Ж.МӨНХ-ОЧИР

Дуу хуурын өлгий Дундговиос алдар гавьяатны өлгий Булган хангайд ирж аж төрөн суугаа  гавьяат жүжигчин Н.Дагийранз гуай сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол хүртлээ. Булган нутгийн алдартнуудын нэг болсон түүнтэй  ярилцлаа.

 

-Униарт говийн унаган хүү яаж яваад урлагийн хүн болсон билээ?

-Дундговийн хамгийн урд Өлзийт хэмээх өгөөж хишгээ хайрласан сум байдаг. Өөш манхны говь, Дэл, Хөнжил, Хонгор хайрх­наар нутагтай “Хоёр­дугаар таван жил” нэгдлийн сүргийн бэл­чээр, гол усны ахан дүү­сийнхээ дунд бурхан багш, буянт буурлуу­дын­хаа заяасан авьяасаар би дуулж хуурдаж өссөн хүн. Урлагийн тайзны хувьд  цэргийн алба хаачихаад хожуухан хөл тавьсан даа. 1957 онд аймгийн клубт ороод, удалгүй клуб маань соёлын ордон болж бидний урлаг соёлын ажил өргө­жиж би ч хөгжин дэвжих боломж нэмэгдсэн. Мон­голын залуучууд, оюутны анхдугаар  их наадам боло­ход аймгаа төлөөлөн орол­цож алтан медаль энгэр­тээ гялалзуулсаар буцсан. Өөрөө ч омогшиж өрөөл бусад маань ч намайг он­ги­роох янзтай. Жүжигт тоглох боллоо. Анхны маань дүр “Дэнлүүний баяр”-ын  сохор Ямато. Дажгүй болсон гээд л дарга найруулагч маань магтаж, үзэгчид ч ам сайтай хүлээн авсан.

-Алдрын зам тань ин­гээд аймгийн клубээс эхэлжээ?

-Тэгсээн, аймгийн­хантайгаа концерт, жү­жигт тоглон хөгжилдөж хөгжин дэвжиж долоон жил болсон. Жаран гурван онд шиг билээ, кино үйлд­вэрт очиж нэг хонхорт л байж байгаад тэтгэвэрт гарсан даа.  

-Таныг киноны Дагий­ранз гэхэд болох байх. 30 гаруй дүр бүтээсэн хэмээн нэг сонинд бичсэн байсан?

-Кино үйлдвэр, кино дэлгэц бол миний амьд­ралын түүх. Хүмүүсийн хэлдэгчлэн хоёр дахь гэр маань гэсэн үг. Анхных гэвэл “Тус биш ус”, “Агуйн нууц” гээд л үргэл­жилсэн. Говийн эвлэлийн үүрийн Борын тухай чинь юу билээ, аа тийм “Талын цуурай”-гийн нахиу Нам­хай гэж, Дэл Хөнжлийн Дэлэгсамбуу хэмээх жин­хэнэ “дайсан”-даа тогло­сон. За тэгээд л “Хонины найр”, “Хоньчин Най­дан”, “Бүлээн нурам”, “Хил дээр”. “Хүний мөр” гээд олон доо, олон. Тэт­гэвэрт сууснаасаа хойш ч гэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, хязгаарын харуулын өвгөн, японтой хамтарсан нэг кино зэрэг цөөвтөр шинэ уран бүтээлд оролцсон.

-Жүжигчдэд хайртай дүр гэж байдаг гэсэн?

-Дүр бүтээнэ гэдэг хүү­хэд төрүүлж өсгөн өндийл­гөхтэй адил гэж ярьдаг. Тэгэхээр эцэг, эх хүн хүүхэд бүртээ хайртай байдаг биз дээ. Ухаан бодол урлах арга дүйгээ­рээ  “өлгийдсэн” дүр бү­хэн хөдөлмөр, сэтгэл шин­гэсэн бүтээл маань байдаг. Тэдгээрийнхээ дундаас арай ахиу санаа тавьж хүч хөдөлмөр, ур ухаан зарж, “хөлс” гар­гаж, олны таашаалд хүрэ­хээр бүтээсэн дүр маань сэтгэлд илүү дотно байдаг л даа. Жүжигчид бид чинь үзэгчид, шүүгчидтэй шүү дээ. Олон түмний яриа, үнэлгээгээр “Хонины найр”-ын бригадын дарга Бадарч гээд нэрлээд бай­вал овоо дүр  нэлээн их.

