Чой.БАТТУЛГА
“Нүүрс одоогоос 1-400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан үлдэгдэл юм… Нүүрсийг нүүрстөрөгчийн агууламжаар нь дөрөв ангилдаг. Энэ нь чулуун нүүрс, битүм нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай нүүрснээс кокс гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгаруулдаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж”. (Баабар” Тавантолгой” нийтлэлээс)
“БАГАБАНДИ” YГ
Оюутолгой, Тавантолгой-Энэ бол эцэг өвгөдийн минь ариун цусаараа “тамгалсан” ариун дагшин газар, асар их баялаг, асар их мөнгө...
Тавантолгойн галт тэрэг зогсоолдоо зогсч байна. “Маршрут” нь тодорхой болсон хэдий ч “машид сайн шалгах”, магадгүй бүр зогсоох эрх Монголын ард түмэнд бий. Хэрэв буруу замаар “нүүрс”-ээ тээвэл буцахдаа шороо тээнэ.
Нэн ялангуяа эх оронч бус, “гарал үүслийн гэрчилгээгүй” зарим нөхөд, улс төр бизнесийн бүлэглэлүүд гаарч байгаа энэ үед Монголын ард түмэн бид Тавантолгойн асуудалд тун болгоомжтой хандах хэрэгтэй юм. Уул уурхайн баялгийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд тараах нэрийдлээр цаана нь хичнээн хэмжээний баялгийг хулгайлахаар санаархаж, тооцоолж байгаа бол...
Монголчууд бид мэдэхгүйгээсээ, мэдээлэлгүйгээс, мэдэхгүй байж мэддэг юм шиг царайлдагаас, хальт хульт мэддэгээ хаа хамаагүй дэвэргэдгээс болж алдаж байна.
“ГОЛОГДСОН” ТАВАНТОЛГОЙ
Уг ордыг Хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Их Шанхай уулын ойролцоо Өгөөмөр уулын баруун хойд үзүүрт, Цэций уулын ард байдаг таван жижиг толгодын нэрээр “Тавантолгой” хэмээжээ.
Эртнээс энэ орчмын нүүрсний ил цухуйсан хэсгийг малтаж хэрэглэж байсан баримт байдгаас үзвэл уг ордыг нээсэн анхны”геологчид” нь Монголчууд (нутгийн иргэд) бидний өвөг дээдэс юм гэдэг нь маргаангүй.
Харин 1930-аад оны үеэс нутгийн ард иргэд гар аргаар олборлож, түлээ түлшиндээ хэрэглэх нь ихэссэн тул 1936 оноос аймаг сум хамгаалалтанд авч, 1940 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Үйлдвэр хоршооллын артельд (Тухайн үеийн Монголын Үйлдвэрлэл Хоршоолллын Төв зөвлөлийн харъяанд) Тавантолгойн чулуун нүүрсийг олборлох, борлуулах эрхийг өгчээ.
1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч тус ордыг үйлдвэрийн аргаар ашиглахаар Аж Үйлдвэрийн яаманд шилжүүлж, улмаар Дундговь аймгийн Цагаан-Овоогийн уурхайн харъяа цөөн хүнтэй хэсэг байгуулан ажиллуулж эхэлжээ.
1976 он хүртэл Тавантолгойн нүүрсний уурхай зөвхөн орон нутгийн хэрэгцээнд зориулж жилд 20 орчим мянган тонн нүүрс олборлож борлуулж байв. Гэтэл 1977 оноос Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээ эрс нэмэгдэж, Налайх, Шарын голын уурхайн хүчин чадал хэрэгцээг хангах боломжгүй болох үед Тавантолгойн уурхайд өргөтгөл хийж, техникийн хүч чадлыг нэмэгдүүлж, Чойрт нүүрс ачих цэг байгуулснаас хойш жилд 120 тонн нүүрс олборлож төв рүү вагоноор тээвэрлэх болжээ.
Мөн Тавантолгойн уурхайн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч удаа дараалан өргөтгөл шинэтгэл хийж байсан боловч үлэмж их нөөцтэй энэ ордыг эх орныхоо эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах их хүч чадалтай уулын баяжуулах комбинат, кокс химийн үйлдвэр ийн иж бүрэн цогцолборыг барих зорилтыг (Монгол Улс дангаараа) өөрийн хүч хөрөнгөөр хийх боломжгүй байсан (П.Очирбат. Тавантолгой. 10-р тал) тул 1971 оноос тухайн үеийн Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (ЭЗХТЗ) гишүүн орнуудад хамтран ажиллах санал байнга тавьсаар ирсэн боловч БНАСАУ-аас бусад улс орнууд: Тухайлбал: ЗСБНХУ (ОХУ), БНБУ (Болгар), БНУУ (Унгар), БНСЧУ (Чехословак), БНАГУ (Герман), БНПУ (Польш), БНСРУ (Румын) Тавантолгойн төсөлд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.
