“Зууны мэдээ” сонин өнгөрсөн сарын 7-ны өдрийн дугаартаа Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд байрлах Арьс ширний гэгдэх 80 айлын асуудлыг хөндөж бичсэн. 2019 оноос хойш хаягдаж, олон айл өрх өтгөн шингэнтэйгээ холилдсон байдалтай, засвар хийсэн ч шинэ баригдсан байр нь дахин суулт өгч иргэдийн амьжиргаа нь дээшлэх бус харин ч сэтгэл санаа эд материалын хохирол амссаар байгаа тухай бид мэдээлсэн.
Бид оршин суугчидтай эргэн холбогдож нааштай шийдвэр гарсан эсэх талаар асуухад мөнөөх байдлаараа, үл хайхарсан байдалтай хэвээр байгааг эх сурвалж хэлж байна. Уг нь 80 айлын зургаан жил сунжирсан энэ асуудлыг төр өөрөө эхлүүлж, санаачилж хэрэгжүүлнэ гэж амлалт авсан төсөл. Гэвч иргэдийн амьдарч байсан орчин нөхцлийг сайжруулна гэчхээд сахил хүртээд шал дордуулсан атал асуудал болоход гүйцэтгэсэн компанид нь даатгачихаад дутуу хагас зассан болоод зугтаад явснаас болж олон айл өрх хохирсон хэвээр байна. Харин ч энэ талаар дуугарсан хүмүүсийг дуугүй болгох, чимээгүй байлгах сонирхол төрийн зарим албан хаагчдын зүгээс ч ил тод илэрхийлэх болжээ.
Тиймээс ч энэ асуудалтай холбоотойгоор дүгнээд үзэхэд төр буюу биднийг төлөөлж ажиллах ёстой төрийн нэр барьсан албан хаагчид нь өөрөө дарангуйлагч болчихсон юм биш үү гэсэн асуудал тодорч гарч ирж байна. Ингэж дүгнэхээс өөр аргагүй хэд хэдэн тохиолдол байгаа нь Арьс ширний 80 айлын асуудал одоо болтол шийдэгдэхгүй, харин ч дуугарсныг нь дуугүй болгохоор санаархаж байгаа үйлдлүүдээс тодорхой харагдаж байна.
Тохиолдол 1:
Арьс ширний гэгдэх 80 айлын асуудалд оршин суугчдыг төлөөлөн дуу хоолойгоо өргөж, шаардлага бичиг өгсөөр ирсэн иргэн М нь байр баригдаж дуусахад түлхүүрээ авч чадалгүй хэдэн сар болжээ. Янз бүрийн шалтгаанаар түлхүүрийг нь өгөхгүй байсаар хамгийн сүүлд дахин хэл ам гаргахгүй гэсэн гарын үсэг зуруулан байж зургаан сарын дараа түлхүүрийг нь өгсөн байна. Гэвч иргэн М одоо ч байрны гэрчилгээгээ аваагүй хэвээр байгаа.
Тохилдол 2:
Арьс ширний 80 айлын асуудлыг анхлан гаргаж иргэдийн эрх ашгийн төлөө дуугарсан “Газрын эзэн Баянзүрх” гэсэн нөхөрлөл бий. Гэвч тэднийг эл асуудлыг хөндөж эхэлснээс хойш бүхий л талаар ажлыг нь хойшлуулж, гацааж дарамтлах болсон байна. “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн тэргүүн Нямжавыг залилагч, шантаажчин хэмээн цоллож түүний нэр бичигдсэн ямар өргөдлийг нь цохдоггүй, хүсэлтийг нь хүлээж авдаггүй хурган дарга нар бий болжээ. Тухайлбал, Орон сууцны бодлогын газрын нэгэн дарга гэхэд “Газрын эзэн Баянзүрх”-ийн бусад төсөл дээр ажиллаж байгаа бүх төрлийн гурван талт гэрээг нь батлахгүй, “Намайг энд суугаа цагт тэр хүмүүс амжилт олохгүй” хэмээн ил тод дарамтлах ч тохиолдол гарчээ.
Энэ бол төрийн ажлыг шүүмжилсэн хэн бүхнийг холбоо сүлбээгээ ашиглан дарамталж байгаа ганцхан л жишээ. “Арьс ширний 80” айлын асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй хэвээр байгаа нь ч эл асуудлын ард дахиад л төрийн дарамт, эс үйлдэхүй байгаа нь харагдаж байна.
Төр өөрөө хэрэгжүүлэгч нь мөртлөө хийсэн ажлаа гүйцээдэггүй, эсрэгээр нь гацааж зогсоодог, үл хайхардаг энэ байдал барилгын салбараар тогтохгүй олон. Харин ч иргэдийн төлөө дуугарсан иргэний нийгмийн төлөөллийг хааж боодог, хавчиж гадуурхдаг байдал хавтгайрсан байна. Өөрөөр хэлбэл, төр нь иргэдээ хохироочихоод тэрнийг нь хэлсэн, шаардсан хүмүүсийн амыг барьж, ажлыг нь гацаадаг байж болох уу.
Манай улс сүүлийн жилүүдэд хөгжлийн бүх үзүүлэлт дээр ухралттай байгаа талаар бид ярьсаар байгаа. Ардчиллын, Авлигын, Хэвлэлийн эрх чөлөөний гээд олон индексээр сүүлийн жилүүдэд байр ухарч, уруудсаар байна. Өнгөрсөн жил V-dem институтээс гаргадаг ардчиллын тайланд манай улсыг электорал автократ улс болсныг зарласан байсан. Монгол Улс автократ гэдэг тодотголтой болно гэдэг өнгөрсөн 35 жилийн ардчиллын түүхэн дэх хамгийн хар бараан мэдээллийн нэг байлаа. Автократ буюу дарангуйллын тогтолцоо нь ардчилсан нийгэмтэй үл зохицох тухай бид тунхагийн шинжтэй ярьсаар байвч үнэн хэрэгтээ “хотод”, “хойморт” ирээд тухалчихсан байгаа нь дээрх ганцхан жишээгээр харагдаж байна.
Хотын даргыг сүүлийн үед дарангуйлагч боллоо гэдгийг иргэд ил тод хэлэх болсон. Бүгдийг хаана бооно, торгоно, шийтгэнэ, татвар хураамж авна гэдэг. Ерөөс аливаа бүхэн хэтрэхээрээ тэр дундаа захиргаадалтын арга хэмжээ хэтрэхээрээ дарангуйллыг бий болгодог. Тэгвэл төр өөрөө дарангуйлагч болвол ямар том асуудал үүсч, ямар том ухралт болдогийг “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номын зохиогч сэтгүүлч Мариа Гарсиа дэлхий нийтэд хүргэж, дуу хоолойгоо өргөсөн. Түүний хэлснээр дарангуйлал шууд бий болдоггүй, бас дарангуйлагч гэнэт төрдөггүй. Аажим аажмаар бага багаар төрийн дарангуйлал бий болдог гэдэг түүний үгс ч өнөөдөр нэг салбарын хурган даргын үг, үйлдлээр харагдаж байна. Тиймээс иргэдийн төлөө дуугарсан, эрх ашгийг нь хамгаалсан иргэний нийгмийн төлөөллүүдээ нухчин дараад дарамтлаад эхлэхээр ардчиллын үнэ цэн, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө маань хаачих вэ. Ардчилсан нийгэмд төр нь өөрөө дарангуйлагч байж болохгүй. Тэр тусмаа Азийн, ардчиллын баянбүрд хэмээн үргэлж бахархаж олон улсад үнэлэгдэж танигдаж ирсэн ардчилсан Монгол Улсад бүр ч байж болохгүй үзэгдэл. Харин үүний оронд иргэдийнхээ үгийг сонсдог, тэднийг төлөөлж байгаа иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байж, аливаа асуудалд ил тод хандсанаараа бид ухраад байгаа олон улсын индексүүдийг урагшлуулах, автократ нийгмийг бус ардчиллаа хамгаалах хамгийн гол шалгуур байх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7626)