Ë.ÝÐÄÝÍÝÒÓÓË

Улс төр судлаач

 

ХОГ-Хөрөнгө оруу­лал­тын гэрээний товчлол. Албан  бичиг хэрэгт өргөн хэрэглэгддэг.

XXI зууны Монголын хөгжлийн замнал ердөө энэ гэж үү? Эрх мэдэлдээ мансуурсан МАНАН-тан­гуудын үйлдлийг харахад,  “үсрэнгүй хөгжлийн түл­хүүр” зэрэг сүржин үгсийн цаана эдийн засгийн хо­гоос бие махбодийг хор­дуу­лагч хог руу хөтөлсөн өчүүхэн бодлого л хараг­даж байна. Өөрсдөө л болж, ашиг орлого, авлига татаасаа унагаж байвал “хөгжиж байна”, “ураг­шилж байна”  хэмээн хөл алдан хөөрцөглөдөг хө­гийн улс төрөөс бид хэзээ салах вэ? Хорин жил бус­дыг дууриаж, гадны хүний мөнгөөр гадаад руу дон­шуучилснаа эрдэм ном сурсан мэт эндүүрч явсны хар балаг Оюутолгойн жи­шиг ХОГ төдийгүй, Мон­гол орон бусдын цөмийн хог хаягдлын цэг болон хувирах хар дарсан зүү­дийг бодит амьдрал болгож өгч байна. Манайх шиг замбараагүй, захиргаагүй, ямар ч хариуцлага хүлээ­дэггүй  эрх мэдлийн тог­тол­цоотой улс оронд ямар ч сайхан төсөл аль ч утгаар ХОГ болон хувирах нь дамжиггүй.

Нэгэн зүйл:  1992 онд Бразилийн Рио-де-Жа­нейро хотноо Хүрээлэн буй орчин болон хөгжлийн асуудлаар чуулсан НҮБ-ийн бага хурлаар 27 зүйл бүхий Тунхаг бичиг гарга­жээ. Түүний II зүйл буюу хоёр дахь зарчимд “НҮБ-ийн дүрэм болон Олон улсын эрх зүйн тулгуур зарчмуудын дагуу улс ор­нууд нь хүрээлэн буй ор­чин болон хөгжлийн чиг­лэлд баримталж буй бод­логынхоо дагуу өөрсдийн байгалийн баялгаа ашиг­лах халдашгүй, тусгаар болон бүрэн эрхтэй юм. Чингэхдээ дотоодын эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь бу­сад улс орон болон эрх зүйн чадамжийн хүрээнд нь үл хамаарах орчинд аливаа хохирол учруулах­гүй байх хариуцлагыг хүлээнэ” гэжээ.

Энэхүү тунхаг нь зүгээр нэг цаасан дээр буулгасан, гууль болдог монгол маягийн хууль биш. ХХ зууны турш бай­га­лийн баялгаа дэлхийн баян корпорацуудад үнэ­гүй шахам цөлмүүлсэн, Ази, Африк, Латин Амери­кийн ард түмнүүдийн цус, нулимс шингэсэн гашуун туршлага, хатуу тэмцлийн үр дүн юм. ХХ зууны шув­таргаар улс үндэстэн, ард түмнүүдийн баялгаа эзэм­ших эрхийг НҮБ батал­гаажуулан тунхагласан нь эдийн засгийн колончло­лын эсрэг хувьсгалын эх­лэл болсон юм. Эл хувьс­гал одоо ч үргэлжилж бай­на. Рио-гийн тунхагийг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийнхаа тусгаар бүрэн эрхийг эдлэ­хийн төлөөх тэмцэл гурав дахь ертөнц гэгддэг улс орнуудад өрнөсөөр байгааг бид өдөр тутмын гадаад мэдээнээс төвөггүй олж харж болно. Үүнийг харин зүсэн зүйлийн эрх бариг­чид харахыг хүсдэггүй болой. Тэр тусмаа Монго­лын. Харин ч  “Моод Мон­голоор дуусдаг” гэдгийг нотлох гэсэн юм шиг шинэ зууны хоёр дахь аравт эхлээд байхад тэртээ 1950-иад оны загвараар уул уурхайн хөрөнгө оруулал­тын гэрээ хэлцлийг Мон­го­лын эрх баригчид хийж байдаг. Бас болоогүй, бай­галийн баялгийн хувьд олон улсын эрх зүйн хү­рээнээс хасагдсан Лон­дон­гийн арбитрийн шүүх, Тогтвортой байдлын гэрээ гэгчээр ард түмнийгээ айл­гаад сууж байдаг төр засгийг дампуу гэхээс илүү сайн үг олдохгүй л байх шүү. Үнэтэй костюм, титанан нүдний шилээ мэдлэг боловсролтойгийн илэрхийлэл гэдэгтээ бат итгэж, ТВ-ийн дэлгэцээр цэцэрхэж суугаа эрхтэн дархтан, эвэртэн туурайт­нуу­дыг харахад  “битгий худлаа донгос” гэж өөрийн эрхгүй хэлмээр санагддаг. Рио-гийн тунхагаар эдлэх ёстой бүрэн эрхээ умар­таж, бусдын хүртэх аш­гийг эн тэргүүнд анхаа­ран, түүнийг хангахад чиглэгдсэн Оюутолгойн жишиг гэрээ гэдэг нь шив­шигт ХОГ болсон нь олон баримтууд төдийгүй, бодит амьдрал дээр нот­логдсоор байхад сайд нар­таа хариуцлага тооцох чадваргүй УИХ, тэрхүү гэрээг эхлүүлсэн МАН-АН гэгч нь өөрөө монгол түмний хог болоод байгаа юм бус уу? ХОГ-оо цэвэр­лэмээр байна, монголчуу­даа. Дэлхий ертөнц ч дэн­дүү хурдтай өөрчлөгдөж байгаа шүү,  эрх баригч­даа!

Нэгэн зүйл:  2011 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Сү.Батболд УИХ-ын нэгдсэн чуул­ганд  Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжил­тийн тухай мэдээлэл хий­сэн байна.  Үүнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиг­лах талаар Засгийн газраас цаашид авах арга хэмжээнүүдийн талаар танилцуулахдаа:

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малт­мал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хө­төл­бөр, төлөвлөгөөнд тус­гагдсаны дагуу цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжтай болох асууд­лыг шийдвэрлэх гэсэн байна. Тухайн үед Ерөнхий сайдын хэлсэн зүйлийг олон нийт нэг их анзаарсангүй. Арга ч үгүй биз. Өдрийн хоолоо хэрхэн залгах гэж зүдэрч байхад юун цөмийн энерги мана­тай. Гэтэл түүний дараахан буюу гуравдугаар сард Японд газар хөдөлсний улмаас Фүкүшимагийн АЦС-д осол гарч, дэлхий нийтийг сэрдхийлгэв. Цө­мийн энергийн аюулгүй байдал, цөмийн энергийн хөгжлийн бодлогод ч дэл­хийн хэмжээний  зарчмын өөрчлөлт орох нь тодорхой болоод байна. Чухам ийм л эгзэгтэй үед Японы “Май­ничи” сонинд  Мон­голын Засгийн газар цө­мийн хаягдал булшлах тухай асуудлаар АНУ, Япо­ны холбогдох байгуул­лагуудтай нууц яриа хэл­цэл хийсэн тухай шуугиан дэгдэж байв. “Овоо бос­гоогүй бол шаазгай юу гэж суухав” гэгчээр дэлхийн нэр хүнд бүхий мэдээл­лийн агентлагууд уг сони­ныг иш татаж, асуудал ч Монголын шар хэвлэлийн хов живийн түвшнээс хальж, ноцтой болох нь мэдрэгдээд ирэв. Харин манай эрх мэдэлтнүүд хээв нэг ядуурсан монгол­чуудаа молигодож сурсан зангаараа “ор үндэсгүй”, “тийм юм байхгүй” гэсэн шиг сууж байх юм. Хэн ч тэднийг Саарал ордны хогийн бункерт цөмийн хаягдал булчихаад сууж байгаа гэж хэлээгүй. Асууд­лын мөн чанар нь дэл сул мөнгөнд шүлэнгэ­тэж цөмийн хаягдал бул­шилчих санаархал байсан уу үгүй юу гэдэгт байна. Тийм санаа МАН-АН-гийхны цээжинд өлхөн багтана гэдэгт эргэлзэх хүн Монголд лав олдохгүй. Харин гадаад ертөнц гайх­шралд орж, АЦС-уудыг зогсоох хэмжээнд хүрээд байхад цөмийн хог шаарыг нутагтаа булах эрүүл ухаан­тай хүн байдаг эсэ­хийг дотроо гайхаж суухад дорвитойхон хариу өгсөн эрх мэдэлтэн нэг ч алга. Тэр Г.Занданшатар ч яа­хав. Нүүрний хувиралгүй худал хэлээд сурчихсан МАН-АН-гийн залуу кадр. УИХ-ын индэр дээ­рээс тунхаглан зарласан цацраг идэвхт байгуу­ламжийн төлөвлөгөөний талаар тухайн үед Ерөнхий сайд байсан хүний хувьд Сү.Батболд тайлбараа өг­дөггүй юм уу? Чухам ямар байгууламж, хэний мөн­гөөр барихаар төлөвлөсөн юм бэ. Ер нь ч манай эрх баригчид зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихдаг хү­мүүс. Цөмийн хаягдлаар дэлгэрэнгүй ярих хүсэл­гүй байгаа нь чухам ам алдахаас айж байгааг гэр­чилж байгаа бус уу. Дэл сул мөнгөний сургаар яаж ч бүлтэрч магадгүй Мон­голын эрх баригчдад га­даад ертөнц ч итгэхээ больж байх шиг байна. Чингэхэд Фүкүшимагийн ослоос хойш дэлхий ер­төнц тэр аяаараа цөмийн аюулаас болгоомжилж бай­гаа цаг үед Монголын цөмийн энергийн бодло­год ямар өөрчлөлт орох гэж байгааг тайлагнах дарга нар байна уу. Ер нь ийм бодлогыг хэн боловс­руулж, хэн хэлэлцэж байгаа юм бэ?

Бодон тунгаахад:  Хо­рин жилийн турш хурдасч, ухарч байсан  улс төр, эдийн засгийн дампуу бодлого 2008 оноос хойш төгөлдөржиж, шуудран шулуудах зам руугаа ор­лоо. Үүний улс төрийн илрэл, оргил цэг нь элдэв халхавч, баг зүүсэн эрх баригч МАН-АН бүлэглэл юм. Бороо гоулд, Оюу тол­гой, уул уурхайн бусад ХОГ-уудаас эхэлсэн Мон­голыг сүйрүүлэх, ашиг хонжооны бодлого адаг сүүлдээ монгол хүнийг удамшил, генээр нь устгах аюултай цөмийн хогийн бодлого болон хувирчээ. Угтаа байгалийн баялгаа ашиглах нь монголчуудын зүй ёсны, тусгаар бүрэн эрх. Цөмийн энергийг ашиг­лах нь ч уг нь  буруу зүйл биш. Гагцхүү “Эд зүйл хүртэл эзнээ голдог” гэдэг шиг энэ бүх өвөг дээдсийн хишгээ зөв ашиг­лахад зөв төр, засаг хэрэгтэй. Одоогийнх шиг худалч, хулгайч, ямар ч хариуцлага хүлээх чадвар­гүй төр засагтай нөхцөлд атомын станц байтугай сарампай амбаар барьсан ч дундаас нь идээд, дээв­рийг нь нураачихаад юу ч болоогүй юм шиг сууж чадна. Хувийн хонжоо хайсан удирдлагатай бай­хад ямар ч сайхан санаа ХОГ болон хувирдаг гэд­гийг бид бэлхнээ харж байна. Монгол хүн амны билгээр байдаг. Тэрхүү ХОГ-ийг эхлүүлсэн эрх баригчдын албан товчлол хүртэл юугийн ч ёр юм бэ дээ. Засаглан захирагч нь МАН-АН, хийсэн бүтээ­сэн нь ХОГ... Нэг ийм л байх шив.