Б.САНСАР
Орчин үеийн хамгийн алдартай эрдэмтэн гэж хэлж болох астрофизикч Стивен Хокинг өөрийн охин, зохиолч Люси Хокингийн хамтаар хүүхдүүдэд зориулан Жорж хүүгийн сансарт хийсэн аяллын тухай цуврал ном гаргасан билээ. Тэрээр охиныхоо хамт хүүхдүүдтэй уулзан сонирхсон асуултуудад нь ийн хариулжээ.
-Та зарим зүйлийг харах боломжгүй гэжээ. Яагаад?
-Бид хардаггүй ч гэсэн байгаа гэдэгт нь итгэдэг олон зүйл бий. Жишээ болгоод цахилгааны тухай ярья. Бид цахилгааныг биш, цахилгааны үйл ажиллагааны үр дүнг л хардаг. Би унтраалганд хүрээд чийдэн асааж, гэрлийг хардаг. Радио асааж алс холоос түгээж буй дуу чимээг сонсч чаддаг. Ийм ч учраас бид цахилгааны шугамд, агаарын долгионд бид бүхэнд харагддаггүй ямар нэг үйл явц өрнөдөг гэдэгт итгэдэг юм. Иймд эрдэмтэд нүдэнд харагддаггүй ч радио долгион, хар матери байдгийг батладаг. Тэдгээрийг оршдогийг бидний нүдэнд харагдаж буй зүйлд хэрхэн нөлөөлж байгаагаар нь батладаг л даа. Радио хүлээн авагчид радио долгион, галактикуудын хөдөлгөөний хурданд хар матери илэрхий нөлөөлдөг юм.
-Таны унших дуртай ном?
-Хүүхэд байхдаа уран зөгнөлт зохиолуудад хамгийн дуртай байлаа. Жюль Верний “Газар доогуур 20 мянган бээр аялсан нь” номыг мөн ч олон удаа шимтэн уншиж билээ.
-Хэрэв танд аугаа эрдэмтэн Альберт Эйнштейнтэй уулзах боломж гарвал та түүнээс юуны тухай асуух вэ?
-Би түүнээс М-онол түүний насан туршдаа эрэлхийлж байсан нэгдсэн онол мөн үү гэж асууна. М-онол гэдэг нь хүн төрөлхтний орчлонгийн тухай бүх мэдлэгийг нэгтгэх учиртай эд л дээ. Хэрэв энэ онолыг нээж чадвал бид хамгийн аугаа томоос өчүүхэн жижиг зүйл хүртэлхи бүх зүйлийн гарал үүслийг ойлгож болох билээ. Түүнчлэн би түүнээс яагаад хар матери байдаггүй гэж үздэг байсан тухай асууна. Хар матери байгааг түүнээс хойш нотолчихсон юм л даа.
-Эрдэмтэн болохын тулд заавал байгалиас заяасан чадвар хэрэгтэй юу эсвэл хүсэл зориг, боломж хоёр байхад хангалттай юу?
-Эрдэмтэн болохын тулд сод авьяас хэрэггүй болов уу. Шинжлэх ухааныг сонирхдог, дээр нь математикт сайн байхад л хангалттай байх шүү.
-Та номнууддаа “Бурхан” гэж үгийг цөөнгүй хэрэглэдэг. Таны хувьд Бурхан гэж хэн бэ?
-Байгалийн хуулиудыг нэгтгэн нэрлэхдээ би энэ үгийг хэрэглэдэг. Түүнээс биш тэрхүү хуулиудад оролцож, дураараа өөрчилдөг Бурхан гэж нэг мундаг этгээд байдагт итгэдэггүй.
-Сансар огторгуйн үүссэн цэгийг одоо тодорхойлох боломжтой юу?
-Боломжгүй. Сансар огторгуй гэдэг үлээсэн агаарын бөмбөлөгтэй адил зүйл гэх үү дээ. Иймд тэр анхдагч цэг гэж одоо үгүй.
-Сансар огторгуй чухам юунаас үүссэн юм бэ?
-Их тэсрэлтийн өмнө юу ч, огт юу ч байгаагүй. Сансар огторгуй тэсрэлтээс өөрөө бий болсон. Харин түүнийг бүрдүүлэгч матери огт оргуйгаас эрчим хүчний тусламжтайгаар үүссэн гэж ойлгож болох байх.
-Бүх зүйл өөрийн гэсэн зах хязгаартай. Тэгвэл бидний мэдэх сансар огторгуйн цаана хоосон орон зай байна уу, эсвэл өөр зүйл оршдог юм болов уу?
-Үлээх тусам агаарын бөмбөлөг дэх цэгүүд нэг нэгнээсээ алслагддаг даа. Сансар огторгуй ч ийм аргаар тэлж байгаа. Гэхдээ сансар огторгуй нь ямар нэгэн зүйлийн хэсэг нь гэж шууд хэлэх аргагүй. Бас үгүйсгэх ч боломжгүй. Физикчдийн үзэж буйгаар энэхүү тэлэлт тэрхүү хоосон орон зайн шинж чанаруудаас хамааралтай явагдаж буй үйл явц.
-Хэрэв манай нар унтарвал хүн төрөлхтөн дэлхийгээсээ хаашаа нүүх бол?
-Юуны түрүүнд манай нар бүрэн унтартал 5-6 тэрбум жил болж өнгөрнө. Одоогоор бид нэг одны аймгаас нөгөө рүү аялах аргыг олоогүй шүү дээ. Бид хэзээ ч тийм аялал хийж чадахгүй ч байж магадгүй. Ингэж боддог хүн ч олон. Гэвч хүн саран дээр гишгэнэ гэж ердөө 100 жилийн өмнө хичнээн итгэж байлаа. Иймд бид эрэл судалгаагаа үргэлжлүүлэх л хэрэгтэй. Манайд хамгийн ойр одны аймаг Альфа Кентавр 4.3 гэрлийн жилийн тэртээд бий. Тийш хүрэх аргыг хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт олно гэдэгт итгэх л хэрэгтэй.