1993 онд Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д айлчлахдаа Б.Н.Ельцинд, 1994 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пенийг Монгол Улсад айлчлахад нь Тавантолгой коксжих нүүрсний ордыг хамтран эзэмших, ашиглах талаар тус тус санал тавьсан боловч бас л таатай хариу сонсоогүй аж.
Гэсэн хэдий ч ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын тусламжтайгаар хийсэн ажлуудыг дурьдалгүй орхиж болохгүй. Үүнд: 1950-аад оны дундуур Тавантолгойд Монгол Зөвлөлтийн хамтарсан геологийн экспидец зураглал хийсэн, 1974-1975 онд Монгол Болгарын гидрогеологийн экспидецтэй хамтран эрэл үнэлгээний зарим ажлыг хийсэн. Мөн 1975 онд Болгарын Минпроектт институтэд коксжсон нүүрсний чанар, баяжуулалтын бүтээгдэхүүний балансыг хийлгэсэн, 1974 онд Тавантолгойн коксжих нүүрсний орд дээр коксхимийн үйлдвэр байгуулах боломжийн талаар урьдчилсан судалгаа хийж, санал боловсруулах ажлыг Герман, Польш, Чехословакийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн... зэрэг болно.
Мөн энэ үед Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956, 1974-1988 оны хугацаанд хийсэн эрэл, үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлын дүнд тус ордыг 90 км квадрат талбайд тархсан таван тэрбум тонн баялагтай (таамаг нөөц) гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж байсан бол 1990 онд ОХУ-ын ГИПРОШАХТ институт уг орд нийтдээ 6.42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс коксжих нүүрс 1.8 тэрбум буюу 28 хувь үлдэх 4.6 тэрбум буюу 72 хувь нь эрчим хүчний нүүрс байна гэсэн уг ордыг ашиглах урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг боловсруулсан байна.
Харин 1999 онд Канадын “Норвест”компани Тавантолгойн ордод 3000 орчим хайгуулын цооног нэмж өрөмдөж, уг орд нь 3-54 м –ийн зузаан бүхий нүүрсний үндсэн давхаргаас бүрдэх ба нүүрсний геологийн нийт нөөц 6.4 тэрбум тонн болохыг баталгаажуулан тогтоосон байна.
Гэтэл сүүлийн үед Тавантолгой орд 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн мэдээлэл тархах болсон нь Австралийн ЖОРК (ЖОРК -JORC нь Joint Ore Reserves Committee гэсэн үгсийн товчлол юм. Эрдэс баялгийн нөөцийг хамгийн сайн нарийвчлан тогтоох олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартчлал) аргачлалаар бодсонтой холбоотой аж.
“ГОЛД ОРСОН” ТАВАНТОЛГОЙН ОРД ГАЗАР ГЭЖ...
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжмэгц, “хуучин” Тавантолгой уурхайг Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн хурлын 1994 оны 12 дугаар сарын 05-ны 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан буюу 51 хувийг нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмчтэй Тавантолгой ХК болгожээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн өмчийг төлөөлж 5, хувьцаа эзэмшигч аж ахуй нэгж байгууллага, иргэдийг төлөөлж дөрвөн гишүүн сонгогдон ажиллаж байна.
Одоо Тавантолгой ХК нь 130 гаруй ажилтантай, 11945А тусгай зөвшөөрөлтэй 80 гектар, 287А тусгай зөвшөөрөлтэй 89 гектар талбайд олборлолт явуулж байгаа бөгөөд 2007 онд анх удаа өөрсдийн хvчээр нэг сая тонн нvvрс экспортод гаргажээ.
1998 онд Австралийн “BHP billiton” компани Тавантолгойд (Орон нутгийн Таван толгой гэгдэх Тавантолгой ХК-ны талбайгаас бусад газар) хайгуул хийх лицензийг авсан хэдий ч тухайн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага байсан, дэд бүтцийн зардал их, компаний дотоод асуудал зэргээс шалтгаалаад лицензийг буцааж тушаасан байдаг.
