-Өдгөө, А.Д.Симуковын бүтэн үлдэж хэвлэгдэн нийтлэгдээгүй зохиол бүтээлүүд Монгол Улсын Газарзүйн хүрээлэн, Үндэсний төв архивт хадгалагдаж байна-

Одоогоос 111 жилийн тэртээх энэ өдөр  Андрей Дмитриевич Симуков мэндэлжээ. Хамгийн ихээр монголжсон монголч гэж хэлж болох эрдэмт хүн А.Д.Симуков Монголын төлөө ажиллаж амьдарч яваад харамсалтайгаар хэлмэгдэн амь үрэгдсэн юм. Түүний охин Наталья Симукова нялх багадаа хагацсан эцгийнхээ талаар бичсэн Шарайд С.Батбилиг хэвлэлд бэлтгэн орчуулснаар уншигчдадаа хүргэж байна.

 

Андрей Дмитриевич Симуков нь 1902 оны дөрөвдүгээр сарын 29-нд Петербург хотноо төржээ. Түүний эцэг, Белоруссын хөдөө тосгоноос гаралтай Дмитрий Андреевич Симуков /1862-1922/ нь Петербургийн их сур­гуулийн түүх, хэл бичгийн факультетыг дүүргээд Сангийн яаманд ажиллаж байжээ. Эх Наталья Яковлевна Симукова /ураглахаас өмнө Миллер овогт/ Петербург хотноо эмчийн гэр бүлд төрж, Бестужевийн гэгдэх Эмэг­тэйчүүдийн дээд курс дүүр­гээд хэлний багшаар ажиллаж байжээ. Си­му­ко­вынх гурван хүүхэдтэйн том нь Андрей юм.

Андрей гэрийн сургалт болон гимназиар дамжин суралцахдаа герман, франц, латин, грек хэл эзэмшсэний зэрэгцээ хөгжим, зургийн хичээл тусгайлан үздэг байсан юм. Эх байгалиа хайрлан хүндлэх, байгалийг танин мэдэх ухааныг эцэг нь хүүдээ суулгасны ачаар Андрей бага наснаас газар зүй, байгалийн шинжлэх ухаанд шимтэх болжээ. Түүнийг наймтай байхад аав нь П.К. Козловын “Мон­­гол, Кам нутаг” хэ­мээх номыг бэлэглэсэн байна.

 13 настайгаасаа хүү заримдаа ганцаараа, за­рим үед үеийн нөхдийн хамт эсвэл Байгаль шинж­лэлийн Нийгэмлэгийн зохион байгуулсан аял­лын бүрэлдэхүүнд орж Петроград хавийн газар орноор аялдаг байжээ. Хүүхэд насных нь өдрийн тэмдэглэлийн дэвтэрт түүний аялсан газар орны зураг, байгалийн ажиг­лалт, “газарзүйн тойм”, амьтан судлалын найруу­лал, гараар нямбайлан үйлдсэн газрын зургууд тэмдэглээстэй байдаг. Гэртээ болон Суйд хэмээх газарт байдаг хөлсний зусландаа янз бүрийн амьтан тэжээдэг байжээ.

Хожмын амьдралын замналдаа тэрээр ихэд идэвхийлэн, хичээн­гүй­лэн бэлтгэж байсны жи­шээ гэвэл 12-13 настайдаа планшетын энгийн зураг­лал, ургамлын хатаамлын хийгээд шавж судлалын цуглуулгын арга техни­кийг хэдийнээ сурчихсан, Петроград хавийн бүх жигүүртэн шувуудыг андахгүй болсон байжээ. Бие сэтгэлээ хатуужуулж аян замын хатуу бэрхэд биеэ бэлдэх гэж тэрээр спортоор хичээллэж бойскаутын эгнээнд ч элсэн оржээ. 1917 оны зун цагаар Андрей тэдэнтэй хээрийн ажлаар Украин руу явж байсан байдаг.

Түүнээс хойших зам­на­лаа Андрей Дмитриевич дурсахдаа “Элдэв учир шалт­гаанаар ажил, амьдралын замнал минь өөр зүгт ханд­сан юм” гэж бичсэн нь Орос орон дахь Октябрийн хувьсгал, түүнээс хойшхи Иргэний дайн, өлсгөлөн, үгүйрэл хоосрол зэргийг хэлсэн юмсанж. Симуко­вынх Оросын тэр олон айл өрхийн адилаар мөн л үгүйрч хоосорсон гэдэг. Аав маань нь ажилгүй болж, ээжийн маань  жаа­хан хуримтлалаар амь зо­гооцгоож байжээ. Андрей хөлсөөр хичээл зааж, зар­лагын ажил хийж, керо­син, хүнсний ногдол хувь хүртэх гэж урт дараалалд хэдэн цагаар хөлөө чилээн зогсч, өөрийгөө хамгаалах хорооныхонтой хамт шөнө дөлөөр буу барин эргүүлд гардаг байжээ. Хэдий тийм хүнд хүчир байсан ч аанай л танил байгаль шинжээчийнд оччихсон керосин дэнгийн гэрэлд огтлолын зураг гаргах, дуран авайгаар ажиллах дадлага туршлага заалгаж суудаг байжээ. Хичээл тараад багш шавь хоёр хатаасан загас, талх мэрж, улаан луувангаар хандал­сан цай ууж зуны аяллын хэтийг хөөрөлдөж суудаг байв... Гэтэл энэ нь ч дуусгавар болжээ.

