Г.ЖАМЬЯН

Миний хувьд “Оюу­тол­гой”, “Тавантолгой”, “Цагаан суварга” гэсэн гурван үгийг чихэндээ эвэр ургатал сонсч бай­сан болохоор, огт мэдэхгүй хүнээс арай ч дээр мэдлэг­тэй байсан юм болов уу. Энэ гурван үгийг байнга үг­лэж, нойроо хагаслан цаас шагайж суусан хүн бол миний дүү, геологи-мине­ралогийн ухааны доктор, профессор Маамын Жамс­ран агсан юм. “Энэ гурван орд газар монгол­чуу­дыг 200-300 жил Ку­вей­тын баячууд шиг бол­тол тэжээнэ”, “Ганц Оюу­толгой л гэхэд зуун жил тэжээх нөөцтэй” гэхч­лэн ярьдаг байлаа. Нэг явж ирэхдээ “кокс” гэж юм авчраад гал дээр хий­чих­сэн чинь утаагүй, улай­­гаад байдаг эд байж билээ. Мөөмд чанартай нүүрс­ний дээж үзүүлж байгаа нь тэр. Жамсран маань “Цагаан суварга”-ын орд газ­раар докторын зэрэг хам­гаалж, Удирд­лагын хөгж­лийн академид баг­шилж байгаад хэдэн жи­лийн өмнө таалал төгс­сөн дөө.

Төрсөн эгч, дүүгийн хүүхэд ч гэсэн хэдхэн хоно­гийн зөрүүгээр тэр миний дүү байсан юм. Одоо л би, Жамсрангийнхаа тэр их “лекц”-ээс жаахан ч гэсэн тогтоож авахгүй яав даа хэмээн өөрийгөө зүхэж сууна.

1990-ээд оны сүүлчээс өнөөх Оюутолгой гэдэг үг ганцхан миний чихийг биш, монголын чихийг, дэлхийн чихийг дэлдэх болсон. Оюутолгой, Таван­толгой, Цагаан суварга гэсэн орд газруудыг нээж, түрүүчээс нь олборлож эхэл­лээ гэхэд, надаас өөр баярлаж байсан хүн мөн ч олон бий дээ. Эцэг дээд­сийнхээ, амь насаараа дэн­чин тавин хадгалж ирсэн, “үүц”-ийг одоо л задаллаа. Монгол Улс азийн бар бол­но. Бид гуйлгачин байдлаа орхиж, баян тансаг амьдар­на гэж хэн хүнгүй л баярлаж байсан байх.

