Б.СОЛОНГО
“Universe best songs-2012” наадмын ялагч 558 дугаартай Э.Төгсбаярыг танихгүй хүн цөөн биз. Манайхан дундаа ховорт тооцогдох дээд өнгийн хоолой төвөггүйхэн гаргаж, дэлхийн одуудын дууг чадмаг дуулчихдаг энэ залууг “Өөр мэдээ” зочноороо урилаа. Тэрээр саяхан Австралийн Перт хотноо болсон Лэди Гагагийн аялан тоглолтыг үзчихээд иржээ.
-Мөрөөдлийн Лэди Гагагаа үзчихээд ирсэн байна. Дэлхийн супер одын тоглолт ямар болсныг сонирхуулаач?
-Тэгэлгүй яахав. Бид Австралид Лэди Гагагийн тоглолтыг үзчихээд ирсэн. Эхлээд Сиднейд дөрөв хоносон. Тэнд лааны тосон музей, акултай аквариум гээд алдартай газруудыг үзлээ. Дараа нь Пертэд Лэди Гагагийн Австралид хийсэн сүүлийн тоглолтыг үзсэн. Тоглолтыг үгээр илэрхийлэх аргагүй. Үнэхээр гайхалтай болсон. Одко эгч, Ануш ах, зураглаач ах бид дөрөв явсан юм. Хамгийн үнэтэй буюу 183 ам.долларын суудлыг бидэнд авч өгсөн. Хол ч биш, ойрхон ч биш гоё суудал таарсан. Эхэндээ хүн цуглахгүй байснаа тоглолт эхэлсэн чинь олон хүн гэнэт ороод ирсэн. Эрэгтэйчүүд нь эмэгтэй хувцас өмсчихсөн. Бүгд чөлөөтэй, хүссэнээрээ байдаг юм билээ. Хундагатай архи бариад шалан дээр суучихсан хүлээгээд л. Тоглолт яг цагтаа эхэлсэн. Мэдээж маш гоё болсон. Надад хамгийн таалагдсан хэсэг нь эхний дуу. “Born this way”-г дуулсан юм. Асар том эмэгтэй хүнийг хийлдэг материалаар хийчихсэн байсан. Гол нь тэр эмэгтэй маниканы хөлийг тайз руу харуулаад дэлгэчихсэн. Төрөх гэж байгаа эмэгтэй хүнийг дүрсэлсэн юм билээ. Толгойных нь оронд Лэди Гага өөрөө зогсоод хүүхэд гаргах гэж байгаа юм шиг сонин сонин дуугараад л. Тэгэнгүүт хүүхэд нь төрж байгаа байдлаар бүжигчид нь гарч ирдэг. Сонин шийдэлтэй байгаа биз. Тоглолтын дундуур Гага өөрөө юм ярихдаа 3D маягийн том юман дотор толгой нь байгаа юм шиг харагдаад байсан. Би ярьж байгааг нь ойлгох биш. Орилоод л байлаа. Тоглолт харин хурдан дуусчих шиг санагдсан шүү. Одко эгч бид хоёр байдгаараа л орилж, дуулсан даа. Бид хоёрын бүжиглэж байгаа зургийг интернэтэд тавьчихсан байна лээ.
-Шүтдэг дуучныхаа тоглолтыг үзээд мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэн байх. Өөр дуучны тоглолтыг үзэх сонголт байсан уу?
-Би Бионсе, Лэди гага, Адель, Кристина Агулера дөрвийг үнэн сэтгэлээсээ шүтдэг. Дууг нь дуулах дуртай. Явахаасаа өмнө хэн нь тоглолт хийх гэж байгааг судалсан. Бионсегийнх тавдугаар сард болоод өнгөрчихсөн. Агулера цомог гаргаагүй болохоор тоглолт байхгүй. Адель хоолойны махаа авахуулаад тоглолт хийгээгүй. Харин Гагагийн аялан тоглолт яг таарсан юм. Гэхдээ анх Энэтхэг явна гэж шийдчихсэн байсан. Тэнд нэг хандивын тоглолтод одод чуулах ёстой байсан юм билээ. Тэгэхээр нь би Австрали явж Лэди Гага үзье гэж гуйсан. Телевизийнхэн ч зөвшөөрсөн. Тэгээд л явчихаад ирлээ. Үнэхээр сайхан байлаа.
