Х.Батсуурь: Онцгой нөхцлийн зээлийн багц гаргах шаардлагатай

0
хуваалцах
10
үзсэн

Б.НАМУУНТАМИР

Шинэ төрлийн коронавирусын улмаас болж эдийн засгийн идэвхжил буурсан. Энэ талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Коронавирусын халд­вараас болж эдийн засагт тодорхой хэмжээний хохирол үүссэн. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед хүндрэлийг хэрхэн харж байна вэ?

-Коронавирусын халд­ва­раас болж улс оронд онц­гой үеийн нөхцөл байдал үүслээ. Гэтэл эдийн засагт онцгой үеийн нөхцөл байд­лыг хайхрахгүй байна. Ер нь онцгой нөхцөл бай­дал үүсэхэд анагаах ухаа­ны салбарт урьдчилан сэргий­лэх арга хэмжээ авдаг. Хүн амны хаалт зүүгээд явж байгаа нь мэдээж  сэргийлж буй арга хэмжээ юм. Өвчин тусахаасаа өмнө тэр өвчнөөс сэргийлэх нь илүү үр дүнтэй арга юм. Яг үүнтэй адил эдийн засгийн салбарт ч мөн адил урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байдаг.

БНХАУ, БНСУ, Хонгконг, Япон, Сингапурын эрх баригчид, эдийн засагчид ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Коронавирусын голомт гарсан эдгээр улс оронд хүндрэлийг эдийн засгийн салбарт амжилттай даван туулах нөхцөл бүрэлдсэн байна. Яагаад гэвэл угтаж арга хэмжээ авч байгаа юм.

Гэтэл манай улсын эдийн засгийн гол институциуд үүн дээр ямар ч арга хэмжээ авахгүй цаг алдлаа. Хэдийнэ хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад ард иргэд үүн дээр хэлж, сануулаад, миний бие хүртэл “Ниргэсэн хойно нь хашхирав гэгч болов оо Засгийн газар минь” гэсэн нийтлэлээрээ хүртэл сануулсаар байтал огт арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Цаг алдаад, аль хэдийнээ эдийн засагт хохирол амсаад эхэлчихсэн байна. Экспорт, импорт, бизнесийн үйлчилгээ, аялал жуулчлал дээр сааралт бий болох дүр зураг байгаа.

-Коронавирус эдийн засгийн хувьд урьдчилж тааварлашгүй эрсдэлтэй байна. Төсвийн орлого тасалдсан, дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас эдийн засаг хүндэрчихлээ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар төсөв 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдсан гэж хэлсэн ч би яг нарийн судлаад үзэхэд төсвийн алдагдлаас гадна цаана нь нэлээд хохирлууд байна гэж үзэж байна. Гадаад худалдаан дээр хамгийн их хохирол амсаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад гадаад худалдааны эргэлт 18 орчим хувиар буурсан. Уг нь энэ жил өсөх ёстой. Яагаад гэвэл төсөв төсөвлөхдөө гадаад худалдаа өснө гэж төлөвлөсөн байсан. Цохилт хаана ирсэн бэ гэхээр экспорт 26 хувиар буурчихсан. Импорт харьцангуй тогтвортой, 4-5 хувийн хэлбэлзэлтэй байсан.

Нөгөө талаасаа банк санхүүгийн хувьд харахад зээл олголт бага зэрэг буурсан. Ингэхдээ чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн онтой харьцуулахад 5-8 хувь өсчихсөн харагдаж байсан. Энэ мэтчилэн эдийн засагт учирч буй хохирлууд илэрч байгаа юм. Ингэхдээ энэ нь зөвхөн нэгдүгээр сарын шинж тэмдэг. Энэ мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр мэдээлсэн. Үүнээс хойш хоёрдугаар сарын статистик үүнээс хоёр дахин өсөх үзүүлэлттэй байгаа юм. Төсвийн алдагдал хамгийн багадаа 400 тэрбум хүрэх нь тодорхой болсон. Яагаад гэвэл төсвийн алдагдалд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа экспортын салбар сэргэхгүй, энэ сарын 16-н гэхэд “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний экспортоо нээсэн. Гэтэл нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл сар гарангийн хугацааны алдагдал үүсэх нь тодорхой. Төсвийн алдагдлын гол нөлөө болсон “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт сар гаруй хугацаанд зогсоно гэдэг нь наанадаж 400-500 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал эхний улиралд гарах нь тодорхой байгаа юм.

-Төрөөс хэрэгжүүлж буй алхмыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Төр, засаг үндэсний эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэдэг нь эдийн засгийн гол хоёр институци болох Төвбанк, Сангийн яамны бодлого зохицуулагч нар дээр ажиглагдаж байна. Тухайлбал, яг адилхан нүүрсний экспорт хийж байгаа “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” хоёр дээр ажиглагдаж байна. Яаж вэ гэхээр эдийн засгийн хориг тавих арга хэмжээ нь “Эрдэнэс Тавантолгой”компанийн үйл ажиллагаанд хориг тавиад, “Оюутолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн. Энэ нь улс орны эдийн засаг, үндэстний аюулгүй байдлыг эрсдэлд оруулан, гадаадын компанийн эрх ашгийг илүүд үзэж буй бодлого нь туйлын буруу юм. Адилхан үйл ажиллагаа эрхэлдэг компанийг ялгаварлан гадуурхаж, “Эрдэнэс Тавантолгой”-н экспортыг цуцалж, үндэстний эрх ашгийг хойш тавьж буй нь туйлын буруу бодлого гэж миний зүгээс үзэж буй юм.

Монголбанкны зүгээс эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа энэ үед хайхрамжгүй хандаж байна. Энэ асуудалд бусад улс орны төвбанкууд арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа юм.

-Тухайлбал, бусад улс орны хувьд энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сингапурын төвбанк бодлогын хүүгээ бууруулж, арилжааны банкнууддаа их хэмжээний зузаатгал хийсэн байгаа. Арилжааны банкууд үүний хариуд өөрийн харилцагч нарынхаа зээлийн үндсэн төлбөрийг зургаан сараас нэг жилээр хойшлуулсан. Тухайлбал, UOB банк байна. Энэ банк гурван тэрбум ам.долларын онцгой зээлийн багц гаргасан. Үүнд маш бага хүүтэй зээл олголтоос гадна үндсэн төлбөр тулаад ирсэн зээлдэгчийн төлбөрийг зургаан сараас нэг жилийн хугацаатай хойшлуулсан. Мөн нэг, хоёрдугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийг цуцалсан. Хятадуудын хувьд мөн онцгой нөхцөл байдалд зохицсон арга хэмжээнүүдийг авч ирсэн. Төвбанк нь аль эрт бодлогын хүүгээ бууруулсан. Дээрээс нь 1.7 их наяд юанийн онцгой нөхцлийн зээлийн багцыг гаргасан. Энэ нь 246 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө юм. Энэ мөнгийг шат дараалалтайгаар гаргаж байна. Коронавирусын тархалтын эсрэг хориг арга хэмжээнд хамгийн түрүүнд өртсөн хүмүүст эхэлж өгсөн байгаа. Үүнд худалдаа болон үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хамрагдсан.

Эхний ээлжинд 300 тэрбум юанийн багцыг аль хэдийнэ тараагаад дуусчихсан. Дараагийн ээлжинд 600 тэрбум юанийн багцыг зээлдэгч нартаа өгч байна. Онцгой нөхцөлийн зээлийн хүү жилийн 1.5 хувь байхаар тогтоосон. Энэ мэтээр арга хэмжээнүүдийг улс орнууд аваад эхэлчихсэн. Японы төвбанк гэхэд арилжааны банкуудтайгаа тохиролцоонд хүрч хүүгүй зээл олгохоор болсон.

 -Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг  нөлөөллийг бууруулж, эдийн засгийг дэмжих ямар арга байгаа вэ?

-Хятадын “Далиан Ванда” хэмээх үл хөдлөх хөрөнгийн корпораци бий. Хятад даяар 280 төвийг ажиллуулдаг том байгууллага. Энэ компани түрээслэгч аж ахуйн нэгжүүдээсээ нэгдүгээр сарын түрээсийг авахгүй гэж зарласан. Хоёрдугаар сарын түрээсийг ч авахгүй байх нөхцөл үүсч буй. Энэ бүхэн тус компанид гурван тэрбум гаруй юанийн өртөгтэй тусаж байна. Гэхдээ улс орон, харилцагч нарынхаа төлөө хийж байгаа зөв үйлдэл юм. Мэдээж энэ корпорацид Хятадын төвбанкнаас хөнгөлөлттэй зээл олгох нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ компани харилцагч нартаа уян хатан хандаж байгаа учир үүнд нь тохирсон дэмжлэгийг засгийн газраас нь үзүүлэх болно.

Төв банкнаас мөнгөний тэлэх бодлого явуулж, зузаатгал хийх хэрэгтэй. Тодруулбал, онцгой нөхцлийн зээлийн багц гаргаад коронавирусын тархалттай холбоотойгоор авч байгаа хязгаарлалтуудад хамгийн их нэрвэгдсэн салбаруудад эхэлж өгөх гэсэн арга бий.

- Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор орлого эрс хумигдах боллоо?

-Манайх эдийн засагтаа ямар ч тооцоолол хийгээгүй. Гэхдээ миний үзэж байгаагаар эхний улиралд нэг хувь агших нь тодорхой болчихсон байна. Энэ нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл өсөлт өндрөөр буурна. Онцгой нөхцлийн зээлийн багц гаргах шаардлагатай, бодлогын хүүгээ бууруулах гэсэн янз бүрийн аргууд бий. Онцгой нөхцлийн зээл гэж 200-400 тэрбум төгрөг гаргахад боломжтой юм. Энэ тусгай хэрэгцээний зээл хамгийн бага хүүтэй байна. Тухайлбал, инфляцийн түвшинтэй тэнцэж очих таван хувийн хүүтэй байж болно. Уг мөнгийг арилжааны банкнуудаар дамжуулж олгох боломжтой. Ямар ч байсан коронавирусийн тархалттай холбоотойгоор хамгийн их нэрвэгдэж байгаа салбаруудад шууд өгөх хэрэгтэй.

Нөгөө талаас арилжааны банкуудад байгаа мөнгийг арвижуулах үүднээс заавал байлгах нөөц гэж бий. Энэ нөөцийн хэмжээ 10 хувь байсан бол бууруулж 7-8 хувь болговол арилжааны банкуудад мөнгөний нөөц бий болж цаашаа зээл гаргахад амар болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.19  ПҮРЭВ  № 53 (6278)