Орчуулсан Р.ГЭГЭЭ

 

Орчин үеийн кино урлагийн содон нүүр царай бол Квентин Тарантино. Нэрнээсээ авахуулаад тун содон энэ эрийг анхны киногоо нийтэд хүргэхэд “Энэ ч ганц удаагийн онгод төдий” гэж басч байсан. Гэвч хожмоо бүтээлүүд нь сар, жил, бүр арван жилийн шилдгүүдийн тоонд багтаж эхэлсэн юм. Харин Тарантино өөрийгөө кино урлагийн мангас гэх мэтээр сүржин нэрлэхийг хүсдэггүй. Тэр “Би бол зөвхөн би” гэж хэлэх дуртай нэгэн. Тарантиногийн найруулсан “Суллагдсан Жанго” хэд хэдэн төрлөөр “Оскар”-т нэр дэвшчихээд байгаа билээ. Түүний нэгэн ярилцлагыг товчлон хөрвүүлэв.

 

-Таны шинэ кино “Суллагдсан Жанго”-гийн сэдэв хэзээ хэрхэн төрсөн бэ. Яагаад заавал боолын тухай сэдэв сонгосон юм бэ?

-Энэ сэдвээр хуруу дарам цөөн кино байдаг. Тэгээд ч би цэвэр барууны кино бүтээе гэж бодоод л явсан юм. Ажлаар Токиод явж байтал киноны санаа гэнэт орж ирсэн. Тэгмэгц нь зочид буудлаас өгсөн цаасан дээр шууд тэмдэглээд авсан юм. Тэгэхэд би тэмдэглэлийн дэвтэр ч үгүй явж.

-Жангогийн дүрд Уилл Смитийг эхлээд урьсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Уиллтай Нью-Йоркт уулзаж сайтар ярилцсан. Тэр их ухаалаг, сайн залуу шүү дээ. Түүнтэй уулзсаныхаа дараа би өөр таван жүжигчинтэй уулзсан. Хамгийн гол нь дүрд маань яв цав тохирох хүнийг олох хэрэгтэй байлаа. Тэгээд Жейми Фокстой таарсан. Фокс­той уулзсаныхаа дараа­гаар Уилл руу утасдаад гол дүрдээ тоглох хүнээ олсноо шууд хэлсэн. Жейми гайхалтай жү­жиг­чин. Надад яг түүн шиг хар арьстай хэрнээ ковбой төрхтэй эр л хэрэгтэй байсан юм. Уилл хэдийгээр авьяаслаг ч гэсэн Жейми шиг Техаст өсөөгүй, түүн шиг энэ дүрд тохирохгүй байсан.

-Ди Каприо өөрөө тань руу утасдаад газрын эзний дүрд нь тоглохыг хүсч буйгаа хэлсэн гэдэг үнэн үү?

-Тийм ээ, би түүнтэй олон жилийн найзууд. Үнэндээ эхлээд эргэлзсэн шүү. Надад газрын эзэн гэхээр арай л хөгшин хүн хэрэгтэй юм шиг санагдсан. Гэвч Ди Каприо бүр шалаад байсан л даа. Гэтэл зураг авалтын явцад Лео өөрөө хүртэл эргэлзэх шиг болсон. Учир нь газрын эзэн дэндүү харгис нэгэн. Ийм л түүхийг үзүүлэх гэсэн болохоор Леод тааруулж өөрчилнө гэж юу байхав.

-Үнэхээр зэрлэг хар­гис хэсэг олонтой кино юм билээ. Ийм кадр хү­мүүст таагүй сэтгэгдэл тө­рүүлнэ гэж эмээсэнгүй юу?