-“Universe best songs” наадмын Гранпри-г авснаас хойш маш том өөрчлөлт гарсан байх. Тэр өдрөөс хойш амьдрал хэрхэн өрнөж байна?
-Олон хүн таньдаг болсон байна лээ. Манай гэрийн энэ хавиар их түгжирдэг юм. Такси барих гээд зогсохоор машинтай хүмүүс ирж зогсоод л баяр хүргэнэ. Зарим нь үнэгүй хүргэж өгнө. Зургаа авахуулна. Хотоор явахад хүмүүс их гоё мэнд хүргэдэг. Замын цаанаас хүртэл дууддаг болсон .
-Рагугийн дуу бичиж өгөх санал юу болж байна?
-Би очно оо. /инээв/. Наадмын нээлт, киноны проб, аялал энэ тэр гээд жаахан завгүй байлаа. Ирэх сарын 10-наас киноны зураг авалтдаа гарах гэж байна. Завтай болохоороо дуугаа бичүүлнэ гэж бодож байгаа.
-Кинонд тоглох ямар санагдав. Ямар дүр авсан бэ?
-Бид саяхан пробонд орсон юм. Их хэцүү юм байна лээ. Надад жүжиглэх авьяас юу ч байхгүй юм чинь. Чадахгүй юм байна лээ. Ичээд /инээв/. Нэг юм үзүүлэхээр найруулагч нь “ Ингээд л боллоо юу” гэнэ. Тэгээд хайртай хүндээ хайраа илэрхийл л гэх юм. Эсвэл уурла л гэх юм. Ичээд ерөөсөө болохгүй юм байна лээ. Би хамгийн сүүлд кабелийн телевиз тасрахаар нь загнасан юм. Ямар сайндаа тэгвэл тэрийгээ давтаадах гэхээр нь үзүүллээ. “Танайх одоо ямар уддаг юм. Гурван цаг хүлээлээ” гээд л жүжиглэх гэж үзсэн. Инээд хүрээд байсан. Ер нь би өөрийгөө хамгийн муу жүжиглэсэн нь гэж бодож байгаа. Манай Цогсогмаа бол мундаг жүжиглэсэн. Бүр уйлж байгаа юм чинь. Киноныхон удахгүй хариу хэлэх байх. Би угаасаа гол дүр авахгүй ээ. Туслах дүр л байвал боллоо /инээв/. Удахгүй зургандаа гарна даа. Гэхдээ телевизийн хийж байгаа киног хамаагүй хэлж болохгүй гэсэн.
-Чамайг хэзээ өөрийн уран бүтээлээ хийх бол гэсэн хүлээлт их байна?
-Харин тийм ээ. Фээсбүүк рүү орохоор л чи яагаад удаад байна аа гэсэн бичлэгүүд байдаг болсон. Хүлээлт их байгаа нь мэдрэгдэж байгаа. Гол нь бичлэгээ тууштай хийчих цаг хугацаа байдаггүй ээ. Завтай болохоороо Рагу ахтайгаа ажиллана даа. Саяхан бид ардын дууны концертоо хийсэн. Тэгээд наадмын нээлт, аялал гээд завгүй байлаа. Хичээл эхлээд, телевизийн ажил дуусахаар гайгүй болох байх аа.
-Өөрийнхөө дуулсан дууг интернэтэд тавьдаг юм билээ?
-Тэмцээнд орохоосоо өмнө сонирхлоороо дуулсан дуугаа нэмчихдэг байсан юм. Тэгсэн чинь хүмүүс намайг мэддэг болоод, их сонсдог болчихсон байсан. Зарим нь шүүмжлэлтэй хандсан. Би бас дэмий юм байна гэж бодоод дуунуудаа устгачихсан. Дараа нь бүр гоё бичүүлж байгаад дахиад тавина аа.
-Чи яагаад эрэгтэй дуучдын дууг дуулдаггүй юм бэ?
-Өөртөө таалагдсан дуу болгоноо дуулна шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүний дууг дуулах гэхээр болдоггүй юм аа. Миний хоолой нарийхан болохоор эмэгтэй дуучдын дуу их сайн таараад байдаг юм. Бионсегийн дууг дуулахад хүртэл гоё хүрдэг. Яахав нарийхан хоолойгоор дуулдаг эрэгтэй дуучид бий л дээ. Бруно Марс байна. Гэхдээ би түүний дууг чаддаггүй юм.
-00-ийн өрөөндөө дуулсан хэвээр үү?
-Миний хоолой өөрт маань ямар ч тайзнаас илүү гоё сонсогддог газар бол 00-ийн өрөө шүү дээ. Тайзан дээр олж сонсдоггүй алдаагаа 00-ийн өрөөндөө сонсч чаддаг юм. Чихэвчээ нэг чихэндээ хийгээд дуулахаар алдаа нь шууд нөгөө чихэнд сонсогддог юм. Сая ч гэсэн орилж байгаад л ирлээ.
-Сургуулиа төгсөөд яах бодолтой байгаа вэ. Солонгост суралцах урилгыг хүлээж авсан уу?
-Ирэх жил дөрөвдүгээр курсээ төгсөнө. Дараа нь явж сурна даа. Би чинь ямар ч урлагийн мэдлэггүй хүн шүү дээ. Долоон нот байдгийг мэднэ. Ямар аятайг нь мэдэхгүй. Дууны фаналист хийнэ гэж яадгийг мэдэхгүй. Битлзийн дууг дуулдаг тэмцээнд би их муу оролцсон. Амьд хөгжимтэй байсан юм. “Жаахан доошоо дуугар. До мажор” гэнгүүт л ойлгохгүй болчихно. Тэгээд аяа сайн тохиролцож чадаагүй их алдсан. Их муу дуулсан. Уг нь муу дуулахаа мэдээд орохгүй байж болохуу гэж асуусан юм. Чамайг хүмүүс үзэхийг хүсч байгаа гээд заавал ор гэсэн. Одоо Солонгост урлагийн сургуульд суралцаад сайн мэдлэгтэй болоод ирнэ ээ.
-Фэнүүд чинь дөрвөн жил хүлээх хэрэг гарах нь дээ?
-Тэнд суралцах хугацаандаа гоё дуунууд гаргана аа. Манай найзууд тэр сургуульд сурдаг юм.
-Гранпри авсан үеэ эргээд дурсаач. Уйлаад л байсан?
