Б. БАРС
1905 онд Орос, Японы флотын хооронд дэлхийн хамгийн том далайн тулалдаан болсны дээр Орос даяар ажилчдын бослого өрнөжээ. 1917 онд хойд хөршид Октябрийн хувьсгал ялснаар дэлхий капиталист, коммунист гэх хоёр улс төрийн системд хуваагдан ХХ зууны турш сөргөлдсөн билээ.
1929 онд Их депресси нэр авсан, АНУ-аас эхтэй дэлхийн эдийн засгийн хямрал хөгжингүй орнуудыг ниргэж, 10 гаруй жил үргэлжилсэн байна. 1941 онд нацист Герман ЗХУ-д халдаж, Японы нисэх хүчин АНУ-ын Перл-Харборыг бөмбөгдсөнөөр дэлхийн II дайны хүрээ дээд цэгтээ хүрчээ. 1953 онд ЗХУ-ын удирдагч И. Сталин өөд болж, хэсэг хуйвалдагч түүний цорын ганц залгамжлагч Л. Берияг хороон төрийн эрхийг гартаа авсан юм.
1965 онд АНУ Вьетнамд цэргээ оруулснаар хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан дайн эхэлсэн түүхтэй. 1977 онд Прагад “Харти 77” гэх чехсловак тэрс үзэлтнүүдийн мөрийн хөтөлбөр гарсан бөгөөд энэ баримт бичгийг дорнод Европыг доргиосон 1989 оны ардчилсан хувьсгалыг зөгнөсөн гэж үздэг байна. 1989 онд Москва төвтэй социалист лагерийн орнуудад, үүний дотор манай улсад ардчилсан хувьсгал өрнөсөн. Түүнчлэн Бээжингийн Тяньаньмэний талбайд Хятадын удирдагчид жагсагчдыг хүч хэрэглэн дарсан билээ. 2001 онд “Аль Кайда”-гийн алан хядагчид Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхгийг онгоцоор мөргөн нурааж, терроризмын эсрэг дайн эхэлжээ...
Дэлхийн түүхийн хүрдийг огцом эргүүлсэн эдгээр үйл явдал бүгд могой жилд тохиосон нь санамсаргүй зүйл биш гэлтэй. Ер нь Монгол төдийгүй дорнын ихэнх зурхайчид могой жилийг огцом өөрчлөлт, эрс шинэчлэл дагуулдаг гэж үздэг аж. Могой нь жил бүр гуужин хуучин арьснаасаа салдаг цорын ганц амьтан тул аливаа могой жил тайван, “унтаа” өнгөрдөггүй гэлтэй.
Тэгвэл усан могой энэ жил дэлхийд ямар сайн муу нөлөө үзүүлж, ямар гээч огцом өөрчлөлт дагуулах бол оо. Хятадын тэргүүлэх зурхайчдын үзэж буйгаар, Европын холбооны дотоод зөрчил хурцдан задрах үгүй дээрээ тулах гэнэ. Мөн Хятад, Японы сөргөлдөөн хүчээ авах төлөвтэй. Үүнээс гадна дэлхийн хөрөнгийн биржүүдийн индекс огцом өсч, бууран туйлын тогтворгүй байх аж.
Гэхдээ ерөнхийдөө усан могой жил урьд урьдын могой жилүүдийг бодвол харьцангуй тогтуун байх төлөвтэй. Товчхондоо бол бид томоотой могой жилтэй золгожээ.