Д.ОЮУНЧИМЭГ

Хэзээнээсээ наймаа, худалдааны их хөлийн газар гэгдэж ирсэн Замын-Үүд монголчуудын хувьд шинэ газар биш л дээ. Тэндхийг чөлөөт бүс болгож, бизнес эрхлэгчдийг соронз мэт татна гэсэн “яриа” гараад удаж байна. Татвар багатай, тав тухтай, орсон гарсандаа олзтой гээд л чөлөөт бүсийн талаарх магтаал шиг үгс өнгөрсөн хугацаанд бишгүй л удаан хөвөрлөө. Тэгвэл тэнд ямар өөрчлөлт бий болсон бол. Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдана гэсэн зорилт хэр биелж байна вэ. Энэ талаар сурвалжлахаар Дорноговь аймгийн Замын-Үүд тосгонд томилолт авч ажиллаад ирсэн сонин хачнаасаа уншигч тантай хуваалцаж байна.

[caption id="attachment_20129" align="alignnone" width="1575"] Замын-Үүдийн төв талбай. Энд зогсох автомашинууд гааль хүртэл зорчигчдыг 50-80 юаниар тээвэрлэдэг. Харин гааль хүртэл 1.5 км зайтай.[/caption]

ЧӨЛӨӨТ БҮСИЙН “ЧӨДӨР”-ИЙГ ХЭЗЭЭ ТАЙЛАХ ВЭ?

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм. Эрээн хоттой хил залгах тус сум эдүгээ 20 мянга орчим хүн амтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор монголчуудад үр ашгаа өгөх учиртай. Энэ бүс байгуулагдсанаар монголчууд заавал Эрээн хот руу явж наймаа хийх шаардлагагүй гэдэг. Хэдийгээр тус бүсэд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ гэж байгаа ч одоогоор нам гүм, ажин түжин байх. Элдэв хөнгөлөлт, сайхан амлалт өгсөн ч чөлөөт бүсийг зорих бизнесийнхэн алга. Уг нь эдийн засгийн таатай орчин бүрдсэнээр гадагшаа урсаж байсан их мөнгөний урсгал татарна хэмээн албаныхан тайлбарладаг.

[caption id="attachment_20148" align="alignnone" width="1575"]6-24 Замын-Үүдийн гаалийн байр.[/caption]

“Замын-Үүд”-ийг эдийн засгийн чөлөөт бүс болгох мастер төлөвлөгөө 2009-2029 он хүртэл буюу 20 жилийн хугацаанд үргэлжилнэ гэх төсөл бий. Анх  байгуулагдсанаасаа хойш 11 жил бахь байдгаараа байгаа чөлөөт бүсийг 1-2 жилд үлгэрийн мэт болгоно гэх амлалтыг экс дарга нар өгч байсан. Харамсалтай нь хөгжилгүй, дэвшилгүй хэвээр. Магадгүй, юунаас болж удааширч байгааг хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгөний хомсдолтой холбосоор. Энэ янзаараа “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс амь орох болов уу.

2003 оны зургадугаар сарын 20-нд “Замын-үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль гарчээ. Тэгэхээр энэ бүсийг хөгжүүлэх тухай 11 жил ярьсан хэрэг. Гэвч өдгөөг хүртэл бахь байдгаараа. Дутуу барьсан хэдэн байшин, галт тэрэгний зогсоолоо тойрсон ядруухан хөгжил тэнд байна. Ийнхүү дуншсан шалтгаанаа албаныхан эдийн засгийн нөхцөл бүрдэхгүй байгаатай холбон тайлбарладаг.

[caption id="attachment_20139" align="alignnone" width="1575"]6-14 Дутуу барьсан барилга Замын-Үүдийг өнгөгүй харагдуулна.[/caption]

Эдийн засгийн хямралыг даван туулах гол хүч нь чөлөөт бүсээр дамжих хөрөнгө оруулалт байх учиртай. Гэхдээ судалгаа, шинжилгээ, уулзалтаас өөр ахиц гараагүйг бодит байдал гэрчилж байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Түүнчлэн ӨМӨЗО-ы Засгийн газартай хамтарч ажиллах, харилцан туршлага солилцохоор санамж бичигт гарын үсэг зурж байсан. Мөн хоёр хөршөөс гадна чөлөөт бүс өндөр хөгжсөн Ирландын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих сан, БНСУ-ын Инчонийн чөлөөт бүсийн удирдлагуудтай зөвлөлдөж хамтрахаар болсон зэрэг ажил хийсэн гэх албаны хүний тайлбар бий. Тэгэхээр 11 жилийн туршид цагаан цаасан дээр хараар бичсэнээс өөр хөгжилгүй өдийг хүрчээ.