Ийнхүү Тавантолгойн коксжих нүүрсний ордыг судлах, хайгуулын лиценз 1999 оны нэгдүгээр сараас 1999 оны аравдугаар сар хүртэл улсын мэдэлд хадгалагдаж байгаад 1999 оны аравдугаар сард Монгол Улсын “Майн Инфо” ХХК-д шилжжээ. Энэ тухай тус компанийн захирал Д.Батсайхан: 1999 оны нэгдүгээр сарын 15-ны “Үндэсний эрх” сониноос Таван толгойн нүүрсний ордын хайгуулын лицензийг “Би Эйч Пи” компани буцаасан талаар АМХЭГ-ын Кадастрын албаны мэдээллийг олж үзсэн юм. Манай “Майн-Инфо” комлани уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр тодорхой мэдээллийн сантай болсон байсан юм. Ингээд бид уг ордын талаархи зарим материалыг үзээд лицензийг нь авахаар шийдэж холбогдох хууль, журмуудын дагуу өргөдөлөө гарган 1999 оны аравдугаар сард хайгуулын лицензээ авсан. Энд ямар нэгэн ар өврийн хаалга, луйвраар авсан зүйл байхгүй, тэр үеийн Кадастрын албаны сонин дээр гарсан мэдээлэл дээр ч манайхыг авсан тухай мэдээлэл байж л байгаа...Бодит үнэн ердөө л энэ. Үнэн ийм атал уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүй хумүүс гэнэтхэн “эх оронч”-ийн дүрд хувирцгааж, Таван толгойн ордоор дөрөөлж улс төрийн оноо авах зорилготой элдэв явуулга, улс төр хийгээд байгаад үнэхээр харамсдаг. Өнөөдрийн “эх оронч”-дын хэн нь ч гадаадын компанид гологдоод үлдсэн Таван толгойн ордод санаа тавиагүй шүү дээ.Тухайн уед энэ том ордын лицензийг үндэсний компани авч, өнөөдрийг хүртэл бүрэн бүтнээр нь хадгалаагүй бол энэ ордын хувь заяа хаашаа эргэх байсныг төсөөлөхөд бэрх. Энэ тухай бодоод нэг үзээрэй. (Зууны мэдээ сонины 2007 оны зургадугаар сарын 8)
Ингэж Энержи ресурс консорциум үүсэх, Тавантолгой ордын хайгуулын лиценз тэдний гарт орох үндэс суурь тавигджээ. “Энержи ресурс-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байна. Г.Батхүү, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Цэнгэл. Тэднээс Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай нар тус бүр хоер компанийг эзэмшиж байгаа юм. (Х.Баттулга. Бодлууд. 49-р тал)
Сү.Батболд Үйлдвэр Худалдааны сайдын албаа БНН-ын дарга Б.Жаргалсайханд шилжүүлсний дараа буюу 2006 оны есдүгээр сарын 1-нд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын ¹7-4280 тоот тушаалаар “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой нэртэй 2138 гектар уурхайн талбай бүхий 11943А тоот ашигт малтмалын ашиглалтын лицензийн талбайгаас 101 гектар бүхий уурхайн талбайг “Дайцүки” ХХК-д шилжүүлжээ. Геологи уул уурхай, кадастрын албаны даргын 2006 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 891 дугаар шийдвэрээр, энэхүү газрыг 30 жилээр эзэмших эрхийг Геологи, уул уурхай Кадастрын албаны дарга Т.Занашир зөвшөөрсөн байна. (2006.09.21 Монголын мэдээ) “Дайцүки” компанийн үүсгэн байгуулагч нь Базарсад овогтой Цогтсайхан, бас холбоо барих хүн гэж “Ханабуса сама” компанийн захирал Б.Пүрэвжаргал (2008 оны УИХ-ын сонгуульд БНН-аас нэр дэвшигч)-ын нэрийг дурьдсан байна. (Эх сурвалж: www.iltod.mn) огт санамсаргүй хэрэг биш бөгөөд ийнхүү Тавантолгойд нэгэн шинэ “тоглогч” нэмэгдсэн нь энэ билээ.
Монголчуудыг 250 жил тэжээх баялаг болох Тавантолгойн орд 1998 оноос өмнө зөвхөн “Орон нутгийн” Тавантолгойд хамааралтай байсан бол 2006 он гэхэд “Энержи ресурс”, “Дайцүки” хэмээх шинэ “эзэд”-ийн мэдэлд оржээ.