Оюутолгой, Фрийдланд гэсэн хоёр нэр ихэр юм шиг сонсогдох болсон. Эрх бариг­чид маань, далайн чанадаас Фрийдланд гэж бурхан заларч ирж байгаа юм шиг сурталчлах болж билээ. Тэр хүнийг Далай багшийнхаа ч хаахна залж байсан юм мэдэхгүй. Тэр хүнд Оюутолгойгоо “бэлэг­лэж”, монголчуудын хувь заяаг даатгаж байгаа юм шиг төсөөлөгдөх болж би­лээ.  1999 онд “Австралийн Би-Эйч-Пи компани Оюу-толгойг хамарсан Монгол Улс дахь өөрийн хайгуулын талбайг бусад компаниуд­тай хамтран ашиглахаар санал болголоо” гэсэн мэ­дээ цацагдаж билээ. Ердөө л хэдэн сарын дараа “”Ай­венхоу Майнз” компани “Би-Эйч-Пи” компанитай гэрээ байгуулан Оюутол­гойг 100 хувь эзэмших эрх авлаа” хэмээн зарлалаа. Энэ “Айвенхоу Майнз” гэдэг маань өнөөх бурхан багшийн дүрээр заларч ирсэн Фрийдландынх. Ин­гэж “Эрдэнэт”-ээс л гэхэд  зургаа дахин том алт зэсийн нөөцтэй бүлэг ордоо харийн хүмүүсийн гарт орсныг сая ойлгож, “төрийн төлөө огот­но боож үхнэ” гэгч болсон доо. Энэ л үед нөгөөх Фрийд­ланд маань дэлхийд тэргүүлэх ганц орд газрыг маань барьцаалаад олон улсын зах зээлд хөрөнгө босгож, бурхан биш, модоо барьж ирсэн гуйлгачин монголын хөрөнгөөр тэр­бум­тан болж байсан юм билээ. Тэр харийн гуйлга­чинд, лиценз нэрээр газар нутгаа тасалж өгөөд, Мон­гол Улсаа, хүн ардынхаа хувь заяатай худалдчихсан тухайн үеийн ерөнхий сайд, эрх мэдэлтнүүд хэн байв? Ард түмэндээ мэдэг­дэлгүй, санал бодлыг нь сонсолгүй нутаг орноо ху­далдаж, өөрсдөө баяжсан тэр хүмүүст цааз ял ч багад­на гэж би бодож явдаг хүн. Фрийдландыг ид монголын хөрөнгөөр гараа угааж байх үед нь нутгийнх нь нөлөө бүхий хүн ирж манай хэв­лэл мэдээллийн газруудад “чөтгөр” хочоор нь дуудаж байгаад ярилцлага өгч би­лээ. Тэгсэн чинь юун бур­хан байх вэ. Яг хоч нэрэн­дээ таарсан “чөтгөр” л бай­сан юм билээ. Африк, Ла­тин Америкийн манайх шиг ядуу буурай улсуудын эрдэс баялагаар гараа угаа­гаад, ядууруулж тартагт нь тулгасан хүн, буянтны дү­рээр Монголд ирж Оюутол­гойг маань атгаж авсан юмсанж. Тэрээр их нарийн аргатай, буурай орнуудын авилгад дуртай удирдлагуу­дыг судалж байгаад нудар­ган доогуур ихээхэн мөнгө атгуулаад хэргээ бүтээчих­дэг хүн гэдгийг, нутаг нэг­тэн нь хэлээд авсан л даа. Тэрээр манай улсын хэнд юу атгуулж Оюутолгойн лицензүүдийг гартаа оруулж авсан нь одоо хүр­тэл тодорхойгүй нууц бай­даг. Үүнд л хамаг учир байгаа юм.

Уурхайн нөөцийг ма­най­хан нарийн гаргаж ча­даа­гүй байсан л даа. Гэхдээ алт, зэсийн асар их нөөцтэй орд гэдгийг эрдэмтэн суд­лаачдын хувьд дүн багцаа­гаар мэдэж л байсан юм билээ. Манай өмнөө барих, туршлагатай эрдэмтэн анх гадныханд Оюутолгойгоо зааж өгөн “Энд л судалгаа хийж, олборлолт явуулмаар газар байгаа юм” гэснээр баялагтай улс орнуудын “үнэрийг авч” явдаг гадны­хан наашаа хандсан гэдэг.

Ингэж дэлхийн улс ор­нуудын эрдэмтэн мэргэд, улс төрчид,тэр дунд бас олз олбор хайсан доншуур най­маачид богц сав  ганзага­ласан “боохой шуламнууд” хүртэл бүгд Монгол руу хандсан даа. Энэ дунд “Хөөр­хий муу Монгол минь ядарч яваа юм. Тусалж дэмжье” гэсэн бодолтой ганц ч болов хүн ирсэн үү? Үгүй.

Өнөөдөр XXI зуун. Юун Монголд туслах битгий хэл, ашигт малтмал баялагийг нь хувааж авахаар, ашиг хонжоо харсан араагаа хүртэл зэвсэглэсэн бүлэг­лэлүүд эдийн засгийн нууц тулалдаанд хүч үзэж байна. Тэд хэнд нь ахиухан юм атгуулбал манай руу хандах бол гэж бодож байгаагаас биш тавь жаран хувийн ядуучуудад нь талхны булан үмхүүлчих юмсан гэх нэ­гээ­хэн ч гадныхан байхгүй дээ. Хатуу хэлж байна гэж битгий бодоорой. Гашуун үнэн энэ.

“Чөтгөр” хочоороо дуу­дуулсан Фрийдланд Мон­голд тэр дүрээрээ, тэр нүү­рээрээ оршин суух аргагүй болсон. Дор нь халаад өөр эзэн гарч ирсэн. Гэхдээ “чөтгөр” ардаас нь одоо хүртэл удирдаж л байгаа. Монголын хөрөнгийг барь­цаалж дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгоод явж байгаа.

Гадны хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юү, хэ­рэгтэй. Өнөөгийн Монго­лын амин зуулга энэ. Ал­даж онох зүйл байх уу, байж л таарна. Манайх шиг ардчилал, зах зээлийн ний­гэмд хөл тавиад арав хорин жилийн нүүр үзэж байгаа орон байтугай дэлхийн то­моохон улс гүрнүүд ч алд­чихдаг л юм гэсэн. Хамгийн гол нь төрийн эрх ээлжилж барьсан нам төрийн удирд­лагын цөөн хэдэн хүн нууц аргаар баяжиж, монголын хамаг хөрөнгийг гадаадын банкуудад чихчихээд ард түмэн гуйлгачин ядуу бай­гаад л хамаг учир байгаа юм. Монголд хоног тутам 5-10 хүн золгүй явдлаар нас барлаа гэж мэдээлэгддэг байсан бол одоо 18 хүрлээ гэнэ. Муу нэртэйгээр нь архинд буруу өгч байгаа. Чин үнэнээр бол хэд нь өлбөрч юм уу, энэ харгис хатуу нийгмээс залхаж амиа егүүтгэж байгаа бол. Дайн болоогүй Монголд, өдөр бүр буун дуу тасал­дахгүй байгаа улс орноос илүү хүн нас барж байна гэдэг харамсмаар биз дээ. Төрийн толгойд байгаа З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын цөөн хэдэн хүний тансаглалд төсвийн мөнгө багадаад эзэн Чингисийнхээ нэрийг барин 5 тэрбум ам.долларыг бонд нэрээр өр тавьж байх юм. Хүнд юмаа өгчихөөд өөрсдөө өр тавьж суудаг айлынхныг “мэдрэл муу­тын­хан” л гэдэг юм. Тэр жишээ Монголын төрд нүүрлэсэнд ард түмэн гом­дохоос яахав.

2008 оны сонгуулийн дүнгээр МАХН олонхи болж дангаараа Засгийн эрх барих байтал Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгууллаа. С.Баяр тэргүүтнүүд гуйж байгаад шүү. Хамтарсан Засгийн газар байгуулж ард түмнээ жаргаах гэсэн гэж манж­лаад яахав. Үүний цаана хоёрхон зорилго байсан. Нэг нь, 2008 оны сонгуу­лийн дараа болсон аймшигт аллагыг сөрөг хүчингүйгээр хав дарж өнгөрөөх. Нөгөө нь Оюутолгойн гэрээг улс ард түмэндээ хэрэгтэй биш, өөрсдөдөө ашигтайгаар нуу­цаар батлах явдал бай­сан. Нэгдүгээр зорилгоо биелүүлсээн. 2008 онд Д.Сүх­баатарын талбайд болсон цуст аллагыг чимээ­гүйхэн дарж гол буруутан Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд бөгөөд онц байдлыг хэрэгжүүлэх ко­мис­сыг удирдаж байсан Ц.Мөнх-Оргил нарыг су­галж авч үлдээд цагдаагийн хэдэн генерал, хурандаа нараар “туг тахиж” билээ. Хэрэг хуучирдаггүй. Шу­дарга төр засаг хэзээ нэг цагт тогтож л таарна. Тэгэ­хэд энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэх биз. Хамтарсан засгийн газрын хоёр дахь гол зорилго Оюутолгойн гэрээ.

Энэ гэрээг монголчууд­даа ашигтай биш, харийн­ханд ашигтай байхаар бат­лахын тулд хэдэн хүн яаж нүүрээ улайлган, нүдээ бүлтийлгэн зүтгэлээ дээ. Манай  ард түмэн чинь нүдтэй,  чихтэй шүү дээ. Эхнээс нь л энэ гэрээний цаана асар том авилга бай­на гэж шивнэлдсээр өнөөг хүрсэн. 2009 онд Монгол улсын засгийн газар “Ай­вен­хоу Майнз”, “Оюутол­гой” ХХК, “Рио Тинто” компанийн хооронд хөрөн­гө оруулалтын гэрээ гэг­чийг байгуулж, Монгол улсын засгийн газар Оюутолгой төслийн дөнгөж 34 хувийг эзэмших болсон. Эзэн ул­сын өнөөх 51 хувь яалаа? Авилгад л явсан байх. Хам­гийн сонирхолтой нь энэ гэрээний төслийг техник эдийн засгийн үндэслэл ч үгүй, УИХ-д оруулж ирж байгаа юм. Арай дэндсэн хэрэг шүү. Жижигхэн гүүр барихад ч техник эдийн засгийн үндэслэл нэхээд бариулдаггүй юм билээ. Тэхэд, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн том орд-үйлд­вэрээ техник эдийн зас­гийн үндэслэлгүй оруулаад ирж байгаа юм. “Харийн хүмүү­сээс хувьдаа их мөнгө ав­чих­сан, түүндээ шантааж­лагдаад энэ хэдэн хүн мөн ч сандарч, яарч байна аа” гэх хүмүүс таарч л байсан. Хувьсгалт намын удирдла­гууд их “дотор тамиртай” хандсан л даа. Сүүлд хэзээ нэг цагт том юм босч ирнэ гэдгийг мэдэж байсан учир “бөгсөө манасан”. Албан тушаалд дуртай, өөрсдөө гүйгээд “өвөрт нь ороод ирж” байгаа хүмүүстээ яаж хандахыг мэднэ. Н.Алтан­хуягийг Засгийн газрын тэргүүн шадар сайд гэсэн том сэнтийд залчихаж бай­гаа юм. С.Барцогтыг сан­гийн сайд, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулч­лалын сайдад тохоон томилж билээ. Энэ хоёр ямарч гэрээнд, ямарч нөх­цөлд нүдээ аниад үзэглэ­чихнэ гэдгийг сайн мэдэж байсан. Гурав дахь хүн нь, өөрийнх нь намын Д.Зо­ригт. Түүнийг Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайдаар то­милж байгаа. Хөөрхий дөө тэр залуу зэс, чулуу хоёроо ялгаж ч байсан юмуу, үгүй юмуу бүү мэд. Ийм хэдэн хүнийг сонгон авч Оюу­тол­гойн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингэж газар нутгаа худалдсан хүмүү­сийн гай түйтгэр захаасаа илэрч эхэллээ.

Эхлээд УИХ энэ 34 хувьтай гэрээг чинь батлаа­гүй юм шүү. Тэгтэл Оюу­тол­гойн гадаад эзэд “Улсын Их Хурлын гишүүдтэй ган­цаарчилж уулзана” гэсэн нууц зарыг манайхан хэв­лэл мэдэллийн хэрэгслээр цацчихсан. Хэсэг чимээ тасарснаа гэрээг бараг хуу­ч­ин хэвээр нь баталчих­сан билээ. “Ганцаарчлан уулзана” гэдэг чинь авилга өгье л гэсэн үг биз дээ. Хэн нь хэдий юу авсныг бид яаж мэдэх билээ. Аливаа нуу­цал­сан зүйл сэжиг таамаг дагуулдаг болохоор нэг хэсэгтэй л “Оюу-толгойн авилга” гэж шуугицгаасан. “Улсын их хурлын гишүү­дэд тэрбум тэрбумаар нь төгрөг өгч гэнэ”, “Тэр тэр татгалзаж гэнэ”, “Голлох зарим хүнд тэрбум доллар өгч гэнэ”, “500 сая доллар авсан нэг нь барьцаад тэр­бум доллар болгож гэнэ” гэхчлэн эх захгүй цуу яриа хөвөрсөн дөө. Энэ яриаг намжаах бодлого дээрээс хүчтэй явуулж, зарим хэв­лэл мэдээллийн газар, ажилт­ныг дарамталсан су­раг ч байдаг. Ямартай ч Оюутолгойн гэрээнээс ард түмэн бидний алган дээр юм тавигдаагүй, арьсан дотор ч юм наалдаагүй. Эх орны хувь хишиг сайхан нэрээр хэдэн төгрөг тараас­ныг траншейны Дорж, сэт­гүүлч Жамьян, Ерөнхий­лөгч, Ерөнхий сайд, бүгд л авсан байх. Одоо болохоор энэ засгийн газрын эрх­мүүд “Та нар муусайн ид­чихсэн. Халамж гэж юмыг хялайлгахгүй” гээд цалин тэтгэвэрийг яг барьчихаад, бүх зүйлийн үнэ тарифийг хөөрөгдөж байгаа. Зарим­даа ч ингэж “байгалийн хишиг” хүртсэнд орвол, бахь байдгаараа өлбөрч үхэх нь яав даа гэж бодогдох л юм.

Саяхнаас Оюутолгойн гэрээний хуудуу илэрч эхэл­лээ. Эхнээсээ л буруу за­маар будаа тээсэн юм билээ. Манай засгийн га­зарт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан “Голд­ман сакс” компани нь “Ай­венхоу Майнз” компанид хувь эзэмшдэг, нэг ёсон­доо, нөгөө талынхаа компаниас зөвлөгөө аваад гэрээ хийж байдаг, ийм харалган Зас­гийн газар байх уу даа. Бодвол “Голдман сакс” компани нь Монголын нэг нөлөө бүхий хүний л “ивээн” тэтгэгч байгаа л даа. Ингэж бүх зүйлийг хувийн ашиг сонирхлоор шийдсэн байдаг юм байна. Оюутолгойн гадаад эзэд ч, нөгөө С.Баярцогт, Л.Ган­сүх, Д.Зоригт гурваар гэрээ нэртэй юманд гарын үсэг зуруулж аваад, ёстой л эзэнгүй хонинд чоно орсон юм шиг загнасан байгаа юм. 2009 оны долдугаар сард Монголын эрх бүхий байгууллагаар баталгаа­жуул­сан Оюутолгойн ор­дын нийт нөөц нь 45 сая тн зэс, 1800 тн алтаар тогтоогд­сон байдаг. Гэтэл төсөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 2010 онд хийсэн тооцоо­гоор, дээрхээс дөрөв дахин бага зэс, гурав дахин бага алт авахаар тооцоолсон байгаа. Тэгээд ч зогссонгүй Монголын Оюу-толгойн баялагийг үнэлүүлж, ком­панийхаа 51 хувьтай тэнцэх хувьцааг олон улсын хө­рөнгийн биржээр зарж 4 тэрбум ам долларын ашиг орлого олсон ч, Монголын талд ямарч хамааралгүй хав дараад өнгөрөөж эд.

Энд нэг ноцтой зүйл бол монголчуудыг гадуурх­даг явдал. Гэрээнд, адил тэгш цалин олгоно гээд заачихсан байдаг боловч монголчууд хамгийн бага цалин авдаг. Гадныхан асар өндөр цалин авдаг нь үнэн. Нэг зүйлд би эхнээс нь эргэлзэж ирсэн. Энэ бол ажлын байрны асуудал. Манайхан Оюутолгойд 10000 монгол хүн ажиллаж байгаа гэж сурталчилдаг. Энэ чинь хаанаас, хэн гэгч гаргасан  тоо юм, бүү мэд. Манай статистик, хөдөл­мөрийн албаныхнаас Оюу-толгойд ажиллаж байгаа монгол хүнийг сар жилээр авсан цалингийн хүснэгт­тэй нь тулган судалж үзсэн үү? Зүгээр л “Рио Тинто”-ийнхны амаар туугаад бай­гаа юу? Миний нэг танил хүн тэнд ажиллаж байгаад ирсэн. “Юун арван мянган монгол ажилчин бэ? Сайн­даа л найм есөн зуун монгол байгаа байх. Шаардлага гарвал өвөрмонголчуудыг монгол гээд харуулчихна. Нутгийн дуулгавартай “бүрт­гүүлэгчид” олон бий гэх юм билээ. Энэ бүхнээс үзэхэд манай Оюу-толгойн гадаад эзэд нэг л бүтэл муутай, зальжин, монгол хүнд байтугай бүхэл бүтэн улсын төр засагт дээрэлхүү ханддаг хүмүүс юмуу даа гэж бодогддог. Яагаа ч үгүй ингэж “сүүлээ сөхөж” байгаа юм, хэдэн жилийн дараа өмнийн их говь нутгийг минь “РиоТинто”-гийнх” гэж зарлах вий гэж айх юм даа.

