Доктор профессор

 Т.БААСАНСҮРЭН

МАХН-ын дарга Нам­барын Энхбаяр улс­төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд нэг жил, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл шинэчлэлийн Зас­гийн газарт орж ажиллаад хагас жил илүү хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улстөрийн ямар том үйл явдлууд болж өнгөрөв, Мон­голын нийгэмд ямар бодитой өөрчлөлт шинэч­лэл гарав гэсэн асуултанд иргэд өнөөдөр хариулт нэхэж байна.

Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг эрхэмлэн дээ­дэлсэн социал-демократ үзэл баримтлалтай МАХН “Улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хам­гаа­лах, үндэсний эрх аш­гийг эрхэмлэн дээдлэх, ард түмнийхээ язгуур эрх аш­гийг хүндэтгэн хангах нь МАХН-ын хамгаас эрхэм­лэх үнэт зүйл мөн” гэж  өөрийн дүрэмдээ тунхаг­лажээ. /Монгол Ардын Хувьсгалт намын мөрийн хөтөл­бөр, дүрэм. УБ. 2011 он. 20 дахь тал/

Үүнийгээ иш үндэс болгож 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Монголоо аврах 5 хувьсал буюу Монголыг олигархи дэглэмээс салгах, ард түмний хяналтыг тогтоох, эрдэс баялагтаа иргэд өөрсдөө эзэн суух, өрх бүрийг ажилтай бас орон сууцтай болгох, монгол хүнийг дээдэлж өв тэгш залуу үеэ төлөвшүүлэх зорилтыг дэвгүүлжээ.

“Монгол оронд ардчиллын үнэт зүйлс, зарчим алдагдаж эрх ба­ригч намуудыг барь­цаал­сан манант олигархи дэглэм тогтсоноор улс орны хөгжлийг гажуу­дуулж, төрт ёсыг алдаг­дууллаа.

Нийгмийн баялгийг хуваарилах шударга ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа нэмэгдэж, ядуурал 40 хувьд хүрлээ.

Эх орны газар шороо, байгалийн унаган төрх сүйрэлд учирч, ард түмний баялаг болох Оюутолгой, Тавантолгой, бусад стра­тегийн орд байгалийн баялгийг гадныхантай хуй­валдаж үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн үндэсний эрх ашиг ноцтой хохирч байна” /”МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн УИХ-ын 2012 оны сон­гуулийн мөрийн хөтөлбөр. Монголоо аврах 5 хувьсал. 2012 он. 3 дахь тал/ гэсэн сэрэмжлүүлэг, анхаа­руулга нь иргэд сонгогч­дод итгэл үнэмшил тө­рүүлж, зайлшгүй хийж хэрэг­жүүлэх шаардла­гатай гэж үзсэн 98 томоо­хон зорилтыг таван хувьс­галын хүрээнд тодотгон томьёолсон нь тэдний дэмж­лэгийг авс­наар “Шу­дарга ёс”  эвсэл 2012 оны сонгуульд ам­жилт гаргаж, парламентад суудалтай нам болсон билээ. Энэ бол монголын ард түмнээс “Шударга ёс”  эвсэлд хү­лээлгэсэн асар том итгэл найдвар байлаа. Эхнээсээ өнөөдөр  биелэлт хэрэг­жилтийг нэхэж байна.

УИХ-ын 2012 оны сон­гуулийн үр дүнд “МАНАН” хэмээх оли­гархи бүлэглэл задарч Монголд улстөрийн шинэ нөхцөл байдал үүссэн билээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэл олонхийн суудал авсан АН-тай хамтарч шинэч­лэлийн засгийн газрыг байгуулж, үйл ажил­лагааны хөтөлбөрөө боловсруулан батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн.

Улстөрийн нам сон­гуульд ялж засгийн эрхийг барилцахын гол учир утга нь мөрийн хөтөлбөрөө хэ­рэг­жүүлэх, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх явдал мөн гэдгийг өнөөдөр бага сургуулийн хүүхэд ч андахгүй мэддэг болжээ. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэл “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулах ажилд туйлын хариуцлагагүй, ор нэрийн төдий хандсан байна. Нэр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 343 томоохон зорилт төлөвлөгдсөний дотор “Шударга ёс”  эвсэлээс ердөө 18-хан ажил орсон нь үүнийг гэрчилнэ. Хувилж үзвэл нийт дэвшүүлсэн зо­рилтын 5,2 хувь нь болж байгаа юм. Зарим нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилттой утга агуулга нийлж давхардаж буйг хэлэх нь илүүц бизээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтдээ 98 том зорилт дэвшүүлс­нийг би түрүүнд дурьдсан. Түүнээсээ 18-ханыг Зас­гийн газрын үйл ажилла­гааны чиглэлд оруулж, 80-ыг нь бүрмөсөн орхиг­дуулжээ. Яах гэж шинэч­лэлийн Засгийн газарт эвсэж орсон болж байна. Даган баясах гэж тэр үү? Эсвэл ердөө дөрвөн сайд, гурван дэд сайд, цөөн хэдэн агентлагийн даргын суудал горилох гэж эвссэн болж байна уу?

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хө­төл­бөрөө 2016 онд дүгнэж, монголын ард түмнээр дүн тавиулна. Тэгэхэд “Шу­дарга ёс”  эвсэл иргэд сонгогчиддоо юу хэлэх болж байна. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны зорилт амжилттай биеллээ гэж бодоход 95 хувийг нь АН хэрэгжүүлсэн дүн гарахаар харагдаж байгаа юм. Ингэж болно гэжүү, та минь! Түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зрхи­цуулна. Ажилгүйдэл, ядуурлыг арилгаж чинээ­лэг дундаж давхаргыг бүрдүүлж иргэдийнхээ амьдралын түвшинг дээш­лүүлнэ. Бага, дунд орло­готой иргэдэд зориулсан “Төрийн орон сууцны сан” байгуулна. Бас Оюу­толгойн монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь болгоно. Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмэндээ өгнө. Ховд- Дорнодыг хол­босон “Мянганы төмөр зам”-ын бүтээн байгуу­лалтыг эхлүүлнэ. “Да­рамтгүй бизнесс” хөтөл­бөрийг хэрэгжүүлнэ. Төрийн хүнд суртал, авил­гатай тэмцэж шударга ёсыг тогтооно гэсэн олон олон амлалтаа яах болж байна вэ?

Сонгууль өнгөрсөн гээд сайд дарга нар, улс­төрчид үүнийг мартаж болно. Харин ард түмэн огт мартаагүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэд сонгогч­дод амалсан зорилтуу­дын­хаа ихэнхийг нь оруулж чадаагүй болохоор яах ч арга алга гэж тэдэнд тайлбарлах уу? Иргэд, сонгогчид эргээд МАХН-д 2016 онд итгэл хүлээлгэж сонгох уу?

Ингээд бодохоор ши­нэчлэлийн засгийн газарт орсон  “Шударга ёс”  эвсэл гүзээнд наалд­сан дэлүү шиг өрөвдөлтэй бөгөөд хөөрхийлөлтөй ха­рагдаж байгаа юм. Ердөө л Ардчилсан намын тог­лоом, тохуурхал, гар хөл нь болж хувирчээ гэж захын хүн хэлэхээр байна.

Өнөөдөр баттай хийж болох ноцтой дүгнэлт бол энэ юм. Харамсалтай нь МАХН-ын удирдлага, шинэчлэлийн засгийн газарт орж ажиллаж байгаа тус намын сайд дарга нар үүнийг олж харж чадахгүй, эсвэл хүсэхгүй байна. Тэдний бэлгийн хараа суларч нүд нь юм үзэхээ, чих нь юм сонсохоо больж байгаа бололтой. Үүнийг мэдэж мэдэрсэн иргэд сонгогчид 2012 оны орон нутгийн сонгуульд МАХН-д мдэгдэхүйц анхааруулга сэрэмжлүүлэг өгсөн бо­ловч ноцтой сургамж авч чадсангүй, алдаа ду­тагдлаа лавшруулсаар байна. Боловсон хүчний бодлого, ажлын байрны хуваарилалт байршуулалт, тэрчлэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл дээр энэ нь илүүтэй тод мэдрэгдэж байгааг ги­шүүд, дэмжигчид шудар­гаар шүүмжилж байна. МАХН-ын удирдлага, тус намаас шинэчлэлийн засгийн газарт орж ажил­лаж байгаа сайдуудын нэр хүнд олон түмний, түүний дотор өөрсдийн гишүүд, дэмжигчдийнхээ дунд унаж эхэлж байна.

Энэ үйл явц цаашид засрахгүй даамжран үргэлжлэх юм бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ноцтой үр дагавар дагуулах болно. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байвч Ерөн­хийлөгч байсан намын дарга нь чийгт гянданд сууж, өргөст торны цаана хоригдсоор байна. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Монголын хамгийн том “Чингис” зочид буудлыг, “Баянгол” болоод “Улаанбаатар” зочид буудлыг хувьчилж авсан эздийг буруутгаагүй атлаа “Өргөө” нэртэй нэг орцод хөрөнгө нийлүүлсэн хүнийг буруутган шоронд хорьж байна. Энэ шударга ёс юм уу? Энэ ариун явдал юм уу гэж чанга дуугаар асуумаар байгаа юм. Шүүх засаглалыг өнөөдрийн улстөрийн ха­раат байдлаас ангиж­руулж, жинхэнэ утгаар нь бие даалган ажиллуул­маар байгаа юм.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэл ши­нэч­лэлийн засгийн газрыг байгуулалцан ажиллаж байгаа мөртлөө өөрийн эвслийнхээ тэргүүнийг АН-ынхантай нийлэн шоронд хорьж байна гэж жирийн олон түмэнд ойл­гог­дохоор, тэгж хараг­дахаар байна. Ингэхлээр шинэчлэлийн засгийн газрыг байгуулалцаж, тэ­дэнтэй хамтран зүтгэхийн учир утга, логик холбоо ер нь байна уу, үгүй юү? Гүзээнд наалдсан дэлүү шиг хэмээх оносон зүйрлэл ахиад л сэтгэлд өөрийн эрхгүй орж ирж байна. АН-ын тоглоом тохуу, дуулгавартай зарц, гар хөл нь болж хувирсандаа үнэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадах удирдагчид та нарын дотор байна уу, алга уу гэж асуумаар санагдаж байна. МАХН-ын даргад улстөрийн хүчтэй, найдвартай хамгаалалт алга байна. Үгүйлэгдэж байгаа гол юм бол энэ. Нам эвсэл, тэдгээрийн удирдагчид тийм хам­гаалалтыг хийж чадахгүй байна. АН эрүүгийн гэмт хэрэгтэн гэж хэлж болох гишүүдээ хүртэл яаж өмгөөлж хамгаалдаг билээ. Тэднээс тус нам суралцаж чадахгүй байна.

Өрсөлдөгчөө замаасаа зайлуулж ямар ч үнээр хамаагүй дарж авах гэсэн улстөр, бизнессийн тодорхой бүлэглэлийн за­хиал­гаар Намбарын Энхбаярт тулган хүлээл­гэсэн хилс шийтгэл нь бодит үндэслэлгүй, нотлох баримтгүй, нэхэмж­лэгчгүй, бас хохирогчгүй “хэрэг” юм гэдгийг дээр доргүй бүгд мэдэж байгаа. Нэрт хуульч, хууль зүйн ухааны доктор академич С.Нарангэрэл үүнийг баримтаар нотолж ном хүртэл бичиж гаргасан.

XXI зууны ардчилсан Монгол оронд ийм эмгэ­нэлт жүжгийг захиалгаар найруулан тавьж, ичгүүр сонжуургүй гутамшигт үйлдэл хийж байгааг МАХН тухайн цаг үедээ эрс шийдвэртэй эсэргүү­цэн буруушааж Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа руу нулимаж, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсэд санаатай, зохион байгуу­лалт­тайгаар халдсан ноцтой гэмт хэрэг гэж мэдэгдэж байсан /МАХН-аас 2012 оны 10 дугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хүр­гүүлсэн мэдэгдэл/. Ингэж нэг бус удаа мэдэгдэж, Намбарын Энхбаярыг нэн даруй суллахыг шаардаж ирсэн атлаа уг бодлогыг өдөөгч, хэрэгжүүлэгч хүчинтэй эдүгээг хүртэл гар нийлж хамтран ажил­ласаар байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа юм. Шинэчлэлийн засгийн газраас гарна гэж нэг удаа МАХН-ын Гүйцэтгэх товчоо сулхан дуугарсан боловч тэр дуу хоолой тэгсхийгээд намжиж мартагдсан. АН ч та нарыг Засгийн газраас гараад явахыг харах юмсан гэж бассан байдалтай тохуурхан харж байсан.

Энэ бүгдээс үзэхэд АН-ын халуун хөнжлөөс зарим хүн гарах дургүй, зөөлөн сандал ширээндээ улам бүр шигдэж эхэлж байна уу даа гэсэн сэт­гэгдлийг төрүүлж байгаа юм. Өнөөдөр хийж бо­лох бас нэг ноцтой дүгнэлт бол энэ мөн. Энэ байдлаар цааш явах юм бол хилсээр шийтгүүлсэн МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэлийн тэргүүн Намбарын Энхбаярыг суллуулах тэм­цэл зөвхөн ам хэлээр цаасан дээр үргэлжилж, ажил хэрэг хэзээ ч бо­лохгүй замхран алга болох болно. Тийм сонирхол ч зарим хүнд байх шиг байна. Өнөөдрийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж, түүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч болгосон АН-ын УИХ дахь гишүүд санал санаа­чилга гаргаж Ерөнхийлөг­чөөр ажиллаж байсан хүний халдашгүй дархан эрх ямба, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хойно нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд зөв­лөхийн зиндаанд ажил­луулж хэвшүүлэх зэрэг хууль хүртэл санаачилж байхад намын даргаа, эв­сэлийн тэргүүнээ хилсээр шийтгүүлж шоронд суул­гачихаад байгаа “Шударга ёс” эвслийн УИХ дахь намын бүлэг намуун дөлгөөхөн томоотой нь аргагүй дүмбийн сууж байх юм. Энэ бүхэн ихэд ойлгомжгүй байна.  

Хамгийн ноцтой нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэл ши­нэч­­лэлийн засгийн газарт орж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Монгол дахь ажил­гүйдэл, ядуурал буу­рав уу? Хүмүүсийн амьдралын түвшин дээш­лэв үү? Хөгжлийн шинэ шинэ гарцууд нээгдэв үү?.  XXI зууны их бүтээн байгуулалтыг эхлүүлэв үү? гэж асуумаар байгаа юм. Та нар юү гэж хариулахыг би  мэдэхгүй, харин надад бол төдийлөн харагдаж өгөхгүй байна.

Түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан бу­дааны үнэ буурах биш харин нэмэгдлээ. Баян, хоосны ялгарал гэрлийн хурдаар өслөө.Чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх гэгээн зорилт мөрөөдөл хэвээрээ цаасан дээр үлдэж байна.

Оюутолгойн асуудал огт урагш хөдөлсөнгүй. Монголын талын эзэмших хувь хэмжээ  51-ээс дээш гарна гэдэг үлгэр болон замхарч, араас нь түүний мөрөөр Тавантолгойн орд орж байх шиг байна. Хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар бол гадаадын хөрөнгө оруулагчдын түрүүч Монголоос гарч явж байгаа сурагтай. Амьдрал ийнхүү эрээнтэй бараантай, бүдэг бүрхэг байгаа учраас архидалт, янхандалт, гэмт хэрэг Монголд өдөр хоногоор өсөн нэмэгдэж байна.

Автобус, таксийг нэгдүгээр замаар явуулж, Лениний хөшөөг буулгаж, нийслэлд бүтээж босгох биш нурааж буулгах барилга байшингийн жагсаалт гаргаж, шударга өрсөлдөөний газрын дарга хархүү үе үе телевизээр мэдэгдэл хийн шоудаж, Ерөнхий сайд нь болохоор Үндсэн хууль зөрчсөн захирамж шийдвэр үе үе гаргаж, тэр нь Үндсэн хуулийн цэцэд очихоор урьд өдөр нь цуцалчихдаг,   хүмүүсийг эрхэлсэн ажил албанаас нь намын харъяаллаар хэдэн зуу, мянгаар нь халж сольж байгааг л  шинэчлэл гэхгүй юм бол өөр нүдэнд торж, сэтгэлд үлдэх шинэ ажил үнэндээ бараг алга гэж хэлж болохоор байна. Ингэж засаглаж яагаад ч боломгүй санагдана. Энэ алдаа дутагдлыг шинэч­лэлийн засгийн газрыг хамтран байгуулалцсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бас хүлээлцэх ёстой. 

Үүсэн буй болсон өнөөдрийн энэхүү эгзэгтэй  нөхцөл байдалд намын дотоод ардчиллыг тууштай хөгжүүлж алдаа дутагдлаа арилгах алхмыг зоригтой хийх ёстой гэж бодож байна. МАХН-ын өмнө яг өнөөдөр тулгамдсан хоёр чухал асуудал байна.

Нэгдүгээрт, ойртон айсуй Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сон­гуульд аль улстөрийн хү­чинтэй эвсэж оролцох вэ гэдэг асуудал юм. Дан­гаараа бие дааж оролцоод амжилтанд хүрэхгүй. Ардчилсан намтай юу, Ардын намтай юу гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Энд уран бэрийн нүүдэл хэрэгтэй.

Хоёрдугаарт, гарал үүсэл, угшил нэгтэй МАН-тай ам хэлээ ололцож, хүсэл сонирхол нэгдэж нийлсэн нөхцөлд хамтын ажиллагааг өргө­жүүлэн гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөр өөр замаар явах нь өнөөдөр хэнд нь ч ашиггүй, харин ч хортой байж мэднэ. Монгол Улс, монголын ард түмний амин чухал эрх ашиг дээр нэгдэн нийлж ажиллах ёстой. Энэ бол монголын нийгмийн өнөөгийн захиалга болон тавигдаж байгааг анзаарахгүй, анхаарахгүй байж боломгүй санагдана.

Тулгамдаад байгаа энэ хоёр асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэснээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөл­бөр үлдэж байгаа хуга­цаанд бүрэн биелэх эсэх, тус эвслийн тэргүүнийг шоронгоос суллаж чадах эсэх нь шууд хамаарна. Энэ нь эцсийн эцэст Монгол Улс хөгжих үү, эс хөг­жих үү, монголын ард түмний аж амьдрал дэг­жиж дээшлэх үү, эсвэл уруудан дордох уу гэсэн асуултад хариулт өгнө гэсэн үг юм.