Ч.ГАНТУЛГА

Урлагийн төлөө энэ насаа зориулж, орон нутгийн театрынхаа галыг манаж үлдсэн цөөн хэдэн гавьяат манайд байдаг билээ. Түүний нэг Завхан аймгийн “Хөгжимт драмын театр”-ын дуучин, гавьяат жүжигчин Т.Цэцгээг хотод ирэхэд нь уулзаж, халуун яриа өрнүүлсэн юм.

-Уран бүтээлийн аж­лаар хотод ирсэн гэж сонссон. Зорьсон ажил бүтэмжтэй юу?

-”Star” телевизээс жил бүр зохиодог Цагаан са­рын нэвтрүүлэгт оролцох гэж ирлээ. Нэвтрүүлгийн зураг авалтад ороод, Тэ­рэл­жид очиж амарлаа. Орон нутгийн театруудаас уран бүтээлчид ирж оролцдог юм.

-Хэзээ нутаг буцах вэ?

-Энэ жил аймгийн маань 90, театрын маань 30 жилийн ой тохиож бай­на. Телевизийн нэвтрүү­лэгт орох, хувийн ажил гээд  нутаг буцах арай болоогүй.

-Таныг найруулагч гэж сонссон. Яагаад дуучин болчихсон юм бэ?

-Завханы соёлын ор­донд долоон жил ардын дуучнаар ажилласан. Эр­хүүд Театрын найруулаг­чаар төгсөөд нутагтаа оч­сон юм. Тэр үед манай театрт хоёр найруулагч ажиллаж байсан. Би гурав дахь нь болоод яахав гэж бодсон. Театрт маань ар­дын дуу дуулах хүн бай­гаа­гүй. Тиймээс дуучнаа­раа ажиллая гэж шийдсэн. Гаргасан шийдвэр маань буруутсан гэж боддоггүй. Хэрвээ найруулагчаар ажил­ласан бол гавьяат гэдэг алдарт хүрээгүй бай­сан болов уу.

 

БАГАДАА БАГАНАА ТОЙРООД “БОТГО” ДУУГ ДУУЛДАГ БАЙСАН

 

-Мэргэжлээрээ ажил­лаж байв уу?

-Эзэмшсэн мэргэжлээ хаяагүй ээ. Театрынхаа уран бүтээлд туслах най­руу­лагчаар ажилладаг. Албан байгууллага, теат­рынхаа шинэ жил зэрэг баяр ёслолын үеэр хөтлөгч хийдэг.

-Ирээдүйн дуучны га­раа хаанаас эхэлсэн бэ?

-Багадаа баганаа той­роод “Ботго” дууг дуулдаг байсан гэж ээж, аав маань дурсдаг юм. Сургуульд ороод нэгдүгээр ангиасаа л дуулсан байх. Урлаг, уран сайхны ажил тасла­даггүй,  ангийнхаа хүүтэй хамтарч дуулна. Аймгийн­хаа “Хангайн оргил” чуул­гат дуулдаг байсан. Хүү­хэд ахуй наснаасаа урла­гаар хүмүүжиж, урлагаар тэтгэдэж амьдарсан даа. Сурагч байхад дурсам­жийн дэвтэр дамжуулж хөтөлдөг байсан даа. Тэр дэвтэрт манай ангийн 33 хүүхэд надад зориулж, “Театрын хамбан улаан хөшиг нээгдэхэд гавьяат дуучин Цэцгээ” гэж зар­луулаад дуулж яваарай гэж ерөөж бичсэн байдаг. Манайхан тэгшитгэл тоо 33 гэж бэлгэддэг шүү дээ. Ангийнхан маань намайг бэлгэдэж дээ гэж баярлаж явдаг. Өөрийнхөө өдий зэрэгтэй явааг уул усны минь, хамт ажилладаг уран бүтээлч нөхөд, их урлагийн буян гэж боддог. Мөн цаст цагаан Очир­ваань уул, Улиастайн гол  минь, нийт завханчууд минь түшсэн гэж бэлгэ­шээ­дэг. Өглөө бүхэн зал­бирч цайныхаа дээжийг өргөдөг.

-Завханы театрын хөг­жил аль шатандаа явж байна?