-Хамгийн их хөдөлмөр сэтгэлийн тэвчээрээр бү­тээ­сэн дүрээ нэрлэнэ үү?

-Явган нүцгэн явсан, үйл явдал нь жаахан ши­рүүн, халуухан нь гэвэл “Бүлээн нурам” шүү дээ. Нэлээн “тарчилсан” даа.. Угаасаа тоглох дурамжхан байлаа. Яая гэхэв, тогло гээд шахаад байхаар үзээд авсан, Зохиолд ямар л зүйл үйлдэж хийх, үзүүлж ха­руулахаар орсон байна, жүжигчин хүн чинь тэр бүхнийг гүйцэтгэх л учир­тай юм хойно, ёсоор нь л болгосон.,

-”Уул усны үр сад” кинонд мөн нэлээн тулган шахуулж тоглосон сураг байдаг даа?

-Тэр чинь наян онд дэлгэцнээ гарсан юм. Дуу ч оруулсан. Найруулагч маань чи өөрөө баян Жу­найд тогло гэдэг юм байна. Тэгэхээр нь би жижигхэн биетэй, бас туранхай ийм хүн тэр баян тарган хүний дүрд тохирохгүй. Өөр хүн тоглуул гээд шуудхан хэл­чихдэг байгаа. Миний үгийг авдаггүй. Үгүй ээ хө, чамаас өөр тоглуулчихаар хүн алга. Чи чадна гэдэг юм байна. Нэг бодлын итгэл, нөгөө утгаараа даал­гавар гэсэн үг. Ингээд яахав, тоглосон л доо. Тэр Жунайн  дүр нэлээн сонин л доо. Нэгэн бодлын зөө­лөн, нөгөө талаар ширүүн, бас мангардуу өвгөн.  Га­даад дүр төрх, ер нь надтай ойролцоо, ааш зан ч мөн тиймэрхүү. Найруулагч хүн тийм л  ажигч, гярхай, сүрхий шүү. Жунай өвгөн, “Чи нойтон сормуустай амьтан гаргаагүй, хормойн  бузар шингэсэн эм” гэж эвгүй үг хэлэх учиртай. Зохиол нь тийм хойно, зөрөх аргагүй. Эх, эмэгтэй хүнд хандаж тэр үгийг хэлэх гэж их сандарсан. Миний биш зохиолчийн үг шүү гэж бодоод л хэлж орхисон. Хүмүүс сайн хү­лээж авсан. Миний сай­ных биш зохиолд эгзэгтэй үгийг хэрэгтэй газар хэ­лүү­лэхээр онож шигтгэ­сэн байж, би яахав дон­жийг нь дүйцүүлээд түү­нийг нь хэлэхчээн болсон юм.

-Монголын кино ур­лагт таны оруулсан нэг чухал давтагдашгүй сан хөмрөг бол олон уран бүтээлийг “амьдруулсан” дуу оруулалт яах аргагүй мөн дөө?

-Ээж минь бурханд залбирч харчгар туранхай хүүдээ нэг чухал “хувь” өгүүлж хүмүүсийн сэтгэлд нийцсэн дуу хоолой “өмч­лүүлжээ” гэж баярладаг.

-Цахиур Төмөрийн аргил сайхан дуу хоолой, дүр байдал, намба төрхөнд нь ямар сайхан дүйцсэн гээч?

-Өрөөндөө сууж бай­тал Сундуйжав пид пад, пид падхийн хар эрчээрээ орж ирээд намайг харца­гадаж аван хэд өргөж хөөр­гөөд диваан дээр лагхий­тэл тавьчихлаа. Бөөн баяр хөөр. Лодойдамбын үгээр урласан цахиур Төмөрийг Налайхын уурхайн ерөн­хий нягтлан бодогч Сун­дуйжав шилийн сайн эр гэж ийм л хүмүүс байсан байх гэж бахархахаар сай­хан дүр төрхөөр кино дэл­гэцнээ бүтээсэн л дээ. Би өөрт заяасан хоолойгоороо дууг нь оруулсанд тэгтлээ баярласан хэрэг. Тэр үед чинь жүжиг киноны уран бүтээл олон “даваа” давж үзэгч олондоо хүрдэг. Түү­ний нэг нь уран сайхны зөвлөлийн хурал байлаа. “Тунгалаг тамир”-ын зу­раг авалт, эвлүүлэг, дуу оруулалт гээд олон шатны урт хугацааны ажил нуга­ларч эцсийн даваа буюу уран сайхны зөвлөлийн “шүүлтүүр”-т орсон юм. Би яагаад ч билээ, түүнд суугаагүй. Сундуйжав:

