Х.МОНГОЛХАТАН

“Ижий эх орон” нэртэй бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 7-нд хийхээр төлөвлөж буй эгч дүү хоёр Хишгээгийн нэг болох Соёлын тэргүүний ажилтан дуучин Ж.Хишигсүрэнг дугаарын зочноор урьж ярилцлаа.

-“Ижий эх орон” гээд сайхан дуугаараа тоглолтоо нэрийджээ. Эхчүүд, эмэгтэйчүүдийн магтаал гэж ойлгож болох уу? 

-Олон улсын эмэгтэй­чүүдийн баярыг тохиол­дуулан хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Д.Цэцэр­лэгийн ая, Е.Чулууны үг “Ижий эх орон” нэртэй шинэ дуугаа дүү Ж.Хишигдэлгэртэйгээ хамтран дуулсан.

Энэ сайхан дууг дуул­сандаа баярлан би­лэг­шээж байгаа. Дууныхаа клипийг “XIII зуун” цог­цолборт хийсэн. Монгол ахуйг, энэ сайхан эх орноо харуулсан. Өөрсдөө эртний хатдын хувцсыг өмсөөд зураг ава­хуулж байхдаа омогшиж, бахар­хаж байлаа.

Эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэн, сүр жавхлантай, ихэмсэг ха­рагдуулдаг гайхалтай хув­цас гэдгийг мэдэрсэн. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан клип болсон. Өнөөдрөөс теле­ви­зүү­дээр цацагдаж эхэлнэ. Хүн бүр ээжийгээ эх орон­тойгоо зүйрлэдэг. Тиймээс бид хоёр дуу­гаараа омог­шиж, хатан ухаант эхчүүд, эмэг­тэйчүүддээ зориулан “Мартын-8”-ны урд өдөр хоёр хэсгээс бүрдсэн “Ижий эх орон” тоглолтоо хийх гэж байна.

-Та хоёрыг “эгч дүү Хишгээ” гэдэг. Харин хаана, ямар байгууллагад харьяалагддаг уран бүтээлчид болохыг мэдэх хүн цөөн байх?

-Бид чөлөөт уран бүтээлчид. Би 2006 онд СУИС-ийг ардын жү­жиг­чин Б.Жамъяанжав багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн мэр­гэжлээр төгссөн. Харин дүү Ж.Хишигдэлгэр маань 2010 онд энэ ангийг гавьяат жүжигчин А.Дашпэлжээ багшийн удирдлага дор төгссөн. Сургуулиа төгс­сөнөөсөө хойш дүүтэйгээ хамтран уран бүтээлээ хийж Япон, Хятад зэрэг оронд тог­лосон.

-Уран бүтээлээ ямар чиглэлээр хийж байна?

-Уран бүтээлээ аль болох мэргэжлийн төв­шинд хийхийг хичээдэг. Энэ нийгэмд ямар чиглэл, урсгалын дуу дутуу байна гэдгийг эрэлхийлж нэгэн хэвийн уран бүтээлээс зайлсхийдэг.

Аль болох мэргэжлийн попопера чиг­­лэлээр дуулдаг. Тий­мээс тоглолт маань хоёр хэсгээс бүрдэж байгаа юм. Эхний хэсэг Монголын мэргэжлийн түвшинд дуу­лагддаг дуунуудаас бүр­дэнэ. Хоёр­дугаар хэсэгт гадаадын сонгодог, попо­перо чиг­лэлийн дуунууд дуулна.

-Яагаад аль нэг бай­гууллагад ажилладаггүй юм бэ. Чөлөөт уран бү­тээлч байх нь илүү байна уу?

-Сургуулиа төгссө­нөөсөө хойш ДБЭТ-т орох хүсэл мөрөөдөлтэй явсан ч сапрон хоолойны орон тоо байхгүй гэсээр өдий хүрч байна. Тиймээс нэгэнт энэ мэргэжлийг сонгосон, хүсэл мөрөөдөлтэй учраас өөрийнхөө төлөө өөрөө л явах ёстой гэж үзээд 2006 оноос хойш уран бүтээлээ хийж ирлээ.

-Энэ хугацаанд хэр олон уран бүтээлтэй болов. Цомог гаргаж, хоёр ч тоглолт хийгээд амжсан байх аа?

-Бидний урын санд 80 орчим дуу бий. Бид хоёр “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн тавдугаар уралдаанд орол­цоод Нансалмаа, Хорол­маагийн дүрээр дэд, тэр­гүүн байрын шагнал эзэл­сэн.

Түүний дараа 2009 онд ДБЭТ-ын тайзнаа хоёр багшийгаа оролцуулаад “Учиртай гур­ван толгой” дууриар анхны тоглолтоо хийсэн. 2010 онд “Бодол шиг өдрүүд” нэртэй хам­тарсан шинэ цомгоо гар­гаад, цомгийн баяр болгон хоёр дахь бие даасан тог­лолтоо “Аса” циркт хий­сэн. Удахгүй гурав дахь тог­лолтоо үзэгчдэд хүргэ­хэд бэлэн боллоо. Хоёулаа тус, тусдаа цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Дүү Ж.Хишигдэлгэр маань попопера чиглэ­лээр, би Монголынхоо сонгодог дуунуудаар цо­мог гаргах гэж байна.   

-Ихэнх дуучид эрэгтэй, эмэгтэйгээрээ хослон дуулдаг. Харин та хоёрын хувьд эгч дүү дуучид гэдгээрээ онц­логтой. Яагаад дүүтэйгээ хамтрах болов?

-Бид гурав, таван настайгаасаа хамт дуулж эхэлсэн. Аав, ээж минь хэдий урлагийн хүмүүс биш боловч биднийг ур­лагийн замд хөтөлж оруул­сан. Дүү маань хуульч мэргэжилтэй хэдий ч со­нирхлоо даган СУИС-д суралцсан. Хамтдаа “Учиртай гурван толгой” уралдаанд амжилттай орол­­­цож, ДБЭТ-т тог­лолтоо хийснээсээ хойш хамтран уран бүтээлээ хийх болсон. Бидний анхны хамтарсан дуу “Бодол шиг өдрүүд” юм.

-Эгч дүүс хамтран дуулахад ололттой тал олон байдаг биз. Харин хэцүү зүйл байх юм уу?

-Эгч дүүс юм болохоор бие, биенээ маш сайн ойлгоно. Гэхдээ би мэр­гэжлийн сонгодог дуу­нуудад дуртай байхад дүү маань поп чиглэлийн дуу дуулах гэнэ. Гэвч сайхан уран бүтээл хийхийн тулд эцсийн зорилго нэг учир аль болох сэтгэл нэгдэн хамтран зүтгэдэг. Мэр­гэжлийн түвшний, ча­нартай дуу хийхийн тулд цаг хугацаа их зарцуулдаг.

-Гадаадад очиж тог­лодог гэсэн. Ямар шу­гамаар явдаг юм бэ?

-Бид Эзэн хааны шагнал гардуулах ёслолд дуулахаар Японд уригдсан юм. Гэтэл тэнд бидний тоглолтыг үзсэн хүмүүс олон газраас ирж дуулаач гэж урьсан. Хонда группийн 30 жилийн ойн арга хэмжээнд хүртэл дуул­сан. Тэнд өөрсдийн уран бүтээлүүдээс гадна, гадаадын сонгодог бүтээл ари, романс дуулдаг. Монголынхоо сонгодог урлаг болсон уртын дуугаа ч сонирхуулдаг. Уран бү­тээлч хүмүүс бүх жанраар дуулдаг хөрвөх чадвартай байх ёстой. Тиймээс хичээж л байна.

-Охид нь хамтдаа уран бүтээл хийгээд олон сайхан уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаад аав ээж, гэр бүлийнхэн нь баярлаж, бахархдаг байх?

-Аав минь бурхан болсон. Ээжийгээ олон сайхан дуугаараа баясгаж явахыг хичээдэг. Бидэнд үнэтэй зөвлөгөө өгдөг үнэнч зөвлөгч бол ээж минь юм. Бид эхээс гур­вуулаа. Бид хоёрын доор нэг эрэгтэй дүү бий. Дүү маань бас ижил мэр­гэ­жилтэй. СУИС-ийг дуурийн дуулаачийн мэр­гэжлээр Ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгссөн.     

-Гурван хүүхэд нь гур­вуулаа дуурийн дуучин гэхээр танай удамд энэ авьяасыг өвлүүлсэн дуучин байжээ?

-Манай ээжийн ээж дуучин хүн байсан. Аав маань ч дуулж хуурддаг, бөх барилддаг мундаг хүн байсан даа. Мэдээж удам дамжсан авьяас бидэнд өвлөгдсөн байх.

-Айлын том охин амьд­ралын гараагаа хэрхэн эхлэнэ, дүү нар нь дагадаг гэдэг. Таны хувьд ур­лагийн хүн болох сон­голтыг хэзээ хийсэн бэ?

-Би багаасаа л дуучин болох хүсэлтэй охин байлаа. Тиймээс өөр мэр­гэжлийн тухайд огт бодож байсангүй. Багынхаа мө­рөөдлийг биелүүлж СУИС-д шал­галт өгсөн. Тэр үед уртын дуу, эстрад дуу, опера гэсэн гурван анги байсан. Эстрад дууны ан­гид нь шалгуултал намайг анги андуурсан байна гэ­сэн. Тэгээд оперо ангид нь тэнцсэн. Миний хоолойн тавилт оперо чиглэлийнх байсан юм билээ.

-Уран бүтээлч хүнд олон сайхан мөрөөдөл, зорилго байгаа байх. Та хоёр тус тусдаа уран бүтээл хийх бодол байна уу?

-Мэдээж уран бү­тээлээ хийгээд явна. Монголын урлагт, энэ нийгэмд ямар жанр дутуу байна, түүнийг нь эрэлхийлж, олж хүмүүст хүргэхийг хичээнэ.

Мөн зөвхөн уран бүтээлээрээ амьдрах хэцүү учраас хувийн бизнес хийх бо­долтой байгаа. Уран бүтээл хийхэд чамгүй мөнгө шаар­дагддаг учраас өөрсдөө олохыг бодно доо. Тэгэхгүй бол нэг уран бүтээл хийх гэж ах дүүсээ гуйж, тэдний дэмжлэг тусламжаар босгодог юм.

-Урлагийн хүний жаргал юундаа байдаг юм бол. Та дуулж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Ер нь урлагийн хүн гэдэг өөрийнхөө хийж буй уран бүтээлээс авч болох бүхий л гоё сайхан зүй­лийг мэдэрдэг. Урлагийн хүн байна гэдэг асар их хариуцлага. Эхний ээл­жинд ур чадвараа хөг­жүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна биеийн галбир, гоо сайхандаа ан­хаарах хэ­рэгтэй юм.

Мэдээж хэцүү үе бас байлгүй яах вэ. Шантрах үе ч бий. Заримдаа дуугаа дуулж чадахгүй үе то­хиолдоно. Дуучин хүн чинь үргэлжийн мөнх дуугаа гоё дуулна гэж байхгүй.

Бид хоёр ч бас дуурийн дуулаачийн мэр­гэжлээр төгссөн болохоор мэргэжлийн том дуу­нуудаа сайн дуулахыг эр­мэлзэж, өөрөөсөө их хүч гаргадаг. Гэхдээ тэр зо­воож дуулсан дууныхаа ард гарахаараа их аз жар­галтай болчихдог. Тэр дуу­гаараа хөглөгдөж, энерги авч явдаг даа.

-Уран бүтээлч хүний ар гэр үүрэг хариуцлага өндөртэй байдаг. Та гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Нөхөр охины хамт амьдардаг. Нөхөр маань уртын дууны багш. Одоо мэргэж­лээрээ ажиллаж байгаа. Миний хань мэр­гэжилдээ үнэнч даруухан хүн байдаг.