-Нэг үеэ бодвол хан­гамж сайтай болсон. Уран бүтээлчид маань амьдрах нөхцөл сайтай, ажилдаа дуртай, сэтгэлээсээ ханд­даг. Ажиллаж, амьдрах нөхцөл сайтай байж л чанартай уран бүтээл төр­дөг шүү дээ. Бидний хувьд дутсан, гачигдсан зүйл алга. Саяхан “Сонгодог бүтээл-2012” уралдаанд баруун аймгуудын дунд түрүүлсэн.

 

ОХИНОО ОЮУТАН БОЛОХОД ДАГАЖ ЯВАХ ГЭЭД ЧАДААГҮЙ

 

-Урлагийн сургууль төгссөн мэргэжилтнүүд орон нутгийн театр руу очих нь бага байдаг. Танай театрын хувьд боловсон хүчин хэр вэ?

-Манай театр харь­цан­гуй залуужсан. Миний өмнө нэг үе байна. Тэгээд миний үе байна. Театрын дарга Г.Доржжүгдэр гэж Улаан-Үдэд бүжиг дэглээ­чийн анги төгссөн залуу бий. Найруулагч маань Б.Энхжаргал гэдэг залуу хүүхэд ирсэн. Бүжгийн багш маань бас л залуу хүүхэд. Манайд Ганхуяг багшийн удирдсан есөн хүүхэд ирж байсан юм. Амьдралын шаардлагаар зарим нь явсан. Манай нутаг зургаан гавьяаттай. Гал голомтоо сахиж үлд­сэн нь одоо би л байна даа. Театраа хөгжиж байна гэж үнэлдэг. Театрууд уналтад орж, хаалгаа барихад ма­най театр уран бүтээлээ хийж л байсан. Энэ нь удирдлагууд, уран бү­тээлч­дийн минь гавьяа. Би чинь театрынхаа өндөр ижий шүү дээ. Манайхан ямарваа зүйл тохиолдвол надад хэлдэг. Цэцгээ эг­чээ ийм зүйл тохиолдлоо, яавал зүгээр вэ гээд л. Би ээж нь, эгч нь, найз нь юм шиг зөвлөдөг. Туслах юм­сан гэж хичээдэг. Хүнд туслах чинь буян шүү дээ. Би ганц охинтой. Хүнд тусалж явбал эргээд ми­ний охинд туслах ач, тус нь ирнэ.

-Охин чинь мэргэж­лийг тань өвлөсөн үү?

-Бага байхдаа намайг дагаад театрт  өнждөг байсан. Гэхдээ дуучин болоогүй. Химийн чиглэ­лээр боловсрол эзэмшсэн. Одоо мэргэжлээрээ ажил­лаж байна.

-Нутгаа сахиж үлдсэн цөөн гавьяатын нэг нь та. Яагаад хот ороогүй юм бэ?

-Төрсөн нутаг гэхээр Очирваань уулаа ярих дур­тай. Завханчуудын буян заяа, үйл хэрэг бү­тэмжтэй явдаг нь Очир­ваань уул минь түшиж явдгийн буян. Ийм сайхан нутаг ус, ард түмэн, хамт олноосоо яаж холдох би­лээ. Охиноо оюутан боло­ход дагаад явъя гэсэн ч чадаагүй. Өөрийн эрхгүй л нутагтаа татагддаг юм билээ. Амьдралын минь хором бүр, урлагт зориул­сан он жилүүд энэ нутаг, намхан театртай минь салшгүй холбоотой. Болж өгвөл эндээ л олон жил ажиллаад, амьдрах юмсан гэж боддог.

-Хааяа ч гэсэн харамс­даггүй юу?

-Юундаа харамсах би­лээ. Би хүссэн ажлаа хий­гээд, урлагийнхаа буяныг эдлээд явж байгаа. Хотод очсон ч уран бүтээлээ хий­нэ, Завхандаа ч уран бү­тээлээ хийгээд л байна. Хотод очсон бол арай илүү байх байж, явах минь яав даа гэж харамссан удаа байхгүй. Би байх газраа, хийх ёстой уран бүтээлээ хийгээд л амьдарч байна.

 

УРЛАГТ ДУРЛАСАН ХҮН ХОЛДОЖ ЧАДДАГГҮЙ

 

-Урлаг уран бүтээл­чээс золиос шаарддаг юм шиг. Халуун алга ташилт, урмын үгийг хэр үнэ цэ­нээр олж авдаг вэ?

