Баянгол дүүрэг дөрөвдүгээр хорооны иргэн, МАН-ын ахмад гишүүн Р.Пагма
Ерөнхийлөгч өө, Хууль зүйн сайд аа, төрийн түшээдээ миний хүүгийн амь насыг аварч, эмчлүүлэх эрхийг нь олгож өгөөч. Эс тоомсорловол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэж байна. Үнэний төлөө зулын гол болсон түүх байдаг. Би үрийнхээ төлөө амиа өгөх эх хүн. Монголын үрс аз жаргалтай, эрүүл энх байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг үр минь худал, үнэн нь ойлгоход бэрх байдалтай хэлмэгдүүлэлтэд өртөөд амиа алдах гэж байна. Хийсэн гэмтэй юм бол ард түмэнд ил тод гаргаж, эрүүл мэндийг нь хамгаалж, амьд сэрүүн байлгаж байгаад дараа нь яллаач. Тэр хүнд нууцаар цаазлах ял оноохоо болиоч. Тэр хүн чинь гудамжны нэг алуурчин биш шүү дээ. Ард түмний хайрлан хүндэлдэг Монголдоо ихийг бүтээх оюунлаг үр минь.
Миний бие өнөөгийн ороо бусгаа энэ цаг мөчид эх орныхоо бүрэн бүтэн байдал, үр хүүхдийнхээ тавлаг, эрүүл нөхцөл, засаг төрийн ардчилсан эрхэм төлөвшилтөд сэтгэл зовниж явдаг эх хүн билээ. Өнөөдөр манай нийгэм хаашаа яваад байна вэ. Ардчилсан төрт улс мөн үү. Ардчилсан Ерөнхийлөгч байгаа юм уу. Дуртай нь дургиж, дорой нь ядарч туйлдаж байгааг хянадаг, мэддэг эрхтэн дархтан ховордсон юм биш үү. Ард түмний санаа бодлыг сонсохгүй байна. Харин хэрцгий дэглэм тогтлоо. Хууль нь гуульнаас дор болж, зөрчилдөж, зөрчигдөж байгааг мэдсэн ч мэдээгүй царайлдаг. Сайхан инээж, худлаа ярьдаг Ерөнхийлөгчөөс өөр хүн алга. Бид яах вэ. Хуулиа зөв зохистой болгож, ард олондоо үнэнийг дүгнэж цэгнэдгээ харуулах арга байна уу төрийн олон түшээд, Ерөнхийлөгч өө. Ард түмэн чинь эргүү төлөг шиг боллоо шүү дээ. Гишгэх газар, амьсгалах агаарыг нь хар. Үзэж, харах зурагт хүртэл хэцүү. Их хурал нь хэрүүлийн голомт, хурал хаялт, ард түмнийг дооглож тохуурхсан ихэмсэг дарга нарын дүр зураг харагдах юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Цахиагийн хүү Элбэгдорж Хархорин явж байсан. Гэтэл өнөөдөр ардчилсан Ерөнхийлөгчийн сэнтийд заларч бохироор дуудаж байсан улс төрөөрөө тоглоод сууж байна. Танд ард түмэн итгэж хүндэлж сонгосон. Гэтэл өнөөдөр ард түмний үг, хүсэлт танд яагаад хүрэхгүй байна вэ. Манай улс цаазгүй, иргэн нь амьд явах эрхтэй улс. Тэр чинь хэнд үйлчилж, хэнийг гадуурхах хууль вэ. Хууль зүйн сайд болон Ерөнхийлөгч өө хариулж өгөөч гэж хүсье.