С.ЦЭРЭНДЭЖИД

Хайр дурлалын тухай ярихаар Ромео, Жульетта гэсэн нэр яахын аргагүй дагалддаг. Уильям Шекспирийн алдарт “Ромео Жульетта хоёр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн сонгодог мюзиклыг Францын хөгжмийн зохиолч, хөгжимчин, найруулагч Жэрард Пресгурвич 2001 онд туурвиж олны хүртээл болгосон юм. Түүнээс хойш дэлхий дахиныг байлдан дагуулсан, театрын урлагийн сор бүтээл болж чаджээ. Энэхүү мюзикл анх олны хүртээл болсон даруйдаа Европ дахиныг байлдан дагуулж, улмаар 14 орны хэл дээр орчуулагдан тавигдаж байжээ. Тэгвэл “Сонгодог мюзикл” продакшин энэхүү бүтээлийг зохиогчийн эрхийг нь албан ёсоор авсны дагуу Монголын үзэгчдэд толилуулах гэж байна.

Гол дүр Ромеод “А-capella” хамтлагийн дуучин Д.Мөнх-Од, Жульеттад “Classic gem” хамтлагийн дуучин Д.Отгончимэг, өрлөг эхэд Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр ,хатагтай Капулетэд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах нар  тус тус тоглох юм байна. Мюзиклд тоглож буй жүжигчид 50 гаруй  дуу дуулах ажээ.  Тоглолт улаан хивсний ёслолоор эхлэхийг   зохион байгуулагчид нь онцолж байна. Мюзикл тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Сибэ” компани, хамтран зохион байгуулагчаар Франц Монголын төв, Монголд суугаа Францын элчин сайдын яам ажиллаж байна. Тус тоглолтод 350 гаруй хүний гар бие оролцсон, Монгол Францын эв найрамдалт харилцаанд суурилан тавигдсан бүтээл төдийгүй шоу мюзиклийн оргил болох гэнэ.

Гол дүрийн жүжигчидтэй ярилцсанаа хүргэж байна.

Д.МӨНХ-ОД: РОМЕОД ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН БҮХИЙ Л ЗҮЙЛИЙГ ШИНГЭЭСЭН

-Ромеогийн дүрийг олон жүжигчин янз бүрээр амилуулсан. Тэгэхээр та дүрийнхээ онцлогийг хэрхэн гаргах талаар бодож  байгаа байх. Тэр тусмаа мюзикл гэхээр онцлог байх болов уу?

-Би 2005 онд СУИС-ийг мюзикл чиглэлээр төгссөн. Энэ дүрд тоглож байгаа нь миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг биелэж байгаа хэрэг. Ромеогийн  дүрээр нийгэмд байгаа зүйлүүдийг тал талаас нь харуулсан. Энэ нийгэмд хүн хүнээ  хайрлаж байна уу, биенээ хүндэлж байна уу, эр эм хүмүүс ч бай, УИХ-ын гишүүд ч бай ер хэн хэнийгээ хүндэлж хайрлаж чадаж байна уу гэдэг нь анхаарах асуудал. Тиймээс хайр дурлалын гэхээсээ илүүтэй тухайн цаг үеийн нийгмийг харуулсан онцлогтой дүр гэж бодож байна.  Страд шоу,  мюзиклийн хэцүү нь жүжигчний, дуучны гээд олон талын мэргэжил, мэдрэмж шаарддаг. Монголчууд уул уурхайгаараа дэлхийд танигдсан бол энэхүү мюзикл манай улсыг дэлхийн хэмжээнд соёл урлагаар нь таниулах бүтээл гэж бодож байна.

-Тоглолтын бэлтгэл ямар шатандаа байна?

-Одоогоор тоглолтын бэлтгэлээ хангачихсан. Миний хувьд бүхий л хүч чадлаа зориулж тоглосон. Тийм болохоор үзэгчид, драмын театрын  мэргэжлийн хүмүүсийн таашаалыг хүртсэн бүтээл болно гэдэгт найдаж байгаа.

Д.ОТГОНЧИМЭГ: МОНГОЛ ЖУЛЬЕТТАГ ГАРГАЖ ДУУЛНА

-Орчин үеийн монгол Жульеттаг гаргахад та юуг илүүтэй анхаарав? 

 -Энэ дүр маань миний хувьд маш гайхамшигтай, бахархалтай дүр. Олон оронд драмын, мюзикл гээд янз бүрийн хэлбэрээр Жульеттагийн дүрийг бүтээсэн. Миний хувьд Монголын урлагийн сайхныг өөрийн дүрээр гаргаж өгөх бодолтой байгаа.

-Та өмнө нь дуэт дуулж байв уу?

-Би  2011 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт хоёр дуэт  дуу дуулсан.

-Жульеттад тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Манай найруулагч н.Лхагвадорж “Ромео, Жульетта” мюзикл тоглолтыг Монголд тавихаар  болж санал тавьсан юм. Энэ нь миний хувьд хамгийн бахархалтай зүйл.

-Мэдээж танаас өмнө олон хүн энэ дүрийг бүтээсэн. Та ч түрүүнд хэллээ. Хамгийн гол нь энэ дүр танаас юу шаардаж байгааг нууц биш бол хэлээч?

-Тийм ээ, олон  жүжигчин,  дуучдын хүсэн хүлээсэн дүр. Нөгөөтэйгүүр энэ дүрд тоглох өндөр хариуцлага, итгэл найдварыг надаас шаардаж байгаа. Тайзнаа тавигдсаны дараа үзэгчид үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Одоогоор би сайн тоглохыг л илүүтэй бодож байна.