[caption id="attachment_20127" align="alignnone" width="1575"]6-2 Товчоогоор нэвтрэх зорчигчдоос хураасан 1000 төгрөгөөр замаа сайжруулах бизээ.[/caption]

Сунжирсан яриа хэлэлцээ энд бүдэг бадаг байхад тэнд бас дэвшил байна. Бүлээн салхи үлээж, нүүр нүдгүй элсээр шуурах нь Замын-Үүдийн араншин. Хэдэн жилийн өмнө газар сайгүй хөглөрөх хог нь элстэйгээ хамт хүмүүсийг булах дөхөж байсан. Хэдийгээр чөлөөт бүс болтлоо хөгжиж чадаагүй ч гарсан ганц дэвшил нь хоггүй болж. Гэхдээ тус боомтоор зорчигчдийн дийлэнх нь Эрээнийг биш Бээжин, Хөх хотыг зорьдог болсон нь хог багасах шалтгаан хэмээн оршин суугчид хэлж байна. Гурван жилийн өмнө Эрээн ороход гааль дээр таван юанийн хураамж авдаг байв. Тэр үед сумын ИТХ-ын төлөөлөгчид дамжин өнгөрч байгаа зорчигч бүрт 1000 төгрөгийн татвар ногдуулж, төвлөрсөн хөрөнгийг тохижилтод зарцуулъя гэсэн ч Хил, гаалийнхан туслахгүй байгаа тухай гомдоллож суусан. Харин өнөөдөр Монголын гааль дээр 1000 төгрөг авдаг болжээ. Хэдэн жил дамнан ярилцаж байж ойлголцсон бололтой. Гэхдээ тэрхүү хөрөнгөө тохижилтод зарцуулах эсэхийг харж л байя.

Саяхныг хүртэл бараа ачуулах цуваа хэдэн өдрөөр хүлээлгэдэг байсан. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж валютаа дотооддоо үлдээхийг зорьсон хөтөлбөр бас ч үгүй үр дүнгээ өгчээ. Хэдэн арван км болтлоо дугаарладаг хүнд даацын машины цуваа цөөрсөн харагдана. Харин хүн тээвэрлэх УАЗ-469 машин зөвхөн тэнд л бий. Ар араасаа том жижиг тэрэгнүүд холилдон уртаас урт дараалал үүсгэн хил гардаг байсан үе ард хоцорчээ. Түүнээс гадна зорчигч тээвэрлэх суудлын авто машин, автобусууд хоёр эгнээгээр дугаарлана. Мөн хүнд даацын ачаа тээвэрлэх машин өөр замаар зорчдог болсон нь бас нэг дэвшил бололтой. Өмнө нь олон улсын тээвэрт зорчих автобусууд давуу эрхээр хил нэвтэрдэг байлаа. Энэ удаад хоёр эгнээгээр хил нэвтрэх нь зорчигчдод хүндрэл бага учруулж байгаа нь анзаарагдсан юм. Гэхдээ манай тал урд хөршийнхний аясаар бодлогоо тодорхойлдог хэмээн Замын-Үүдийн иргэд ярьж байлаа. Учир нь Бээжин, Хөх хотыг зорих Хятад Улсын автобус Эрээний зорчигчдыг булаацалддаг нь бас л зохицуулалтгүйн илрэл байв.

