Ч.ГАНТУЛГА, Б.БАТТҮШИГ
Дэлхийн театрын өдөрт зориулсан драмын урлагийн шилдгийг тодруулах “Гэгээн муза” наадам амжилттай болж өндөрлөсөн. Тус наадам энэ жилээс олон улсын чанартай болж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Мөн анх удаа “Нэг хүний жүжиг” гэсэн төрлийг нэмж оруулснаараа онцлог. Энэ төрөлд ерөнхий шүүгчээр ажилласан Молдав улсын иргэн театр шүүмжлэгч, найруулагч Анжелина Роскатай ярилцлаа.
-Та “Гэгээн муза” наадмыг урилгаар ирж шүүсэн. Сэтгэлд чинь хүрсэн гайхалтай бүтээл олон байж чадав уу?
-Бусад жүжгүүдийг үзэж амжаагүй. Зөвхөн нэг хүний жүжгийг л үзсэн. “Бурханд илгээсэн захидал” жүжиг их таалагдсан. Дүрийн хувиралт, жүжигчний чадвар, найруулагчийн тавилт гээд бүх зүйл нь яг тохирсон байна лээ. Жүжигчин өтөл настай болоод, хүүхэд үе рүүгээ буцаж очдог хэсэг байдаг юм. Тэр хэсгийг гайхалтай найруулсан санагдсан. Жүжигчин тайзны араар дөнгөж ороход дэлгэцэн дээр түүний хүүхэд байх үе гарсан. Яг л бодит, хүүхэд болчихсон юм шиг харагдсан. Энэ бол цэвэр жүжигчин, найруулагч хоёрын ур чадвар, ойлголцол шүү дээ. Би тэр жүжигт тоглосон бүсгүйд санал тавьсан намайг явахад бичлэг хийгээд өгч явуулаарай би мэргэжлийн хүмүүст үзүүлье гэж.
-Нэг хүний жүжгийн онцлог нь юу вэ?
-Уламжлалт театрт бол Станиславский үеэс жүжгийн үйл явдал, бүтэц, хэлэх гэсэн санааг найруулагч л мэддэг байсан. Жүжигчин хүссэн хүсээгүй найруулагчийн заавраар тоглодог. Харин нэг хүний жүжигт жүжигчин өөрийгөө бүхэлд нь нээх боломжтой. Жүжигчин өөрөө өөртөө найруулагч байж болно. Өөрийнхөө хүссэн зүйлийг гаргаж, задгай тоглох нөхцлийг олгодог юм. Ер нь урлаг хуучны сонгодог байдлаасаа нэлээд хэлбийсэн шүү.
-Жүжигчид бүгдээрээ найруулагчтай ажилласан. Манай найруулагчдын ур чадвар хэр санагдсан бэ?
-Нөгөө л “Бурханд илгээсэн захидал” жүжгээр жишээ авмаар байна. Найруулагч нь эмэгтэй хүн гэсэн. Жүжгээ маш сайн ойлгосон, жүжигчинтэйгээ нэг хүн шиг сэтгэж чадсан байна лээ. Жүжгийн ард сонсогдох ая, шум, тайз засалт бүгд гайхалтай сонголт. Монголын найруулагчид ур чадварын хувьд хаана ч гологдохгүй. Гэхдээ нэг хүний жүжиг гээд нэрнээсээ л ойлгогдож байгаа байх. Жүжигчин нэгдүгээрт тавигдана. Миний хувьд нэг хүний жүжигт найруулагч оролцох нь буруу санагддаг. Энэ нь найруулагчгүй ажиллана гээд жүжигчин өөрийнхөө хүслээр аашлахыг хэлээгүй шүү. Тайз бол хамтын урлаг. Жүжгийн ард сонсогдож байгаа дуу шум, тайз, жижиг хэрэглэл хүртэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс жүжигчин өөрийгөө маш сайн бэлдэж, зохиолчтой нь уулзаж, дүрийн судалгааг өндөр төвшинд хийж, сэтгэлзүйгээ эртнээс бэлдэх хэрэгтэй. Нэг хүний жүжиг дэлхийн урлагт цоо шинэ хуудсыг нээж байна. Санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Бүхэл бүтэн театрыг нүүлгээд өөр улсад аваачиж тоглолт хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Харин нэг хүний жүжигт жүжигчин өөрт хэрэгтэй зүйлийг цүнхлээд гарахад л хангалттай. Энэ төрөл жүжигчдэд асар том боломж, дэлхийд өөрийгөө таниулах гарц болж байна.