1918 оны өлөн зөлмөн хаврын тарчиг цагаар Германы цэрэг Петроград руу довтлоход Симуко­вынхон Сангийн яамных­ныг дагаж Нижний Нов­город руу нүүжээ. Тэндээс Дмитрий Андреевич албаа хаахаар Москва орж, эхнэр Наталья Яковлевна нь хүүхдүүдийн хамтаар хадмын нутаг болох одоогийн Брянск мужийн Сигеевка тосгонд  нүүн очиж Дмитрий Андрее­вичийн ах дүү нар нь өмч хуваахад тэднийд 10 деся­тин газар, хуучин шавар тагзны тал ногдсон байжээ.

Бүхнийг эхнээс нь эх­лэх болов. Ээж нь багш­лаж, тариачны ар гэрийн хамаг хүчир ажлыг гүй­цэлдүүлэх болов. Москвад албаа хааж байсан гэрийн эзэн хүндээр өвчлөж ар гэртээ иржээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь нас балчир учир Андрей тариа­чин болж тариа тарьж, хадлан хадаж гэр орноо тэжээх болов. Яваандаа бага зэрэг хөлжөөд мал ахуйтай болж, хуучин орон байраа ч засч сэлбэлээ.

Чухам энд амьдарч байхдаа заяны хань бол­сон Миля Алексеенко­тойгоо анх учирч та­нилцсан байдаг юм.

1920 оны намар дүү нар нь ч өсч өндийж дунд сургуулиа дүүргээд байсан Андрей Москвад сурахаар одов. Элсэлтийн бичиг баримтаа тэрээр Москвагийн Их сургуу­лийн физик-математи­кийн салбарын байгаль шинжлэлийн ангид элсэ­хээр бүрдүүлсэн хэдий ч Цэргийн хуягт техникийн дээд сургуулийн авто-тех­никийн дамжаанд сурал­цахаар болсон байна. Их сургуульд яагаад элсээ­гүйг одоо таахаас цааш­гүй. Угсаа гарвал нь саад болов уу, эсвэл ядуу зүдүү болоод боломж гараагүй юү мэдэх аргагүй. Үгүйрэл хоосролд нэрвэгдсэн Орос оронд тэр 1920 оны өвөл даанч тэсэхүйеэ хэцүү болж дээрх дамжаанд сурснаар хожим хойшид хэрэг болох эрдэм мэдлэг олохоос гадна байранд нь сууж дүрэмт хувцсыг нь өмсөөд бас ч гэж бага сага тэтгэлэг хүртэнэ. Дамжаа­гаа дүүргээд Андрей 1921 оны намар Ломоносовын нэрэмжит Их сургуулийн Механик-Цахилгаан тех­никийн дээд сургуульд орж “газарзүйчийн эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагааны тухай бодлоо үл гүйцэлдэх хэ­мээн орхиж” шөнийн ма­наачаар ажиллаж гэрээр хичээл заах болжээ. Зун болгон тэрээр тосгондоо газар тариалангийн ажилд зүтгэнэ.

1923 оны хаврын тү­рүү­чээр Андрей Симу­ковын замналыг эрс өөрчлөх үйл явдал болсон нь П.К.Козлов хэмээх хүний лекцийн тухай зар  сониноос олж уншаад, тэр нэрт жуулчин Монгол-Төвдийн хээрийн хайгуу­лын анги зохион байгуу­лах гэж буйг мэджээ. Анд­рей лекцэнд нь яаравчлан очсон нь мэдээж бөгөөд ажилтан хэрэгтэй байгааг нь дуулмагц тэр дороо өргөдлөө өгчээ. Өргөдөл гаргасан хэдэн зуун хүнээс гурвыг нь л авсны нэг нь Андрей Симуков байв. Козлов хожим нь дурсахдаа, ийнхүү ажил­тан сонгон шалгаруу­лах­даа заяаны хань сонгохоос ч илүү өөнтөгч нүдээр харж сонгосон юм гэсэн байдаг. 1913-1916 онд Мон­голд Оросын Ерөнхий консулоор ажиллаж бай­сан, Симуковын авга нь болох Александр Яков­левич Миллертэй дотно танил байсан нь нө­лөөлсөн байж ч болох юм.

Монголд Монголын төлөө ажиллаж эхэлснээ Симуков  “Анх 1923 оны есдүгээр сарын 26-ны өдөр, СССР-ийн Ардын Комиссариатын газраас санаачлан санхүүжүүлж П.К.Козловын удирдсан Оросын газарзүйн ний­гэм­лэгийн хээрийн хай­гуулын ангийн бүрэл­дэхүүнд Монгол Улсын хилийн дээсээр хөл тавьж билээ” хэмээн бадрангуй сайх­наар дурссан байдаг.

Техникийн дээд сур­гуулийн хоёрдугаар дам­жаа дүүргээд, байсан Си­му­ков дөнгөж  21 настай  байжээ.