-Үнэхээр гайхалтай мөч байсан. Би Балхаа ахын ард зогссон байсан. Өлийгөөд харахаар уг нь хоёр, гуравдугаар байрны нэрнүүд нь харагдаад байсан байхгүй юу. Гран при нь харин харагдахгүй байсан. Манай 25 уг нь намайг их дэмждэг. “Чи угаасаа байранд орно” гэдэг байсан. Тэгэхээр нь би “Та нар битгий тэгээд бай. Би итгэчихнэ. Байр авахгүй бол яах юм” гэдэг юм. Би уг нь Мөнх-Эрдэнэ ахыг их дэмждэг байсан. Өөрийгөө гуравдугаар байр хавьцаа орчих байх гэж найдаж байсан юм. Гэтэл Мөнх-Эрдэнэ ах гуравдугаар байрт орчихсон. Хоёрт Насанбуян эгч орсон. Тэгэхээр нь за ингээд өнгөрлөө л гэж бодсон. Мэргэжлийн дуучныг хоёрдугаар байрт оруулж байгаа юм чинь гэж бодсон. Тэгсэн чинь л “Төгсбаяр” гээд дуудсан. Шууд л уйлсан даа. Намайг шагналаа бариад урагшаа яв гэдэг юм байна. Хүн л зөвлөхгүй бол би яахаа мэдэхээ байчихсан. Хүн болгон татаж гар бариад, зургаа авахуулаад их гоё байсан. Сүүлдээ найруулагч нь намайг татаж оруулсан. Ярилцлага өгч байхдаа хүртэл уйлаад. Дараа нь өгье гэсэн чинь яг энэ үедээ гоё гээд. Телевизээр харсан чинь хачин царайтай юм л байна лээ.
-Тэмцээний дөрөвдүгээр шатанд дуулсан “Халлелуяа”-г гала тоглолт дээр дуулахдаа жаахан сандарсан харагдсан?
-Харин тийм. Их сандарсан. 3000 суудалтай том тайз шүү дээ. Уг нь шинэ дуу дуулъя гэж бодсон ч үзэгчдэд хүрсэн дуугаа дуулсан нь дээр гэсэн юм. Би бас Ариунаа эгчээс асуусан л даа. Ямар дуу дуулвал дээр вэ гэж. “Оролцогчид гала тоглолт дээр гоё юм үзүүлэх гээд алддаг. Тийм болохоор олонд аль болох хүрсэн дуугаа дуулсан нь дээр” гэсэн. Тэгээд л “Халлелуя”-г дахиад дуулсан. Уг нь хүмүүст их гоё хүрэх шиг болсон. Гэхдээ зарим хүн надаас илүү сайн тоглолт хүлээж байснаа хэлсэн. Ая өөрт минь сонсогдохгүй хэцүү байсан. 29-ний тоглолтонд бүр их алдсан. Шүүгчид дараа нь “Чи ямар их алдав аа” гэж байсан. 30-ны тоглолт дээр дахиад сонсогдохгүй байхаар нь чихэвчээ нэг гараараа дарж байгаад дуулсан даа. Том тайз хэцүү юм билээ
-2010 оны “Universe best songs” тэмцээнд ороод хасагдсан. Гэтэл энэ удаагийнхад түрүүлж байдаг?
-Хоёр жилийн өмнө бол бүр нэгдүгээр шатандаа хасагдсан шүү дээ. Сонин байгаа биз. Хүмүүс дандаа ярьдаг юм. Дууны сонголтоо л буруу хийсэн байх гэж боддог. 2009 оны тэмцээнийг хараад ер нь эхний шатандаа хөөрхөн дуулчихаж байгаа хүүхдүүдийг оруулчихдаг юм байна гэж бодсон. Тэгэхээр нь нэгдүгээр шатандаа нэг их орилсон өнгөөр дуулаад яахав гэж бодоод доошоо дуулчихсан юм. Тэгсэн чинь өнгө алдлаа тэнцэхгүйнээ гэсэн. Шууд л сэтгэлээр унаад гараад явсан даа. Тэнцээгүйгээ найз нартаа хэлсэн чинь итгэхгүй байсан. Гол нь би тэр өдөр хамаг хүнд зарлачихаад явсан байхгүй юу. Сургуулиар нэг тараачихсан байсан юм. Ичмээр. Харин энэ жил туршлагатай орсон. Хэнд ч хэлээгүй. Тэнцсэнийхээ дараа хэлсэн. 