Б.СОЛОНГО

 

ӨМӨЗО-ны Ордос хотноо болж буй 62 дахь удаагийн “Miss World-2012” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа оролцож байна. “Шилдэг өнгө” продакшны жүжигчин, алаг нүдэн ээжийгээ дэндүү гэмээр дууриасан түүнд итгэл хүлээлгэж байгаа хүн олон байна. Дуулж, бүжиглэх авьяастай, гадаад хэлийг эвлэгхэн эзэмшсэн тэрээр тэмцээний эхний шатуудад тун ч амжилттай оролцож байна. Тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцэж, ирэх сарын 12-нд болох загварын тэмцээний эцсийн шалгаруулалтад оролцохоор Шанхай хотод байгаа юм байна. “Miss World-2012” тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт Ордос хотноо ирэх сарын 18-нд болох юм. Охиноо олон улсын нэр хүндтэй тэмцээнд явуулчихаад, цамцных нь захыг мушгин суугаа найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.

 

-Баярмаа дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож байна. Охиндоо хэр найдлага тавьж байна даа?

-Мэдээж сайхан санагдалгүй яахав. Ах нь тэнд байгаагүй болохоор эхний үе шатуудад ямар үйл явдал болсон, охин минь хэрхэн оролцсон талаар үнэндээ мэдээлэл муутай байна. Монгол бүсгүй хүн ямар байдгийг дэлхий нийтэд таниулж байгаад нь юунаас ч илүү баярлаж байна. Ерөнхийдөө мэдээллээр тааруу, “харанхуй” л байна даа. Тийм болохоор наана нь юу юугүй хөөрч баярлах юм алга. Мэдээж амжилттай оролцож байгаа бол сайн  хэрэг. Хамгийн гол нь эцэг хүний хувьд хүүхдээ дэлхийн 100 гаруй орны бүсгүйчүүдтэй уулзаж, нүд тайлж, тэднээс их юм сурч байгаа гэдэгт нь баярлаад байгаа юм. Энэ туршлага нь өөрийнх нь ирээдүйд ч хэрэгтэй.

- Ордос хотыг зориход нь аав нь юу гэж захисан бэ?

-Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээн 62 дахь удаагаа болж байгаа юм билээ. Desoft студийн тавьсан саналыг эхнэр бид хоёр хэлэлцээд явуулъя гэж шийдсэн. Гэхдээ тэмцээнд оролцож, амжилт гаргана гэж хөөрөхөөс илүү юм сураад, нүд тайлаад ирэг гэж бодсон. Олны өмнө тоосоо гөвөөд үзэг. Үе тэнгийнхнээсээ суралцаад ирэг. Өнөөдөр дэлхийн залуучууд ямар чиг хандлагаар хүмүүжиж, юу мэдэж сурч, юунд тэмүүлж байгааг мэдрээд ирэх болсонд нь олзуурхсан юм. “Агтын бийд газар үз. Аавын бийд хүнтэй танилц” гэсэн сайхан үг бий шүү дээ. Гэр бүлтэй болчихоогүй байгаа дээрээ дэлхийн соёлыг үзээд ирэг. Гэр бүлтэй болж, амьдрал зохиочихвол амжихгүй.

-Өлзийхүү эгч явахад нь бэлтгэл сургуулилтыг нь хэр хийлгэсэн бэ?

-Ээж нь бүсгүй хүнд байх ёстой зан чанаруудыг хэлж өгдөг юм. Хоорондоо нарийн ширийн юмаа ярилцаад зөвлөлдөж байгаа харагддаг. Ах нь тэр болгоныг нь мэдэхгүй шүү дээ. Аавын зүгээс бол “Нэрээ хичээгээрэй. Чи ганцаараа энэ тэмцээнд оролцож байгаа юм биш. Улсаа төлөөлөн оролцож байна. Тийм болохоор хувиа хичээж огт болохгүй. Чамаар дамжиж Монголын ард түмнийг үнэлэх үнэлэмж гарна. Хэрэв хүмүүс чамд итгэл хүлээлгээд чадна шүү гээд явуулж байгаа бол чадах л хэрэгтэй” гэж хэлсэн.

-Та хоёр сүүлийн шалгаруулалтыг очиж үзэх үү?

-Хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн ажлын байдлаас шалтгаалах байх. Бид энд олон залуу уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна. Залуусынхаа хийж, бүтээж байгаа ажлыг орхиод амин хувийн асуудлаа бодоод явчихаж болохгүй шүү дээ. Тэгэхээр байдлаас л болох байх.

-Баярмааг жүжигчин болоход та хоёр нөлөөлчихөв үү. Өөрийнх нь сонирхол байсан уу?