“РиоТинто”-той бай­гуулсан гэрээний гол эзэн, өнөөдөр Улсын их хурлын дэд дарга хэмээх өндөр суудалд заларч байгаа, Мон­голын толгой баян   С.Баяр­цогтын талаар таа­гүй мэдээ сүүлийн үед дэл­хий нийтэд цацагдлаа. Өө­рөө бол бултаж булзааруул­сан хариулт барьж л байна. Олон улсын эрэн сурвалж­лах сэтгүүл зүйн консер­циум Швейцарийн бан­кинд С.Баярцогтын хадга­луулсан нэг сая долларыг (Зарим хэвлэлд 1,6 сая евро гэж бичсэн ч бий) мэдээл­чихэж. Эрхэм гишүүн үү­ний­гээ “Бага юм, март­чихаж” гэсэн байдлаар ярьж байна билээ. Монго­лын хөрөнгийг уутлаад га­даа­дын банкуудад чихчих­сэн энэ хэдэн хүний хувьд бол мэдээж бага мөнгө. Гэхдээ их юмны зах сэжүүр гарч ирлээ гэж хүмүүс шуугиж байна. Аргагүй шүү дээ. Монголын асар их баялаг, гадаадын зээл тус­ламж, бүр болиод Чинги­сийнхээ нэрийг барин оруулж ирж байгаа тэр их хөрөнгөний өчүүхэн хувь, зарим хүний ярьснаар 10-20 хувиар гол зогоож байгаа ард түмний хувьд бол арга­гүй л анхаарал татсан асуу­дал. Хүмүүс, Монголын хөрөнгийн ихэнх нь цөөн хэдэн хүний нэр дээр гадаа­дын банкуудад чихээтэй байдаг, мөн тэдний барьж байгуулсан орд харш, эдлэн газар, дэлхийн хамгийн сайхан газруудад бараг хот суурин болчихсон байдаг гэх юм билээ. Түрүүч зарим хүмүүсийн гадаад хадга­ламжийн асуудал сөхөгдөөд дороо л хав дарагдаж бай­сан. Одоо бол С.Баярцог­тын асуудал хаашаа ч бул­тах замгүй босч ирлээ. Сүү­лийн үед олон улсын хэм­жээнд мөнгө угаасан, тат­ва­раас бултсан, төрийн дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж далдалсан хэрэг явдал их болсноос аль ч улс орон үүнд онцгой анхаарах бол­сон. Саяхан ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин төрийн дээд албан тушаалтнууд гадны банкуудад байр­шуул­сан мөнгөө эх орондоо оруулж ирэх хоёр сарын хугацаатай үүрэг өглөө. Энэ, нэг юм хэлээд л байгаа биз. Энэ мэт явдлуудыг манай эрхэм дээдэс, ту­хайл­бал Улсын банкыг олон жил удирдсан О.Чу­луунбатаас эхлээд мэдчих­сэн “Банкны мөнгийг ил­рүүлж болохгүй. Улам чанд нууцлах хэрэгтэй” гэж ба­раг л орой болгон зурагтаар ярих боллоо. Мань хүн их мэдээлэл авсан, өөрөө ч гадаадад чамгүй юмтай байж магадгүй гэсэн яриа газар авч байна.  Энэ гог­цооноос барьж Цагдаа, Авлигатай тэмцэх газар шударгаар шалгаасай гэх олон хүн байна. С.Баяр­цогтыг гурван зүйлд холбог­дуулан шалгаж болох гэнэ.

