Б.ТУУЛ
Өдгөө “Залуучуудын хот” хэмээн нэрлэгддэг Дархан Уул аймаг 100 гаруй мянган хүн амтай. Улсын хоёр дахь том хот. Ирэх дөрвөн жилд аймгийн дэд бүтэц, үйлдвэржилтийн асуудалд түлхүү анхаарч, Дарханыг загвар хот болгохоор төлөвлөж байгаагаа аймгийн удирдлага нь дуулгаж байсан. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийнэ гэдгээ хэлж байсан. Тиймээс тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлтэй уулзаж, ажлынх нь төлөвлөгөөг сонирхов.
- Хэдийгээр та эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан ч дарга болжээ. Салбарын хүрээнд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон ажил байгаа байх. Ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Үйл ажиллагааны хувьд бид Засгийн газрын 2013-2016 онд хэрэгжүүлэх бодлого, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2012-2016 оны стратегийн дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн дагуу ажлаа төлөвлөөд, аймаг орон нутгийнхаа онцлогт тохируулаад, яаж ажиллавал бидний ажилд ахиц, дэвшил гарах вэ гэдэг тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Тэр дундаа эмч нарынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээг хүргэхийг зорьж байна.
Ер нь бол эмч, эмнэлэг хоёрт хандсан үйлчлүүлэгч маань “Баярлалаа” гэж хэлээд гарах нь бидний ажлын үр дүн болчихоод байна. Шинэчлэлийн Засгийн газрын 1111 мэдээллийн төвд бүх л салбарын үйл ажилтай холбоотой мэдээллийг хүлээн авч байна. Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлыг холбогдох төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлүүлэх боломжийг олгож байлаа. Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаатай холбоотой санал, гомдол ч бас тэнд цөөнгүй ирдэг болсон. Тиймээс бид энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Тэгэхдээ тогтолцооны хувьд зарим нэг өөрчлөлтүүдийг хийнэ. Дан ганцхан эмч нарын харилцаа, ёс зүй гэлгүй, тоног төхөөрөмжийн хувьд ч бас өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ.
-Он гарснаас хойш эрүүл мэндийн салбарынхан ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Эмч нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар салбарын яамнаас ч бас нэлээд ажлуудыг хийж эхлээд байна. Танай аймгийн хувьд, эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар ямар ажил хийж байна вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бид нэлээд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Тэр дундаа Улаанбаатар руу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явж буй урсгалыг зогсоож, эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж ажиллахыг гол зорилгоо болгож байна.
Үнэндээ манай эмч нар бичиг цаасны ажил ихтэй байна. Өвчтөн ороод ирэхэд овог нэрийг нь бичээд, асууж лавласаар байтал хэдэн минут өнгөрдөг. Хэдэн хуудас юм бичдэг. Энэ нь эмчид өөрт нь залхуутай байхаас гадна эмч нарын цагийг маш их үрдэг. Тиймээс бид ЭМЯ болон эмч, ажилтнуудтайгаа энэ талаар ярилцана. Алийг нь хөтөлвөл боломжийн, алийг хөтлөхгүй байвал болох юм гэдэг талаар. Гэхдээ өнөөдөр нэг хүн үйлчлүүлээд гарахад бидний үйлчилгээ тодорхой хэмжээнд хүрчихсэн. Тухайн хүн 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа байхгүй ч ядаж 80, 90 хувьд нь хүссэн үйлчилгээгээ аваад гарах боломж руу эмч нараа чиглүүлж ажиллана гэж бодож байгаа. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг боломжийн хэрээр хийнэ. Дарханы эрүүл мэндийн салбарт өнөөдөр ямар тоног төхөөрөмж дутагдаж байна, ямар тусламжийг иргэд Улаанбаатараас авахаар яваад байгааг бид цаашид багасгана. Түүнчлэн эмч нараа гадаад, дотоодод сургамаар байна. Ялангуяа гурав дахь шатлалын эмч нараас баг авч сургалт явуулдаг, заадаг баймаар байна. Ер нь бол бид үйлчилгээний соёл, байгууллага хоорондын харилцааг дээшлүүлж ажиллана гэсэн бодолтой байгаа. Тавьсан зорилт, зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс эхэлж ажиллахгүй цаг хугацаа ч бас бага байна. Бага хугацаанд бид их зүйлийг хийж амжуулна гэж бодож байгаа.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хариуцлага, ёсзүй, удирдлага зохион байгуулалт, чанар гээд бүх зүйлийг сайжруул гэсэн албан даалгавар гарсан. ЭМЯ-ны энэ тушаал, заавар, стандартыг судал гээд бүх байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, өрх сумын эмнэлгүүд бүгд танилцсан. Аливаа тушаал, шийдвэр гараас гар дамжиж явсаар байгаад цаг, хугацаа алддаг тал бидэнд байдаг. Тийм учраас бүх эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зохион байгуулалттайгаар хүргүүлсэн. Нэгж дээр нь очоод, тасгийн эрхлэгчтэй нь уулзаж, семинар зохион байгуулаад явж байна. Хүмүүс маань тушаал, заавартайгаа танилцаад, судлаад явж байгаа. Энэ талаарх мэдээллийг бид энэ сарын 25-нд ЭМЯ-д мэдээлнэ.
-Дархан-Уул аймаг жилээс жилд хүн ам нь өсч, дэд бүтэц нь тэлж байгаа газар. Ер нь хэр олон өрхийн эмнэлэгтэй вэ. Хүн амдаа хүрэлцээтэй байж чаддаг уу?
