Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Мянганы суут хүн Чингис хааны бага насны тухай таван боть “Тэмүжин” түүхэн романыг туурвисан Буриадын зохиолч Алексей Гатапов “Зууны мэдээ” сонинд зочиллоо. Тэрбээр “Тэмүжин” романаа Монголд хоёр дахиа хэвлүүлснээ хүлээж авахаар ирээд байгаа аж.
Сонины редакцид эрхэм зохиолч гэргий “Номад” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, захирал Октябрина Дамдинжаповна, “Тэмүжин” романыг хоёр дахиа хэвлэхэд зориулан монгол хэлнээ буулгасан нэрт орчуулагч Норовын Пүрэвдагвын хамт саатсан юм.
Хэвлэлтээс дөнгөж гарч байгаа номынх тухай Алексей Гатаповтай ярилцлаа.
-Юуны өмнө танд “Тэмүжин” романаа Монголд хоёр дахиа хэвлүүлсэнд баяр хүргэе. 2014 онд хэвлэгдсэн хувилбарын талаар дуулснаас цаашгүй байсан учраас шинээр дахин хэвлэсэн нь таны бүтээлийг эх хэл дээрээ унших боломж гарч буйд олон монгол хүн баяртай байгаа байх.
-Би ч бас их баяртай байгаа. “Тэмүжин” романы нэг, хоёрдугаар боть 2014 онд монгол хэлээр анх хэвлэгдсэн ч цөөн тоотой гарснаас Монголд бараг танигдаагүй. Энэ удаа арван мянган хувь хэвлэхээс эхний 50 хувийг хүлээж аваад байна.
Тэд хэчнээн авьяастай ч Монголын түүхийг бичиж чадахгүй

-Таны бүтээлийг монголчууд яаж хүлээж авах бол гэж бодож байв уу?
-“Тэмүжин” романыг Орост гурван удаа хэвлэсэн. Монгол уншигчийн хувьд романыг бүхэлд нь яаж ойлгож, хэрхэн хүлээж авах нь яг үнэндээ орчуулагчийн чадвараас ихээхэн хамаарах юм. Энэ удаа орчуулгын ажлыг хүндэт Н.Пүрэвдагва хийлээ. Эхний хоёр ботийг орчуулсан. Цааш үргэлжлүүлэх байх.
Ер нь бол уншсан хүмүүс сэтгэгдлээ илэрхийлдэг. Их олон сайхан сэтгэгдэл сонссон. Нэг монгол генерал “Хэрэв энэ романаа кино болговол би бүх дивизээ оролцуулна” гэж байсан. Түүнчлэн “Аравт” гэж киног монголчуудтай хамтран хийж байсан Өвөр Монголын “Нүүдэл соёл” гэж студийн зүгээс сонирхож буйгаа илэрхийлсэн. Тэд монгол хэлээр гарсныг уншсан юм билээ. Тэгээд продюсер Чагдарсүрэн биднийг Хөх хотод урьж, гурван жилийн хугацаатай зохиогчийн эрхийн гэрээ байгуулж, хөлс мөнгөө тохироод урьдчилгаагаа ч өгсөн. Гэвч кино болгож чадаагүй. Зохиол том учраас хүндрэлтэй байсан байх. Гэрээний хугацаа дууссан учраас одоо энэ чиглэлд ажиллах боломж бол нээлттэй.
-“Тэмүжин” романаа бичих санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Би өөрөө түүхч хүн. Түүх, манай түүхийн шинжлэх ухаан 1990-ээд оноос ардчилал, ил тод байдлын нөлөөгөөр асар их өөрчлөгдсөн. Өмнө нь хаалттай байсан сэдвүүд нээлттэй болж, их өргөн хүрээнд харж судлах боломж гарсан. Түүнээс өмнө Орост Чингис хааны талаар ярихаас болгоомжилдог. Сурах бичигт түүнийг байлдан дагуулагч, эзлэн түрэмгийлэгч гэх сөрөг өнцгөөс оруулсан байдгийг бид үзэж, уншиж ирсэн.
Харин 1990-ээд оноос огт өөр үнэлгээ гарч ирсэн. Чингис хааныг эергээр үнэлдэг барууны түүхчдийн талаар бид мэдээлэлтэй болж, тэр ч бүү хэл 1999 онд ЮНЕСКО-гоос Чингис хааныг хоёр дахь мянганы суут хүнээр тодруулсан. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн Альберт Эйнштейн, Исаак Ньютон, Христофор Колумбыг биш харин Чингис хааныг онцолсон маш бодитой, хараат бус үнэлгээ нь надад асар том сэтгэгдэл төрүүлсэн.
Үүний зэрэгцээ би түүхчийн хувьд эх сурвалжуудын талаар хангалттай сайн мэднэ. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд таван жил суралцсан хүн шүү дээ. Харин уран зохиолд энэ талаар маш хоцрогдсон. Миний бодлоор Оросын Василий Ян, Исай Калашников, Чингиз Айтматовын бүтээл, англи хэл дээр Памела Сержант, Давид Куртын зохиолууд л байсан. Казакуудын бичсэн ганц нэг зүйл байсан ч энэ бүхэн надад огт таалагдаагүй. Тэднийг уншаад монгол хүн бичээгүй нь шууд мэдэгддэг. Хэчнээн авьяастай байсан ч тэд Монголын түүхийг бичиж чадахгүй.
Тэдний зохиолд ямар нэг ковбои, рыцарууд харагдахаас монголчууд биш. Манай Исай Калашников Буриадад амьдарч, тэнд өссөн, зохиолоо “Монголын нууц товчоо”-нд үндэслэсэн ч орос хүн бичсэн гэдгийг эхний хуудаснаасаа л мэдрүүлдэг.
Түүнчлэн 1990-ээд оноос казакууд энэ сэдвийг идэвхтэй, бүр түрэмгийлэн эзэмшиж, Чингис хааныг казак хүн байсан гэж нээлттэй зарлаж эхэлсэн. Хүмүүсийн мэдэхгүйг далимдуулсан, тархи угаах зүйлс нь сүүлдээ улс төрийн асуудал болж хувирсан. Тиймээс “Нэгэнт би зохиолч болохоор шийдсэн тул энэ сэдвээр л бичье” гэж шийдсэн. Гэхдээ энэ бол их аюултай буюу цээртэй сэдэв. Буруу бичвэл өөртөө гай дуудна гэдгийг мэдэх учраас бичиж эхлэхээсээ залбирсан.
-Хамгийн анх хэдийд та их хааны тухай бичихээр зөвшөөрөл хүсч залбирсан бэ?
-Яг үнэнээ хэлэхэд бичиж эхэлснээсээ хойш юм. Москвад Утга зохиолын дээд курст сурч байхдаа эхний хуудсуудыг бичсэн.
Тэмүжин 10-12 настайдаа Таргудай зэрэг удирдагчдаас хавьгүй ухаантайгаа харуулсан

-Гэхдээ та яагаад Чингис хааны бага насыг онцолж бичихээр шийдсэн юм бэ?
-Том роман бичихээр тогтсон сэдвээр, тодорхой төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу явна гэж байхгүй. Санаагаа олоод бичээд эхэлсэн бол Эрнест Хемингуэйн “Өвгөн, тэнгис хоёр”-т загасчныг загас нь чирдэг шиг роман өөрөө зохиолчоо аваад явчихдаг юм.
Яг сэдвийн хувьд Чингис хааны чухам энэ үе уран зохиолд ч, судалгааны бүтээлд ч маш бага туссан байдгийг би анзаарсан.
-Онцлон 9-13 нас уу?
-Тийм ээ. Яагаад гэвэл энэ үе хамгийн чухал шийдвэрлэх үе байсан. Хэрэв Есүхэй эрт тэнгэрт халиагүй бол Чингис хаан төрөхгүй байсан. Учир нь тэр насан туршдаа гойд ухаалаг биш ч зоригтой, хүчтэй ч ноёны ард амьдрах байсан юм. Есүхэй ухаантай байгаагүй. Хэрэв тэр ухаантай байсан бол дөнгөж дайтаж дууссан өстөн татааруудын хурим найрт ганцаараа очихгүй биз дээ. Энэ нь стратегич биш зүгээр зоригтой хүний л хийх алхам. Харин Тэмүжин бол өөр. Тэр аюултай байдалд орсон ч хэрэгтэй үедээ зугтаж чаддаг байсан. Тактикийн хувьд яг л шатарчин адил. Шатарчин тоглож байхдаа ашигтай гэж үзвэл бэрсээ ч хаяж өгдөг биз дээ.
Яг л түүн лугаа Тэмүжин аливаад маш ухаантай, тооцоотой ханддаг байсан. Тэр зоригтой ч ухаантай, стратегич байгаагүй бол Индонезийн арлуудаас Европ, Сибирийн тайгаас Арабын цөл хүртэлх тэр том эзэнт гүрнийг байгуулж чадах байсан гэж үү. Тэмүжиний гойд ухаалаг, стратегич, тооцоотой байдал бага наснаас нь илэрсэн. Тэр багадаа, 10-12 настайдаа Таргудай зэрэг удирдагчдаас хавьгүй илүү ухаантай гэдгээ харуулсан юм. Гэхдээ тэр үед 13 гэдэг бага насанд тооцогдохгүй. Тэр насныхан цэрэгт явж байлаа. Бат хааны баруун зүгт хийсэн аян дайны цэргүүд залуу, 12 настнууд байсан талаар би тодорхой ярьж чадна.
Яагаад би онцгойлон энэ үеийг барьж авсан бэ гэвэл нэгдүгээрт, өмнө дурдсанаар, энэ цаг үеийг уран зохиолд ч, түүхийн эх сурвалжид ч тодорхой тусгаагүй. Зохиолчид, түүхчид яагаад ч юм энэ үеийн хажуугаар өнгөрсөн байдаг. Магадгүй бага насанд нь юу л болоо аж гэж боддог уу, шууд алгасаад бидний сайн мэдэх агуу үйл явдал руу орж, дэлхийг эзэлсэн их хааныг гаргадаг. Тиймээс би энэ үеийг гаргахыг хүссэн юм.
-Та түүхчийн хувьд роман бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Хорин жилийн минь хөдөлмөр.
-Тулгарсан хамгийн том бэрхшээл юу байв?
-Юуны өмнө өөрийгөө XIII зуунд амьдарч буй хүний сэтгэлгээнд аваачих. Бид бүгд XIX, XX зуунд амьдарч буй тул амьдралыг орчин үеийнхээрээ харж, ойлгож дассан. Эрдэмтэд, утга зохиол, кино урлагийнхан ч Чингис хааныг өсч томорсон, гэр бүл болж улмаар улс төрийн асуудлаар бодож тунгаан шийдвэр гаргадаг удирдагчаар харуулахаас биш 10-13 насыг нь тоодоггүй. Магадгүй тоглож наадсан хүүхэд л гэж боддог байх. Гэтэл тэр үед хүүхэд нас гэсэн ойлголт байгаагүй. Хүн болж хөл дээрээ зогссон цагаас дайн тулаан, өлсгөлөнг гэтэлж амьд үлдэхийн төлөө тэмцдэг.
Хэрэв та санаж байгаа бол Исай Калашниковын романы эхэнд Есүхэй Өүлэнтэй гэрлээд Онон мөрний эрэгт амсхийхээр буухдаа залуу гэргийдээ гал түлж оройн хоол бэлтгэ гэхэд бүсгүй суугаад уйлж буй тухай гардаг. Энэ монгол хүмүүжил мөн үү. Нөхрийгөө цай чана, хамт цайлъя гэхэд эхнэр уйлж суух уу. Тэр ямар язгууртан охидын сургуулийнх уу. Нөхөр нь рыцарууд шиг түүний өмнө тонголзон цэцэг барих уу. Огт өөр амьдрал байсан. Дайчны гэргий өөрөө дайчин байсан үе шүү дээ.
Эрчүүдийг 13 наснаас цэрэгт татдаг, бүр 12 настай ч дайнд явдаг тэр үед монголчуудын тоо нэг саяас ч цөөн байсан. Чингис хааны цэргийн тоог 95 мянга гэсэн байдаг. Гэтэл Хятад 100 сая, лалын ертөнц 20 сая, Зүүн Европ буюу Орос таван сая хүнтэй байсан. Ийм орнуудын өмнөөс нэг сая хүрэхгүй хүнтэй улс цэрэглэн мордсон гэхээр монголчууд яах аргагүй хатуу сахилга баттай дайнч ард түмэн байсныг, тэдэнд хүүхэд нас гэх ойлголт байгаагүйг “Нууц товчоо”, Рашид ад-Диний “Судрын чуулганыг уншаад ойлгож болох ч маш олон зүйл тодорхойгүй.
Түүхийн эх сурвалжид энэ мэт тодорхойгүй олон цоорхой бий. Түүхч хүн яг л мөрдөн байцаагч адил тэдгээр цоорхойг нөхөхийн тулд баримтаас баримт холбон ул мөрийг хөөдөг.
Тэмүжин 11 настайдаа гэрлэсэн
-Таны барьсан гол эх сурвалж “Нууц товчоо” юу?
-Миний бичсэн “Тэмүжин” романы эхний хоёр боть орос хэл дээр гарсан нь 720 хуудас. Монголоор орчуулсан нь арай өөр л дөө. Гэхдээ яг энэ хоёр ботид өгүүлсэн хугацаа “Нууц товчоо”-ны ердөө 12 хуудастай л хамаатай.
-Романаа бичиж эхлэх үед та Тэмүүжиний дотоод ертөнцийг ямраар төсөөлсөн бэ?
-Яг үнэндээ надад тухайн үед уншсан зохиол, түүхийн эх сурвалжаас өөр төсөөлөл байгаагүй. Бидний үе түүнийг цусанд дуртай, эзлэн түрэмгийлэгч, олон ард түмнийг, агуу их соёлыг үгүй хийсэн гэж л уншиж өссөн. Харин түүхийн шинжлэх ухаан, дэлхийн болон Оросын утга зохиолд Гумилёвын нөлөөгөөр огт өөр өнцөг гарч ирж байдлыг өөрчилсөн гэж би боддог.
Анхандаа надад Чингис хааны тухай төсөөлөл бүрхэг байсан. Гэхдээ 20 жилийн турш нэг л зүйлд ухаан санаагаа зориулан зүтгэхэд олон зүйл тодорхой болдог юм билээ. Олон жилийн дараа ойлгосон зүйл бол Чингис хаантай дүйх ухаантан түүхэнд үгүй. Түүний зарлигаар монголчууд өөрийн гэсэн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнээс өмнө тэр их мэдээллийг хаан зөвхөн ой санамжиндаа, тархиндаа хадгалж байсан гэхээр гайхамшиг.
Тэр үед тэмдэглэлийн дэвтэр байтугай газрын зураг гэж байсангүй. Тэгэхэд л улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас эхлээд хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, цэргийн чадавхийг тооцож, хаагуур яаж хүрэх, хаана буудаллахыг нэг биш нэлээд хэдэн фронтод зэрэг тооцоолж удирдахыг тархиндаа боловсруулж хөдөлдөг байсан гэхээр ямархуу суут хүн байсан нь тодорхой. Чингис хаан энэ үед 20 гаруйхан настай байсан.
-Эцэг Есүхэйн үхлээс гадна Тэмүжиний зан чанар төлөвшихөд бага насны ямар үйл явдлууд хамгийн их нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Тэр бол олон үйл явдлыг өөрөө өдөөн бий болгосон. Жишээлбэл, үеэл Бэгтэрийг зэрлэг балмад ааш авирынх нь улмаас өөрийн гараар хөнөөхөөр шийдсэн. Магадгүй түүнийг амьд үлдээвэл Жамухаас гадна өөр нэг хүчтэй өрсөлдөгч гарч ирэх байлаа. Энэ хэрэг тэр үед бага залуу байсан Тэмүжинд маш том сургамж болсон. Эх нь түүнийг ихэд зэмлэсэн. Хэрвээ энэ нь үнэхээр хамтын шийдвэр байсан бол өөр хэрэг. Харин тэр өөрөө бие даан шийдсэн бөгөөд энэ нь тухайн цаг үеийн насанд хүрсэн хүний гаргах шийдвэр байлаа.
Мөн өөр нэг асар том нөлөө үзүүлсэн зүйл бол Бөртэ хатныг нь булаасан явдал. Тэр ердөө 11 настайдаа гэрлэсэн. Яагаад 11 настайдаа гэрлэсэн гэж үздэг вэ гэвэл Тэмүжинг есөн настайд сүй тавьсны дараа удалгүй аав нь нас барсан. Хэрэв кинонд харуулдаг, зарим түүхчдийн бичдэг шиг 17 насандаа Бөртэг олж харсан гэвэл тэр үед охиныг аль хэдийнэ өөр хүнд өгчихсөн байх байсан. Тэр үед гэрлэлтээс ямар нэг ашиг хардаг байсан нь үнэн. Хэн ч сул дорой нэгэнд охиноо өгөхгүй, харин хүчирхэг хүнтэй гэр бүл болгож, хамгаалалт, холбоо тогтоохыг эрмэлздэг байв. Тиймээс Тэмүжин аавынхаа үхлийн дараа удаан хүлээлгүйгээр Бөртэг авсан.
Энэ нь боломжгүй зүйл биш. Учир нь хүмүүс маш эрт гэрлэдэг байв. Ойрхны жишээ хэлье. Миний элэнц авгыг 1920-иод онд 10 настайд нь 13 настай охинтой гэрлүүлсэн. Тэр үед 10 настай хүү гэрлэхэд хэн ч гайхдаггүй байж. Тийм болохоор Тэмүжин 11 настайдаа гэрлэсэн нь боломжгүй зүйл биш. Тэр үеийн хүмүүсийн амьдрал эрт эхэлдэг байсан.
Бас нэг зүйлийг дурдаж болно. Тэмүжин хаан болсны дараа Ононгийн эрэгт Сача Бэхи зэрэг олон хүнийг цуглуулж эвлэрэх зорилготой том найр хийжээ. Найрын дугараа ахмад болон хүндтэй хүмүүсээс ээлж дараалан явж байгаад Сачи Бэхийн бага эхнэрт тэргүүлэн барихад түүний төрсөн эх болон эцгийнх нь хоёр дахь эхнэр хоёр уурлаж, бидэнд тэргүүлэн барьсангүй хэмээн хундагалж байсан тогоочийг занчжээ. Тогооч хэдий ямар ч эрхгүй ч "Есүхэй баатар амьд байсан бол эд надад хуруугаа ч хүргэхгүй байсан юм” хэмээн их дуугаар уйлжээ. Тэгэхээр энэ үед Есүхэй баатар нас бараад тийм ч удаагүй байсан гэсэн үг юм. Хэдий тэр зарц ч гэлээ хаан Тэмүжинд хэлэх үгээ үүгээр хүргэсэн хэрэг. Гэтэл Тэмүжин энэ үед хэдийнэ гэрлэсэн бас хаан болсон байж.
-Та өөрийнхөө бүтээлийг түүхэн роман, намтарчилсан өгүүлэмж, эсвэл уран сайхны төсөөллийн алинд хамаатуулах вэ?
-Энэ бол түүхэн роман. Түүхэн роман бол уран зохиолын нэг төрөл. Гэхдээ өөрийн гэсэн үнэ цэнийг түүхэн судалгаанд тулгуурласнаар харуулдаг. Жишээ нь, “Дайн ба энх” романыг авч үзье. Агуу бүтээл шүү дээ. Би түүхчийн хувьд XX зууны эхэн үеийн Оросыг сургалтын хөтөлбөрийн хүрээнд бүрэн судалсан. Наполеоны дайнууд, эдийн засгийн байдал зэрэг маш олон монограф, судалгаа уншсан. Гэвч “Дайн ба энх”-ийг уншиж байж XIX зууны орос язгууртны амьдралыг бодитоор мэдэрсэн. “Дөлгөөн Дон” байна. Өмнөд Орос дахь иргэниий дайны талаар, Деникин, Краснов, казакууд, сайн дурынхан гээд бүгдийг нь түүхэн огноотой нь мэднэ. Гэтэл “Дөлгөөн Дон”-ыг уншсанаар энэ иргэний дайн эгэл хүмүүсийн амьдрал, хувь заяанд яаж нөлөөлснийг ойлгосон. Энэ л түүхэн романы гол үнэ цэнэ. Түүхэн роман бол баримтыг амьдруулж, уншигчдад түүхэн үйл явдлыг жинхэнээс нь ойлгож мэдрэх боломжийг олгодог.
"Тэмүжин" роман хэмжээгээрээ оросын уран зохиолд хоёрдугаарт ордог
-Таны хувьд бичихэд хамгийн хэцүү байсан нь ямар хэсэг вэ?
-Яг аль нь хэцүү байсан гэж хэлэхэд хэцүү юм. Мэдээж хэцүү байсан. Гэхдээ яг тэр л хэцүү байсан гэж онцолж хэлж чадахгүй нь. Бүгд амаргүй байсан. Хэрэв орчин үеийн үйл явдал, тухайлбал, ямар нэг адал явдал, гэмт хэрэгтэй холбоотой зохиол бичих гэж буй бол бүх зүйл нүдний өмнө ил байна. Мэдэхгүйгээ найз нөхөд, танил цагдаа, мөрдөн байцаагчаас асууж, баримт сэлт авч болно. Арван найм, арванесдүгээр зууны үеийг бичихэд ч хэцүү биш. Судалгаа, баримт, эх сурвалж хангалттай олдоно.
Харин энд бол огт өөр. XIII зууныг “амьдруулах” амаргүй байсан. Тэр үе биднээс үнэхээр хол тасарч одсон. Тэнд байгаа зүйлийг жижиг гэлгүй олж харах, бүхнийг эх сурвалжаас хэдэн арван удаа шалгаж, эргэн харж, дахин засч бичих шаардлагатай болдог учраас бүгд хэцүү байсан.
Түүнээс гадна нэг зүйлээр гайхуулж чадна. Миний 20 жил бичсэн роман таван боть. Хэмжээгээрээ Оросын уран зохиолд хоёрдугаарт ордог. Нэгдүгээрт нь, Александр Солженицыны “Улаан дугуй” ордог юм. Тэгэхээр “Дайн ба энх”, “Дөлгөөн Дон”, “Ах дүү Карамазовынхан”-аас ч урт гэсэн үг. Гэхдээ минийх дөрвөн жилийн амьдрал өгүүлдэг бол “Улаан дугуй” дэлхийн нэгдүгээр дайнаас бараг 1960-аад он хүртэлх цаг үеийг хамардаг.
-Анх бичиж эхлэхдээ та романаа хэдэн боть болгоно гэж төсөөлж байсан бэ?
-Анхандаа би дөрөвдүгээр боть дээрээ дуусгана гэж бодсон. Учир нь энэ бол Оросын уран зохиолын уламжлал, Москвад утга зохиолын дээд курст сурсан учраас энэ уламжлалаас өөрийгөө хазайна гэж бодоогүй. Тэгээд ч миний авч үзэж буй үе маань маш богинохон, ердөө дөрвөн жил буюу 9-13 нас хүртэл. Тийм болохоор итгэлтэйгээр ингэж төгсөнө гэсэн итгэлтэй байлаа.
Харин дөрөвдүгээр ботио төгсгөхөд бүхнийг харуулж амжаагүйгээ мэдэрсэн. Дөрөвдүгээр боть Тэмүжин өөрийн анд Жамухатай муудалцаж, хоёр тийшээ салж яваагаар төгсдөг. Тэгвэл дараа нь юу болох вэ гэдэг асуулт үлдэнэ биз. Тиймээс зохиолыг логик төгсгөлд нь хүргэхээр шийдсэн. Түүний бүх үе шатыг, тэр үед “хүүхэд нас” гэгдэж байсан ч үнэндээ ямар ч хүүхэд нас биш, эхний залуу жилүүдийг нь дуусгаж, хамгийн түрүүнд хаан болсон үеэр нь өндөрлөхөөр зорьсон.
-Тэмүжин 13 настайдаа хаан болсон уу?
-Тэр 13-хан настайдаа хаан болсон. Үүнд би эргэлздэггүй. Олон хүн “Арван гурван настай хүүхэд яаж хаан болох вэ?” гэж гайхах байх. Гэвч бидэнд мартдаг зүйл бий. Эртний үед, Хүннүгийн дараа Сяньбигийн Таньшихуай гэх нэгэн их удирдагч байсан. Тэр бол “хаан” гэх нэршил үүсэхийн өмнөх цаг үеийн хүн боловч 14 настайдаа маш том ноён, удирдагч байсан бөгөөд тэр Хүннүгийн хүчийг бут цохиж, Сяньби улсыг эзэнт гүрэн болгон хувиргасан. Түүний үед Сяньби улс өмнө зүгт Цагаан хэрэм, хойд зүгт Байгаль нуур, баруун зүгт Тэнгэр уул, зүүн зүгт Номхон далай хүртэл газар нутагтай байжээ.
-Тавдугаар боть яаж төгсдөг вэ. Түүнийг үргэлжлүүлэх боломжтой юу?
-Тэмүжин Хятадад олзлогдож явснаар төгсөж байгаа. Гэхдээ уншигчдаас Хятадад байсан үе, түүний гэргий Бөртэ, ойрын нөхөр Хасараас эхлээд хүмүүст юу тохиолдсон бэ гэж их асуудаг. “Нууц товчоо”-нд энэ үеийн тухай юу ч байхгүй. Ганц зүйл бий нь отгон хүү Тулуй таван настайдаа “Аав минь удахгүй олзноос ирнэ” гэж хэлсэн, удалгүй аав нь ирсэн гэж байгаа ч энэ тухай хэн ч мэдэхгүй. Хятадын нэг эх сурвалжид Тэмүжинийг багадаа олзлогдож Жүрхин буюу Бээжинд байсан тухай дурдсан байдаг. Үүнээс илүү зүйл тодорхойгүй.
“Тэмүжин” романы тавдугаар ботийг дуусаад би гэргийнхээ хүсэлтээр Буриадын анхны эрдэмтэн Дорж Банзаровын тухай роман бичиж эхэлсэн. Гэргий минь тэр их хүнтэй нэг овгийн, нэг нутаг усных юм. Анхны эрдэмтний хувь заяаны тухай романаа хавар дуусгаад хэвлэлийн газарт өгсөн. Түүнээс цааших ажил надад хамаагүй учраас би чөлөөтэй болж “Тэмүжин”-гээ үргэлжлүүлэх эсэхийг бодож байна.
-Романаа дэлгэцийн бүтээл болгох санаа байгаа юу, танд?
-Дэлгэцийн бүтээл болгох тухайд Банзрагч гэж өмнө нь кино хийсэн туршлагатай продюсертэй ажиллаж байгаа. Одоогоор бэлтгэл ажлууд явж байна. Чингис хааны сэдэв бол дэлхийн хэмжээний юм. Тиймээс продюсер маань Орос руу явж киноныхонтой уулзаж, санал солилцож байгаа. Түүхэн киноны их мастер, найруулагч Карен Шахназаров, Орост нэлээд нэрд гарсан залуу продюсер Иван Самохваловтай уулзсан. Гэхдээ их хааны тухай сэдвийг хэн дуртай нь аваад хийчихгүй л дээ.
Алексей өөрийгөө буддын шашинтай гэсэн. Харин өвөг дээдсийнхээ итгэж шүтдэг байсан бөө мөргөлийн талаар илүүтэй сонирхон судалдаг. Энэ нь эртний монголчуудын түүхийг бичих их хүсэлтэй нь хамаатай гэж байсан.
Мөн нэг лам түүнийг урьд төрөлдөө Чингис хааны үед амьдарч байсан учраас хэний ч үл мэдэх зүйлсийг нүдэнд харагдтал бичиж байгаа юм гэжээ. Түүнээс хэрэв Чингисийн үед амьдарч байсан бол өөрийгөө хэн байсан гэж төсөөлдөг тухай нь асуухад “Энэ талаар бодож байгаагүй ч ах дүүсийнх нь нэг байж, хажуугаас нь бүгдийг харж суусан болов уу” гэсэн.
Алексей Сергейвич Гатапов
♦“Монголын нууц товчоо”-нд удаа дараа дурдагддаг түүхт нутаг Баргужин төхөм буюу өнөөгийн Буриад улсын Баргузин аймагт 1965 онд төрсөн. Хөдөө тосгонд өвөө эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн хүүхэд нас нь, тэнд сонсож өссөн үлгэр домог түүнд түүх сонирхох их сэдлийг өгсөн гэдэг.
♦ 1989 онд Буриадын Багшийн дээд сургуулийг төгссөн, түүхч, түүхийн багш мэргэжилтэй.
♦ 1983-1985 онд Монгол Улсад Сайншанд дахь Зөвлөлтийн цэргийн ангид алба хаасан.
♦ 1989-1990 онд Буриадын Курумканы дунд сургуульд, 1990-1991 онд Буриадын Багшийн дээд сургуульд багшилсан.