-Үгүй шүү. Ёстой өөрийнхөө хүслээр л явж байгаа хүүхэд дээ. Уг нь жүжигчний ангид орно гэхээр нь бид хоёр дургүй байсан. Өвөө нь хүртэл дургүй байсан. Манайх олон үеэрээ урлагаар хүмүүжсэн айл болохоор охиноо хэлний боловсрол тал дээр нь илүү анхаарахыг хүсч байсан юм. Даанч өссөн орчин нь урлаг юм даа. Ээж нь ажил руугаа дагуулаад л явна. Дооёо, Онон, Баярмагнай, Мөнхсайхан гээд бүгд л манайд ирж ажил ярина. Хамтдаа бэлдэнэ, инээж хөхрөлдөнө,маргана.

Тэр бүхнийг хараад, урлагт дурлаад өсчихсөн хүнийг яалтай билээ. “Би урлагийн хүн болно” гээд л зөрүүдэлсэн. Гурав хоног уйлж хэвтсэнийхээ хүчинд урлагийн сургуульд орсон хүн дээ миний охин. Энэ жил сургуулиа төгссөн. СУИС-ийг жил бүр олон хүн төгсч байна. Тэдэн дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг од, аз, хишиг тохиохтой адилхан гэж боддог.

-Баярмаагийн зан чанарын талаар яриач. Зорьсондоо зүтгэдэг зантай гэж танилцуулах хуудсанд нь бичсэн байсан?

-Хичээлээ хийж байгааг нь харахад их л махруу юм шиг санагддаг. Арван жилийн боловсролд англи хэлийг сүрхий сайн заадаггүй шүү дээ. Харин Баярмаа өөрөө оролдож байгаад англи хэлээ сайжруулаад авсан. Харин дүрмэн дээрээ л жаахан асуудалтай байгаа юм. Тэнд очоод олон орны хүнтэй танилцаж, хэл амаа төвөггүй ололцоод байгаа сурагтай. Ер нь нэг юманд зүтгэхээрээ тууштай шүү.

-Охиноо хошин урлагт зүтгэж байгаа талаар та юу боддог вэ. Магадгүй драмын чиглэлээр ажиллуулах бодол байдаг уу?

-Би урлагийг драм, хошин гэж ялгах дургүй. Одоохондоо драмын чиглэлээр бүтээл хийж байгаа нь УДЭТ байна. Тэр том газарт орж ажиллана гэдэг мэдээж нэр төрийн хэрэг. Харин хошин урлагийнхан энэ салбарт жинхэнэ өөрсдийн хөдөлмөрөөр амжилт олж байгаа. “Зогсвол зоос, хөдөлвөл хөлс” гэсэн зарчим бидэнд үйлчилдэг юм. Багахан л сул зогсолт хийвэл унах нь амархан. Тиймээс энэ салбарт ажиллана гэдэг мэргэжлийн урлагийн байгууллагад байгаагаас ялгаагүй. Хошин урлагийнханд өөрсдийн гэсэн байр байхгүй нь хамгийн хэцүү асуудал. Тоглолт хийх болоход тайз хүртэл олдохгүй. Өндөр зохион байгуулалт, ур чадвар шаарддаг. Тэгэхээр энэ салбарт ажиллахад миний охин зэврэхгүй байх. Хошин урлагийн салбар урлагийн бизнес дотроо хамгийн амжилттай явж байгаа нь. Нийгэм сүүдэр ихтэй байгаа энэ үед хүмүүс стресссээ тайлахын тулд инээх дуртай болсон. Тэрнээс биш бид жүжиг хийж чадна. “Х түц” продакшн “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг уран бүтээл хийж байсан. Манай продакшн “Дурлалын сум”, “Үнэнээ хэлээч”, “Амьдрал өөрөө хичээл” зэрэг олон жүжиг хийсэн. Хэлээд байвал жишээ олон. Бидний хамгийн сүүлд хийсэн “Амьдрал өөрөө хичээл” гэдэг жүжиг аавынх нь зүгээс охиндоо барьсан бэлэг болсон доо. Миний охин, бас ангийнхан нь тоглосон юм.

-“Шилдэг өнгө” про­дакш­ны сүүлийн үеийн уран бүтээлээс танилцуулаач?

-Манай хамтлагийн­хан ажил ихтэй байгаа. Сая наадмаар “Бэр гуйсан нь” мюзиклээ үзэгчдийн хүртээл болгосон. Мөн “Оройтсон бороо” теле зохиомж хийлээ. Өнгөрсөн зун хийсэн уран сайхны кино маань ирэх сарын 20-ноос дэлгэцэнд гарах гэж байна. Энэ зун бас киноны ажилтай байгаа. Хажуугаар нь намраас эхлэх хошин тоглолтуудынхаа бэлтгэлд орчихсон байна даа.