Гэсэн хэдий ч хүний хүч хөдөлмөрийн үр ши­мийг яс махандаа тултал мэдэрч ухаарсан тэрээр явсан газар болгондоо мэд­лэг эрдмийг сурч явжээ. Энэ хайгуулын ангийн ажил түүнд их сургууль болсон гэнэм. Өөртөө тавьсан гол зорилт бол хэл сурах явдал байсан бөгөөд түүнийгээ гарам­гай сайн биелүүлснээ хожим нь онцлон бичсэн байдаг. Тэр хайгуулын ангийн ажилд Симуковын оруул­сан хувь нэмэр гэвэл Ноён уулын булшны мал­талтыг С.А.Кондратьев, К.К.Да­ниленко нартай хамтран гүйцэтгэсэн, Хэнтийн ба­руун урд захын газарзүйн судалгаа, Говийн амьтны тэмдэглэл зэрэг ажээ.

1926 оны хоёрдугаар сард Симуков ахархан хугацаагаар Москвад ирж, Москвагийн их сур­гуу­лийн химийн факу­льтетын оюутан охин Алексеенко Милятай гэр бүл болж бат­луулсан нь Мелания Анд­реевна Си­мукова ажээ. Тэр сардаа багтан Симуков хээрийн шинжилгээний ажилдаа эргэн иржээ.

Хээрийн шинжил­гээ­ний ажил дуусахад 1926 оны намраа Андрей Дмитриевич Симуковыг Судар бичгийн хүрээлэн­гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээний  Жамсран авхай тус хүрээ­лэнд ажиллахаар урьжээ.

Ээждээ бичсэн нэгэн захидалдаа Андрей “Монголд очих л юм бол би эргэж мөд ирэхгүй, тэр тухай бодохын ч хэрэггүй гэж би мэдээд байсан юм”  хэмээн бичиж байжээ. 1927 оны нэгдүгээр сараас 24 настай Андрей Симуков Судар бичгийн хүрээ­лэн­гийн музей, зурагзүйн тасгийн даргаар то­милогдон ажиллах болж, хуучин Богдын ордонд музей нээхийг даалгасан ёсоор 1927 оны зун гэхэд тэр ажлаа биелүүлсэн ажээ.

Түүнээс өмнө нь буюу гуравдугаар сард Симуков таван ажилтан дагуулаад Хэнтийн баруун урд нутаг руу шинээр мэдэгдсэн хоёр булшинд археологийн  малталт хийхээр явсан юм. Нэг булшнаас хятад бичиг бүхий нэгэн аяга олдсоноор Ноён уулын булш бунхны он тооллыг анх удаа нарийн тогтоох боломж гарчээ.

 

Тавдугаар сард эхнэр Мелания Алексеевна араас нь Оросоос ирж хээрийн шинжилгээний ангид ургамал цуглуулагч, гэрэл зурагчнаар ажиллах болж, тэр хоёр Монгол нутгаар хөндлөн гулд урт аяныг хамтдаа туулсан билээ. 1927 оны долоон сарын дундуур хоёр ажил­тан буюу музейн туслах Жаргал, ажилтан Жамба, эхнэр М.А.Симукова нарын хамтаар анхныхаа говийн  таван сарын аялалд гарсан юм.

1927 оноос 1939 оны хооронд А.Д.Симуков 15 томоохон хээрийн шин­жил­гээний анги, өчнөөн олон аяллын удирдагч, гишүүнээр ажилласан байдаг. Монголын нутгаар нийтдээ 70 мянган км хөндлөн гулд аялсан байх юм. 1936 он хүртэлх хээрийн шинжилгээний ангийн ажлын тойм, үр дүнг тэрбээр хоёр томоохон бүтээлдээ нэгтгэн бичсэн ажээ. Тэрхүү тоймыг хураангуйлбал, 

А.Д. Симуков анх удаа Монголын, тэр дундаа Хангай, Говийн нутгийн физик-газарзүйн судалгаа хийж газрын зураг дээр анх удаа хэд хэдэн уул нуруудыг /Монголын Тяньшань уулын отрог буюу хаяа уулс/ тэмдэглэн буулгаж, монгол нутгийн байгалийн үндсэн бүсүүдийг, тэдгээрийн хэвтээ босоо шугамын хувиралтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал, амьтныг цогц байдлаар илрүүлэн, ургамал, то­моохон хөхтөн амьтны тархац зэргийн газрын зураг гаргасан байна. А.Д.Си­муков анх удаа Мон­голын физик-газар­зүйн бүсчлэлийг санал болгосон ажээ.

А.Д.Симуков газар зүйн ландшафт нь хүний үйл ажиллагааны талбар тул түүний элементүүдийг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзэж 1930-аад оноос эдийн засгийн газарзүйн асуудлуудад анхаарлаа хандуулах  бол­жээ. Энэ үед А.Д.Симуков монгол нутгийн бэлчээ­рийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж бүтэц, шим тэжээлийг нь газарзүйн байрлалтай нь уялдуулан авч үзсэн байна. А.Д.Си­муков Монголын хангай говь нутгийн нүүдлийн хэв маягийг анх удаа илрүүлэн ангилж мал аж ахуй эрхлэх арга барилыг задлан шинжилсэн билээ.

