Малын их эмч

Р.РАВЖАА

 

Монгол үндэстний уламжлалт эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан, унаач хүүхдийн тухай өргөн хэ­лэл­цүүлэг, цуврал нийтлэл гарч олон сайхан санал, шүүмжлэл ид явж байгааг талархан хүлээн авч бай­гаагаа илэрхийлж, оломгүй далай шиг олны саналд дусал нэмэрлэхээр зориглов. Хурдан морины уралдаан Монгол үн­дэстний хэдэн зуун жил эрхэлж ирсэн түүхэн уламж­лалтай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Охид, хөв­гүүд нь хурдан морио унаж салхи татуулан хурдлуулж ирдэг байлаа. Энэ үед уралдаан зуны дэлгэр цагт болдог байсан. Унаач хүүх­дүүд нь хар нялхаас унага, даагатай ноцолдож өссөн, эв дүйтэй болсон байдаг байлаа. Тэд мориноос унана гэдэг өдрийн од шиг л байсан. Ер нь нэгдлийн хөдөлгөөнөөс хойш хүү­хэд, залуучууд адуу малтай харилцах асуудал их хо­вордсон гэж боддог. Гэхдээ л одоогийнх шиг адуу малаа машин, мото­циклээр маллаж бай­гаагүй. Ямар ч гэсэн морио унаж малаа малладаг бай­сан. Ялангуяа, ойр зуурын ажил, хонь малаа эр­гүүл­дэг бид мэт нь даага, шүд­лэнгээ сургаж салхи та­туу­лан давхиж явснаа мартаагүй. Өнөөгийн нөх­цөлд морин уралдаан, баяр наадам өвөл, зунгүй хэн нэгний хүсэл, санал, янз бүрийн ой, бүсийн, тэр уяачийн ой гэхчлэн өргөн дэлгэр болжээ. Хурдан морины удам, угшил, эрлийзжүүлэлт гээд нэг талаас нь харахад маш сайхан өргөн болсон сайн талтай ч нөгөө талаас нь харахад хүйтний улирал, унаач хүүхдийн сурц, дадлага багатайгаас осол эндэл гарах нь ихэссэн. Өвөл морин уралдаан хийх эсэх, унаач хүүхдийн асуудал хурцаар тавигдаж байна. Энэ хоёр асуудал руу хандаж өөр өнцгөөс нь ярьж та бүхэнтэй саналаа хуваалцъя. Өвлийн урал­даан явуу­лахад анхаарах, муу үр дагавар нэлээд байна. Тухайл­бал, урал­дааны зам хязгаарлагдмал учраас морьдын нягтрал их, замын 70-80 хувьд нь морьд шахалдаж хүүхэд, моринд халтай. Ялангуяа, ийм үед мориноос унасан хүүхэд моринд гишгүүлэх, өшиглүүлнэ. Газар хөлдүү учраас хүүхэд унасан тохиолдолд гэмтэл авах нь элбэг. Өвлийн уралдаан нийтийг хамарч чаддаггүй. Зөвхөн ихэс дээд, хөрөн­гөлөг хүмүүсийн тэжээл, тариагаар зодож тамир оруулсна морьдын өндөр бооцоотой уралдаан болж бай шагнал, хэргэм зэрэг нэмэх хэрэгсэл болж байгаа нь зохисгүй байна. Мөн унаач хүүхдийн эрүүл мэнд, боловсролын асуудал чухал болж байна. Ер нь хурдан морины хурдлах, байр эзлэх асуудал унаач хүүхдийн сурц, дадлага туршлага, авхаалж самбаа, морио залах чадвар, замаа сонгон газрын хэмжээгээ бараг­цаалах чадвараас ихээхэн шалтгаалдаг. Би ч ийм сонголт хийж уралддаг байсан. Унаач хүүхэд ба­гаасаа адуу малтай харил­цаж сурсан, туршлагатай байх хэрэгтэй. Сүүлийн үеийн унаач хүүхдүүд амьд­рал ядуухан, олон хүүхэдтэй айлын хүүхдүүд гуйлга, ятгалга,сард ол­го­дог хэдэн төгрөгнөөс болж унаач болж байгааг нуух аргагүй. Энэ хүүхдүүд хөдөө гарч ах дүүс, та­нилдаа амралтаараа очиж ганц нэг морь унаж байс­наас хэтрэхгүй байгаа нь ажиглагддаг. Ийм хүүхэд хурдны морь унахад сурц, дадлага дутагдаж мори­ноос унах асуудал ихэсч байна. Хурдны морийг зайдан буюу зөвхөн то­хомтой унуулах нь дээрх ослоос аврах арга мөн. Өмнө нь эмээлтэй урал­даж байгаагүй. Хааяа нэг эмэгтэй хүүхэд морио эмээлтэй уралдаж байсныг санаж байна. Бас эмээл нь холбирч гэд­сэндээ чирээд барианд орж ирснийг та бүхэн са­наж байгаа байх. Нэг ярилц­лагад Я.Болдбаатар чухал асуудал хөндсөнийг анхаарч үзэх ёстой. Хам­гаалах хувцас бас ч нэг их найдах зүйл биш. Хүүхэд унаж хөл, гар, цээжин дээр нь морь гиш­гэх, дарж унасан нөхцөлд яаж хам­гаалагдах вэ. Иймд бүрэн найдах бо­ломжгүй. Харин зөв сайн малгайтай бол мод, чулуу толгой хагал­чихгүй, тархи доргих зэр­гээр бага нө­лөөлнө. Мөн тохой, өв­дөгний хамгаа­лалт байх нь зөв юм. Хамгийн гол нь унаач хүүх­дийг сайн сур­гах хэрэгтэй. Ингэсэн нөх­цөлд хүүхэд тэр бүр мориноос унаад байхгүй. Унаач хүүхдийн боловс­ролын асуудлыг Я.Байгалмаа их зүйлийг хөндөж ярьсанд өвгөн би баярлаж байна. Үнэндээ хичээлдээ явж чадахгүй 3-4 жил хурдны морь унаж байгаад боловсрол олж чадаагүй, 14-15 нас хүрлээ. Морь унадаг нас, бие тэнцэхгүй боллоо. Яах вэ. Зөвхөн унших, бичи­хээс цаашгүй хоцорлоо. Яаж мэргэжил эзэмшиж амьдрах вэ. Ид хичээл сургалт явагддаг өвөл, хавар уралдааныг хязгаар­лаж унаач хүүхдийг бо­ловс­рол эзэмшүүлэх хэ­рэгтэй байна. Мориноос унаж гэмтэж бэртсэн, хүн­дээр гэмтэж сурах бай­тугай явж чадахгүй бол­сон. Тархины хүнд гэмтэл авч мэдрэлийн хүнд бай­далд орсон, нүдгүй, дүлий болсон хүүхдийн тухай хэдэн зуугаар ярих болсныг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр гар­сан. Гэхдээ энэ тоо нийтэд илэрсэн хэсэг нь. Мэ­дээлэгдээгүй дарагдсан хэд байгааг хэн ч мэ­дэхгүй. Тэгвэл энэ гэмтэж бэртсэн, хохирсон, үрэгдсэн хүүхдийн ар гэрт нь эмчилгээний зардал, тусламж нэрээр морио унуулсан баян хэдэн бор төгрөг өгөөд хэрэг хаагдах уу. Аль эсвэл бүх насаар нь уяач болон улс тэтгэлэгт хамааруулах уу. Энэ талаар хуульд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна. Унаач хүүхдийн хөлсийг бүр бага гэхэд 250 мянган төгрөгөөс доошгүй байхаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Өвлийн уралдааныг бүрэн зогсоох, өмнөх хүмүүсийн дэв­шүүл­­сэн уралдааныг есдү­гээр сараас дараа жилийн зургадугаар сар хүртэл хязгаарлах санал зөв юм. Ингэснээр хүүхэд гэм­тэ­хээс хамгаалах, хи­чээл сургуульдаа явах нөх­цөл бүрдэж байна. Хур­дан морины урал­дааны ху­гацаа, унаач хүүхдийн асуудлаар гаргах хууль боловсруулахад хүүх­дийн эрхийг хам­гаа­лах бай­гууллага, үйлд­вэрчний эвлэл, хүний эрх хам­гаа­лах байгууллага, уяачдын холбоо, эмэг­тэй­чүүд, залуу­чуудын бай­гууллага болон бусад олон нийтийн байгууллагуудын тө­лөөллийг оролцуулан ну­хацтай биелэгдэх бо­лол­цоотой хуулийг яаралтай гаргах хэрэгтэй байна.