А.ЦЭЭСYРЭН
Алтан нарны цацрал атган
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн билэгдэл
Алаг цэцэгс мөнх дэлгэрэг... Ардын уран зохиолч П.Бадарчийн “Цэцэгчний хүслэн” шүлгийн дөрвөн мөртийг залуу уран бүтээлч Ш.Ядамсүрэний усан будгаар амилуулсан бүтээлүүд илтгэх мэт. Усан будгийн өнгөний зохицол гэгчийг үүнээс харж болно. Түүний бүтээлүүдийг ойроос харвал эрээлжилсэн олон өнгө харагдана. Харин зайнаас сонирхон үзвэл өнгө бүр нь уусаад зураачийн санааг сая нэг ойлгох шиг болно. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс “Холоос гоё харагдаж байна. Зайнаас харъя “ гэлцэнэ.
Усан будгийн өнгө холилдсон “In process Mongolia” үзэсгэлэнгийн үүдээр алхмагц өөрийн эрхгүй сонирхол татаж, дараагийн зураг руу яарна. Энэхүү үзэсгэлэнг уран барималч А.Өлзийбаяр, Герман улсын уран барималч П.Крупер, Х.Лак нар хамтран зохион байгуулсан юм. Уран бүтээлийнхээ талаар зураач Ш.Ядамсүрэн хэлэхдээ “ Зургийг хараад шууд ойлгохгүй. Хүнд бодол төрүүлэхийг зорьсон юм. Уран бүтээлийн сэдвээр түгээмэл сэдэв сонгосон. Хэдий тийм ч бүтээлүүд маань орон зай, юмсын мөн чанарыг өөрийн ертөнцөөр гаргаснаараа онцлог болж байгаа юм” гэв.
Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн дунд цөөнгүй гадаад иргэд иржээ. Тэд зураачаас уран бүтээлээрээ юу харуулахыг хүссэн талаар нь лавлаж асууна. Цэцэгсийн ертөнцийг дүрслэхийн сацуу монгол хатад, өнөөгийн Улаанбаатар хотын барилгуудыг бийрээр дамжуулан буулгажээ. Өвөрмөц содон бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх ажээ.