Л.ХЭРЛЭН

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай   хэвлэлээр ярих хүсэлгүй болчихсон гэнэ. Түүнээс утсаар авсан ярилцлагыг хүргэж байна.

 

-Ингэхэд та яагаад хэвлэлд ярилцлага өгөхөө больсон юм бэ. Яагаад чимээгүй суухаар шийдэв?

-Би  УИХ-ын гишүүн болоогүй юм чинь ярилц­лага өгч яах юм.  Сон­гуульд санал авч гарсан хүмүүс нь л   ярина биз.

-Яагаад тэгж үзэх бо­лов?

-Ахад нь  ярих юм алга. Тэгээд ч  би ямар ажил хийж байгаа  биш.

-Ямар сонин юм бэ. Та хэвлэл, мэдээллийн хэрэгс­лүүдийг харж байгаа биз дээ, ярих сэдэв олон байна шүү дээ. Бас асуумаар зүйлүүд ч байна?

-Би телевиз үзэж, со­нин уншихаа байсан.

-Яагаад? 

-Ер нь телевиз үзэж, сонин уншиж яах юм. 

-Та бөх сонирхдог бас дэмждэг  байх аа. Ядаж бөхийн барилдаан ч ха­рахгүй байгаа гэж үү?

-Харах юмаа бол ха­рал­гүй яахав.   

-Та АН-ын гишүүн. Нам тань олонхи болоогүй ч олон болж Засгийн газраа байгуулаад ажил­лаж байна. Шинэчлэлийн бодлогуудыг хэрхэн дүг­нэж байгааг тань сонирх­моор байна. Тэр үүднээс ярилцлагад урьж болох уу?

-Тэр ажлыг хийж бай­­гаа хүмүүс нь л яриг. Түүнээс би нэг их яриад байх асуудал биш байх аа.

-Ярьж болохгүй гэж  хуульчлаагүй санагдах юм. Харин танай намын дүрэмд тэгж оруулсныг би мэдээгүй юм биш байгаа? 

-Дөнгөж  ажлаа эхэлж байгаа Засгийн газрын  тухайд одоогоор  хэлэх зүйл алга.

-Цаашид хэлэх зүйл гарч ирэх байх гэж үү?

-Үнэхээр цаашид бо­лохгүй, бүтэхгүй зүйлүүд гарч ирээд, тэр талаар дуугарахаас аргагүйд хүр­вэл ярьж хэлэлгүй яахав.

-Удахгүй Ерөнхийлөг­чийн сонгууль болно, тэр талаар?

-Болдог юм  болдгоороо л болно  биз. Надад ямар хамаатай юм бэ.

-Та өмнө нь   нэрээ дэвшүүлж байсан биз дээ?

-Тэгээд яагаав, бо­лох­гүй зүйл  хийсэн  байна уу? 

-Зүгээр л асуусан юм. Сүүлийн үед та ямар ажил  амжуулж байна?

-Гэртээ хүүхдүүдтэй­гээ бужигнаж суудаг бол­сон шүү дээ.

-Өмнө нь гэрийнхэндээ цаг, зав гаргаж амждаггүй байсан байх аа?

-Цаг гаргах үедээ гар­галгүй яах вэ.

-Ажил, албан тушаал өгөөгүй ч нам чинь  томоо­хон зүйлээр, тухайлбал лиценз өгч таны амыг тагласан гэж дуулдаад байгаа нь үнэн үү? 

-Тийм зүйл байхгүй.

-Тэгвэл  та гадаадад Элчин сайдаар явах гэж байгаа юм уу?

-Бас хэн тэгж байна вэ.

-Тэгж тааж байгаа юм? 

-Сэтгүүлчид намайг  янз бүрийн  газар луу явуу­лаад, ирүүлээд янз бүрээр  бичдэг  шүү дээ. Одоо  тэгээд хааш нь явуулах  гэнэ вэ. 

-АН сул байгаа хүмүү­сээ энд, тэндхийн элчин­гээр явуулж байгаа нь үнэн биз дээ. Таныг ч бас явуулах  гэж байж магад­гүй гээд л асуусан юм?

-Сэтгүүлчид яахаараа байнга  хардаж сэрдэж, элдвийн юм ярьж, асууж явдаг байна аа.

-Хардах эрхтэй хүмүүс чинь сэтгүүлчид шүү дээ?

-Хардах эрхтэй гээд л байнга  хардаад байж болохгүй биз дээ.   

-Тэгээд та үнэхээр ярилцлага өгөхгүй гэж шийдчихсэн хэрэг үү? 

-Би хэлээд байна шүү дээ. Одоогоор юу ярих вэ дээ гэж. Цаашид болохгүй, бүтэхгүй зүйл  гараад, нийгэмд хандаж дуу хоолойгоо  нэмэрлэх шаардлага гарвал аль болох олон түмнийхээ талд ярьж хэлэлгүй  яахав.