[caption id="attachment_20144" align="alignnone" width="1575"] Төв хэсэгтээ барилга, орон сууц нэмэгдэж байгаа боловч бас л зохион байгуулалтгүй байгаа нь анзаарагдав.[/caption]

Замын-Үүдээр дамжин өнгөрөх ачаа тээврээ зорчигчид жижиг тэргээр хил гарган галт тэргэнд ачуулдаг байна. Энэ ажлын хөлс тээвэрлэх ачаанаас хамааралтай. Дархан-Уул аймгийн иргэн Ж.Цэцгээ гэртээ их засвар хийн, тавилгаа сольж буй гэнэ. Хямд үнийг нь бодон Эрээнээс бараагаа ачуулсан байна. Тэндээс тавилга болон плита, вакум цонхоо хямд үнээр авч байгаа ч тээврийн зардал хэт өндөр байгаа нь нийслэлээс тээвэрлэсэнтэй дүйцэж буй. Учир нь галт тэрэгнээс хоцрохгүйн тулд тээвэрлэгчдийн хэлсэн мөнгийг өгөхөөс аргагүй болжээ. Анх тохиролцохдоо 2000 юань гэсэн ч цаг нь тулсан үед хоёр дахин өсдөг байна. Тэрээр “Хятад, Монгол ялгаагүй мөнгө улаан, нүд цагаан гэгч болж. Нэгэнт хил гаргаад ирсэн ачаагаа орхиод явалтай биш. Хэлсэн мөнгийг нь өгчихлөө” хэмээн халаглаж байв.

Замын-Үүд боомт  өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын бараа эргэлт хийж 1.9 сая зорчигч, 522 мянган тээврийн хэрэгсэл, 400 мянган галт тэрэг орж гарсан аж. Үүгээр тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн хэмээн албаныхан үзжээ.

[caption id="attachment_20145" align="alignnone" width="1575"]6-20 Замын-Үүд баруун тал руугаа тэлж буй. Гэр хорооллын төлөвлөлт муу байгааг хүмүүс хэлж байв.[/caption]

Аж үйлдвэрийн яамны ажлын хэсэг БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Цао Хун Ин тэргүүтэй төлөөлөгчидтэй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалт өнгөрсөн тавдугаар сард Эрээн хотод болсон. Энэ уулзалтаар хоёр улсын хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын холбогдох ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тохирон нэгдсэн ойлголтод хүрсэн гэж болно. Энэ мэтчилэн амаараа ярьж, цаасан дээр буулгасаар нэлээдгүй жилийг үдэж буй. Тодруулбал, Хятадын тал Монгол улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөний саналыг хүргүүлэхээр болов. Улмаар манай тал судлан үзэж, холбогдох хариуг явуулахаар урьдчилан тохиролцсон байна. Гэтэл манай талын судалгаа ард түмнийхээ амьжиргаанд төдийлөн үр дүн өгөхгүй байгааг нутгийнхан шүүмжилж байна. Том гүрний дэргэд жижигхэн улс хүчгүйдсэн үү. Эсвэл ая тал засаад байна уу гэх хардлага ч байх юм. Уг нь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг эдийн засагч, судлаачид хэлдэг. Тиймдээ ч чөлөөт бүс байгуулах гэж хичээсээр өдийг хүрч буй биз ээ.

ЭРЭЭНИЙ БАЯЧУУДЫН ТОО ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ БАЙНА

[caption id="attachment_20136" align="alignnone" width="1575"] Эрээн хотын төв талбайд өвсөөр хийсэн үзвэр нүд хужирлана.[/caption]

Замын-Үүдээс хэдхэн метрийн зайнд Хятадын Эрээн хот бий. Эл хоёр боомтын хөгжил өдөр, шөнө шиг ялгаатай. Эрээн хот баруун тал руугаа тэлсэн барилгажилт, тохижилтыг “Шинэ Эрээн” хэмээн нэрийдэн хөгжүүлсээр байна. Хот төлөвлөлтийн сайн жишээг тэндээс харж болно. Олон давхар орон сууцны барилгуудыг барихдаа зам, амрах талбай, бусад тохижилтыг зэрэгцүүлэн хийсэн нь бахархмаар. Бас ч үгүй мод, зүлэг нь олон жил ургаж байгаа мэт харагдана. Түүнчлэн баячуудын хороолол ч бас босч байна, тэнд. Эрээний баячуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйг нутгийн оршин суугч Өвөрмонгол иргэн Бадрал хэлсэн юм. Өнгөрсөн жилийн намраас Эрээнийг зорих манай наймаачдын тоо цөөрчээ. Энэ нь тэндхийн худалдаачдийн орлого эрс буурч байгаагаар илэрнэ. Мөн 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад үйл­чилгээний газрын үйл­чилгээ сайжирч бай­гааг ч харж болох юм. Жил бүрийн намар, шинэ жил, цагаан сараар хөл толгойгүй хөлхөлдөх манай улсын иргэд тэндхийн хөгжилд гүн хувь нэмрээ оруулсан нь нүдэнд илхэн. Харин энэхүү завшааныг урд хөршийнхөн овжноор ашиглан Эрээн хотоо жи­шиг хот болгохоор ажиллаж буй гэнэ. Хэдий­­гээр худалдаа хийх хүмүүсийн тоо эрс буурч байгаа ч жуулчдыг татах олон зүйлийг төлөвлөн, бодит ажил болгож буй аж.

