М.ЦЭЦЭГ
“Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын гишүүн, Налайх дүүргийн иргэн, ахмад дайчин С.Хорлоо манай сонины редакцид ирж Үндсэн хуулийн цэцэд хандсан тухайгаа ярьсан юм.
-Та Цэцэд ямар асуудлаар хандав?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хууль бус ажиллагааны талаар л хандсан юм.
-Хууль бус ажиллагаа гэдгээ тодруулаач?
-Өөрөө гардаж гурван хүний амийг хөнөөсөн хүн байгаа юм.
-Хэнийг хэзээ хөнөөсөн гэж?
-Хоёр жолооч нь, нэг нь Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга. Засаг даргыг өөрийнхөө машинд суулгасан нэртэй устгасан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа улсын нууцыг задруулсан.
-Ямар нууц задруулсан юм бэ. Тодорхой хэлнэ үү?
-Хятадын тагнуулын 13 объект манай улсад ажиллаж байна гэж олон нийтийн телевизээр зарлаж байсан. Энэ бол манай улсын том нууц. Ямар зорилгоор үүнийг тараасан гэхээр Хятадын суурин тагнуул шүү гэж өөрийгөө мэдэгдсэн дохио гэж би үздэг. Хоёрдугаарт, олон улс хэдий хэмжээний мөнгө өгнө төдий чинээ нууц ил задруулна гэсэн дохио мөн. 13 тагнуулын байгууллага ажиллаж байгаа, гурав нь Өмнөговь аймагт байгаа гэж мэдээлсэн. Тэр гурван чиглэлээр гараад явахад аюулгүй гэсэн дохио гэж би ахмад дайчин хүний хувьд бодож байгаа. Ийм асуудлаар Цэцэд хандсан. Бас нэг асуудал бий.
-Ямар асуудал вэ, бас л Ерөнхийлөгчтэй холбоотой юу?
-Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Монголын гурван банкийг дампууруулаад өөрийн намын Лу.Болдод хувийн “Голомт” банкийг байгуулж өгсөн. Тэр банкны мөнгийг бүх гишүүндээ хувааж өгсөн. Үүнийг одоо хүртэл шалгахгүй, шалгуулахгүй байгаа. Би бүх хуулийн байгууллагаар явсан. Одоо Цэцэд хандчихсан.
-Цэц маргаан үүсгэсэн үү. Ямар хариу өгсөн бэ?
-Инээдтэй хариу өгсөн. Үндсэн хуулийн цэцийн шаардлага хангаагүй, үүнийг авч хэлэлцэхгүй гэсэн.
-Ямар шалтгаантайг лавлав уу?
-Асуусан. Ц.Элбэгдоржийг хүн алж байхад би аппарат бариад зургийг нь авч байх юм гэнэ ээ.
-Аан, таниас баримт нэхсэн юм байна шүү дээ?
-Тийм. Газар дээр нь авсан баримт гэсэн. Энэ нь Үндсэн хуулиа өөрөө зөрчиж байгаа хэрэг. Хэрэг хийж байгаа хүн “миний зургийг аваарай” гээд хэлэх үү. Тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал. Би хоёр удаа өргөдөл өгсөн. Нарийн бичгийн даргатай нь нэлээд маргасан. Ж.Амарсанаа гэдэг дарга нь надтай ер уулзахгүй зугтаагаад байдаг юм. Манай цэц Ц.Элбэгдоржийн, хоёр намын хараат болчихжээ. Би хардах эрхтэй. Манайд хууль цаасан дээр л байдаг юм байна. Шударга хууль алга. Миний өргөдөл дээр бас нэг юм байгаа.
-Юу вэ. Тэрийгээ танилцуулж болох уу?
-Д.Дорлигжав Үндсэн хууль зөрчсөн тухай. Мөн Прокурорын тухай хууль зөрчсөн. Прокурорыг томилохдоо салбартаа 10 –аас дээш жил ажилласан, таван жил тутамд шалгалтад орсон байдаг. Д.Дорлигжавт ийм зүйл байхгүй. Ц.Элбэгдорж УИХ-д танилцуулаад л томилчихсон. Ингэж хууль зөрчин томилсон тухай. Дээр нь Д.Дорлигжав нэлээд том авлигач.
-Авлигач гэнэ ээ. Танд баримт нь байна уу?
-Улсын хөрөнгийг шамшигдуулсан. “Эрдэнэт” үйлдвэрт байхдаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан. Надад баримт нь байгаа. Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаад ноцтой баримт бүрдүүлж УИХ-д танилцуулсан. УИХ нь хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэгээд Ц.Нямдоржид өгсөн. Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Ах, дүүгээ хамгаалаад л өнгөрсөн, шалгаагүй. Ингээд бодохоор манай хуулийн байгууллага Ямар болж вэ гэдгийг харуулна.
-Таны ярьж байгаа зүйлүүд бүгд баримттай биз дээ?
-Баримттай байлгүй яахав дээ. Зөндөө газраар явлаа. Хуулийн бүх байгууллагаар явсан
-Та бас долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар нэлээд ярьдаг байх аа?
-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Зургадугаар сард үйл ажиллагааг нь зохион байгуулсан гэж би үздэг.
-Уьдчилан тооцоолсон хэрэг байсан гэж үү?
-Тийм. Яагаад гэвэл зургадугаар сарын 16-нд надад тулган шаардах нэртэй бичиг өгсөн юм. Би тэрийг маргааш нь цайгаа уунгаа уншиж суулаа.
-Юун тулган шаардах бичиг билээ. Сонгуультай холбоотой юу. Ямар утга агуулгатай юм бол?
-Ухуулгын бичиг байхгүй юу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, төрийн мэдэлд байдаг үйлдвэр аж ахуйн дарга нарт гээд бууж өгсөн тухайгаа бичгээр ирүүл. Хэрэв бууж өгөхгүй тохиолдолд бидний тэмцэл 17-ны 10 цаг 30 минутад эхэлнэ гэсэн байсан. “Та нар бидний араас хайгаад олохгүй. Зэвсэглэсэн хүмүүс та нарыг дагаж яваа” гэсэн байсан. Хятадын ажилчин нэртэй хоёр хороо цэрэг бүрэн байлдааны бэлэн байдалд орсон байна гэсэн байсан. ОХУ-ын АКА-аар бүрэн зэвсэглэсэн гэж байгаа юм. ОХУ-ын Ротын полимат дөрөв, хүнд полимат 20 гэж байгаа юм. Бас 40 нам, эвсэл холбоог нэгтгэсэн, 80 пүүс компани, 1800 төрийн бус байгууллага нэгдсэн холбоо бий. Тэгэхээр та нар бидний гараас гарахгүй гэсэн байгаа юм. Бид наймдугаар сарын 15-нд Сүхбаатарт бүр ард түмний хурилдай хийж гурван өндөрлөгийг сонгоно гэсэн байгаа юм. Тэгээд Ж.Батзандан, Ногоон намын Д.Энхбат, Ардчилсан намаас хүчтэй лидер Ц.Элбэгдорж нар төрийн тэргийг барина гэсэн байгаа юм.
-Тэр бичгээ тухайн үед хуулийнханд өгсөн үү?
-Налайх дүүргийн Засаг даргад аваачиж өгсөн. Тэгээд сонгуулийн штаб болон дээд шүүхэд хэлж урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй гэдгийг түүнд хэлсэн.
-Тийм бичиг ганцхан танд очсон гэж үү?
-Ганцхан би биш. Налайх дүүрэгт 5-6 хүнд очсон байдаг.
-Сонгуулийн сурталчилгааны материал байсан юм уу. Хэний материал дотор байсан юм бэ?
-Сонгуулийн сонин дотор л тараасан. Ямар намынхыг нь мэдэхгүй. Манай хойшоох гудамжны хүн надтай нэгэн нарийн гудамжинд тааралдаад өгсөн юм.
-Тэр хүн юу гэж хэлж өгсөн бэ. Хэн гэдэг вэ?
-“Хорлоо гуай үүнийг уншаарай” гэсэн. Тэр бол надтай цэргийн газар ажиллаж байсан юм. Нэрийг нь би хэлэхгүй.
-Одоо тэр бичиг танд байна уу?
-Одоо надад ч, хэнд ч байхгүй. Тараасан хүнд байж магадгүй. Хоёр сарын дараа асууж сурсан, олдоогүй. Тэгээд зургадугаар сарын 30-ны 17 цагийн үед Баянгол дүүргийн сонгуулийн штаб руу Ж.Батзандан давхиж ороод санал хураах хайрцгийг булааж аваад сонгууль будиллаа гээд зурагтаар гарч байсан. Тэр үед Ц.Элбэгдорж албаныхаа контороос юмуу хаанаас юм “Маргааш жагсаал хийнэ” гэж мэдэгдсэн. Тэгээд л маргааш нь жагсаал болсон юм.