♦ 2005-2007 онд Буриадын утга зохиол-уран сайхны “Байгаль” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байв.
♦ Тэрбээр уран бүтээлийн ажлаа 1995 оноос эхэлж, хүүрнэл зохиолын хэлбэрээр монголчуудын эртний түүхийн сэдвээр бичсэн бүтээлүүд нь Буриадын сонин хэвлэлд, утга зохиолын “Байгаль” сэтгүүлд нийтлэгдэж байлаа.
♦ 1999 онд Оросын Зохиолчдын эвлэлд элсч, 1999-2001 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Утга зохиолын дээд курст суралцсан.
♦ А.Гатапов 1998 онд “Жолоодогч мэндэлсэн нь” тууж өгүүллэгийн эмхэтгэлээ гаргаснаас хойш, Монголын түүхэн тууль “Чоно баатар”-ыг орос хэл рүү орчуулж, “Чингис хааны дотны анд” өгүүллэг, тууж, өгүүллийн түүврээ хэвлүүлж, “Монголын түүхийн толь бичиг” нэвтэрхий толь бүтээн, Тэмүжин Чингис хааны өсвөр насны тухай “Тэмүүжин” түүхэн романы таван ботийг бичиж хэвлүүлсэн.
♦ Хамгийн сүүлд Буриадын нэрт эрдэмтэн Дорж Банзаровын тухай “Онцгой үүрэгт түшмэлийн өдрийн тэмдэглэл” бүтээлээ хэвлүүлээд байгаа.
♦ Мөн 2005 онд “Чингис хааны дотны анд” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино хийсэн.
♦ 2002 онд К.Нефедьевын нэрэмжит олон улсын утга зохиолын шагналыг “Чоно баатар” бүтээлээр хүртэж, 2004 онд “Чингис хааны дотны анд” өгүүллэгээр Буриад улсын утга зохиолын тэргүүн шагнал Исай Калашниковын нэрэмжит шагналын эзэн болсон.
♦ Тэрбээр Чингис хааны бага насны тухай өгүүлэх “Тэмүжин” таван боть роман нь Орост гурвантаа хэвлэгдсэнээс 2010, 2012 онд Улаан Үдэд, 2012 онд Москвад “Художественная литература” хэвлэлийн газар хэвлэжээ.
♦ Романы эхний хоёр ботийг Монголд 2014 онд анх хэвлэсэн. Хоёр дахь хэвлэл нь нэрт орчуулагч Норовын Пүрэвдагвын хөрвүүлснээр 2025 онд уншигчдын гарт очиж буй юм.

...Жамухыг хүрээнд ирсэн өдөр Есүхэй таалал болоод Жадараны ноёны хөвүүний ирснийг хэн ч анзаарсангүй. Морь уралдаж, бөх барилдаж наадсангүй, зочныг хүндэлж түүдэг асаан дуу бүжиг ч болсонгүй.
Хүрээнд ирсэн эхний хэдэн өдөр өөд болоочоо дурсан гашуудах бэлбэсрэлийн ёс болоод Жамух нагацынхаасаа цухуйсангүй. Гармагцаа шагай булаалдан Хучир, Тайчу хоёртой зодолдсон. Жамухын хувьд уг нь шагай хайран биш байсан. Угаасаа л шинэ танилууддаа тарааж өгөх гэж хүүдий дүүрэн авчирсан юм чинь. Тэгэхдээ булаах биш ая эвээр байж болно биз дээ. Тэмүжин энэ үеэр хажуугаар өнгөрч яваад өмөөрсөн нь юутай аз. Жамух түүнийг хараад л шударга, ухаалаг залуу гэж ойлгожээ. Өөрийнхөн дотроо нөлөөтэй, ганц зандраад л болиулсан.
Танилцсаны баярт Жамух шагайныхаа тэн хагасыг өгдөг юм билүү гэж бодсон ч түдгэлзэв. Энэ хөвүүн хүүхдийн тоглоом сонирхохгүй, өөрөөр, насанд хүрсэн эр хүнтэй ярьж байгаа юм шиг байх хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө ойлгожээ. Ухаалаг найдвартай хүнтэй нөхөрлөөрэй гэсэн аавын захиасыг санаж, Хиадын бусад хөвүүдийг ажиглаад, Тэмүүжинг дотроо онцолжээ...
“Тэмүжин” романы I боть, 265 дугаар тал
...Өэлүн том хүрэл аягаар сүү барихад Таргудай галд дусааж, онгонд өргөв. Яриа яаж эхлэх вэ гэдгийг бодож байгаа нь илт. Хэд балгаад, аягаа ширээн дээр тавьж, Тэмүжин рүү хяламхийснээ Өэлүнд хандаж:
-Чамтай яримаар юм байна гэв.
-Юу билээ, Таргудай ах аа?
-Та нарын яаж цаашид амь зуух тухай.