-Нэг хүний жүжиг хаанаас үүсэлтэй вэ. Ямар замналаар хөгжиж ирэв?
-Яг тэнд үүсэлтэй гэж тодорхойлох боломжгүй. Цаг үеийн өөр өөр нөхцөлд өөр өөр байдалтайгаар гарч ирсэн юм. Бүр социализмын үед ганцаараа жүжиглэх үзэгдэл байсан гэж үздэг. Харин одоо улс болгонд энэ төрлөөр тэсрэлт хийсэн жүжигчид төрж байна. “Бурханд илгээсэн захидал” гэхэд л Монголын урлагт тэсрэлт хийсэн. Косовогийн жүжигчин “Хайрцган доторх жүжигчин” гэсэн жүжиг тавьсан. Бас л маш өвөрмөц, сонин санагдсан.
-Энэ жилийн наадамд гадаадаас жүжигчид ирж оролцсон. Манай уран бүтээлчидтэй харьцуулахад ур чадварын ялгаа байна уу?
-Нийт долоон жүжиг үзсэн. Бүгд л өөр өөрийнхөөрөө сэтгэсэн. Өөр өөрийн онцлогтой санагдсан. Монголын жүжигчид уламжлалт, сонгодог талаа хэтэрхий барьдаг юм шиг харагдсан. Тэр нь хөдөлгөөн, бүжиглэж байгаа бүжгэн дээр нь илэрч байна лээ. Түүнээс биш ур чадварын хувьд гайхалтай.
-Энэ арга барилаас яаж ангижрах вэ?
-Хамгийн чухал нь туршлага солилцох. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын уран бүтээлчидтэй туршлага солилцож, уулзалт, ярилцлага зохиох хэрэгтэй. Нэг нэгнээсээ суралцах нь чухал. Тэгж байж уран бүтээлчид өсч дэвждэг. Өөрийгөө хөгжүүлэхгүй бол жүжигчин хүн гундана, унтарна. Эхнээсээ л өөрийгөө эвдэж чадахгүй нэг арга барилд орчихвол буцаж гарахад хэцүү.
-Та тайз жүжигчинтэйгээ тоглодог гэж хэлсэн. Манай театрын тайз засалт, технологи хэр санагдав?
-Тайз, технологийн талд дутагдалтай зүйл харагдсан. Шинэчилж, орчин үеийнх болгомоор зүйлүүд ч их байна лээ. Ер нь театр шүүмжлэгч хүн гашуун ч гэсэн үнэнийг л хэлдэг. Ажлаа хийж яваад уран бүтээлчдийн хувьд дайсан нь болчихдог ч үе гардаг. Энэ чинь л бидний ажил шүү дээ. Харин Монголын жүжигчид хүний үгийг сонсч чаддаг сайн талтай юм байна лээ. Биеэ тоож, одын өвчнөөр өвчлөөгүй. Ийм хүмүүс амжилтанд хүрнэ. Дэлхий дээр маш олон арилжааны театрууд байдаг. Тэдэнд мөнгө олох нь л чухал. Урлаг хөгжиж, дэвших нь хамаагүй. Гэхдээ эдгээр хүмүүсийг уран бүтээлчид биш гэж хэлээгүй шүү. Театрт шинэ урсгал гаргаж ирэх явдал байдаг. Харин жинхэнэ уран бүтээлчид урлагийн төлөө зовнидог. Урлагийг утгаар нь хийхийн төлөө хөдөлмөрлөдөг юм. Танайд чин сэтгэлтэй уран бүтээлчид олон байна лээ.
-Манайд театрын хүрэлцээ бага юм шиг санагддаг. Ер нь олон театртай байх чухал уу?
-Танайд ганцхан төв театр байдаг гэж сонссон. Олон театр байвал өрсөлдөөн дундаас сайн уран бүтээл төрөх тохиолдол бий. Гэхдээ одооны хүмүүс ухамсартай болчихсон шүү дээ. Хаана очиж юу үзэхээ сайн мэднэ.
-Нэг хүний жүжиг өндөр төвшинд хөгжсөн орон байгаа юу?
-Хэлэхэд хэцүү л дээ. Канад, Орос зэрэг орнуудад нэг төвшинд л хөгжиж байна. Манай оронд гэхэд л арван хэдэн жилийн өмнө орж ирсэн. Харьцангуй залуу урлаг гэж ойлгож болно.
-Ер нь Молдав улсад аль шатандаа хөгжиж байна. Энэ төрлөөр дэлхийд танигдсан чадварлаг жүжигчин бий юу?
-Манай улсын урлаг ч бусадтай адилхан хөгжиж байна. Энэ төрлөөр уран бүтээл хийх сонирхолтой залуус олон болсон. Сургалт зохиодог. Энэ нь л том амжилт. Нэг хүний жүжгийн төрөл цаашдаа маш хурдацтай хөгжинө гэж бодож байна. Манайд яг энэ төрлөөр дагнадаг нэг гайхалтай жүжигчин бий. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын фестивалиас олон шагнал хүртсэн.
-Шүүмжлэгч найруулагч хүнээс асуухад дэлхийн урлаг ямар замаар урагшилж байна?
-Дэлхийн урлаг маш хурдтай хөгжиж байгаа. Урлагийн олон төрөл гарч ирсэн. Энэ бол том ололт. Жүжигчид мэргэжлийн хувьд сайжирч байна. Хуучны баригдмал байдлаас аль болох зайлсхийж, шинэ, чөлөөтэй сэтгэж байна. Цаашдаа ч энэ замналаараа хөгжинө гэдэгт итгэж байна. Танай монголын урлаг ч ялгаагүй. Дэлхийн тавцанд өрсөлдөхөд ойрхон байгаа шүү. Хамгийн гол нь суралцах. Цаг минут бүрт бусдаас суралцаарай, урлагт сэтгэл зүрхнээсээ хандаж хайрлаарай гэж захимаар байна.
-Монголд ирсэн анхны сэтгэгдлийг чинь асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Танай улс надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Бүх зүйл нь гайхалтай сонин содон байсан. Би буугаад л бараг уулга алдсан шүү. Танай улсыг тэс өөрөөр төсөөлж ирсэн. Наашаа ирэхийн өмнө манай найзууд гэр бүлийнхэн чи яах гэж шүүгчээр очъё гэж зөвшөөрч байгаа юм бэ. Бараг л соёл иргэншлээс тасарсан улс мэтээр сануулж байсан. Дулаан хувцаслаарай гээд л. Харин эсрэгээрээ байсан нь сайхан. Хэдхэн жилийн өмнө хот дотор нь морин тэрэг явдаг гэж ярьж байсан санагдана. Гэтэл өндөр байшин барилгууд сүндэрлэсэн их сайхан нийслэлтэй юм. Би одоо гэртээ нүүр бардам очно. Монгол их сайхан улс шүү гэж ам бардам хэлнэ гэж бодож байна. Танай иргэд дулаахан энергитэй санагдсан. Хажуугаар өнгөрөх хүн бүхэн инээмсэглээд л. Гадны хүн гэж бодохгүй, их хүндэтгэлтэй харилцдаг юм билээ.
-Монголд ирэхийнхээ өмнө манай улсын тухай төсөөлөл байсан уу?
-Монгол гэхээр хүн бүхний сэтгэлд Чингис хаан л буудаг байх. Би ч гэсэн Чингисийн Монгол гэхээс өөр зүйл мэдэхгүй байсан.
-Сэтгэлд чинь үлдсэн хамгийн сайхан газар юу байв?
-Жанрайсаг бурханд мөргөсөн. Тэр үе үнэхээр гайхалтай. Өөр соёл, өөр эрин зуунд ирчихсэн юм шиг нэг л үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Би өөрийгөө шал өөр хүн болчихлоо л гэж бодсон. Одоо эх орондоо очихоор гэрийнхэн минь намайг таних байгаа. Хэрвээ танихгүй бол эргээд ирнэ шүү./инээв/ Бас Зайсан толгой дээр гарсан. Тэр өндөрлөгөөс танай хот үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.
-Танай улс хэрхэн хөгжиж байна?
Харин манай орны хувьд хэцүү шүү дээ. Баян ядуугийн ялгаа их. Танай орон шиг жигд хөгжиж чаддаггүй. Баячууд нь л улам баяжаад байдаг. Баячуудын хороолол л гоё сайхан байдаг. Энгийн иргэдийн амьдардаг хорооллууд өрөвдөлтэй шүү дээ. Зарим газар нь цахилгаан байхгүй, зам нь эвдэрчихсэн. Машин явахад хэцүү. Энэ байдалтайгаа дасан зохицоод амьдрахаас арга байхгүй. Тэгэхэд танай улсын иргэд харьцангуй амар, тайван хүссэнээрээ амьдарч чадаж байна. Энэ чинь л танай улс баян байна гэсэн үг.