Симуков монгол орны засаг захиргааны  анхны шинжлэх ухааны үндэс­тэй бүсчлэлийг боловс­руулах, хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн орол­цож эдийн засгийн анхны бүсчлэлийг санал болгож, тухайлбал Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын байрлалыг зааж өгчээ. 

А.Д.Симуковын идэвх­тэй оролцоотойгоор цаг уур судлалын  стан­цуудын сүлжээг буй бол­госон бас түүний анх су­далж үзсэн халуун ра­шааны газарт хожим нь сувилал байгуулсан байдаг.

Эцэст нь тэмдэглэхэд, Монголыг судлах хэтийн чиг баримжааг боловс­руулж, ашигт малтмалын хэд хэдэн орд газар, чу­лууж­мал ургамлын илэрц газрыг зааж үлдээсэн байна.

Улсын музейд зориулж А.Д.Симуковын хээрийн шинжилгээний анги нь угсаатны зүй, ургамал ба амьтан судлал, ашигт малтмал, балар эртний судлалын  үзмэр зэрэг үнэтэй цуглуулга хийж өгсөн бөгөөд үлэмж их хэмжээний гэрэл зургийн өв сан үлдээсэн юм.

Тэр хүнд бэрх цагт ийм их хэмжээний хээрийн шинжилгээний ажил гүй­цэтгэж чадсан нь дан ганц түүний хичээл зүтгэл, хө­дөлмөрч зан, ажилтнудын ур чадвараас гадна нут­гийн ард олны дэмжлэг туслалцаа их, Симуков өөрөө тэдний дунд тун ч нэр хүндтэй байсных биз ээ.  Хэл усыг нь сайн мэдэх нь түүнд их дэм тус болсноос гадна тайван уужим сэтгэл, нийцтэй алиа хошин зан араншин нь туслахаас гадна монгол нутгийн хаа ч явсан Симу­ков хүн ардад хүндтэй хандах нь хүн зоны  сэтгэлийг өөрт нь татдаг байжээ. Хамгийн гол нь гэвэл Симуков Монголд үнэн голоосоо элэгтэй, ард олны дунд орж амьдарч чаддаг, хүмүүсийн зовлон жаргалыг сайн мэдэж мэдэрдэг, тэдний л төлөө ажиллаж амьдарч байжээ. Түүнийг хаа ч явсан өөрийн дотны хүн мэт угтаж, зөвлөлдөж, гэрийн найр наадамд ямагт урьж байжээ. Улаанбатар дахь түүний гэр орноор хө­дөөгийхөн байнга буудал­лаж тэд ямар сайндаа аавыг маань “Шар, өндөр Дамдинсүрэн” гэдэг байхав. 1928 оны хавар төрсөн хүүдээ Алтай гэсэн нэр өгч, охиноо Говь гэж нэрлэх гэсэн боловч эхнэр нь Андрей Дмитриеви­чийн ээжийн гэгээн дурс­галыг хүндэтгэж Наталья гэх болсон юм.

Хээрийн шинжил­гээ­ний ангийн судалгааны үр дүнг нь боловсруулахын  зэрэгцээ “захиргааны ча­нартай” янз бүрийн ажлыг бас амжуулдаг байжээ. Музейгээс гадна тэрээр ерөнхий газарзүй, зураг зүйн кабинет, цаг уурын товчооны ажлыг давхар эрхэлж Монголын Судар бичгийн хүрээлэнгийн га­зарзүйн хорооны эрхлэг­чээр найман жил ажил­лажээ. Симуковын даруу­хан гэр оронд, Зөвлөлтөөс ирсэн олон ч эрдэмтэн, мэргэжилтэн Монголтой анх танилцдаг байжээ.

А.Д.Симуковын идэвх­тэй оролцоотойгоор 1935 онд Шинжлэх ухаа­ны хорооны дэргэд мэр­гэжилтэн бэлтгэх дамжаа нээсэн нь хожмын их сургуулийн үр хөврөл болж Андрей Дмитриевич тэнд газарзүйн хичээлийг монголоор заадаг байсан юм. Монголоор ч тэрээр ёстой чөлөөтэй ярьж, бас худам монголоор  бичиж уншдаг байж. Газарзүйн нэр томъёоны толь зохиож, түүний зэрэгцээ газарзүйн нэвтэрхий толь, тайлбар толийн маш их хэрэглэгдэхүүн бэлтгэсэн байдаг юм.

М.А.Симуковагийн дурс­санаар, Андрей Дмитриевич бие даан сурч боловсрохын төлөө шургуу зүтгэж , хэд хэдэн хэлний мэдлэг нь тогтмол хэвлэл ашиглан ажиллахад нь тус дөхөм болдог байсан юм. Тэрээр Монголын түүх, бурхны шашин, дорно дахины гүн ухааныг су­далж байжээ. Шинжлэх ухааны хорооны түүхийн кабинетын залуухан эрх­лэгч Ш.Нацагдоржийн хүсэлтээр Симуков түү­хийн сурах бичгийн эртний түүхийн бүлгийг худам монголоор бичиж өгч байсан юм. Симуков бас зөвлөлтийн мэргэ­жилт­нүүдэд зориулж мон­гол хэлний дугуйлан эрх­лэн ажиллуулж , “Их Мон­гол Улс XII-XIV зуунд үүсэн буй болж, цэцэглэн мандаад мөхсөн нь” нэр­тэй түүхийн лекц уншдаг байсан.