-Ёстой догь. Миний дууг ямар сайхан оруу­лаав. За жилд нэг тэвш нүүрс авч байгаарай гэж байна. Би тэвш бүү хэл ганц шуудай нүүрс түүнээс авч үзээгүй. Их л баяр­ласан хэрэг. Үзэгчдийн маань санаанд ч хүрсэн байна лээ. Үг яриаг нь хэлэхийн зэрэгцээ “Эр­дэнэ засгийн унага” хэ­мээх дууг нь дуулсан. Хо­жим нь “Молиг Очир”-ын кинонд гээд олон удаа хамт явсаан. Одоо л хий­мэл шүдтэй, хэл тультраа болчихоод байгаа болс­ноос биш хаш цагаан шүд­тэй явахдаа дуулах дуутай, ярих хэлэх үгтэй,, ярдаг­лал, янцаглалтай бүгдийг нь амжуулдаг байлаа.

-Киноны аль нэг дүрд өөр хүн тоглоод үг хэл, дууг нь та оруулж хамтын хөдөлмөрөөр бүтээсэн олон кино бий байх аа?

-Би өөрөө тооцсон данс бүртгэл байхгүй. Ма­най киноныхон 200 гаруй хэмээн ярьдаг байсан.

-Кинонд дуу оруулахад хэцүү, хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?

-Үгүй дээ, үгүй. Ялан­гуяа “Тунгалаг тамир”-т бол бүр амар байсан. Зо­хиолч тийм том хүн юм чинь. Илүү дутуугүй, эвийн цавуугаар наачих­сан юм шиг л хап гээд явчихна. Харин орчуулгын немц, япон, дарга, генерал хүмүүсийн яриаг оруу­лахад тиймхэн байдаг.

-Михаил өвгөний яриа чихэнд наалдацтай, сэт­гэлд нийцтэй сайхан шүү?

-Аа, “Үер”-ийн үү? Болд Михаил хоёр голын захад суучихсан. Хажууд нь ууж байсан архины нь лонх.хэвтэнэ. Хоёр өвгөн халамцчихсан.

-Минии хүү, хүрээд ир.

-Аав аа, энэ юу юм?

-Аа, энэ лонх гэдэг юм

-Аавын нүүр яагаад улайчихаав?

-Аав нь уу, угаасаа улаан царайтай юм чинь..Аав хүү хоёр болно доо, болно. .  .  .

Хэн ч харваас амьд­ралын хүнд хэцүүд сөгдөж нугаралгүй хат суусан түүний энэ яриа үзэгчдэд төдийгүй миний санаанд мартагдалгүй одоо ч бодогдож явдаг юм.

-Аймгийн клубын бяц­хан тайзны жүжгээс эх­лээд кино дэлгэцийн олон бүтээлдээ юуг эрхэмлэс­нээр олны сэтгэлд шин­гэсэн сайхан дүрийг  бүтээж байв?

-Би оросоор ганц нэг үг хэлчихдэг хүн. Характер гэж ярьдаг даа. Юмны намба төрх мал гэхэд мор­доход ямар ааш авир гар­гаж мэдэхээр байна гэд­гийг сайн ажиглаж мэдэх хэрэгтэй байдаг. Манай киноныхны хэлдгээр бол дүрээ судлах нь чухал. Зохиолч үгээр урласан дүрийг амьдралтай холбож Төмөрийг түмэн олныхоо дунд байдаг Төмөр болго­ход л санаа бодлоо зарах шаардлагатай. Ямар ч дү­рийг сэтгэлээрээ бүтээх юм шүү гэж өөртөө “үүрэг даалгавар” өгдөг. Тэрхүү “даалгавар”-аа овоо бие­лүүлж иржээ. Энэ чухал одон медаль, алдар хүнд­лэл бол тэр бүхэнд тавьсан дүн гэж хэлж болно.

-Үг олдож үхэр холд­лоо гэдэг дээ. Гэхдээ нэг зүйлийн талаар таны үгийг сонсохсон хэмээн олон түмэн хүлээж байгаа даа?

