Ч.ЗОТОЛ
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Удэ хотноо зохиогдсон Олон улсын эстрадын дуулаачдын “Белый месяц” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож тэргүүн байрт шалгарсан “Universe best songs-2009” наадмын шилдэг оролцогч, дуучин Т.Амина өчигдөр эх орондоо ирлээ. Түүнтэй уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Олон улсын эстрадын дуучдын нэрийн хуудас болсон нэр хүндтэй тэмцээний тэргүүн байрыг хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Уралдааны онцлог юу байв, хэдэн орны дуучин оролцов?
-Баярлалаа. “Белый месяц” уралдаан хоёр жил тутамд нэг удаа зохион байгууллагддаг. Энэ удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, БНСУ , Монгол Улс болон Казахстан, Тува, Якут, Хакас, Ингушет болон Байгаль далайн чанадаас Дагестан хүртэлх Оросын олон муж болон дэлхийн 30-аад орны 67 шилдэг дуучин оролцлоо. Эх орноо төлөөлөн оролцож, улмаар түрүүлсэндээ их баяртай байна. Хамгийн гол нь надад хүлээлгэсэн итгэлийг нь алдаагүйдээ баяртай байгаа. Уралдаанд их төлөв Евро Азийн дуучид оролцдог. Тэр дотроо 18-35 насныхан оролцох эрхтэй байдгаараа онцлог. Оролцогчид бүгд хүчтэй байсан, финалын шатанд н.Төрбатын аялгуу, Эдмоны шүлэг “Дутуу л байж” дуугаараа оролцож тэргүүн байрын шагнал хүртлээ.
-Манай дуучид өмнө нь ямар амжилт үзүүлж байв?
- Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа, гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан С.Сэрчмаа, С.Наран, “Мотив”, “Гурван охин”, “HOTSPOT” зэрэг хамтлаг дуучид амжилттай оролцож ирсэн юм билээ. Хоёр жил тутмын тэмцээнд манай улсыг төлөөлж дуучдаас гадна шүүгчид уригддаг. Энэ удаа “Хөх Тэнгэр”,” Black and White” хамтлагийн үүсгэн байгуулагч, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин, СТА Хүмүүсийн Н.Ганхуяг хүндэт шүүгчээр ажилласан.
-Урлагийнхан өөрийг тань хэрхэн хүлээж авч байна?
-Явахдаа тийм ч олон хүнд хэлж амжаагүй. Ирсний дараа мэдээлэл авч эхэлж байх шиг байна. Урлагийнхан, мэргэжил нэгт нөхөд, найзууд, хамтран ажилладаг уран бүтээлчид маань их сайхан хүлээж авч баяр хүргэсэн.
Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
-2012 оны сүүлчээс өөрийн бие даасан цомгийнхоо уран бүтээлд голлож ажилласан. Цомогт орсон дуу болгонд мэргэжлийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч хичээж зүтгэж ажиллалаа. Тун удахгүй хэвлэлтээс гарна.