[caption id="attachment_20142" align="alignnone" width="1575"]6-17 Эрээн хот баруун тал руугаа шинэ хороолол сүндэрлүүлж байна.[/caption]

Гуравхан жилийн өмнө авто вокзалаас зээл хүртэл хүн тэргээр үйлчилдэг байсансан. Харин одоо хүн тэрэг нь эрс цөөрч автомашин энд тэндгүй хөлхөнө. Түүгээр ч үл барам авто зам, гэрлэн дохио нь чирэгдэл учруулахааргүй байв. Мөн тэнд, Замын-Үүдээс Эрээнийг зорих монгол машины цуваа холхилдоно. Өнгө зүс муутай ч орлого оруу­лах эх үүсвэр учраас тэндхийнхэн элдэв шаардлага тавьж, хорьж цагддаггүй юм байна. Хэрэв тийм төрхтэй автомашин нийслэлд давхина гэвэл аль хэдийнэ журамлан актлах биз. Том гүрний бодлого хөгжлийн түлхүүр болж чаджээ.

[caption id="attachment_20135" align="alignnone" width="1575"]6-10 Гурван жилийн өмнө Эрээн хотын энэ замаар хүн тэрэг холхидог байсан юм.[/caption]

Хичээлийн шинэ жил болох гэж буй учраас урд хөршийг зорих хүний цуваа эрс өсдөг. Хэдийгээр урд зүгийг зорих зорчигч олон ч тэд цаашаа явах нь элбэг гэнэ. Тиймээс Эрээн хотын наймаачид элдэв бонус, хямдрал зарлаж буйгаа манай улсын хэвлэлээр дамжуулан рекламдсаар. Өмнө нь авбал ав, үгүй бол боль хэмээн гэдийдэг Эрээний наймаачид “Сайн найзаа ав ав. Хамаг сайнаар хямдруулна шүү” хэмээн ганц нэгээр холхих хүмүүсийг царайчилж байна. Бас ч үгүй тэдний зарах ба­рааны чанар ч сайжирч байгаа аж. Мөн энэ жил Хятад улс ургац муу байгаагаас шинэ ургацын жимс, ногоо гараагүй байна. Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн нэг дороо байсан бол өдгөө төрөлжүүлэн зах болгон өргөжүүлэн, хөгжүүлжээ. Бас нэгэн шинэлэг зүйл нь Эрээн хотод тус­гай­лан хөгжүүлсэн чулууны зах нээгджээ. Том тэргэнд ачсан уул шиг том чулуунаас эхлээд эмэг­тэй­чүүдийн гоёл чи­мэг­лэлийн чулуун зүүлт ч тэнд байх. Тэрхүү зах нь эрэлт ихтэй, орлого ч гайгүй олж байгааг н.Бадрал хэл­сэн юм. Ийнхүү хаяа тэлэн хөгжиж буй Эрээн хотын хөгжил манай улсын Замын-Үүдтэй харьцуулашгүй. Улс, хотоо хөгжүүлэх сэтгэлтэй удирдагчтай улс орон өөр байх юм гэх харууслын бодол тээсээр нутагтаа ирлээ. Хөгжлийн түлхүүр нь эдийн засгаас хамаарах ч сэтгэл дутаж буйг хоёр улсын жижиг хотуудын хөгжлөөс харж болох юм.

[caption id="attachment_20132" align="alignnone" width="1575"]6-7 Эрээн хотын баячуудын хороолол. Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх байр болон бусад шийдлийг цогцоор нь хийжээ.[/caption] [caption id="attachment_20147" align="alignnone" width="1575"]6-23 Эрээний гаалийн тохижилт жилээс жилд өнгө нэмж байна.[/caption] [caption id="attachment_20143" align="alignnone" width="1575"]6-18 Хураалттай бараагаар дүүрсэн худалдан авагчгүй зээл.[/caption]

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин