Цэндийн ДОРЖГОТОВ

УИХ-ын сэнтийг анх хэдийд дуудлага худалдаагаар үнийг нь хөөргөдсөн билээ. Анх хүүхдийн мөнгө нэртэй суудлын мөнгө болох 10 мянгаар УИХ-ын сэнтийг үнэлж эхэлсэн. Хүүхдэд хайртайдаа тэдэнд 10 мян­гыг өгөх гэсэн нь юу л бол. Хүүхдэд 10 мянгыг өгч баярлуулснаар оронд нь сонгуулийн санал хумих гол зорилго АН-ыг хөтлөж байв. Монголын бүх хүүх­дэд 10 мянгыг өгсөн уч­раас асар их мөнгө зар­лагадсан авч тэр их мөнгө намаас болон нэр дэв­шигчдээс гараагүй, татвар төлөгчдийн мөнгө байсанд хамаг бунгуу оршино. Тат­вар төлөгчдийн мөнгийг үрэхэд эх оронч сэтгэл шаардлагагүй. Харин ху­вийн бор зүрхээ ард тү­мэндээ зориулахад эх оронч сэтгэл голлоно. Буя­ны үйлстэнүүд УИХ-ын гишүүдээс зүрхээрээ ял­гаатай. Хүүхдэд 10 мянгыг өгсөн нь зөв. Гэхдээ сон­гуульд ялсаныхаа дараа тийм шийдвэр гаргасан бол ямар нэгэн хардлага­гүй нэр цэвэр байх сан.

Чөтгөрийн бага адтай гэж АН 10 мянгыг ам­ла­магц, архаг нам шинээр төрсөн хүүхэд бүрт 100 мянга, шинэ гэр бүл бо­логч бүрт 500 мянган төг­рөг тараахаар баадуурсан. Ингэж УИХ-ын сэнтийн үнэ хадсан билээ. 100 мянган төгрөг хүртэхийн төлөө хүн амаа өсгөсөн эцэг эхчүүд гавъяатай ч 500 мянгад шунаж хуу­рам­чаар гэр бүл бологсод 500-гаа хувааж аваад сал­даг гутамшигт жишиг тог­тоож, цэвэр ариун гэр бүлийн ёс суртхуунд нэгэн ялзрал үүсгэсэн билээ. Энэ ялзрал УИХ-ын сүлд хийморийг ямар нэгэн хэмжээгээр гутааж, сэн­тийн  өөрийн өртгийг нэмсэн байж таарна.

Дараа нь бүр даам­жирсан. УИХ-ын сэнтийн үнэ хаялцсан сонгуульд АН нэг саяыг амлаж, сэн­тийн үнийг хөөрөгдөв. АН-ын өөд нь шидсэн гэнэ­тийн нэг саяыг сонсоод балмагдсан өрсөлдөгч нам нэг сая 500 мянгаар да­вуулж шидлээ. Энэ үед УИХ-ын сэнтийн үнэ бү­хэл­дээ хэд хүрсэнийг тоо­цоолох боломж алдагдсан. Сэнтийн үнэ тэнгэрт хад­санаар ядуус үй олноор үржив. Хоногийн хоолгүй ядууст нэр дэвшигчид “Намайг сонгоорой” гээд арав хорин мянгыг тараа­лаа. Намууд бас “Манай намыг дэмжээрэй” гээд асар их мөнгө баруун сол­гойгүй цацав. Сүүлдээ ядуурсан сонгогчид сана­лаа худалддаг аргад су­ралц­сан. Бүр ил цагаандаа гарч өрхийн тэргүүн нь “Нэг саналыг хэдээр ярих вэ” гээд нэр дэвшигчдээс тохиролцохыг ичгүүргүй шаардах болсон. Саналаа худалддаг ардчилсан бус бусармаг заншил сэнтийн нүгэлд шүглэсэн байх учиртай. Сэнтийн үнэ цой­лох тусам элдэв бузар заль мэх олноор халдвар­лан орон даяар тархаж, нийгмийн сэтгэл зүйг хор­лосныг сэнтийн жижиг­лэн­гийн үнэд тооцох ёстой.

Оюутолгой, Таван тол­гой гэх мэт байгалийн баял­гийн үлэмж хэсэг УИХ-ын сэнтийн үнэд явчихсан гэвэл та юу гэх вэ. Чалкотай хийсэн асар их алдагдалтай гэрээ бол мэдэхгүйдээ мэхлэгдсэн гэрээ бус, сэнтийн ха­хуульд цацах мөнгөнд шаагдсандаа мэдэн будил­сан хулгайн гэрээ юм. Чалкотой хийсэн алдаг­дал­тай гэрээ УИХ-ын сэн­тийн өртгөнд ноёлж байгаа. 100 мянган айлын орон сууцны зах зээлд байдаггүй зургаан хувийн зээл гэгч луйвар яах арга­гүй УИХ-ын сэнтийн үнэ. Хашаа байшин, машин, эд хогшлоо зараад өдгөө гудамжинд хаягдсан иргэ­дийн нулимс ч УИХ-ын сэнтийн өртгөнд шингэж таараа. Сэнтийнээс болж Монгол хоосорно шүү.

Ийм их үнэтэй УИХ-ын сэнтий хүн амд юу өгөв өө. Өөрөөр хэлбэл УИХ-ын эрхэм гишүүд ард ол­ноо юугаар гийгүүлсэн билээ. Барилга байшин, зам гүүр, тариа ногоо, жижиг дунд үйлдвэр зэр­гийг чинь хувийн хэвш­лийнхэн голлоод буй юм биш үү. Мал сүрэг 40 сая болоход эрхэм гишүүд ху­руу хөдөлгөөгүй. Хөл дээ­рээ босож ядсан бүтээн байгуулагч хувийн хэдэн компаниа УИХ-ын ги­шүүд тендерээр бантаг­нуулж, өч төчнөөн алдаг­далд унагаж, ажлыг нь чөдөрлөхөөс өөр ямар ч нэмэр болоогүй. Төр, зас­гийг холхон байж, битгий саад хийгээсэй гэж ажил хэрэгч хувийн хэвшлийн­хэн залбирч буй.

Үнэтэй сэнтийд хам­раа сөхөгчдийн хөл дор даварсан хулгай луйвар ил цагаан явагдаж байна. Манай хэдэн өөдгүй амь­тан “Роснефть”-д очоод Монголд зарах үнээ нэ­мээд өгөөч гэж гуйсан тухай хөөр бах болгон яриад буй атлаа чухам хэн хэн тэгж явааг нэр хаягтай нь зарлаж хариуцлага тоо­цохгүй юунд нь тэднийг өөгшүүлээд байна. Эх ор­ныхоо эрх ашгаас урвагч­дад үнэтэй сэнтийд за­ларс­ныхаа эр бярыг гар­гах­гүй, салаавч тавьсан Шинэбаяр мэтэд гаргаад байх уу.

Цусны даралтын ап­парат шиг юм Оросоос авснаа телевизээр амаа олохгүй магтав. “По­лиграф” гэгч тэр хэмжигч нь худал өчиг өгч буй гэмт этгээдийн ходоодныхоо мухарт чанд нуусан хулгай худлыг илрүүлдэг гай­халтай аппарат гэнэ. Хувь хүний нуусан амь санааг хүн төрөлхтөн өнөөг хүр­тэл илчилж чадахгүй бай­гаа сан биш билүү. Гэтэл орос ах тийм гайхамшиг бүтээгээд монгол дүүдээ өндөр үнээр шахаж байдаг. Монгол нь өртөг хайр­лахгүй худалдаж аваад амаа олохгүй магтаж бай­даг. Орос “Полиграф” үнэн­хүү тийм ид шидтэй юм бол бид эрхийг нь түдгэлзүүлж чаддаггүй томчуудыг Сугараас эх­лээд шалгуулах сан. Үнэхээр хүний нуусан санааг илчилдэг аппарат юм бол манайд түүнээс илүү чухал гайхамшиг гэж баймгүй. Хулгай луйвраа улайм цайм булзааруулж, шударга тунгалаг дүр эс­гэгч­дийг тэр аппаратаар бичлэг хийлгэж булхайг нь илчлэх сэн. Ахын “По­лиграф”-аар доторх нууц санааг нь мэдмээр хүн манайд зөндөө байна. Ах нар бурхнаар гулгидаг бүс­гүй шиг хулхи аппарат шах­сан бол Монгол Улс олон саяар хохирч, энэ аппаратыг оруулж ирсэн монголчууд татварын мөн­гөнөөс бузгай юм унагаа вий.

Ямар санаатай хүмүүс бидний татварын мөнгөөр гадныхантай наймаа хэл­цэл хийгээд явна аа. Улаан-Үд хотод Орос Мон­голын хамтарсан мах бо­ловсруулах үйлдвэр IV са­рын 23-д ашиглалтад орох гэнэ. Хамтарсан гэхээр манайх хөрөнгө оруулсан байж таарна. Хачирхалтай нь монголчууд нутгаасаа 20 мянган тонн мах жил бүр Улаан-Үдэд тээврийн хөлс зарлагдан зөөж аваачаад, хиам нөөшилсөн хүнс бол­госон үйлдвэрлэлийн зар­дал төлөөд, тэгсэн атлаа эргээд нутагтаа өндөр зард­лаар тээвэрлэн авчирч бор­луулах гэрээ хийжээ. Хиам нөөшилсөн хүнсээ хүнс­ний хомсдолтой Оросын алс Дорнодод борлуулж ашиг олохгүй юм бол яах гэж жил бүр 20 мянган тонн мах, хиам нөөшилсөн хүнс хил давуулан нааш цааш зөөх тооцоо хийдэг байна. Орос буриадууд монгол малын махнаас сэжиглээд хиам нөөшилсөн хүнс авах­гүй гэж цамаархаж буй бол бид өөрсдийнхөө идэх хиам нөөшилсөн хүнсийг ямар ашиг олох гэж Улаан-Үдэд өндөр үнэ төлж үйлдвэрлээд хил давуулан зөөж буй хэрэг вэ. Тэгээд ч манай ху­вийн хэвшлийнхний мон­гол хиам нийслэлийн лангуунд овоолоостой муудах шахаж байхад дээр нь Улаан-Үдийн хиам нэмж овоолох зо­рилгоор мөнгө үрэхэд ямар хонжоо гарна гэж зах зээлийн монгол тол­гой тооцов оо. Нөөшил­сөн хүнсэнд бид таатай бус. Өндөр үнэ шингэ­сэн, хордлого авах эрс­дэл­тэй түүнээс 20 мянган тонн органик мах манайд түргэн борлоно. Улаан-Үдийн хиам манай жи­жиг хиамчдыг дампуу­ралд түлхэх нөлөө бас гарна. Оросууд ямар ч зардал чирэгдэлгүй нутаг дээрээ сууж байгаад Мон­голоос жил бүр 20 мянган тонн махыг нь авчруулаад тал нь Мон­голын хөрөнгөөр боссон үйлдвэртээ хиам нөө­шилсөн хүнс хийгээд, борлуулалт гэж санаа зоволтгүйгээр буцаагаад Монголд ханасан үнээр нийлүүлэх гэрээтэй нь өндөр ашигтайн дээр Улаан-Үдэд олон ажлын байр гарна. Айл ингэж ажиллаж байхад бид яаж байна. Гутармаар. УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засаг юу харж сууна вэ.                 

УИХ-ын гишүүдийн амжуулдаг ажил нэг л бий. Тэр нь ар гэр, хамаа­тан садангаа баяжуулж, өөрөө дараачийн сон­гуульд өрсөлдөх бэл бэн­чингээ хураах, ердөө л энэ. Сэнтийд залрах дөрвөн жилийн хугацаанд яаж баяжих вэ гэдэг мөрөөд­лөөс ондоо бодол тэдний толгойд байхгүй шахам. Монгол яаж ч хохирч бай­сан тэдэнд падгүй. УИХ-ын гишүүний цалин хө­рөн­гөжихөд дутмаг учраас эрх дархаа ашиглан луй­вар хулгай хийх нь эрхэм гишүүдийн дунд тийм ч муухай шившиг биш бол­жээ. Хэн нь түргэн олигар­хижиж чадаж байна, түү­гээр битүүхэн бахархаж, даган дууриадаг нь ердийн үзэгдэл болж хэвшчээ. Энэ бусармаг явдалд хэн нь ч цочирдож гайхахгүй. Үйлдвэрлэсэн хууль нь тамхиныхаа хуультай адил хавтгайдаа хэрэгжихгүй байгаа нь бүхний нүдэнд хаа сайгүй ил. Гайхалтай нь УИХ-ын сэнтийн үнэ эдүгээ хэд хүрсэн бол. Үнэтэй сэнтийд заларч буй эрхэм гишүүд хүн амдаа чухам юу юу бүтээв ээ. Сэнтийн үнэ төд хүрсэн, УИХ-ын гишүүн-сайдууд тийм тийм юм бүтээсэн гээд хуруу даран тоолоод үзээч.