Ч.ГАНТУЛГА
“Хобби” буландаа дуучин Б.Батбаатар буюу BX-ийг урилаа. Тэрээр малгай цуглуулдаг юм байна.
-Сайн байна уу. Өдрийн мэнд хүргэе?
-Танай сонины уншигчдад ч энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та малгай цуглуулдаг шүү дээ. Ойрд цуглуулгаа аривжуулав уу?
-Малгай цуглуулаад удаж байна. Ер нь дэлгүүр орох бүртээ л шинэ загварын малгай байвал авахыг боддог. Хамгийн сүүлд улаан бүрх малгай авсан. Одоогоор 40 гаруй малгай бий.
-Анх ямар малгай авч байсан бэ?
-Анх дунд сургуулийн сурагч байхдаа саравчтай малгай авч байсан. Түүнээс хойш малгайнд дуртай болсон. Тухайн үед бидний үеийн хүүхдүүдийн хамгийн гол имиж нь малгай байлаа шүү дээ.
-Гэхдээ та саравчтай малгайнаас илүү бүрх малгай өмсдөг?
-Дуучин болсноосоо хойш бүрх малгай түлхүү өмссөн байх. Дууны өнгө аяс, клипэндээ зориулж сонголтоо хийдэг. Одоогоор 30 гаруй бүрх малгай бий.
-Малгайгаа хаанаас авдаг вэ. Брэндийн, чанартай малгай зардаг дэлгүүр хэр олныг мэдэх вэ?
-Брэнд малгай гэж сүжирдэггүй. Манайхан өөрсдөө ч чанартай, эдэлгээ урттай малгай хийдэг болчихсон. Тиймээс өөрт таалагдвал хүссэн газраасаа авдаг. Харин гадагшаа явахдаа авсан хэд, хэдэн малгай бий.
-Үргэлж өмсөх дуртай малгай бий юу?
-Тухайн өдрийнхөө өмссөн хувцас, цаг агаараас шалтгаалаад сонголтоо хийдэг. Түүнээс онцолж, ялгаад байдаггүй.
-Өөр сонирхдог зүйл байдаг уу?
-Эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэх дуртай. Ойрын үед боулинг нэлээд сонирхож, хичээллэж эхлээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин