Ч.ЗОТОЛ
Яруу найргийн ноён оргилуудын шүлгийг хэдэн зуугаар нь цээжилчихээд түүгээрээ бусдын сонорыг мялааж, сэтгэлд нь гэгээ татуулж явдаг авьяаслаг залууг Б.Сод-Эрдэнэ гэдэг. Монголын яруу найрагчдын 600 орчим бүтээл түүний цээжинд баринтаглаастай бий. Тэр өөрөө ч бас шүлэг зохиол оролддог нэгэн. Мөн сайхан дуулна. Тиймээс нэр нь хүртэл оносон санагдана. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-600-700 шүлгийг цээжилнэ гэдэг амаргүй санагдана. Энэ чадвар таны хэдэн жилийн нөрхөдөлмөрийн үр дүн бол?
-Аливаа юм утга учиртай. Хүн байхын утга учир нь оюунлаг байх. Тиймээс “Модонд байх ёстой навчис хөлд яагаад хөглөрнө вэ, усанд байх ёстой загас галд яагаад шарагдана вэ, цаг нь болохоор юм бүхэн гарт ордог, цаас хүртэл амилж ялын тогтоол болдог” гэж Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай шүлэглэсэн байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлд зүрх сэтгэлээсээ хандаж чадвал тэр таны гарт орно. Өөрөөр хэлбэл, хэн ч байсан дурласан ажилдаа сэтгэлээ өгч байж л дуулим хорвоод жаргах эрхийг олж авна гэсэн үг.
Дуртай ажлаа хийж байгаа хүн жаргалтай байх нь гарцаагүй үнэн биз. Мөн “Үхэр малыг бэлчээрт нь тогтоо, үнэн үгийг тархиндаа тогтоо” гэж үг бий. Хүн толгойгоороо, мал хөлөөрөө танигддаг ч гэж ярьдаг шүү дээ, бид. Энэ чинь хүн олон юманд санаархах хэрэггүй. Зөвхөн дуртай зүйлдээ тэмүүл, хүссэн зүйлээ хий, тэр л амжилтанд хүргэнэ гэсэн санаа юм. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэвэл, би дуртай зүйлээ л хийж байна. Тийм учраас тэр шүлгүүд толгой дотор тогтож үлдээд байгаа юм. Би 2000 оноос анх Дорнод аймгийн “Цуурай” хамтлагтай дуулж эхэлсэн. Тэр үеэс яруу найраг сонирхож, бас цээжилдэг болсон. Дээрээс нь хүн хэн байх, юу хийж бүтээхэд төрсөн газар, нутаг ус ихээхэн нөлөөлдөг.
-Танай нутгийнхан ой тогтоолт сайтай хүмүүс үү?
-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Манай эрдэнэцагаанчууд цагаан сэтгэлийг билэгддэг ард түмэн. Тэр нутгийн хүн нь ч, мал нь ч эрдэнэ байдаг гэж би омогшдог. Та түрүүнд ярилцлагынхаа эхэнд надад “Нэр чинь оносон байна шүү” гэж байсан. Хүний буян нутаг ус, нэр алдраас эхэлдэг нь үнэн. Намайг Буяндэлгэрийн Сод-Эрдэнэ гэдэг. Миний ээж буян нь дэлгэрсэн сайхан хүн бий. Зургаан хүүхдээсээ надад яагаад Сод-Эрдэнэ гэж нэр хайрласан юм. Тэр бүхэн учиртай гэж боддог. Манай сум халхын тамгатай хутагтуудын нэг Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсэн нутаг. Ер нь яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн судлаачид олон төрж гарсан, оюунлаг хүмүүсийн нутаг байгаа юм. Тиймээс бид тэр хүмүүсээр бахархаж амьдрах ёстой гэж боддог. О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын олон боть шүлгийг цээжилж, түүнийгээ уншиж хүмүүст хүргэж яваа нь ч тийм учиртай. Үг шидтэй учраас хүмүүсийн амьдралыг гэгээрүүлж, эерэг өөрчлөлт бий болгоход нөлөөтэй. Нөгөө талаар урлагийн үнэ цэнийг тогтооход хувь нэмрээ оруулна. Урлагийн тоглолт хүнд юм өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, урлаг зажлаад хаядаг бохь биш. Тиймээс би оюун санааг сурталчилсан аялгуут лекц хийхийг зорьж байгаа.
-Хэлбэр нь сонин санагдаж байна. Хүмүүст хүргэх, хүлээн зөвшөөрүүлж чадах ямар санаа танд байна?
-Чингис хааны Их засаг хуульд “Сархадыг хэтрүүлсэн хүн тэргүүн рүүгээ цохиулсан лугаа оюун санаагаа гээнэ” гэж бий. Бид оюун санааг дээдлэх ёстой. Түүн рүү чиглэсэн лекц бол үгээр дамжуулан хүний сэтгэлийг хөдөлгөх урлаг юм. Та хүн болж эх дэлхийд ирсэн нь, монгол хүн болж мэндэлсэн нь гайхамшигтай хувь зохиол, тэр бол эрдэнэ. Тэгэхээр хүн эрдэнэ. Хэн хэлсэн нь хамаагүй бид үгээр ярьдаг. Тэр үгс амьд юм. Энэ л миний зорилго. Хүмүүсийн оюун санаагаар дамжуулан нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор лекц уншина, оюунлаг хүмүүсийн бахархал болсон сайхан шүлэг, зохиолоос уншихын зэрэгцээ өөрийн уран бүтээлийн сангаас толилуулж сүүлд хийсэн хэд хэдэн шинэ дуугаа дуулна. Соён гэгээрүүлэх, нийгмийн эерэг өөрчлөлтийг монголчуудын зүрх, тархинд цогцлоох зорилготой ийм л ажил сэдэж явна даа.
-“Оюунлаг хүн Монголын бахархал” лекцийг хаанаас эхлүүлэх вэ?
-Агуу хүмүүстэй нэг зуунд амьдарсан нь бидний бахархал юм. Тиймээс “Оюунлаг хүн Монголын бахархал” аялгуут лекцийг нутгаасаа эхлүүлж бусад аймагт ч очих төлөвлөгөөтэй байна. Илтгэл тавина, шүлэг уншина, дуулна. Хүний амьтнаас ялгарах чанар нь оюун санаа. Тэгэхээр хүн оюунаараа гэрэлтэх хэрэгтэй. Хэрэггүй хүн гэж байдаггүй, харин хэрэггүй бодол гэж байдаг. Би үг амьтай гэдэгт итгэж яруу найргийг шүтдэг учраас өнөөдөр миний тархинд хүний, өөрийн нийлсэн 600 гаруй шүлэг байгаа юм. Дорнын их найрагч Я.Явуухулан “Шүлэг минь, хүлэг минь” гэж шүлэглэсэн байдаг. Тэгвэл би тэрхүү шүлгэн хүлгүүдийг хүний сэтгэлд хүргэхсэн гэсэн бодлоор цээжлэн уншиж ирсэн. Өнөөдөр ч уншаад л явж байна.
-Анх “Цуурай” хамтлагтай дуулж байсан гэсэн. Ямар дуу дуулж байв?
-”Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжчигчин Д.Жаргалсайханы дуулсан, манай нутгийн Ч.Амарбаатар гэдэг залуугийн аялгуу, яруу найрагч Н.Лутбаярын үг “Шилийн Богд” дууг дуулдаг байлаа. Манай нутгийг Шилийн Богд, Алтан дарь овоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэнд бас агуу хүндэтгэл, итгэл бишрэл оршиж байдаг. Хүндэтгэлгүйгээр ямар ч зүйл оршихгүй гэдгийг ойлгоход минь тэр дуу надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байлаа. Ер нь би шүлэг уншиж байхдаа, дуулж байхдаа, лекц уншиж байхдаа өөрийгөө азтай, хүчтэйг мэдэрдэг.
-О.Дашбалбар агсны “Хүмүүс ээ, бие биеэ хайрла” гэдэг үг хүн төрөлхтөнд хандсан гэрээслэл болж үлдсэн. Таны хэлснээр шидтэй үг шүү?
-Түүний хэлсэн олон сайхан үг бий. Тухайлбал “Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод” гэж О.Дашбалбарын шүлэгт бий. Миний дэргэд суут ухаантан байгаа гэж бодож эргэн тойрныхноо хайрлаж, хүндэлж амьдраасай. Тэгж харж чадвал намхан хүн өндөр, настай хүн залуухан болж харагдана. Хүний нүд тийм гоё эерэг байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн өнөөдөр 13 өрөө байртай, том машин унадаг байх сонин биш. Хэн хэдэн өрөө байртай, хэд нь ажилтай байх сонин биш. Хүн шиг хүн байх нь л чухал байна. Тэгээд ч хүнд гурван нүүр гэж байдаггүй биз дээ. Алгын чинээ улаан нүүр хэнд ч ганцхан. Том арга хэмжээнд том нүүрээ, дундажид нь дунд нүүрээ, багахан хурал цуглаанд багыг нь хэрэглэнэ гэж байдаггүй. Мөн “Малгай дотор толгой бий, толгой дотор ухаан бий гэж О.Дашбалбар агсан олон жилийн өмнө хэлж байсан юм. Надад ч, танд ч өнөөдөр бүх юм бий. Гэхдээ та, бид эд хөрөнгийг бус хүнийг, үгийг шүтэж амьдарвал илүү гэрэл гэгээтэй, холыг харж чадна.