-Өө, морин хуур, до­мог, ерөөл магтаалын талаар уу?

-Яг тийм. Дундговийн айл бүр морин хууртэй гэдэг дээ?

-Нутгийн зон олноо дагаж дууриаж яваад л морин хуур эгшиглүүлдэг дөртэй болсон юм. Монголын залуучуудын их наадмаар 1959 онд “Хө­хөө Намжилын домог”-оор, 1962 онд “Уулган шарын домог”-оор алтан медаль авч байлаа. Радио­гийн сан хөмрөгт орчих­сон. Одоо хүртэл л Mонго­лын радиогоор явж байх юм. Сайхан л санагддаг. Олон уралдаан, тэмцээн, наадам, шалгаруулалт, тоглолтод оролцсон. Мо­рин хуурын аялгуунд до­мог, ерөөл хэлэх сайсан шүү.

-Морин хуур бол Мон­голын нэрийн хуудас буюу брэнд болсон соёлын нэг өв яах аргагүй мөн шүү?

-Тэгэлгүй яахав, хоёр­хон чавхдасаар хорвоог уяртал эгшиглүүлдэг Мон­голын уламжлалт соё­лын нэг. Дэлхийн соёлын өвд оруулаа биз дээ. Гэтэл энэ чухал зүйлээ монголчууд болохоор үл тоодог гэхэд ч хаашаа юм, үнэлж цэгнэхэд муу ан­хаардаг болсонд сэтгэл дундуур явдаг. Манай Ерөнхийлөгч нарын хэн нь билээ сэргээе, айл өрх, байгууллага бүр морин хуураа залъя хэмээн зар­лигласанд баярладаг. Гэх­дээ санаанд хүртэл өргө­жиж өрнөхгүй л байна.

-Танд энэ талаар бодож санаж явдаг зүйл их л бий байх?

-Өвгөн би бодохоос цаашгүй. Заримдаа үлгэр шиг юм бодож сууна л даа. Багаас нь сургах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл гэж ор­догсон. Хэвээр болов уу. Тэр хичээлийн зонхи­ло­хыг нь морин хуур сурга­хад чиглүүлээсэй. Нөгөө олон дугуйлан секцийн тоонд морин хуур ордог болов уу. Томчуудад ч гэ­сэн сургах, эзэмшүүлэх олон янзын ажил байж болно оо доо. Хамт ол­ноороо морин хуур сурсан байгууллага шалгаруулдаг байвал ямар вэ. Жил бүр аймгийн шилдэг морин хуурч, шилдэг морин хуу­рын хамтлаг тодруулж өргөмжлөл олгодог журам гаргаасай. Морин хуураар үлгэр домог хайлж адуу янцгаалгаж, бух урам­дуулж ингэ буйлуулж, заримдаа хүн яриулж бай­гааг дүрслэн хөгжилдүүл­дэг элдэвтэй авьяастан байдаг шүү дээ. Морин хуурчдын тоглолт бэлтгэ­вэл иргэд үзэх байх шүү. Булган аймгийн Засаг дарга “Морин хуур” гэсэн хөтөлбөр боловсруулж бай­гаа сураг дуулдсан. Оновчтой зүйл тусгаад эрчимтэйхэн хэрэгжүү­лээ­сэй хэмээн бодож суу­на. Айл өрх бүр морин хуур залдаг болох яриа байдаг юм. Гэрийнхээ хоймор, өрөө байрныхаа нэг ха­нанд өлгөж билэгдэл бол­гох нь гол биш эгшиг­лүүлж эзэмшиж сурах хө­дөлгөөн өрнүүлмээр бай­на. Сурсан юм болохоор би хүүхэд залуучуудад зарим зүйл хэлж зааж өгөх сөн гэх бодол байдаг л юм. Өөрөө тэгье, ингэе гээд явахаар хөгшин хэнхэг гэнэ биз дээ. Аймаг, сумын зарим удирдах хүмүүст хэлж л байсан.

-Энгийн дотно сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Ардын гэрт төрж өсөөд ард олныхоо дунд мал маллаж, ардынхаа урлагтай ажил үйлсээ холбож амьдралын он жилүүдээ үдсэн өвгөн би 83 насныхаа гараан дээр ардын жүжигчин энэ хүндтэй цол хүртсэнд маш их  баяртай сууна.