2011-10-23T142346Z_01_BTRE79M13ZR00_RTROPTP_2_TURKEY-QUAKE

Ч.ГАНТУЛГА

1903 оны энэ өдөр АНУ-ын нэрт хэвлэн нийтлэгч Жозеф Пулитцер хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг Колумбын их сургуульд өвлүүлснээ зарлажээ. Тэрхүү хөрөнгөөр 1912 онд сэтгүүл зүйн сургууль, 1917 оноос эхлэн дэлхийд хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн салбарын шагналыг гардуулж эхэлсэн билээ.

Харин 1943 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Роберт Де Ниро мэндэлсэн байна. Түүний эцэг нь Италиас АНУ руу цагаачилж очсон бол ээж нь Герман, Ирланд, Англи, Франц цустай байж. Жүжигчнийг гурван настай байхад нь аав, ээж нь салсан бөгөөд Робертийн бага нас Нью-Йоркийн итали гудамжинд өнгөрчээ. Тэрээр есдүгээр ангиасаа урлагийн сургуульд орсон ч дуулгавартай сурагч байгаагүй тул жүжигчний карьер хөөн сургуулиа хаяжээ. Ингээд 20 насандаа анх дэлгэцэнд дүр бүтээснээр кино урлагт ухаангүй дурлажээ.  Түүнийг дэлхийн кино урлагийн ертөнцөд таниулсан бүтээл нь “Загалмайлсан эцэг” кино. Роберт тус киноны II ангид Вито Корлеонегийн залуу насны дүрийг бүтээсэн нь түүний амьдралын хамгийн том эргэлт, өөрчлөлт байжээ. Өдгөө жүжигчин маань Филлипинд хувийн зочид буудал, ресторон нээж, бизнесийн салбарт хөл тавиад байна.

1977оны энэ өдөр 1998 оны дэлхийн, 2000 оны Европын аварга, Францын нэрт хөлбөмбөгчин Тьерри Анри төржээ. Түүнийг 1990-ээд оны дэлхийн шилдэг довтлогчдын нэг байсан гэж зүй ёсоор үнэлдэг. Мөн 1998 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон тус улсын дээд шүүхэд Моника Левински бүсгүйтэй бэлгийн харилцаанд орсон эсэх талаар мэдүүлэг өгсөн нь тухайн үедээ дэлхийн хэвлэлийн гол дуулиант мэдээ болж байв.

Мөн 1999 оны энэ өдөр Туркэд Рихтерийн шаталбараар 7.8 баллын хүчтэй газар хөдөлж 40 гаруй мянган хүний аминд хүрчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц барьсан барилгын компаниудын эздэд хэрэг үүсгэн шалгаж, үүнээс хойш Туркэд барилгын чанарт чанд хатуу хяналт тогтоох болсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин