П.АМГАЛАН
Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 4-нд боллоо. Тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Буриадын Үндэсний дуу бүжгийн “Байгаль” театр, “Раздолье” хамтлаг, ОХУ-ын гавьяат жүжигчин Билигма Ринчинова болон Буриад улсын ардын жүжигчин Бадма-Ханда зэрэг уран бүтээлчид оролцлоо. Уг тоглолтын эхний хэсэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний дуу, бүжгийн улсын чуулга Буриадын “Байгаль” театр, ардын “Раздолье” хамтлагийн уран бүтээлчид 1939 оны Халхын голын эрэг дээрх тулааныг урлагийн хэлээр өгүүлсэн юм. Харин хоёр дахь хэсэгт эх орны дайны он жилүүдэд зориулж дуу, бүжгийн хэлээр найрамдал хэрхэн бэхэжсэн, фашист Германыг ялсан Агуу ялалт хэрхэн бий болсон тухай өгүүллээ. Харин төгсгөлд хоёр орны ард түмний сэтгэлд хоногшсон ялалтын алтан дуу “Катюша”, “Гурван танкчин”, “Смуглянка” зэрэг дуу эгшиглэлээ. “Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолт нь Буриад, Монгол хоёр ард түмний соёл, түүхийн гүн гүнзгий холбоог бататгах чухал алхам болсон юм.