Үүнийг мэдсэн Монгол эх орон, Монгол ард түмнийхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг Монголын шилдэг сэхээтнүүдийн тэмцэл их хурлын танхим, гудамж талбай, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй өрнөсний эцэст, үнэнд гүйцэгдсэн УИХ 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг баталснаар “Тавантолгойн” эздэд нэг бодлын маш таагүй, нөгөө бодлын бүр ч таатай явдал тохиосон юм.
Таван толгойн лицензийг гаднынханд зарчихалгүй найман жил хадгалсныхаа төлөө гүтгүүлж явна, адлуулж явна гэсээр мань нөхөд: “Энержи ресурс” компаниас Тавантолгойн нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шартээг нэртэй 24532 га, Бортолгой нэртэй 12890 га, Бортээг-1 нэртэй 11954А бүхий тусгай зөвшөөрөлтэй 23461 га газрыг төрийн мэдэлд шилжүүлэхээр тохирсон байна. Түүнчлэн “Энержи ресурс” компанийн одоо эзэмшиж буй Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож, тус компанид үлдээхээр тохиролцжээ. Энэхүү тохиролцооны үр дүнд төрийн мэдэлд нийт 68532 га талбай үлдэв.
“Энержи ресурс”-ийнханд үлдэх Ухаа худаг нэртэй шинэчилсэн талбайн дөрвөн хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”-ийн эзэмшиж байгаа нийт талбай дахь эрчим хүч болон коксжих нүүрсний нөөцийн 93.6 хувь төрийн мэдэлд шилжинэ гэсэн үг... хэмээн тайлбарлаж буй ч “Төр Тавантолгой ордыг 100 хувь мэдэлдээ авна” хэмээн том дуугарсан Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай “маш сайн” тохиролцоонд хүрч “Ухаа худаг”-ийг салгаж авч чадав. Хэл ам, хэрүүл уруул, хардалт сэрдэлттэй том талбай, олон га газраас “хууль ёсоор” Ухаа худгийг салгаж авах “Энержи ресурс”-т тэнгэрийн умдаг атгасантай адил хэрэг юм.
Одоо Тавантолгойн орд газарт дараах компаниуд лиценз эзэмшиж байна. Үүнд:
Компанийн нэр: Тусгай зөвшөөрлийн дугаар Гектар
1 Эрдэнэс МГЛ 11953А 12871
2 Эрдэнэс МГЛ 11954А 23479
3 Эрдэнэс МГЛ 11955А 24532
4 Эрдэнэс МГЛ 11956А 5603
5 Эрдэнэс МГЛ 11943А 2037
6 Таван Толгой ХК 11945А 80
7 Таван Толгой ХК 287А 89
8 Дайцүки ХХК 11977А 101
9 Энержи Ресурс ХХК 11952А 2962
НИЙТ 71754
Монголын ард түмэн “Тавантолгой” ХК, “Дайсүки” ХХК, “Энержи ресурс” консорциумын талбайгаас ч ашиг хүртэх эрхтэй ба анхнаасаа “орон нутгийн” Тавантолгой хувьчлал, Дайсүки, Энержи ресурсийн лицензийн асуудлыг эргэж харах байсан төдийгүй үндэсний компаниудад ижил гараа, ижил нөхцөл өгөх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, “Монгол 999”-д багтаж байгаа үндэсний компани ч, МCS, Петровис, Шунхлай, Ажнай, Ээрмэл... зэрэг компанид ч яг ижил нөхцөл олгоно гэсэн үг.
“Орон нутгийн “жижиг” Тавантолгой бол “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байгаа төрийн өмчит Тавантолгойн бүлэг орд газрын талбайгаас 200 дахин, Ухаа худаг буюу “Энержи ресурс-ийнхээс 20 дахин бага талбайтай. Гэтэл өчүүхэн жижиг 160 гаруйхан га талбайтай манай уурхай дээр улс төрийн өнгө аястай хандлагууд их гардагт би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг” гэж нэгэн эрхэм айлджээ. Уул нь бизнес хүн өөрийн мөнгөө энэ 100 сая, энэ 50 сая, энэ гурван сая. Энэ гурван сая өчүүхэн бага юм чинь хаячихая гэдэггүй дээ.
“Энержи ресурс”-компанийн гүйцэтгэх захирал Г. Батцэнгэлээс нэгэн сэтгүүлч, Тавантолгойг ашиглах асуудал яригдаж байна. Танай компани энэ орд газарт хөрөнгө оруулагчаар оролцох уу хэмээн асуухад:
-Энэ талаархи мэдээллийг хэвлэлээс л авч байна. Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын компаниудын нэр нийтэд зарлагдсан, тодорхой байгаа. Энд “Энержи Ресурс” компанийн нэр байхгүй, бид оролцохгүй...гэжээ. Асуулт нь асуулт, хариулт нь ч хариулт юм даа. Үнэндээ Ухаа худаг бол Тавантолгойн өрөм шүү дээ.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дугаар тогтоолын хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд асан Сү.Батболд “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах тухай 2010 оны аравдугаар сарын 20-ны 272 тоот захирамж гарав. Уг захирамжийн гол агуулга нь: “Эрдэнэс МГЛ” ХК-ний охин компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах, мөн компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах буюу IPO хийх замаар хөрөнгө босгох... юм.
Үүнээс хойш төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах, зөвлөгөө өгөх нээлттэй сонгон шалгаруулалтад 16 банк саналаа ирүүлснээс АНУ-ын “Голдан сакс”, Германы “Доиче Банк” шалгарсан, хувьцааг борлуулах, зуучлах нэгжээр Францын “Би Эн Пи Перибас”, Австралийн “Макваэри” ажиллахаар эхний ээлжинд тодорлоо л гэнэ. Тавантолгойн хувьцаагаа Лондон, Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржийн аль нэгэнд нь арилжаална л гэнэ. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гаргалаа л гэнэ. Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад хоёр сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна л гэнэ. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт15 компани материалаа ирүүлснээс хоёр дахь шатанд зургаан компани санхүүгийн хэлэлцээр хийхээр болсон л гэнэ.
Нэг бодлын тоймгүй их ажил өрнөөд байгаа ч юм шиг нөгөө бодлын дэндүү удаан, дэндүү “үлгэрийн” байна.
2008 оны сонгуулиар хоёр нам Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж амласан. Уул уурхайгаа хөдөлгөөнд оруулж 2.7 сая иргэддээ хувь, хишиг өгөхөөр ярьсан. Хамтарсан засаг байгуулсан гол утга учир энд л байсан. Уг нь энэ хоёр ордын ашиглалтыг зэрэг эхлүүлэх ёстой байсан. Харамсалтай нь Оюутолгойг түрүүлээд явуулчихлаа. Тавантолгойн ордын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуухан хэлэхэд Ухаа худагтай холбоотой л доо.
Ухаа худагийг том Тавантолгойн ордоос өрсөж эхлүүлэх сонирхолтнууд лобби, нөлөө ихтэй байж чадсан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцорчихсон. Ингэхгүй бол Ухаа худагийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм.
Уг нь том Тавантолгойн уурхай эхэлж, Оюутолгойтойгоо цуг хөдөлгөөнд орсон бол нэгэн зэрэг ахиухан орлого орж ирнэ ээ дээ. Бөөн орж ирэх мөнгөөр нь дэд бүтцээ хөгжүүлэх, орон сууцжуулах, төмөр зам, сумдын автозамын сүлжээ гээд тулгамдсан асуудлуудыг шийдье, бодитой ажил болгоё гэсэн санаагаар дээрх төслүүдийг өнгөрсөн жил УИХ-аар оруулж баталсан юм. 1950, 1960-аад оны үед оросуудын хийсэн бодлоготой дүйцэхүйц бодлогыг 2008 сонгуулиар байгуулагдсан УИХ баталсан ухаантай юм л даа, уг нь. (Х.Баттулга: Эдийн засгийн тусгаар тогтнол бидэнд алга байна. ярилцлагаас...)
Үгүй гэх аргагүй юм. Нэг хувийн компани “Mongolian Mining Corporation” нэртэй компани байгуулаад IPO хийгээд мөнгө босгоод байхад төрийн өмчийн том компани яриад л ард түмний толгой эргүүлээд л суугаад байдаг нь ямар учиртай вэ?
Үнэхээр сайн менежменттэй сайн ажиллаж байгаа компанийн ажлыг үгүйсгэх нь гол биш. Харин төрийн нэр барьсан компаниудын хийж буй ажил, менежмент, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр харагдахгүй байна. Одоо “үлгэр” дууссан.
Нэгэнт хожимдсон хойно, чадахгүй юм бол Тавантолгойн асуудлыг дахин нэг хэмжиж огтолбол яасан юм бэ.
Үнэндээ бол Тавантолгой чинь таван толгой шүү дээ. Гурав биш, дөрөв биш. Эндээс л яриагаа эхлэе. Эхнээс нь дахиад...