-Үгүй дээ, би өөрий­гөө болон эхнэрээ хэрц­гий газрын эзний гараас аварч, эрх чөлөөгөө олж буй боолын тухай л өгүү­лэх гэсэн шүү дээ. Энэ кино бол хайр сэтгэлийн тухай. Үнэндээ тухайн үеийн харгислал үүнээс ч илүү байсан биз. Одоо ч гэсэн нэгэн гаж этгээд сургуульд нэвтэрч ороод 20 гаруй хүүхдийг үг дуугүй буудчихаж байна шүү дээ. Тиймээс үүнийг үзүүлж буй киног бус харин энэ хүчирхийллийг хийж буй гэмтнүүдийг л буруутгах хэрэгтэй.

-Жүжигчин Жат Жарретт таныг “Галзуу новш” гэж хэлсэн байна билээ. Тэгсэн хэрнээ бас ийм агуу найруулагчийн дор ажиллах дэндүү сайхан гэж магтсан байх юм...

-Тийм ээ, тийм. Би галзуу новш шүү дээ. Би ийм л төрсөн юм чинь /инээв/.

-Тэгвэл галзуу найруулагчийн байгуулсан киноны баг галзуу орчинд ажилладаг байх даа?

-Үгүй ээ, би харин ч их хөгжилтэй байлгахыг хичээдэг. Хамгийн хүнд сэдвээр кино хийж байлаа ч гэсэн багийнхныгаа үргэлж хөгжөөж, урмыг нь сэргээж суудаг. Хөгжим хангинаад л, хүмүүс инээлдээд л байна шүү дээ. Баасан гаригт киноны багаараа чөлөөтэй байж, наргина. Нью-Орлеанд зураг авалттай байхдаа бүр баар орж байж билээ. Өглөө хүртэл инээлдээд ажилдаа ирж байсан удаатай. Тэгэхгүй бол хүнд сэдвээр хийж буй кино хүмүүсийг их ядраадаг.

-Та ирэх жил 50 нас хүрлээ. Гэр бүл, үр хүү­хэдтэй больё гэж бодохгүй байна уу?

-Та надад насыг минь сануулчихлаа. Би бүр март­чихсан гүйж явжээ. Амьдралдаа би гэрлэ­чих­мээр бүсгүйтэй хэд хэд таарсан. Гэвч бүтээгүй. Харин одоо гэрлэхсэн гэж боддоггүй. Бараг бүтээ­гүйд нь баярладаг. Гоонь эрийн амьдралд дасчихаж дээ. Найруулагчийн ажил гэдэг бол цаг наргүй ажиллах эсвэл хойш нь тавьчихаж болох зүйл. Харин гэр бүлийн амьдрал тийм биш. Энэ бол үүрэг хариуцлага. Уг нь эхнэртэй болчихвол ааш зан минь ч жаахан засрах л байх /инээв/.

-Тэгвэл таны эхнэр ямархуу бүсгүй байх ёстой вэ?

-Миний бүтээлийг хайрладаг, ойлгодог байх хэрэгтэй. Жишээ нь, Ума Турман шиг. Ухаангүй шүтэн бишрэгч биш харин ажлыг минь хүндэлдэг байх ёстой гэсэн үг л дээ. Учир нь ажил бол миний амьдралын гол зүйл. Гэхдээ ирээдүйн хань минь гол нь өөрийн гэсэн сонирхол, үзэл бодолтой хүн байвал сайхан. Тэрнээс гадаад төрх гэх мэт зүйл бол тийм чухал биш.

-Та 60 насандаа кино найруулагчаар ажиллахаа болино гэж олон удаа хэлсэн. Яагаад ингээд байдаг юм бэ?

-Хөгшин найруулагч гэгдмээргүй байна шүү дээ. “Өө, чи байж л байгаа юм уу? Чамайг үхчихсэн гэж бодсон шүү дээ” гэж хүн хэлэхвий дээ /инээв/. Гэхдээ миний бодол ту­лаад ирэхээр өөрчлөгдөж мэднэ. Хөгшин харагдаж буй ч гэсэн дотор зөндөө залуу санаа төрөөд байвал яаж болих вэ дээ. Одоо­гоор би найман кино най­руулсан. Арав болгочихвол сайхан л юм. Тэгвэл сэтгэл ханах байх аа.