Д.БОЛОРМАА
Уншигч танд нэгэн сонирхолтой хүнийг танилцуулъя. Жүрмэдийн Ичинхорлоо гэдэг, Монголын хамгийн намхан эмэгтэй. Түүний өндөр анх 90 см байсан бол нас нь хэвийхийн хэрээр жижгэрсээр 65 см болжээ.
63 настай тэрээр Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдарч байна. Түүнтэй хөөрөлдөхөөр Чойбалсанд очоод зовох юмгүй олж уулзсан. Нутгийнхан нь “Тарваган хүн үү” хэмээн гэрийнх нь хаягийг түүртэлгүйгээр хэлж өглөө. Ингээд илүүц зүйл нуршилгүйгээр түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Сайхан хаваржиж байна уу, та?
-Өө, сайхаан. Охин минь чи сайхан хаваржиж байна уу.
-Өнтэй сайхан хаваржиж байна. Таныг төвөггүй олж ирлээ дээ?
-Тэгнэ, тэгнэ. Манай аймгийнхан чинь “Тарваган Ичинхорлоо” гэхээр андахгүй шүү дээ. Бараг худалч хүнд орон нутагтаа “од” нь юм уу даа. Харин чи азтай охин байна. Би чинь сумын төв дээр бараг байдаггүй. Голдуу хөдөө мал дээр байдаг. Ойрноос сургуулийн хүүхдүүдийг харах үүрэгтэй ирээд байгаа нь энэ.
-Ач нараа харах гээд үү?
-Тийм ээ. Би ганц үртэй. Тэр маань одоо 43 настай. Хоёр хүүхэд нь 15-17 насныхан. Ач нараа сургуульд явахад нь хоолыг ундыг нь бэлтгэж өгөх, хичээл номыг нь давтуулах ажилтай гэх үү дээ.
-Та өөрийнхөө талаар яриач. Монголын хамгийн намхан хүн гэх юм. Ер нь яагаад ийм намхан төрчихөв. Танай удамд намхан хүн бий юу?
-Байхгүй ээ. Би ганцаараа намхан. Намхан ч бас биш юм аа. Тарваган хүн. Яагаад тарваган гэхээр том толгой, богино мөчтэй болохоор тэгж хэлдэг юм. Яагаад ийм намхан төрснөө мэдэх юм алга. Шинжлэх ухаанаар бол тайлагдах л байх. Миний хувьд лусын хорлол болсон болов уу гэж таадаг. Яагаад гэхээр миний эжий төрөх гээд сумын эмнэлэг рүү морин тэргээр явсан байдаг. Юу, юугүй төрөх гэж байхдаа л явж байгаа нь тэр. Урьд өмнө нь машин тэрэг гэж элбэг байсан биш. Тэр үед өвдсөнөөсөө болоод булаг дээр уначихсан гэх юм билээ. Тэгээд л булаг дээр төрсөн дөө. Одоо бодоход эхийн цус булаг шандад дуссан юм шиг ээ. Лусын хорлол туссан юм байлгүй.
-Лустай холбохоос гадна шинжлэх ухаан талаас нь тайлахыг оролдож байсан уу?
-Өө, тийм зүйл мэдэх юм алга. Хөдөө өсч төрсөн надад шинжлэх ухаан хамаа алга. Нэгэнт ингээд төрчихсөн юм чинь том болъё гээд явалтай биш дээ. Шинжлэх ухаан байтугай бичиг үсэг сураагүй хүн шүү дээ, би. Намайг бага байхад аав ээж маань “Хүүхдүүд шоглоно” гээд сургуульд оруулаагүй юм билээ. Зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр 35 үсгээ сурч, тоо бодож сурсан юмдаг. Одоо бол ач нарынхаа хичээлийг жигтэйхэн хийлгэнэ шүү дээ.
-Уг нь монголчууд нэгнээ шоглоод байх ард түмэн биш шүү дээ?
-Эрт үед аав, ээжүүд хүүхдүүдээ сургуульд өгөөд байх нь ховор байлаа. Тэрний нэг нь байхгүй юу. Одоо ч сайхан болжээ. Юу гэхээр намайг гудамж талбайд явахаар шоолохгүй юм. Сонжин харахаас биш шоглож дооглодоггүй. Хуучин 1980-аад онд байхад Хятадын хүүхдүүд намайг “Тарваган хүн. Нохойноос ч намхан. Тэр хөлийг нь хараач” гээд чулуу шидэж дамшигладаг байсан. Одоо бол тэгэх биш. Тэгээд ч сумынхан маань намайг андахгүй сайн мэдэх юм даа.
-Хүүгийнхээ талаар яриач. Нутгийнхан тань “Ичинхорлоод бурхан сайхан үр заяасан. Одоо жаргаж яваа настан” гэх юм билээ?
-Бурхан намайг ингэж төрүүлсэн ч надад сайхан үр заяасан нь юутай аз жаргал вэ. Энэ маань насны аз жаргал, амьдрах итгэл маань юм шүү дээ. Миний хүүг Балжир гэдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Одоогоор тэр маань хөдөө малаа маллаад, би хүүхдүүдийг нь харж байна даа. Аав ээж хоёр маань маш их хөдөлмөрлөж байж намайг мөр бүтэн, эрүүл өсгөсөн шүү дээ.Түүний адил би ч гэсэн хүүгээ дутагдах гачигдах зүйлгүй өсгөхийг хичээсэн. Зүтгэл маань ч талаар болоогүйд баярлаж суудаг даа. Миний хүү над шиг адилхан намхан гэж бодож байна уу, охин минь.
-Үгүй байх аа. Би өндөр гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Өндөр өндөрдөө нэлээд том шүү. Уг нь би хоёр сайхан хүүтэй байх байлаа. Даанч нэг нь дөрвөн сартай байхдаа хатгаа тусаад бурхан болсон юм. Хатгаа гээч юм чинь гүнзгий тусахаараа хүний амийг авч оддог юм байна лээ.
-Хүүгийнхээ эцгийн талаар ярьж болох уу. Асуумаар санагдаад л?
-Эцгийнх нь талаар юу ярих вэ дээ. Бид ямар ханилж суусан биш. Надад үр заяасан буянтай л хүн. Одоо ч бурхан болсон л доо, хөөрхий минь.
-Нуулгүй асуухад та яаж төрөв. Төрөхөд хүндрэлтэй байсан биз?
-Намхан ч гэсэн хүүхэд гаргах нь эмэгтэй хүний тавилан шүү дээ. Мэдээж өөрөөрөө төрж чадахгүй учраас 1971 онд хотод очиж төрсөн юмдаг. Хийсвэр хийлгэх гэж. Тэр үед л хотыг үзсэн. Үзсэн ч гэж дээ, эмнэлгийн орон дээрээс эргээд л нутагтаа ирсэн юм. Одоо харин хот үзмээр санагдаад байдаг. Саяхан миний аавын хожуу суусан эхнэрийнх нь хүүхдүүд Төв аймгаас манайд ирсэн. Тэд “Та бол ховор хүн. Монголын намхан хүн байж төрөөс дэмжлэг авах ёстой. Дэмжлэг авах талаар хөөцөлдөнө. Удахгүй таныг хот үзүүлнэ” гэж хэлээд явсан. Тэд хэлсэн ёсоороо намайг хот үзүүлэх байх гэж хүлээгээд л сууж байна даа. Хот гоё уу, хүүхээ.
-Өө, гоё ч гэх хаашаа юм. Замын түгжрэл, утаа гээд асуудал бий?
-Харин зурагтаар л тэгэх юм байна шүү дээ. Энэ яваа насандаа хот орж үзэх байлгүй дээ. Би чинь сумаасаа нэг их гардаггүй, хааяа нэг аймгийн төв орно. Түүнээс биш хэдэн малтай ноцолдож ирлээ.
-Ноцолдож гэснээс та мал саахад бас хүндрэл учирна биз?
-Тэр ойлгомжтой. Сандал давхарлаад үхрээ саах гэхээр шилгээгээд яваад өгнө. Дахиад л сандлаа өрөх асуудал гарна. Нэг номхон тэмээтэй байсан юм, эрт үед. Тэр тэмээ надад зориулагдсан гэмээр хачин номхон. Түүнийгээ унаад малаа хариулна. Ахуй тутамд л саад тулгарах нь бий. Одоо бол сайхан байна. Ач нар маань гар, хөлийн үзүүрт зарагдана шүү дээ.
-Та эхээс хэдүүлээ билээ?
-Хоёулаа. Дүү маань аймгийн төв дээр бий. Нөхөр нь бурхан болж дүү маань долоон өнчин хүүхэдтэй үлдсэн хүн дээ. Одоо ч хүүхдүүд нь сайхан том харчууд, бүсгүйчүүд болсон байна. Хааяа эгч дээрээ ирж хань болно. Намайг бага байхад хүүхдүүд “Ямар шараа юм бэ. Газраас хөндийрдөггүй ямар сонин хүн бэ” гээд элдвээр шоолно. Энэ бүрт дүү маань “Та нар намхан хүн үзээгүй юм уу. Хүний амьдрал мэдэхгүй юмнууд” гээд ихэд бухимддаг байж билээ. Одоо тэр үеэ санахаар муу дүүгээ өрөвдөх юм даа. Эмээд нь намхан төрсөндөө гуниж гутраад байсан зүйлгүй ээ. Хүний орчлонд ингэж төрөх хувь тавилантай байсан юм байлгүй.
-Бие хаа өвдөх нь хэр байх юм. Таныг өвчин хэлж үзээгүй гэж нутгийнхан чинь онцолж байсан?
-Залуудаа өвдлөө гэх үгийг амнаасаа нэг ч удаа унагаагүй. Одоо бол нас яваад өвдгөөр хатгаад байх юм. Хоёр хөл маань биеэ даахгүй байх шиг. Өглөө босох гэж бөөн юм болно. Заримдаа мөлхөх л юм байна шүү дээ.
-Таныг Монголын хамгийн намхан хүн гэдгийг албан ёсоор бүртгэж авсан уу?
-Улаан номонд орсон гэх юм билээ. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, олж уншсан биш. Хэдийгээр намайг Монголын хамгийн намхан хүн гэж онцолдог ч, төрөөс харж үзсэн зүйл алга. Нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Багийн эмч улиралд нэг удаа ирж жинлэж, хэмжээд явах юм. Хамгийн сүүлд жинлэхэд 28 кг, 65 см байна гэж хэлсэн. Одоо нас яваад улам л агшиж байна.
-Ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй хэрэг үү?
-Группын 103600 төгрөг л өгдөг шүү дээ. Өөр улсаас халамжилж сүйд болсон юм алга. Уг нь Монголын хамгийн намхан хүн гэдэг утгаараа харж үзмээр л санагддаг. Би хэдий их наслав гэж дээ. Энэ хугацаанд тусламж, дэмжлэг байвал үзүүлээсэй. Өмнө нь өрхийн 50 мянган төгрөгийн тэтгэлэгт Сумын Засаг дарга маань оруулж өгдөг байсан. Одоо шинэ даргатай болсон болохоор намайг оруулж өгөх эсэхийг нь мэдэхгүй юм. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн саяхан багийнхаа даргад “Надад хоёр нохойноос өөр өмч байхгүй шүү. Сумд ирэх тэтгэлэг, тусламж үйлчилгээ байвал оруулж өгөөрэй” гээд хэлчихсэн. Миний үгийг чихний хажуугаар өнгөрөөгүй бол харж үзэх байлгүй. Өнгөрсөн жил улсаас ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгсөн дөө. Тэр мөнгийг нь харин ч нэг юм болгосон. Хөргөгч, зурагт авч гэрээ нэг гялтайлгалаа.
-Залуудаа та их сайхан оёдог байсан гэл үү?
-Оёно, оёно. Сумынхаа бүсгүйчүүдийн дээлийг оёод өгчихнө. Миний сурсан ганц ажил гэвэл тэр. Одоо ч юм оёх гэхээр нүд харахгүй юм байна. Гэхдээ “Оёод өгөөч” гэж гуйвал урлаад л өгнө дөө” гэсээр бидний яриа өндөрлөсөн.
Тэрээр ярьж хэлэх нь уяхан, өрөвч, цайлган сэтгэлтэй хэдий ч амьдралын хүн хэцүүд өвдөг сөхөрч, бууж өгөөгүй нэгэн гэмээр. Өөрт нь заяасан ганц хүүгээ хүний дайтай өсгөх гэж хар бор ажилд нухлагдан хатуужил, тэсвэр, тэвчээрээр амьдарсан Ж.Ичинхорлоо эмээ өдгөө жаргаж явна. Тэр өөрийгөө төрөөс харж хандах ёстой хүн мөн гэдэгт итгэдэг ч бодит байдалд өөр. Гэхдээ өөрийнхөө бор зүрхээр учрах зовлонгоо гатлан жаргал олж авсан эмэгтэй юм.