Монголыг зүрх сэт­гэлээрээ ойлгоход нь түүнд Ц. Жамсарано, Б.Ринчен  нар нөлөөлсөн нь дам­жиггүй бөгөөд Ринчентэй, арай хожуу Д. Нацагдорж, Ц.Бадмажавынхантай, бурх­ны шашин судлаач М.И.Тубянский, газар зүйч И.П.Рачковский нар­тай  дотносон нөхөр­лөж явсан юм. Симу­ко­вынхан С.А.Кондратьев, доктор П.Н.Шастины­хантай гэрээрээ анд нө­хөд, олон жил хамтран ажиллаж ирсэн өөрийн туслахууд Фучин, А.А.Ту­ру­танов, П.Ф.Чухломин, анчин гөрөөчин Г.М. Кор­ чановын гэр бүлийхэнтэй дотно харилцаатай байжээ.

1931 онд Симуко­вын­хан гурван настай Алтай хүүгээ хүнд өвчнөөр алдаж уй гашууд автсан юм.

Түүнээс хойш хоёр жи­лийн дараа төрсөн охи­ноо бас алдах вий гэ­сэн­дээ 1934 онд гэрийнхнээ Зөвлөлт рүү явуулаад нэн яаралтай ажлаа цэгцлээд араас нь бас явахаар зэ­хэж байжээ. Эдийн зас­гийн газар зүйгээр онолын мэдлэгээ зузаатгаж  энэ зуур ху­римтлагдсан эрдэм номын бүтээл ажлаа эм­хэтгэн хэвлүүлж, үүний дараа Монгол, бүр Төв Азийн цогц судалгаанд орохоор завдаж байсан юм.

1934 онд “БНМАУ-ын газарзүйн атлас” бүтээлээ Симуков орос монгол хэлээр эмхэтгэн гаргасан нь нийтдээ 18 газрын зу­раг, картограммтай бай­жээ. Үүнд, улс орны байгалийн шинж байдал, засаг захиргааны байгуу­лал, угсаатны зүйн газрын зураг, хүн амын тоо нягтралыг аймаг бүсээр нь тусгаж таван хошуу мал түс бүрээр нь мал аж ахуйн төлөв байдлыг тодор­хойлсон байна. Уг атлас нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон юм. 

Мөн ондоо А.Д.Симу­ков Монгол орны байгаль, хүн ам, аж ахуйн тухай бүрэн цогц мэдээлэл бүхий “БНМАУ-ын га­зар­зүйн найруулал”-аа эмхэтгэн гаргаж түү­ний­гээ хураан­гуйлан сурах бичиг болгож хоёуланг нь монголоор орчуулжээ.

1936 онд Ардын хувьс­га­лын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газар Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэсэг ажилт­ныг төрийн одон медалиар шагнахад А.Д.Си­муковын нөр их хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэн “Алтан гадас” одон­гоор шагнасан бай­даг. Тэр ондоо буюу А.Д.Си­­муковын хэлсэнчлэн “Шинж­лэх ухааны хү­рээлэнд ажилласан арав дахь бөгөөд сүүлчийн жил­дээ “Монголд он удаан жил ажиллаж туурвисан эрдэм номын бүтээ­лүү­дийнхээ дийлэнхийг ашиг­лах, хэвлэхэд бэлэн болгон Шинжлэх ухааны хүрээлэн, СССР-ийн бү­рэн эрхт төлөөлөгчид хү­лээлгэн өгөхөд бэлтгэжээ.

Гэтэл эх нутгийн зүг хөлгийн жолоогоо залж даан ч чадсангүй. Ажил улам нэмэгдээд ээлж ха­лаа нь ч ирсэнгүй. 1936-1938 онд А.Д.Симуков Цагаан Богд руу хоёр, Говь Хангайд тус бүр нэж­гээд хээрийн шинжил­гээний ажлаар явж дараа нь баруун аймгуудаар таван сараар аялж Монгол орны баруун хязгаарын бүх ястан ард олны эрхлэх аж ахуй, аж байдал, соёлыг судлажээ.

1937 онд А.Д.Симуко­вын хоёр дахь охин одоо монголчуудын “Сэрэлт” киногоор сайн мэдэх орос доктор Доржпалам дүү минь төрөв.

1930-аад оны дундуур Монголд ч, Орост ч цаг төр цөвүүн болж эхлэв. Анд нөхөд сураггүй алга бол­соор л…Ринченг ч барив­чилж гэнэ. Сонин сэтгүү­лээс үзэхүл ийм ч тийм ч “ардын дайсныг шүүлээ” гэнэ… Москва руу илгээх захидлыг А.Д.Симуков шуудангаар биш итгэлтэй хүмүүст дайж өгөх боллоо. 1939 оны есдүгээр сарын 2-нд эхнэр, охиндоо Улаан­баатараас бичсэн сүүлчийн захидлыг нь Моск­вад хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцохоор одож буй түүний эртний итгэмжит анд нөхөр бөгөөд Ихтамир сумын хөдөө аж ахуйн артелийн дарга Д.Го­­чоо хүргэж өгсөн байдаг.

