А.ЦЭЭСҮРЭН

 

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж буй хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Түүнтэй эмэгтэй хүнийх нь хувьд чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

-Зуны амралт дуусч байна. Таны хувьд энэ зун завгүй өнгөрсөн байх?

-Энэ зун их завгүй байлаа. Тоглолт маань наа­дам, аялал жуулч­лалын үеэр хийснээрээ онцлог болсон.  Сайхан болж өнгөрсөн. Зун цаг битгий дуусаасай гэж бодоод л амраад байж байна.

-Даяаршсан нийгэмд гэрлэлтийг олон янзаар ойлгох болжээ. Та гэр­лэл­тийг юу гэж ойлгодог вэ?

- Гэрлэлт гэдэг хүний амьдралд тохиолдох ёстой жам ёсний үзэг­дэл. Хүн бол нийг­мийн бүтээг­дэ­хүүн. Хувь заяа нь ч гэсэн өөр байдаг.  Өнөө­гийн даяарч­лагдсан ний­гэмд хүн тухайн нийгмийн  хөгжлийн чиг хандлагаа дагаад өөрчлөгдөж байна. Түүнтэй нэгэн адил гэр­лэлт ч гэсэн өөрчлөгдөж байгаа гэж боддог.

-Таны бодлоор аз жаргалтай гэр бүл гэж  ямар гэр бүлийг хэлэх вэ?

-Хамгийн гол нь өвчин зовлонгүй байх ёстой. Эхнэр нөхөр нь бие биеэ хүндэлдэг, муухай хар­даггүй байхыг л аз жар­галтай гэр бүл гэнэ.

-Та олны танил сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ. Уран бүтээлийн их ажлын хажуугаар өөрийн гоо сайхандаа хэрхэн зав гар­гадаг вэ?

-Гоо сайхандаа үргэлж л анхаарч байдаг. Урла­гийн салбар уран бүтээл­чээс байнгын сайн сайх­ныг шаарддаг. Тийм уч­раас гоо сайхандаа ан­хаарч байна гэдэг ажлаа хийж байна гэсэн үг.

-Өдрийн хэдэн цагийг гоо сайхандаа зарцуулдаг вэ?

-Өдрийн хэдэн цагийг гоо сайхандаа зарцуулдаг гэж бодож байгаагүй юм байна. Ерөнхийдөө эмэгтэй хүн хэдий хуга­цааг өөртөө зарцуулж чадна тэр хэмжээгээр эмэгтэй хүний ам­жилтын тодорхой хувийг эзэл­дэг гэж боддог. Тий­мээс бүсгүйчүүдийг өөртөө цаг харамгүй гаргаарай гэж хэлье.

-Та өөрийнхөө стиль, имижийг тодорхойлдог уу. Хэн нэгэн мэргэ­жилтэн бүрдүүл­дэг үү?

-Гоо сайхандаа өөрөө л анхаардаг. Маш олон найз үс­чин­тэй. Нэг сало­ныг дурдмааргүй байна. Нэгийг нь хэлбэл нөгөө найзууд маань гомдчихно. Монголынхоо олон сало­ноор үйлчлүүлдэг. Гэхдээ өөрийн стиль, имижийг өөрөө л тодорхойлдог.

-Эмэгтэй хүний хувьд өөрийгөө тодорхойлбол?

- Өөрийгөө жинхэнэ утгаараа эмэгтэй хүн гэж боддог. Эмэгтэй хүн юу хүсч мөрөөддөг, ямар алдаа гаргадаг тэр бүгдийг агуулсан эмэгтэй хүн.

-Таны нэг өдрийн амьд­ралын үйл явцыг сонирхож болох уу?

-Өглөөг амралтын бай­далтай угтдаг. Гоо сайхныхаа нойрыг авдаг гэж хэлж болно. Өглөө унтах маш дуртай. Фитнессээр хичээллэнэ. Саунд суудаг. Урлагийнхан бол нэг салоноос нөгөө салон руу явдаг ажилтай шүү дээ. Мөн хөгжмийн бэлтгэлээ хийнэ. Хөгжим гэдэг бол яг л биеийн тамир шиг бэлдэхгүй л бол холдох гээд байдаг. Мэдээж эх хүн учраас хүүтэйгээ хамт байна.

-Гэртээ байхдаа ихэвчлэн юу хийдэг вэ?

- Гэртээ эхнэр хүний л ажлыг хийдэг. Гэрээ цэгцлэх, аж ахуйн ажил хийнэ. Та­вилгаа өөр­чилж, хүмүүсийг гэртээ урих дуртай. Би ногоо, ургамал тарих дургүй. Яагаад ч юм манайд ургадаггүй юм.

- Хэр дэлгүүр хэсдэг вэ. Ямар дэлгүүрээр үйлчлүүлдэг вэ?

-Эмэгтэй хүн бүрийн хийх дуртай зүйл гэж бо­дож байна. Бусдаас өөр эмэгтэй байхыг хүсдэггүй. Би Монголынхоо ноо­луу­раар гоёх дуртай. Мөн загвар зохион бүтээг­чид­тэй хамтарч ажилладаг. Миний тоглолт, өдөр тут­мын хувцасыг маань хийж өгдөг загвар зохион бүтээгч Намуунаа гэж бүсгүй бий.

-Дэлгүүр хэсэхэд өө­рийн мэдэлгүй нэг зүйлийг олон удаа авсан байдаг. Танд тийм тохиолдол бий юу?

-Хүнд тодорхой нэг үе гэж байдаг юм шиг байгаа юм. Их юм авдаг үе ч гэх юм уу. Одоо би тийм байхаа больсон.

-Эмэгтэйчүүдийг их үрэлгэн хүмүүс гэдэг. Та хуримтлал үүсгэж чаддаг уу?

-Хуримтлал үүсгэхгүй бол болохгүй. Гэхдээ  үрэх юмандаа мөнгө үрнэ. Ялангуяа дэлгүүр хэсч байхад мөнгөө дуусгаж байж санаа амардаг ч юм шиг санагдана. Ер нь үрэлгэн талдаа хүн шүү.

-Таны өдрийн хэрэглээ хэд вэ?

- Хүний хэрэглээ гэж хязгааргүй зүйл. Би өө­рийн­хөөр хэрэгцээг үнэлж байгаагүй юм байна.

-Хүмүүс одоогийн за­луусыг мэргэжлээ сон­гохдоо их алдаж байна гэж ярих юм. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Тэр үнэн л дээ. Буруу шийдвэрээсээ болоод мэр­гэжлээ буруу сонгож, цаг хугацаа алддаг. Цаг хугацааг буцааж бол­доггүй. Тиймээс хүүхдийн сонирхлыг багаас нь  хөгжүүлэх хэрэгтэй. Ямар мэргэжилтэй хүн болгох вэ гэдгийг төлөвлөх нь зүйтэй.

-Та хүүгээ ямар мэр­гэжилтэй хүн болгох вэ?

-Одоохондоо миний хүү бага байна. Түүнд хайр л чухал байгаа. Хөгжмийн боловсролыг эртнээс эзэм­шүүлэх болно. Хүүгээ ний­гэмд эерэг өөрч­лөл­тийг авч ирсэн сайн хүн болгоно. Хөгжмийн боловс­­ролтой, мэдлэгтэй хүн болгож хүмүүжүүлнэ.

-Хүүхдэдээ цаг зав хэр гаргадаг вэ. Хүүхдийг тань хэн хардаг вэ?

-Мэдээж хүүхдэдээ зав гаргалгүй яах вэ. Би хүүхэд гаргаад хоёр жил болсон. Хүү маань одоо  том болсон болохоор уран бүтээлийн ажилдаа орсон. Заримдаа орой тоглолтод яваад завгүй байх үе гардаг. Гэхдээ Монголд хүүхдээ өсгөнө гэдэг жар­галын орон юм. Ах дүү, ээж гээд туслах хүмүүс их байдаг. Америкт би хүүхдээ өсгөж үзсэн. Тус­лах хүн байхгүй. Бүх зүйл өөрийн толгой дээр ирдэг байсан. Өөрийн төрсөн нутагтаа хүүхэд харахад асуудалгүй. Одоо хүү маань цэцэрлэгт явдаг.

-Та хийлч болоогүй байсан бол ямар мэр­гэжилтэй хүн байх байсан бол?

- Тэрийг хэлэхэд их хэцүү. Багаасаа л хийл хөгжмөөр хичээллэсэн. Өөр мэргэжилтэй хүн байна гэж төсөөлдөггүй юм.

- Та хийлч мэргэжилд өөрөө суралцаж явна уу. Эсвэл хэн нэгэн таныг чиглүүлээд байна уу?

-Мэдээж анх уран бүтээлээ эхлэхэд зааж, зөвлөсөн продюссерууд байгаа. Хөгжмийн зо­хиолч Д.Пүрэвдорж багш, Н.Халиун ах маань байна. Ер нь Монголд урлаг мэр­гэжлийн төвшинд хөг­жөөгүй. Өөрсдөө л бор зүрхээрээ явдаг. Өөр өөрийгөө л продюссер­лэдэг.

-Таныг “Хийлч Дээгий” гэдгээр тань мэднэ. Бизнес эрхэлдэг үү?

-Одоохондоо бизнэс эрхлээгүй. Урлагтаа үнэнч явна. Жилд нэг тоглолт хийнэ гэдэг маш том ажил. Бэлтгэл ажил, шинэ уран бүтээл гаргахад хугацаа их шаарддаг. Тий­мээс уран бүтээлээ л хийгээд явж байна.

-Уран бүтээлийн ха­жуу­гаар чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Монголд нэг өдөр ч гэсэн дэмий суух бо­ломжгүй байдаг. Би эмэг­тэйчүүдийн ”W” гэсэн  клуб нээсэн. Миний хобби бол эмэг­тэйчүү­дийн сэдвээр ярилцах их дуртай. Нийгмийн ямар шатны эмэгтэйчүүд байх нь хамаагүй. Зөвхөн эмэгтэй хүн гэдэг утгаараа ярилцах, суралцах зүйл ихтэй байдаг.  Эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнц гэдэг нууцлаг авдар байдаг шүү дээ.

-Та “Бүсгүйчүүд” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Яагаад нэвт­рүүлгээ хийхээ больчихов оо?

-Хоёр жил шахам нэвт­­рүүлэг хөтөлсөн. Сонгуультай хол­боо­той­гоор зогсчихоод байна. “ТВ9” телевизийн хамт олон нэвтрүүлгээ дахин үргэлжлүүлнэ гэвэл дуртай хөтлөх болно.

-Хүний мөрөөдөл хязгааргүй байдаг. Та одоо юу хүсч байна вэ?

-Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Одоо би клу­бынхаа үйл ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Олон эмэгтэйчүүд бидэнтэй нэгдээсэй.

-Та ямар үед өөрийн­хөөрөө байдаг вэ?

-Амьдралынхаа 99 хувьд нь  өөрийнхөөрөө байж чаддаг гэдэгт ит­гэлтэй байна. Ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг болохоор өөрийнхөөрөө байгаагүй үеэ санахгүй байна.

-Сургуульд байхдаа хэр хайрын захиа авдаг байв?

-Захиа авч байгаагүй ээ. Хөгжим бүжиг гэдэг хаалттай сургууль гэж хэлж болно. Эрэгтэй хүүхэд цөөнтэй. Хайрын захиа гэдэг зүйлтэй бараг л учирч үзээгүй дээ.

-Оюутан насыг хам­гийн жаргалтай үе гэдэг. Та тэр сайхан үеийн дур­самжуудаасаа хуваал­цаач?

-Би оюутан насыг эх орондоо болон гадаадад сурч өнгөрүүлсэн. Хөгжим бүжгийн коллежийг 1998 онд төгссөн. Мөн ШУТИС-ийг орчуулагч мэргэжлээр 2002 онд төгсч байсан. Тэгээд гадаадад сурахаар явсан. Монголд оюутан байхад хүн өөрөө л сонирхож, сурдаг. АНУ-д нэг кридет авахын тулд зайлшгүй хичээлээ мэдсэн байх хэрэгтэй. Багшаа найрах гэсэн ойлголт байхгүй. Монгол оюутнууд биеэ дайчилдаггүй. Америкийн оюутнууд хэчнээн сайн найз байсан ч шалгалтанд ороход найз гэх ойлголт хамаагүй байх жишээтэй. Өөр хоёр орчинд оюутан насаа өнгөрүүлсэн.

-Оюутан насны хоолны цэстэй танилцъя?

-Бидний үед солонгос хоолонд их ордог байлаа.  Хөгжим бүжгийн коллежид  сурч байхдаа ресторанд хөгжим тоглоод, хуушуурныхаа мөнгийг олчихдог байсан. Тийм учраас хангалуун оюутан байсан.

Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэл гэдэг өсөж, хөгжихийн эхлэл гэж боддог. Урлагийн хүн муу, сайн ямар ч зүйлийг үүрээд явах хангалттай том шуудайтай байх хэ­рэгтэй. Тэр бүгдийг хүлээж авч чадахгүй бол цаашаа хөгжихгүй шүү дээ.

-Олны танил хүн байхын хэцүү нь юу вэ?

-Хэцүү санагдаж байсан үе байхгүй. Энэ бол хэн хүний авдаг хүндлэл биш. Тэр утгаараа хайрлаж явдаг. Хэзээ ч надад төвөгтэй санагдаж байгаагүй. Аль болох эерэг талаас нь харах дуртай. Урлагийн хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьдаг. Тэр цөөн хүний үг болохоос ард түмний үг биш гэж боддог.  Монголынхоо ард түмэнд урлагаараа сайхан бүтээл барихыг хичээх болно. Энэ нь л хамгийн чухал.