Ч.ГАНТУЛГА

“Хобби” буланд энэ удаа УДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэгийн цуглуулгыг сонирхов.

Дуучин Ш.Наранчимэг хамгийн сүүлд Үндэсний их баяр наадмаар төв талбайд тоглосон “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулсан юм. Дуурийн театрын дууч шувуухай нийтийн дууны ханхүү, гүнж гэсэн тодотголтой гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нартай эрдмийн ширээнд тохой нийлүүлэн суусан нэг ангийнхан. Харин тэрээр ангиасаа ганцаараа өдийг хүртэл дуурийн урлагт үнэнч яваа нэгэн. Театрт тавигдаж буй бүхий л бүтээлийн гол дүрд дуулж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж яваа дуучин бүсгүй тор цуглуулах хоббитой гэнэ. Одоогоор түүнд хэлбэр хийц, загварын хувьд дахин давтагдашгүй 100 гаруй тор бий. Энэ хобби нь 10 жилийн сурагч байхаас нь эхтэй гэнэ.

aaБяцхан охин шинэ жилээр өвлийн өвгөн ааваас гоёмсог ууттай бэлэг авч, тэрхүү уутан дээрх гялгар зураг таалагдах болсноос хойш ийн тор цуглуулж эхэлжээ. Тэрээр бусад гэрийн эзэгтэйн адил хүнсээ цуглуулахдаа хэзээ ч дэлгүүрээс тор авдаггүй гэсэн. Учир нь өөрийн цуглуулгаас сонгон өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэдэг. Мөн түүний цуглуулгад их мөнгөний шаардлага хэрэггүй. Хүссэн газраасаа, хямдхан үнээр гоёмсог тор авч цуглуулгаа арвижуулдаг онцлогтой. Дуучин бүсгүйд гялгараас илүү цаасан тор олон бий гэсэн. Хайртай, дотны хүмүүсийнхээ төрсөн өдөр тэмдэглэлт баяраар тэдгээр тор­ноосоо сонгоод бэлэг хийж өгөх дуртай ажээ. Ш.Наранчимэг тороо жижигхэн, тусгай шүүгээнд хадгалдаг. Торыг дөрөв нугалаад эвхэж болдог учир хаана ч хадгалахад зай бага эзэлдэг гэж тэрээр тайлбарласан юм. Түүний цуглуулгыг хамгийн ихээр дэмждэг хүн бол эгч нь. Гадаадад амьдардаг эгч нь үргэлж шинэ, гоёмсог зурагтай торыг дүүдээ бэлэг болгон илгээдэг ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин