Ж.ИЧИНХОРЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан “Ахлах офицеруудын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Бидний сонирхол-Миний хобби” үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 30 гаруй албан хаагч оролцож ховор нандин цуглуулгаа дэлгэж олон нийтэд үзүүллээ.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн ахлах багш Э.Цэрэнханд, Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Б.Баярсайхан, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны танхимын дэд профессор, дэд хурандаа Б.Мөнгөнбагана, Цэргийн төв эмнэлгийн дайчилгаа, хүний нөөцийн тасгийн дарга дэд хурандаа Д.Өлзийдаваа нарын сэтгэгдлийг сонирхсон юм.
Э.Цэрэнханд: Сүүлд Версаче-ийн 2025 оны хавар, зуны цуглуулга нэмсэн
-Би энэ үзэсгэлэнд өөрийн үнэртнүүдээрээ оролцож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэглэж байсан үнэртнүүд маань хэрэгцээ, хэрэглээн дээрээ суурилсаар байгаад олон болжээ. Хамгийн хайртай үнэртэн гэвэл энэ зуны амралтдаа зориулж шинээр дуртай үнэрийнхээ нотуудаар хийсэн нь үзэсгэлэнгийн онцлох бүтээл болж байна. Үнэртэй ус хэрэглэхдээ юуг анхаарах вэ гэвэл тухайн үедээ ямар арга хэмжээнд оролцох, ямар ажил хийх, ямар сэтгэл зүйтэй байхаас шалтгаалан үнэртнээ сонгох нь чухал. Хамгийн сүүлд цуглуулгадаа нэмж авсан үнэртэн гэвэл ‘Версаче’-ийн 2025 оны хавар, зуны цуглуулгын загварууд. Хамгийн өндөр үнэтэй нь 1.5 сая төгрөг бол бусад нь түүнээс доогуур. Надад таалагддаг үнэр гэвэл жимслэг, ванил болон цэцэгсийн үнэр. Харин зуны улиралд сэрүүн, далай болон цэнгэг усны үнэрийг хэрэглэх дуртай.
Д.Өлзийдаваа: Медлион цуглуулах нь миний хобби
-Медлион цуглуулах нь миний хувьд ажлын стресс, бухимдлаа тайлах хамгийн сайхан хобби. Нийт 400-500 орчим медлион бий. Үүнээсээ энэ арга хэмжээнд зориулж 200 гаруйг нь авчирсан. Цуглуулгаа 2018 оноос эхэлсэн. Долоон жилийн хугацаанд ковидоос болж хэсэг завсарласан үе бий. Медлион худалдаж авдаг зүйл биш. Ихэвчлэн найз нөхдийнхөө бэлэг, солилцоо эсвэл бэлгэдлийн журмаар олж авдаг. Түүхийн хувьд дэлхийн I, II дайны үед Америкийн цэргийн байгууллагууд анги, нэгжийн албан хаагчдаа ялгах зорилгоор хэрэглэж байсан. Харин хожим дээд цолтой цэргийнхэн бие биедээ нэрийн хуудас маягаар, мэндлэхдээ алгандаа хавсарч өгдөг уламжлал тогтсон.
Миний цуглуулгад цэргийн болон тусгай хүчний байгууллагуудын медлионоос гадна Австри, Америк, Турк, Солонгос, Япон, Герман гээд 30-аад орны медалион бий. Мөн Монголын бүх цэргийн анги, байгууллагын медлион байгаа. Онцгой байдал, хил хамгаалах, цагдаа, шүүх гээд төрөл бүрээр цуглуулсан. Хамгийн сүүлд Монгол Улсад нисэх хүчин үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойн медлионоор цуглуулгаа нэмлээ.
Хүүхэд байхдаа уншиж байсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн нэг зураг санаанд тод үлдсэн. Тэнд монгол, орос хоёр цэрэг санаандгүй байдлаар хамтдаа авахуулсан зураг түүх болж үлджээ. Үүнтэй холбоотойгоор Халх голын байлдааны ялалтын ойд зориулсан медлион миний хувьд онцгой утга агуулгатай. Хамгийн үнэтэй нь Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн багийн ээлжүүдэд олгодог медлион. Мөн дэлхийд зэвсэгт хүчнээр тэргүүлэгч Америк, Хятад, Солонгос, Японы медлионоос гадна АНУ-ын хуурай, агаарын, тэнгисийн цэрэг гэсэн төрөл мэргэжлийн салбарын медлионууд бий. Монголд медлионы соёлыг өмнө нь төдийлөн ойлгодоггүй байсан. Сүүлийн жилүүдэд утга, агуулгыг нь мэддэг, цуглуулдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь надад урам өгсөн.
Б.Баярсайхан: Монголын нисэх хүчний түүх 1925 оноос эхтэй
-Зэвсэгт хүчний агаарын цэрэг нь гурван төрлийн цэргээс бүрддэг. Үндсэн нисэх хүчин, радио техникийн цэрэг, пуужингийн цэргийг төлөөлөн цэргийн пуужингийн цогцолбор байна. Радио техникийн цэргийг төлөөлөн хоёр радио станц байдаг. Үлдсэн нь манай нисэх хүчнийг төлөөлөөд онгоц, нисдэг тэрэг байгаа. Өнөөдөр энд 40 гаруй нисдэг тэрэг байна. Нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан Монголын нисэх хүчинд ашиглаж байсан бүх онгоцыг бодитойгоор буулган сэргээх зорилгоор цуглуулга хийж байна. Үүнд барууны, Америк, Солонгос, Оросын нисдэг тэрэгнүүд болон иргэний хоёр төрлийн агаарын хөлөг багтсан. Дээр үеийн онгоцыг сэргээхдээ үйлдвэрийн төмөр хэвээр нь жижигрүүлэн, бодит загварыг багасгасан хувилбараар бүтээж байгаа.
Хамгийн сүүлд орж ирсэн техник гэвэл H145 нисдэг тэрэг. Энэ нь хоёр сумтай, радио цацрагт зэвсэглэлд ашиглаж болдог. Мөн МиГ-29 байлдааны сөнөөгч онгоц энэ онд “Сэлэнгэ-2025”-д ОХУ-тай хамтран байлдааны буудлага, тактикийн сургуулилтад оролцсон. Агаарын цэргээс хоёр онгоц оролцож, амжилттай ирсэн.
Монголын нисэх хүчний түүх 1925 оны тавдугаар сарын 25-нд тооцогддог. Энэ өдөр U-13 онгоц анх удаа нисэж цэргийн эмнэлэг, Офицеруудын ордны ойролцоо газардсан байдаг. Үүнийг Монголын нисэх хүчний анхны онгоц гэж үздэг.
Б.Мөнгөнбагана: Онцгой карт байвал өөрийн нэр дээр захиалж авдаг
-Би Монголоороо бахархах дуртай. Монгол Улсын далбаа болон хуучны уламжлалт зурагтай, бэлгэдэл, тэмдэглэгээтэй картанд илүү сонирхолтой. Картаа ангилахдаа төрийн далбаатайгаас нь эхэлдэг. Нийт 600 орчим карттай. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд 320-ийг нь авчирлаа. Давхардсан карт байхгүй. Цуглуулгаа ангилахдаа төгрөгийн, visa, мaster, JCB гэж ангилан хуваадаг. Мөн банкны үйл ажиллагааны байдлаар дампуурсан болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэж хоёр ангилдаг. Дампуурсан банкны карт илүү үнэ цэнтэй байдаг. Одоогоор карт олдохгүй, ховордсон ч 2-3 жилийн дараа хугацаа нь дуусах учраас араас нь их хөөцөлддөггүй. Ихэвчлэн таньдаг хүмүүсээсээ гуйж авдаг.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнд зориулж гаргасан онцгой карт байвал өөрийн нэр дээр захиалж авдаг. Цөөн тоогоор гаргадаг учраас ховор олддог. Эртний ховор картуудаас авч үзвэл Анод банкны цахим карт нэлээд ховорт тооцогддог. Мөн Хотош банкны карт 1990-ээд оны эхээр телевизээр гарч байсан. Бусад цуглуулагчийн цуглуулгад тэр бүр байдаггүй. Харин сүүлийн үеийн банкнуудаас дурдвал Богд, Кредит, М банкны олон улсын карт дийлэнхийг нь эзэлж байна. Олдоц багатай нь зориулалтаасаа шалтгаалдаг. Жишээлбэл, өндөр үнэлгээтэй, бизнесийн чиглэлийн хар картууд ховор олддог. Цөөн тоогоор тараагддаг тул цуглуулахад нэлээд төвөгтэй. Миний мэдэхээр олон хүн карт цуглуулж эхэлсэн ч дундаас нь орхисон байдаг. Учир нь дандаа хүнээс гуйх, хөөцөлдөх шаардлагатай байдаг тул заримдаа ядаргаатай санагддаг бололтой. Би өөрөө Зоос банкны картыг олж авах гэж 20 мянган төгрөгөөр худалдаж авсан тохиолдол ч бий. Заримдаа судалгаа шаарддаг. Мөнгө зарцуулах хэрэгтэй эсэхийг бодож үзэх хэрэгтэй болдог гэсэн юм.
Ийнхүү төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид өөрсдийн ховор, нандин цуглуулгаа олон нийтэд танилцуулснаар “Бидний сонирхол- Миний хобби” үзэсгэлэн зөвхөн нэг өдрийн арга хэмжээ бус, хувь хүний сонирхол, бахархал, үнэт зүйлсийг харуулсан чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 166 (7663)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.