1939 оны есдүгээр са­рын 19-ний тэр өдөр 37 настай А.Д.Симуковыг СССР-ийн Дотоод Хэр­гийн Ардын Комисса­риа­тын газрынхан Улаанбаа­тараас дайчлан баривчилж “ЗСБНХОАУ-ын Эрүү­гийн хуулийн 58-1-ийн а-гаар, буюу гадаадын таг­нуулын байгууллагад элс­сэн” гэх боловч “хэргээ хүлээгээгүй, гэм бурууг нь шууд нотлох зүйл олд­сонгүй” ажээ. 1940 оны дөрөвдүгээр сарын 22-нд түүнийг Улаанбаатараас тусгайлан харгалзуулж Улаан-Үдийн шоронд хүр­гүүлжээ. 1941 оны нэг­дүгээр сарын 4-ний өдөр А.Д.Симуковыг “ЗСБНХОАУ-ын Эрүүгийн хуулийн 58-10, 58.11. зүй­лээр буюу зөвлөлтийн эсрэг байгууллагад оролцсон хэмээн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын тусгай зөвлөлгөө­ний шийдвэрээр найман жилийн хорих ялаар шүүл­гүйгээр яллажээ. Энэ ту­хай 1990 онд СССР-ийн Шинжлэх ухааны акаде­мийн Угсаатны зүйн хү­рээлэнгийн Азийн улс түмний угсаатны зүйн хэлтсийн эрхлэгч А.М.Реше­товын лавласан асуулгын хариуд Улсыг аюулаас хамгаалах хороо­ны Чита мужийн удирдах газраас хариу мэдэгдсэн байдаг. 1941 оны хоёр­дугаар сарын эхээр А.Д.Си­муковыг Ново­си­бирск, Архангельскаар өртөөлүүлэн Коми АССР-ийн Печорын хорих лагерьт хүргүүлсэн бөгөөд албан ёсоор мэдэгдсэнээр бол 1942 оны дөрөвдүгээр сарын 15-нд “зүрхний өвчнөөр” нас барсан гэх. “Он удаан жилээр эрэн хайж асуулга тавьж байсан эхнэр ээж хоёр нь түүний нас барсан он сар өдрийн тухайд гурван ян­заар зөрүүтэй, шалтгааны тухайд бараг бүх гэрчилгээ магадлагаанд адил төстэй мэдээ мэдээлэл авч бай­сан тул дээрх нас барсан гэх он, сар, өдөр болон шалтгаанд  л лав итгэж үнэмшээгүй юм. 

Харин, 1941 оны дө­рөвдүгээр сарын 24-нд аав минь 39 насныхаа босгон дээр амьд сэрүүн байсан нь лавтай нотолгоотой юм. Энэ өдөр аав минь, ба­ригд­санаас хойш ар гэ­рийн­хэн­дээ Архангельс­кээс бичсэн хоёр дахь ил захидалдаа “зүүн хойд зүгт л явж байна даа…” гэж бичсэн нь сүүлчийнх нь байжээ…Түүнээс хойш хоёрхон сар болоод эх орны их дайн эхэлсэн...” –гэж бичсэн байдаг юм... 1956 оны 12 дугаар сард, “хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж А.Д.Симуковыг бүрэн цагаатгасан билээ.

А.Д.Симуковын Мон­голд олон жил ажиллаж туурвисан бүтээлүүдээс нь амьд сэрүүнд нь “БНМАУ-ын газарзүйн атлас” Улаанбаатарт 1934 онд, Монголд “Симуко­вын ногоон” гэж олноо алдаршсан “БНМАУ-ын ерөнхий газрын зураг” Улаанбаатарт 1937 онд , “Монголын аж ахуй”, “Орчин цагийн Монгол”, “Шинэ толь”, “Монголын үндэсний соёлын зам” сэтгүүлүүдэд 30-аад эрдэм шинжилгээний өгүүллэг нь нийтлэгдсэн байдаг.

Баривчлагдсаны гай­гаар эдгээр зохиол бү­тээлийн зохиогчийн нэр Монголын тухай орос Зөв­лөлтийн ном зохиолд олон жилийн турш сох дур­даг­даагүй алга болсон ба харин миний л мэдэхийн академич В.А.Обручев л “Дорнод Монгол” номдоо А.Д.Симуковын нийт­лэгд­­­сэн бараг бүх өгүүл­лэгт шүүмж бичсэн байдаг.

Хэвлэн нийтлүүлэхээр бэлтгэсэн А.Д.Симу­ковын зохиол бүтээлүүдийн ихэнх нь дэлхийн монголч нарын хүрээнд хэв­лэг­дээгүй, мэдэгдээгүй, үгүй ядаж нэр ч үгүй үлдсэн билээ.

Харин тэгэхэд Мон­голд л А.Д. Симуковын тухай сэтгэлийн угаас сайн сайхнаар дурссаар төдийгүй баригдсанаас хойш үлдсэн зохиол бүтээлийг нь хадгалсаар иржээ. Үүнд оролцсон хү­мүүс бол тэр цагт Шинж­лэх ухааны хүрээлэнгийн залуу лаборантууд явж хожим нь нэрт эрдэмтэд болцгоосон Ц.Пун­цаг­норов, Ш.Цэгмэд нар бө­гөөд тэдний цуглуулж эм­хэтгэсэн А.Д.Си­муковын бүтээлүүдийг тус хүрээ­лэнгийн гар бичмэлийн санд оруулсан байж билээ.

Тэдний эл ажлыг, СССР-ийн Шинжлэх ухаа­­ны академийн Тэргүү­лэгчдээс Шинжлэх ухааны хүрээлэнд газарзүйчээр 1940 оны есдүгээр сард томилогдсон Э.М.Мурзаев удирдсан ба түүний 1940-өөд онд нийтлүүлсэн, Монголын газарзүй, аж ахуйн талаар хэвлүүлэн нийтлүүлсэн зохиол бүтээлд нь харин А.Д. Симуковын нэр дурдагдаагүй байдаг.

Өдгөө, А.Д.Симуко­вын бүтэн үлдэж хэвлэгдэн нийтлэгдээгүй зохиол бүтээлүүд Монгол Улсын Шинжлэх ухааны Газарзүйн хүрээлэн, Үндэсний төв архивт хадгалагдаж буй билээ.

А.Д.Симуковын хэвлэлд бэлтгэж байсан зарим зохиол бүтээл нь одоо хэр архивт олдохгүй байгаа ба тухайлбал “БНМАУ-ын говийн газарзүйн найруулал”, “Хангайн төв нутгийн газарзүй”, “БНМАУ-ын хураангуй газарзүй, II хэсэг”, “1927 онд говиор аялсан шинжилгээний ангийн өдрийн тэмдэг­лэл”, “Монголын газрын зурагзүй”, “Хүн ам, мал сүргийн нягтшилд газар­зүйн орчин нөлөөлөх тухай тэмдэглэл”, “Ар­галь” найруулал болон  “БНМАУ-ын сүм хий­дүүд”, “БНМАУ-ын хөдөө аж ахуйн газрын зураг”, “Баруун говийн газрын зураг” зэрэг газрын зурагзүйн бүтээлүүд нь юм. Бас 1936, 1937, 1938 оны хээрийн судалгааны өдрийн тэмдэглэлүүд, 1937 онд гэхэд 75 хувийг нь бэлэн болгосон “Эдийн засгийн атлас”, газарзүйн нэр томъёо, газарзүйн нэвтэрхий тайлбар толийн хэрэглэгдэхүүн мөн адил олдоогүй билээ.

Хэвлэгдээгүйг нь хүр­тэл оруулан А.Д.Си­муко­вын зохиол бүтээлийн жаг­саалтыг Монгол Ул­сын Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, өдгөө газарзүйн шинжлэх ухааны доктор П.Цолмон анх нийтэлсэн юм.

ЗХУ, Монголд өөрчлөн байгуулалт, ардчилсан хө­дөлгөөн өрнөж хоёр орны амьдрал үндсээрээ өөрч­лөгдөн хувирсан билээ. Монголын ардчиллын эхэнд А.Д.Симуковын зээ хүү Санжаасүрэнгийн Зо­риг байж, түүнийг ха­рамсалтай, эмгэнэл­тэй­гээр амь үрэгдсэнээс хойш түүний охин дүү С.Оюун гарч ирсэн юм.  Энэ үйл явцын ачаар үндэсний ухамсар ч сэргэж, хар­гислалын үед амь насаа алдсан тэр олон сайхан хүн, түүний дунд А.Д.Си­муковын ч нэр төр сэргээгдэх таатай боломж гарсан юм.

Монгол, Оросын хэв­лэлд А.Д. Симуковын нэр гарах боллоо.

1990 онд том охин Н.А.Си­­мукова надад аавын­хаа зохиол бүтээ­лүүдтэй танилцаж хуулбарлан авах боломж олдсон юм. Монголын Шинжлэх ухааны акаде­мийн тэр цагийн удирд­лага, академич Н.Содном, С.Норовсамбуу, тэр цагт Газарзүй, цэвдэг судла­лын хүрээлэнгийн захи­рал асан доктор С.Жиг­жид, мөн мэдээж хэрэг эрхэм нөхөр П.Цолмон нарын  санаачлага, ач тусаар дээрх нэр бүхий гар бичмэлүүдтэй Монголд танилцах аз завшаан тохиосонд миний бие чин сэтгэл зүрхний гүнээс талархан явдгаа энд цохон тэмдэглэсү.

Мөн, цаг заваа огоорон надад туслаж байсан Газарзүйн хүрээлэнгийн болон Улсын Төв архивын ажилтнууд, А.Д.Симу­ко­вын зээ хүүхдүүд С.Баяр, С.Зориг, С.Оюун нар хийгээд миний төрсөн хайртай дүү Доржпалам нар минь тэр халуун өдрүүдэд хэзээд туслан дэмжин байсныг яахин мартах билээ.

