Д.Мягмаржаргал, Гэрэл зургийг Л.Номингэрэл

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж Төрийн ордны гадаа суулт зарласан. Энэ сараас эхлэн ахмадын тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн ч амьдралд хүрэлцээгүй учир зээл авахад хүрдэг байна. Тэгвэл өнөөдөр ахмадууд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тухайлбал,  Хаан банкинд 306 мянга орчим тэтгэвэр авдаг ахмадууд байгаагийн 180 мянга нь зээлтэй. Үүнээс 75 мянга нь 7-24 сарын хугацаатай зээлтэй. Банкны хүү өндөр төлөлттэй, 19 сая төгрөгийн зээл авахын тулд 6.5 сая төгрөгийн хүү урьдчилан төлж, хүүхдүүдээ батлан даагч болгох нь буруу талаар ахмадууд байр сууриа илэрхийлж байлаа.  Энэ үеэр ахмад настан Д.Батбаяр “Бид залуу насандаа хөдөлмөрлөсөн мөнгөө авахын тулд хүүхдүүдээ барьцаалж байна. Амьд барьцаа гэж байх ёсгүй. Биднийг зээл авахад Засгийн газар батлан даах ёстой. Үгүй бол огцрохыг шаардана” гэлээ. Иймд тэтгэвэр олгож буй банкууд зээлийн нөхцөлөө уян хатан болгож, ахмадуудад ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг хүслээ.

Эх сурвалж www.zms.mn