.Түүнээс биш төрөөс дэмжиж тусалдаг, ардын урлагаа авч яваа, хөг­жүүлж байгаа хүмүүсээ гэх бодлого хаягдчихсан. Гэхдээ байдал өөрч­лөг­дөнө гэдэгт итгэлтэй байна.

-Урлагт зүтгэж явахад  цаг зав хэр гарах юм бэ. Ар гэртээ анхаарах бо­ломж хэр байдаг вэ?

-Бусад салбарынхан  ямар байдаг вэ түүнтэй л  адил. Би урлагийнх гээд цаг завгүй, гэрийн бараа харахгүй байна гэж үгүй. Гэрийн ажлаа хийнэ, үр хүүхдээ өсгөж хүмүүжүү­лэх гээд бүхий л ажлыг уран бүтээлийнхээ хажуу­гаар амжуулна.

-Ардын дууны тоглолт хийх гэж байгаа гэж дуул­сан. Хэд дэх тоглолт вэ?

-Уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглол­тоо “Энх мэндийн баяр” нэр­тэйгээр энэ сарын 17-нд хийх гэж байна. Ардын дуунууд голчлон дуулна. Өн­гөр­сөн жил миний тог­лолтыг үзсэн хү­мүүс сэт­гэл өндөр бай­сан. “Сүү­лийн жилүүдэд амьд хөг­жимтэй ар­дын дууны тог­лолт үзсэнгүй” гэсэн үгийг олон хүнээс сонсч урамш­сан. Мөн миний дуу хоо­лойг сонсоогүй хү­мүүст өөрийгөө та­ниу­лах үүд­нээс энэ жил дахин тоглолт хийхээр бэлтгэж байна.

-Тоглолтын ту­хай сонирхуулахгүй юу?

-Өнгөрсөн жи­­лийн тог­лол­тод дуул­сан дуу­нуу­даа давтах­гүй. Тэр тоглол­тод 20 гаруй дуу дуул­сан бол энэ жид дахин 20 дууг шинээр дуул­на. Зохио­лын дууг ийм хэм­жээнд дуул­даг юм шүү гэсэн үүд­нээс уран бүтээлийн сан­гаас оруулсан.

Уртын дууг дуэть мая­гаар дуулсан уран бүтээлч манайд байхгүй. Тиймээс  “Жаргалтайн дэлгэр”  дуу­ны  шувуу, өвгөн хоёрын харилцаа дууг  СУИС-ийн уртын дууны багш Б.Бат­болдтой хамтран дуулна. Ардын харилцаа дуу  ч бий. Уртын дууг хөөмийтэй хослуулж сүүлийн үеийн хөгжмийн шинэчлэлийг харуулсан бүтээлээ со­нир­хуулна. Чуулгын маань их найрал хөгжим бүрэн бүрэлдэ­хүүнээрээ, хөгжмийн гоц­лоочоор Ч.Отгонбаяр хуучир хөгж­мөөр оролцож бай­гаа. Мөн миний тог­лолтод хүү маань дуулна.

-Танайх хэдэн хүү­хэдтэй вэ?

-Нэг хүүтэй, энэ жил 12 хүрнэ.

-Урлагийн хүн болох нь ээ?

-Ер нь дуулах их эв­тэй, дуунд дуртай. Багын  сонсгол сай­тай. Аав, ээж хоё­рынхоо дуунуудыг зэ­рэг­цээд сурчихдаг байсан юм.

-Ингэхэд хөгж­мийн зохиолч Н.Баа­сандорж та хоёрыг  урлагийн сайхан гэр бүлийн нэг гэдгийг мэднэ. Гэвч сүүлийн үед тусдаа амьдрах болсон нь    харам­салтай  гэж фе­нүүд чинь ярихыг сонслоо. Энэ мэ­дээ­лэл хэр боди­той вэ?

-Тусдаа амьд­раад жил шахам болж бай­на даа. Гэтэл хүмүүс асуугаад л байдаг. Хүний сэт­гэл жолоогүй гэдэг, ханилж байсан хань­даа буруу өгч чадахгүй. Тэр хүн сэтгэлээ дагаад явсан болохоор хүүгээ өсгөж уран бүтээ­лээ хий­гээд явж байна. Болох байх гэж бодож байгаа  шүү дээ, амьдрал баян боло­хоор. Ер нь хэлэ­хэд, салж сарнисан хү­мүүс  хэн хэн­дээ буруу өгөх гээд яах вэ. “Бурууг өөрөөсөө хай”  гэж  үг бий. Би аливаад тайван хүлээц­тэй ханддаг, “амьдрал баян” гэдэг үгийг хэлэх дуртай. Болох­гүй юм бо­лох­гүйгээрээ л дуусдаг шүү дээ.

-“Хотын хөөрхөн охиныг сургууль дээрээ, багшийнхаа ширээний хажуугаас олж харсан”  гэсэн дурсамжийг  Н.Баа­сандоржийн ярилцлагаас  хэдэн жилийн өмнө  унш­санаа санаж байна. Оюу­тан цаг, анхны хайрын гэгээн сайхан дурсамж  хэн хэний чинь сэтгэлд гэрэлтэж  үлдсэн байх?

-Бид нэг багшийн шавь, оюутан байхдаа амьд­­ралынхаа анхны алх­мыг эхэлсэн. Сайхан хүүтэй.

-Тэгэхээр цаашид хам­тарч хийсэн уран бүтээлээ яах вэ?

-Сэтгэл эмзэглэж бай­гаа нэг зүйл тэр л байна. Салаад явахад хамт дуул­сан дуу өнчирдөг юм бай­на. Бид хамтдаа олон сай­хан уран бүтээл хийж ол­ны хүртээл болгож чадсан. Хүний амьдрал таашгүй,  би тэгж явна гэж бодож болдоггүй юм байна. Сай­хан байсан амьдрал нэг л өдөр гэнэт өөр болчихсон. Хүний сэтгэлийг хорьж болдоггүй юм байна. Муу муухай үгээр хэлж давш­лаад яах вэ гэж бодоод л үлдсэн.

-Уран бүтээлчид өмнө­хөөсөө  илүүг хийх зорилго тавьж бүтээж туурвидаг. Цаашид ямар зорилго тавьж байна?

-Цагийн юм цагтаа гэдэг. Яг одоо бол цомог гаргах, тоглолт хийхдээ анхаарлаа хандуулчихаад явж байна. Цаашид бодож төлөвлөсөн зүйлүүд бий. Түүнийгээ тэр үед нь л ярья.

-Цаг зав гаргаж ярилц­санд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.