Нэгдүгээрт: Хориодхон жилийн дотор С.Баярцогт хэрхэн яаж Монголын тол­гой баян, тэрбумтан болсон бэ? гэдгийг. 1990–ээд оны үед монголчууд нэг л гараа­наас зах зээлд орсон. Сайн­даа л гурван өрөө орон сууцтай байсан байх. Тэг­тэл С.Баярцогт нарын цөөн хэдэн хүн түрүүлж хол тас­раад явчихсан. Даан ялан­гуяа УИХ-д орж ирж байсан энэ жаалхүү л гэхэд хэдхэн жилийн дотор яахлаараа дэлхий даамгүй баян болдог билээ. Энэ бол гадаад хө­рөн­гийнх нь зөвхөн сэжүүр байж ч магадгүй. Олон улсын ямар банкуудад ийм хөрөнгө хадгалж, татвар, хөрөнгө орлогын мэдүүл­гээс зугатаалгаж байгаа юм, сайн шалгах хэрэгтэй гэцгээж байна. Сүүлийн үед Ардчилсан намын удирд­лагууд түрүүчийн зас­гийн газар хөрөнгө мөнгө­ний асар их зөрчил гарга­сан идэж уусан бололтой ярьж байгаа. Тэгвэл хам­тарсан засгийн газарт тэр­гүүн  шадар сайд байсан Н.Алтанхуяг сангийн сайд байсан С.Баярцогт нар хаашаа ч бултах аргагүй баймаар.

Хоёрдугаарт: Оюу-тол­гойн гэрээ гэгчийг хам хум хийж, гадныханд ашигтай болгосны цаана ямар нэгэн “но” байж таарна. С.Баяр­цогтыг энэ гэрээтэй холбог­дуулан шалгах ёстой гэнэ. Хүмүүсийн яриагаар бол Оюутолгойн хөрөнгө оруу­лагчдын хоёр удаагийн уулзалтын цаана асар том зүйл нуугдаж байгаа гэх. Монголын хувийг өсгөж гэрээнд өөрчлөлт оруулах гэхээр цаадуул нь “Тэгвэл хэн хэдий авилга авсныг чинь зарлана” гэж айлгадаг гэсэн жиг жуг яриа байна. Тэр үнэн бол хөрөнгө оруу­лагчдын уулзалт хэчнээн боллоо ч гэсэн нэмэр байгаа юмуу даа. Юутай ч С.Баяр­цогт энэ гэрээний  хариуц­лагыг үүрэх гол хүний нэг. Өнөөдөр ардчилсан намын­хан өмгөөлж хамгаалаад үлдлээ ч Монголд шударга хууль үйлчлэх цаг ирэх юм байгаа биз дээ?

Гуравдугаарт:

Швейцарийн банкны нэг сая долларын хэрэг. 800 мянга нь миний гурван найзынх гэсэн байна билээ. Тэр найз нараа, ард түмэндээ ил тод хэлэх ёстой гэнэ. Хууль хяналтын байгууллага ч хамтад нь шалгах нь зүйн хэрэг байх.

Улсын Их Хурлын дэд дарга хүн, ийм болчимгүй зүйл хийчихээд бултаж булзааруулаад байхад Цаг­даа, Авлигатай тэмцэх га­зар, Хууль хяналтын бай­гууллага шалгаж л таарах байх. Олон түмэн анхаа­ралтай  ажиглаж байгаа. Ийм үзүүр ёзоорыг шалга­даггүй юм бол Монголд цагдаа, хуулийн байгуул­лага гэж нүсэр бүтэц бай­хын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу.

Оюутолгой гэж. Ард түмнээ үгүйрүүлж, гадны­хантай гар ганзага нийлсэн хэдэн хүнийг баяжуулсан – эх дэлхийн хөөрхийлөлтэй сорви.