МИАТ хувьцаат компанийн ахмадын хороо, нийт ахмадууд
Иргэний агаарын тээврийн буюу ард олны нэрлэж заншсанаар “Нисэх” гэдэг нь цусаар бичигдсэн хуультай, бүх ажлыг орчин үеийн техник технологийн нарийн дүрэм, журмын дагуу гүйцэтгэдэг, хатуу чанд сахилгатай байгууллага юм. Нислэгийн аюулгүй байдлыг газарт болон агаарт найдвартай ханган ард түмэндээ үйлчилдэг хэн дуртай нь ажиллаад байдаггүй хатуу алба билээ. МИАТ компани үе үеийн ахмад настнууд, дайн тулааны хүнд бэрх цагт ч энхийн бүтээн байгуулалтын үед ч халуунд халж, хүйтэнд хөрч, цус хөлсөө урсган байж Монголын нисэх хүчнийг буюу өнөөгийн төрийн өмчит МИАТ компанийг үүсгэн бэхжүүлж хөл дээр нь босгоод, өнөөгийн залуустаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Цагаагчин могой жилийн эхэнд Шинэчлэлийн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж МИАТ компанид “Үндэсний агаарын тээвэрлэгч” гэдэг хүндтэй статусыг албан ёсоор олгосон нь онцгой анхаарал тавьж байгаагийн илрэл гэж үзэж тус компанийн үе үеийн ахмадууд бид туйлын баяртай байна.
Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхийг эхлүүлсэн 90 шахам жилийн түүхтэй, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нь зах зээлд шилжих шилжилтийн үеэс өнөөг хүртэл төр засгаас хөрөнгө мөнгөний ямар ч дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарыг нуруундаа үүрч өдийг хүргэсэн. Өнөөгийн МИАТ компани нь орчин үеийн ямар ч агаарын хөлгийг олон улсын стандартын шаардлагын хэмжээнд эзэмшсэн чадварлаг нисгэгч, агаарын хөлгийн засвар, техникийн үйлчилгээг бүрэн хэмжээнд хийж чаддаг инженер, техникийн бүрэлдэхүүн болон материаллаг баазтай, бусад нарийн мэргэжлийн албадтай. Монгол Улсын нэрийг олон улсын иргэний нисэхийн хэмжээнд бүрэн төлөөлж чадахуйц болон бэхжсэн. Ахмадууд бид өнөөдөр төрөлх компанийнхаа санхүүгийн хүндрэлтэй байдлыг, өөрийн гэсэн шинэ онгоцтой болох гэж оюун бодол, хөрөнгө мөнгө, хамаг боломжоо шавхан зүтгэж байгааг зүгээр хараад гар хумхиж суухыг үл тэвчин онгоц худалдаж авахад зориулж өөрсдийн тэтгэврээсээ Ахмадын хорооны тэргүүлэгчид 30 мянган төгрөг, нийт ахмадууд тус бүр 10 мянган төгрөгийг хандив болгон өргөж байгаагаа мэдэгдэхийн хамт шинэ онгоц авахад Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд, эрхэм хүндэт Ерөнхий сайд та бондын хөрөнгөөр МИАТ компанид шинэ онгоц худалдан авч өгнө гэдэгт итгэн энэ ил захидлыг таны сонорт хүргэж байна.