2011 онд сургуулийнхаа урлагийн үзлэгт ороод түрүүлж байсан юм. Тэр үед найз нар, багш нар намайг энэ тэмцээнд ор гэж шахсан. Орохгүй бол дүнгийг чинь гаргахгүй гээд. Гэхдээ би хоёр жилийн өмнө тэнцээгүй болохоор орохгүй л гэж бодож байсан. Харин бүртгэл дуусчихсан хойно гэрээ цэвэрлээд сууж байсан чинь зурагтаар нэмэлт бүртгэлийнх нь зар явсан. “Таван сая төгрөгийн шагналтай. Хайртай дуучныхаа тоглолтыг үзнэ” энэ тэр гээд. Цаанаасаа гоё сонсогдоод болдоггүй. Үсэрч босоод л “Ээж ээ би бүртгүүллээ. 6000 төгрөг өг” гэсэн. Ээж “Дахиад онигоо болох гэж байгаа юм. Мөнгө өгөхгүй” гээд. /инээв/ Тэгээд л гүйж очоод бүртгүүлсэн дээ. 558 гэсэн гоё дугаар авсандаа ч билэгшээдэг. Эхний шатныхаа дууг дээшээ нарийсдаг, доошоо ордогоор сонгосон. Догдлоод өглөө есөн цагт оччихсон. Сүүлдээ хоолой өвдөөд септолет авч уугаад орсон. Нүдээ аньж дуулсаар байгаад дуусгасны дараа шүүгчид маш гоё хүлээж авсан. Тэр үед гайхаад, шоконд орсон шүү. Харин хоёрдугаар шатандаа шүүмжлүүлсэн. Уг нь миний хамгийн хайртай дуу байсан юм. Гэхдээ тэр шүүмжлэл намайг ирлэсэн гэж боддог.
-Ээж нь их баярласан байх?
-Ээж хоёр өдрийн тоглолтыг үзсэн. Миний өмнөөс сандраад, шоконд ороод, даралт нь ихэсчихсэн байсан. Миний нэрийг дуудчихаад байхад суугаад л байсан гэсэн. Ах хажуунаас нь нударч байж сэхээ аваад ирж үнссэн байна лээ. Ээждээ их хайртай. Их баярлаж явдаг.
-Төгсбаярын талаар хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Хэнз хүүхэд гэсэн байх аа. Хийх дуртай зүйлсээ нэрлэвэл?
-Би айлын хэнз хүүхэд. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй . Дээд талын ахаасаа 13 жилийн зайтай төрсөн. Тйим болохоор их эрх. Багаасаа ээж, эмээтэйгээ өссөн. Хийх дуртай зүйл гэвэл 00-ийн өрөөндөө дуулах. Хөршөө цочоогоод л . Гэхдээ одоо мэддэг болсон байх. Манай хөршийнхөн ээжтэй тааралдахаараа “Танай хүү өглөө, оройд нэг орилох юм” гэдэг гэсэн. Би яагаад ч юм шөнө дуулах дуртай. Бас өглөө босонгуутаа дуулдаг. Дандаа хүмүүс унтаж байдаг цагаар муухай орилдог /инээв/. Хүмүүст майлж байгаа юм шиг л сонсогддог байх. Бас дууны үг цуглуулдаг. Ямар ч хамаагүй брошур, гарын авлага цуглуулна. Гоо сайхан, гар утасны гээд зузаан брошур хавтсанд минь бий.
-Сонины хуудсаар дамжуулаад баярласан сэтгэлээ хэнд хэлмээр байна?
-Шүүгчиддээ их баярлалаа. Мөн эгчийн ажлынхан маш их дэмжсэн. Намайг дэмжсэн бүх хүмүүст маш их баярлаж байна. Фэсбүүкт 400 найзтай байсан бол одоо 3000 гарчихсан. Одоо хүртэл дэмждэг шүү гэсэн коммент үлдээдэг. Тэр болгонд баярлалаа гээд бичих завгүй ч маш их баярладаг шүү. Ямар ч байсан ийм том хариуцлага хүлээлгэсэн болохоор сайн уран бүтээл заавал хийнэ.
-За, ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.