Монголын шинжлэх ухааны академийн Гэрэл зургийн архивын ажилт­нуудын, мөн түүнчлэн Монголоо сайн мэдэх, дээд зэргийн сайн ор­чуулагч С.Батбилигийн  дэм туслалцаатайгаар А.Д.Симуковын гэрэл зур­гийн архивтай танилц­сандаа бас түүнд чин сэтгэлээсээ баярлан талархдаг билээ. Монгол, Оросын газарзүйч, эртний судлаач, түүхч, монголч эрдэмтдийн нотлон буй­гаар бол А.Д.Симуковын зохиол бүтээлүүд нь өн­гөрсөн хэдэн арван жилд сох тоогдолгүй, ашиг­лаг­далгүй байгаагүй бөгөөд харин ч идэвхтэй ашиглагдаж байсан ба харин нэрийг нь л ихэвчлэн заадаггүй байж дээ. Зарим хуудсан дээр нь тэмдэглэл хийсэн, зарим нь дутсан байх жишээтэй. “БНМАУ-ын газарзүйн найрууллууд” нь  их л гэмтэж, “Ширээгийн Га­шууны хотгор дахь эртний чулуужмал ургамлын үл­дэг­дэл” бүтээл нь Нэ­мэгтийг анх нээсэн хүний архивын хавтаснаас олдсон байх юм.

А.Д. Симуковын эрдэм шинжилгээ судалгааг задлан шинжилж шүүх нь монголч, газарзүйч, уг­саатны зүйч, ургамал судлаач, амьтан судлаач эрдэмтдийн хийх хэрэг буй за. Харин энд зарим онцлогийг нь тэмдэглэе. Нэгд, А.Д.Симуковын бү­тээлүүд нь хээрийн шин­жилгээний ажлынх нь үр дүн юм. Хоёрт А.Д.Си­муков Монголыг судлаад зогсоогүй бас тэнд амь­дарч, аливааг “дотроос” нь таньж мэдсэн, энэ орны хэтийн төлөө ажиллаж амьдарч явсан учраас  ард олны дунд ихээхэн хайр итгэл, нэр хүндийг олсон,  чухамхүү ингэсний ачаар л таниж мэдэж, үзэж харж судлаж шинжлэх боломж­той байсан бөгөөд харин Монголд түр хугацаагаар ирж байсан судлаачдад тийм боломж тэр болгон олдохгүй биз. Гуравт, А.Д.Симуковын бүтээлүүд Монголын хамгийн ээдрээтэй, хамгийн бага бичигдсэн цаг үеийн байдлыг харуулсан юм.

1992 оны дөрөвдүгээр сард Оросын Шинжлэх ухааны Академи, Азийн худалдааны газар, Монгол дахь Оросын Мэдээлэл-Соёлын Төвд А.Д.Симуковын 90 насны сүүдэр тохиосны баярын хуралдаан болж академич А.Л.Яншин даргалан, эрхэм академич Б. Ши­рэндэв, Б. Лувсанданзан, Р.Барсболд, мөн ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ, Олон улсын монгол суд­лалын холбооны Оросын салбарын төлөөлөгчид, монголч эрдэмтэд оролц­сон билээ. Илтгэгчид, А.Д.Симуковын эрдэм шин­жилгээний бү­тээлүүдийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд, түүний эрдэм номын бүтээлийн өргөн цар хүрээ, хү­мүүн­лэг чиг хандлага, түүний замналаар замнасан хойч үеийнхэнд дэвсгэр суурь болсон бүтээлүүдийх нь мөнхийн үнэ цэнийг онц­лон тэмдэглэж байсан юм.

Хуралд оролцогсдын саналаар, А.Д.Си­муковын зохиол бүтээлийн тухай илтгэлийг мөн оны наймдугаар сард болох Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит VI их хурлын хөтөлбөрт оруулахаар болж нэгэн салбар хуралдааныг А.Д.Симуковын 90 насны сүүдэр тохиосны ойд зориулжээ. Олон улсын монголч эрдэмтдийн холбооны дарга, эрхэм хүндэт академич Ш.Бира гуайд А.Д.Симуковын дурсгалд гүн хүндэтгэл үзүүлсэнд сэтгэлийн угаас  талархан явдгаа дурснам.  

А.Д.Симуковын нэр төрийг болон эрдэм номын бүтээлийг сэргээсэн нь ачтай буурал ижий Ме­лания Алексеевна Симу­ковагийн минь гавъяа буян шүү дээ гэж мэхийн хүндэтгэнэм....

2007 онд зээ дүү С.Баяр маань япон нөх­дийн дэмжлэг туслал­цаа­тайгаар нагац аав А.Д.Си­муковынхоо одоогоор олд­сон эрдмийн зохиол бүтээлийг хоёр том боть дагалдах багаахан хавс­ралт товхимлын хамтаар эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон нь эл эгэлхэн мөртлөө  энгүй эрдэмтэн хүний гэгээн дурсгалд босгосон хөшөө мэт дурсгал болохын са­цуу гадаад дотоодын эр­дэмтэн судлаачдын су­далгаа шинжилгээний үнэ­тэй нандин хэрэг­лэг­дэхүүн байх нь дамжиггүй юм. А.Д.Симуковын бү­тээлүүдийг хэвлэн ний­тэлснээр Монголыг судлах хүмүүст тустай, дэлхийн монгол судлалын санг хамгийн өргөн утгаар баяжуулна гэдэгт найдаж буйгаа энд илэрхийлэн эл тэмдэглэлийг жаргаав.