Х.ХАТАН
Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань авьяас чадвар, ур ухаанаа уралдуулж, шинэ бүтээлийн эзэд болон өрсөлдөж байна. Жил бүр зохиогддог Техник технологийн XVI олимпиад өнгөрсөн сард дүүрэг бүрт амжилттай болж шилдгүүдээ тодруулсан. Эхний таван байранд орсон сурагчид Улаанбаатар хотын техник спортын төрлөөр ур чадвараа сорьсон юм.
Өчигдөр болсон хотын олимпиадад нисэх онгоцны загвараар F1H планерийн, F2B уран нислэгийн гэсэн хоёр төрлөөр оролцсон. Мөн усан онгоцны загвар нь EК цэргийн усан онгоцны дуураймал “Краснознаменный тральщик” L1250 мм, F2A радио удирдлагат, уран хөвөлтийн “Морской Катер-Тральщик” L750-900 мм/ гэсэн төрөлтэй байв.
Харин автомашины загвар нь дуураймал загвар, Зил-131Н Масштаб М18, ЭЛ-2 хурдны загвар, Ferrari 599 GTO L210 мм байсан юм. Уралдааныг дүгнэхдээ хийцийн онооноос гадна, явалт болон бартаа саад туулах чадварыг гол үзүүлэлт болгожээ. Энэхүү тэмцээнээс шалгарсан эхний зургаан оролцогч тавдугаар сарын 4-6-ны хооронд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болох Улсын техник технологийн XVI олимпиадад оролцоно.
Зохион бүтээгчдийн төрлөөр оролцож, тэргүүн байранд шалгарсан багш нарын эхний таван илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгон улсын хэмжээнд тараах юм байна.
Өчигдөр өглөө эртлэн нисэх онгоцны загварын уралдаан болж дүнгээ гаргасан байв. Харин өдөр нь автомашины загварын уралдаан эхэлсэн бол усан онгоцны загварын уралдаан үдээс хойш болсон юм. Автомашины загвараар 28 бүтээл ирсэн боловч 10 гаруй машин уралдаанд оролцлоо. Хурд хүч, авхаалж самбаа сорьсон уралдааны нэгдүгээр байрт “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч М.Баярсайхан, дэд байрт “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Э.Доёддорж, гуравдугаар байрт “Ирээдүй” цогцолбор сургуулийн С.Хатанчулуун нар орсон юм.