-Есүхэйг өөд болсноос хойш...Энэ айлтай холбоотой бүх зүйлийг ахмад хөвүүн залгамжлагч Тэмүжин шийдэн ярьж байгаа гэвэл Таргудай толгойгоо тэсгэлгүй хөдөлгөөд:
-Чамтай л яримаар байна гэвэл Өэлүн дахин хэнэггүй бөхөсхийгээд:
-Надтай ярих, миний унадаг гүүтэй ярих хоёр дүндээ дүн. Аавынхаа сүлдийг авч яваа залгамжлагчийнх нь соёрхолгүйгээр миний шийдсэн бүхэн хүчингүй. Таргудай ноён та дээд төрлийн, өндөр суудлын хүн. Манай аймгийн заншлыг сайн мэдэх учиртай...
“Тэмүжин” романы I ботиос
...Тэмүжин түүний дуунд ямар нэг далд санаа нуугдаж буйг мэдрэн:
-Чухам юунд тэнэглэж байж урт наслаагүй юм бол? хэмээн сэрэмжлэн асуувал Таргудай хараал тавьж:
-Ямар ухаантай хүн гэхлээрээ харийн нутгаар, татарууд тааралдаж мэдэх газар ганцаараа тэнэж явдаг билээ? хэмээн уурсан хашгирч,-Өөртөө дэндүү итгэж, бардам зан нь хэрээс хэтэрсэн байж билээ... Харин чи миний дэргэд байж, хааяа нэг захиа даалгаврыг минь гүйцэтгээд явж байхгүй, тэнэгээсээ болоод сайхан амьдарч чадахгүй, ингэж дөнгө зүүж явсаар насыг барна. Би чамайг нар харуулахгүй дээ!... Одоохондоо чамайг алахгүй л дээ, ураг төрөл дотроо дэмий хэрүүл үүсгээд яахав, тэртэй тэргүй би чамайг няц дарна. Чи бардам хэвээр байвч, тав арван жилийн дараа цагийн аясаар наад дөнгө, хүнд хүчир ажил хоёр чамайг нугалаад өгнөө, гайгүй. Хүмүүс эцгийг чинь мартаагүй, нэрийг нь урдаа барьдаг ч удахгүй мартана, харж л байгаарай... Чи тэр хүмүүсийг мэдэхгүй байна, ямар тэнэг хонинууд гэдгийг...Түй!.. хэмээн галаас нүүрээ буруулан нулимав. Таргудай гар сунган аяга дүүрэн архи хийж аваад гал, онгондоо ч өргөсөнгүй хөнтөрч орхиод нударгаар амаа арчин...
“Тэмүжин” романы II ботиос
...Хоолны дараа Тоорил хан Тэмүжинг дуудаж уулзав.
-За аминчлан ярих гэсэн юмаа хэл дээ хэмээн анхааралтай ширтэв.
Бүгдийг таамагласан бололтой байхыг хараад Тэмүжин урьд нь зэхсэн тойруу, зусар үгсээ орхиж:
-Би танаас туслаач гэж гуйхаар ирлээ хэмээн шуудхан хэлэв.
Тоорил чимээгүй суун юу ярихыг нь хүлээнэ. Тэмүжин:
-Аавыг нас барсны дараа авга ах нар аавын туг сүлдийг авах гэхэд би өгөөгүй. Дараа нь өөрсдөө Таргудайн харьяанд орж, бид ой руу зугтаж нуугдахад хүрлээ. Үүний дараа миний эцэг нэгт дүү надад саад болоод би өвөг дээдэс рүү илгээхээс өөр аргагүй болсон. Харин Таргудай биднийг мөшгиж, намайг барьж аваад дүүгээ алсан хэмээн өвлийн турш дэргэдээ хорьсон. Зуны эхээр оргож, саяхан аавын сүй тавьсан Хонгирад охинтой гэрлэлээ. Энэ хугацаанд би аавынхаа улсыг эргүүлж авах тухай л бодож байна...
...Аав минь нас барахын өмнө аргаа барсан үедээ танд хандаарай гэж захьсан юм. Аавын минь цэрэг одоо Жадаран аймагт бий. Тэдний ноён Хар Хадаан намайг гэрлэхэд тусласан. Ууган хүү Жамуха нь миний анд нөхөр. Бүх юм сайнаар эргэвэл Хар Хадаан ноён эцгийн минь мянгатын ноёдыг миний талд оруулахаар ятгана гэж амласан. Таргудай Жадаран нартай дайтах гэж буй хэдий ч өөрөө Онгуд, Зүрчид нар руу довтолсны дараа хулчийж бүгдээс айж байна. Хэрэв та сүрдүүлбэл тэр айж олон таван үггүй аавын улсыг эргүүлж өгөх болно.
Тэмүжин бүгдийг яриад хариу хүлээн чимээгүй болов. Тоорил бодож бодож эцэст нь
-Чи хэдэн настай билээ?
-Энэ намар арван хоёр хүрнэ...
“Тэмүжин” романы II боть, 435 дугаар тал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 166 (7663)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.