-Урлаг хатуу үедээ ха­туу шүү дээ. Хүмүүс гэр­тээ амарч байхад бид театр­таа бэлтгэлээ хийдэг. Хүмүүс баяр ёслолоор гэр бүлтэйгээ баярлаж байхад бид тэднийг баярлуулахын төлөө халуун наранд, өв­лийн хүйтэнд тоглолтын нимгэн хувцастай тайзан дээр инээмсэглээд зогсож байдаг. Энэ бидний үүрэг юм даа. Урлагт дурласан, урлагийг мэдэрсэн хүн урлагаас холдож чаддаггүй юм шиг. Би өөрийгөө азтай гэж боддог. Миний хань уран бүтээлч, театрын жүжигчин хүн бий. Урла­гийн хүн л урлагийн хүнээ ойлгодог юм билээ. Бид амьдралаа зохицуулаад л ирсэн. Уран бүтээлч бидний хамгийн сайхан мөч тай­зан дээр дуулж дуусаад хөшиг хаагдсан ч, халуун алга ташилт тасралтгүй сонсогдох тэр мөч.

-Та театрынхаа өндөр ижий гэлээ. Залгамж ха­лаа­гаа хэр бэлдэж байна?

-Залгамжлах хүүхдүүд олон бий. Би чиний багш чинь шүү гэж албан ёсоор хэлээгүй ч Цэцгээ эгчээ үүнийг яаж дуулах вэ, энд нь ямар нугалаа хийх үү гээд гүйж яваа хүүхдүү­дийг бүгдийг нь шавиа гэж боддог. Би ч ялгаагүй ин­гэж л уран бүтээлч болсон. Соёлын төвд юу ч мэдэх­гүй хүүхэд ирж байлаа. Тэр үед надад зааж, зөв­лөж, тусалж байсан хүн бүрийг багшаа гэж хүн­дэлж явдаг.

-Сэтгэл догдлуулж, нулимс урсгадаг ардын дууны нууц нь юунд байдаг вэ?

-Ардын дуу монгол түмний минь том бахархал шүү дээ. Ардын дууны үг, ая хүнийг аргадсан, учир­ласан байдаг. Аялгуу нь тансаг, үг нь уран учраас сэтгэл догдлуудаг байх даа. Би зохиолын дуу дуулах гээд чаддаггүй. Хоолойны цар хүрээнд тохирдоггүй юм.

-Манайд цол дэндүү үнэгүйдчихсэн юм шиг санагддаг. Та ямар бодол­той явдаг вэ?

-Үнэн шүү. Ганц хоёр­хон уран бүтээл хийчихээд энгэрээ цоолдог уламж­лалтай. Нэг тоглолт хий­сэн л бол соёлын тэргүү­ний ажилтан авдаг бол­чих­сон үе. Насаараа ур­лагт зүтгэсэн бидний хө­дөл­мөр үнэгүй болчихсон. Цол чухал биш ээ. Уран бүтээл чухал шүү дээ. Тэмдэг гэдэг хэн нэгний халаасанд явж байдаг, хаашаа ч болчихсон юм бэ дээ. Хааяа ойлгодоггүй юм. Бидний үед тийм байсан­гүй. Цол, шагнал гэдэг өндөр шалгууртай байсан. Бид шагнал, тэмдгийн тө­лөө уран бүтээл хийж байгаагүй. Сэтгэл зүрхээ л энэ урлагт зориулсан.

-Таны хувьд хэдэн жил хөдөлмөрлөж байж гавьяат цолоор шагнуулсан бэ?

-Би урлагт 35 жил зүт­гэж байна. 18 жил хө­дөлмөрлөж, соёлын тэр­гүү­ний ажилтан авсан. 29 жил тасралттгүй ажиллаж, Монгол Улсын гавьяат жүжигчин тэмдгээр шаг­нуул­сан. Урлагт амьдралаа зориулсаныг минь төр үнэл­сэн гэж бодоод, хүндэлж, дээдэлж явдаг.

-Төрөөс гавьяатуудаа хэр хардаг вэ?

-Сар бүр 150 мянган төгрөг өгдөг юм. Төрийн минь буян.