Б.БАЯРЖАВХЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр  гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн дүрслэх урлагийн багш Хүрэлбаатарын Ууганбилэг болон түүний сурагчдын бүтээлийг онцолж байна.

 

-Танай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Хүүхдүүдийнхээ бүтээлийг олонд таниулахыг хичээдэг. Жил бүр сум, аймаг, бүс, улсын чанартай нээлттэй тэмцээн уралдаанд бүтээлийг нь тогтмол оролцуулдаг. Орос, Монгол, Хятадын хамтарсан “Найрамдлын галт тэрэг” уламжлалт хүүхдийн гар зургийн уралдаан, Хүүхдийн ертөнц, татвар, байгаль хамгаалах өдөр зэрэг уралдаанаас шагналт байруудыг эзэлж ирсэн. Энэ жилийн “Найрамдлын галт тэрэг” уралдаанаас 7б ангийн сурагч С.Чингүүн нэгдүгээр байр, 8в М.Марал дэд байр, 6е Э.Хулан гуравдугаар байр, 8в Б.Төгөлдөр, 6б Б.Билгүүн, 6б А.Мөнхсүлд, 7а М.Энхриймаа, 8в Ж.Маргад, 8г М.Эгшиглэн, 8в М.Нандин-Эрдэнэ, 6г М.Төгсбилэг, 7а Э.Уярал, 7б Д.Энхдөл нар тусгай байрт шалгарч, хүүхдүүдийн маань шагнал ОХУ-аас ирсэн. Мөн долоо хоногийн өмнө Дорноговь аймгийн дүрслэх урлагийн олимпиадаас 12в ангийн сурагч Ж.Энхжин мөнгөн медаль хүрээд байна. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчдын зурсан зургийн үзэсгэлэнг гаргаж хэвшсэн. Саяхан наймдугаар ангийн таван бүлгийн сурагчдын хамтарсан “Ардын зураг”, “Дүрслэлийн хэл” үзэсгэлэнг гаргасан.  Ханаар дүүрэн өлгөсөн хүүхдүүдийнхээ зургийг харж, урам дэм, ажиллах эрч хүч авдаг.

-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?

 -Боловсролын салбарт, энэ сургуульдаа 11 жил зургийн багшаар тасралтгүй ажиллаж байна. Миний хувьд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийг зорьдог. Ингэх  явцдаа тэдний  ур чадварыг бага багаар ахиулахыг хичээж  ажилладаг. Ямар нэгэн зүйлд баригдмал бус өөрийнхөө оюун ухаан, сэтгэлгээгээр чөлөөтэй сэтгэж, бүтээл хийлгэх нь илүү үр дүнтэй гэж хардаг. Тухайлбал, Баримлын шавраар бүтээл хийх дуртай хүүхдийг түүгээр нь л хийлгэдэг. Өнгөөр будах дургүй хүүхдийг зөвхөн хар зургаар нь л зуруулах зэрэг нь тустай санагддаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн хүсэл эрмэлзлийг хааж боож болохгүй.  

-Дүрслэх урлагийн хичээл нь  хүүхдүүдэд  ямар  арга барилыг суулгадаг вэ?

-Дүрслэх урлагийн хичээлийг хүүхдүүд  судалснаар  хамгийн түрүүнд сууж сурдаг. Бас төлөвшиж, бодож, аливаа нэгэн сонголтыг өөртөө итгэлтэйгээр зоригтой сонгох чадамжийг авч байдгаараа давуу талтай. Тиймээс зургийн хичээлээр бага ангид бодох сэтгэлгээгээ чөлөөтэй илэрхийлдэг, дунд ангид төлөвлөж, аль нь зөв аль нь буруу вэ гэдгийг сонгож чаддаг, ахлах ангид өөрт хэрэгцээтэй зүйлээ заавал үгээр бус өөрийнхөө зурсан бүтээлээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болдог. Зураг зурдаг хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй болж аливаа зүйлийг олон талаас нь харж дүгнэлт хийж сурдаг. Өнгийн болон гоо сайхны мэдрэмжтэй болж өөрийн гадаад болон дотоод гоо сайханд хүндэтгэлтэй хандана. Мөн анхаарлаа төвлөрүүлж удаан хугацаагаар сууж сурна. Сууж сурснаар зөвхөн зураад зогсохгүй сурах  үйл явцад нь ахиц гарна.

-Хүүхдүүддээ хандаж  юу гэж хэлмээр байна?

-Хамгийн гол нь та нар минь гоо зүйн мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай байхын тулд өөрийгөө гололгүй өдөр бүр хичээж тууштай суралцаарай л гэж хэлмээр байна.

12в Б.Биндэръяа
12в Ж.Энхжин
10г О.Үжин

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 54 (7551)