- Манай аймаг таван өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хамгийн их хүн амтай нь “Гос хот” өрхийн эмнэлэг байна. Нийт 31мянган хүн амтай. Хамгийн бага нь 17 мянган хүн амтай. “Энэрэлт наран”, “Амин холбоо” гэдэг өрхийн эмнэлэг байна. Ер нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд үйл ажиллагаа нэлээд сайжирсан. Хамгийн их хүн ам хариуцдаг хэрнээ манай “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төв улсын шилдэг өрхийн эмнэлгээр гурван удаа шалгарч байсан. Бид саяхан өрхийн эмнэлгүүдийнхээ гүйцэтгэлийг дүгнээд, тайлангаа явуулсан байгаа. Энэ удаа ч бас “Гос хот” өрхийн эмнэлэг авах ёстой оноо бал, үнэлгээгээ авсан. Бусад нь “Хангалттай, сайн” гэсэн үнэлгээг авсан. Хүн амд хүрч байгаа тусламж үйлчилгээний хувьд гэвэл харилцан адилгүй л дээ. Өнгөрсөн жил таван өрхийн эмнэлгүүдээс гурван нь шинэ байранд орсон. Эмнэлэг тус бүрт 601 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үндсэндээ манай өрхийн эмнэлгүүд байр, байшингийн хувьд сайжирсан. Одоо ганцхан дотоод үйлчилгээндээ анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр өрхийн эмнэлгүүдийн тоног, төхөөрөмж харьцангуй сайжирсан. Одоо эмнэлэг тус бүр дээр ЭХО-д харж байна, сахар, цусны холестрол тодорхойлж байна, эмийн бус эмчилгээ буюу физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хийж байна. Тиймээс энэ онд бид иргэдэд хүрэх тусламж үйлчилгээг сайжруулах ажлуудыг л хийхээр төлөвлөж байна.
- Өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 90 гаруй суманд цас, зудын аюул нүүрлээд байгаа. Малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирч байгаа талаар орон нутгийн удирдлагууд ярьж байсан. Танай аймгийн хувьд байдал ямархуу байна вэ?
-Өвөлжилттэй холбоотой асуудлаар саяхан аймгийн гамшгийн салбар зөвлөл хуралдсан. Бид бүх салбар нэгжүүд, хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг өгчихсөн явж байгаа. Бэлэн байдлын хувьд гэвэл Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар эмийн болон цус цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа. Улсын хэмжээнд хоёр дахь аймаг гэдэг утгаараа илүүдэл нөөцийг хангасан байх ёстой байдаг. Манай аймгийн хэмжээнд одоогоор илүүдэл нөөц бол алга байна. Яагаад гэвэл, ойрын үед хүнд өвчтөн ихтэй, цусны хэрэглээ их байгаа учраас цус, цусан бүтээгдэхүүний илүүдэл нөөц бол дутмаг байгаа юм.
-Эрүүл мэндийн яамны удирдлагууд оны өмнөхөн өвөлжилт хүндэрсэн аймгийн дарга нартай видео хурал хийсэн. Ихэнх аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй байна гэсэн гомдлыг хэлж байсан. Дарханы хувьд?
-Манай аймагт энэ асуудал харьцангуй гайгүй. Түргэн тусламжийн тэрэг техникийн хувьд, нэгдсэн эмнэлгийн хүрээнд нийт 10 машин явдгаас долоо нь бэлэн байдалтай явж байгаа. Шарын гол, Орхоны эрүүл мэндийн салбарын машин хэвийн үйлчилгээтэй явж байна. Ганцхан Хонгор сум дээр 2007 онд ашиглалтад орсон машин маань норм хугацаа нь дууссан гэсэн шалтгаанаар зогссон байгаа. Гэхдээ бид эрүүл мэндийн үйлчилгээгээ сумын Засаг даргын Тамгын газрын унаагаар хүргүүлж байгаа. Алсын дуудлаганд бид эндээс Эрүүл мэндийн газарт Монголын мянганы сорилтын сангаас хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж өгсөн машинаа явуулж байгаа. Мөн дээр нь 469 машин эвдэлж байгаа. Саяхан аймгийн Засаг даргын шуурхай дээр хуучин машиндаа мэргэжлийн хяналтаар нь акт тогтоолгох, шинэ машин шийдүүлж өгөх талаар ярьсан.
-Хонгор сум энэ жил цас ихтэй гэж байсан. Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа газар байна уу?
-Явуулын хүрч очих цэгүүд дээр манай эмч нар очиж ажиллаж байна. Хонгор суманд Нам даваа, Зэлтэрийн булаг, Төмөр толгой гэсэн хэсэг газрууд дээр 200 орчим айлуудад хүрч ажиллахад жаахан бэрхшээлтэй байгаа. Гэвч бид шаардлагатай дуудлагуудад явж байна. Иргэдтэйгээ утсаар холбогдож, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Тэгэхдээ Хонгор сумын орчимд өвөлжиж байгаа, дээр дурьдсан 200 айлд хүрч очих бололцоо муу байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн байгаа. Бусад газруудад харьцангуй гайгүй байна. Ер нь бол гамшгийн бэлэн байдалд үндэслээд төлөвлөгөө гаргачихсан ажиллаж байна. Эмийн бэлэн байдал, түлш, халаалт, машины бэлэн байдал, хүний нөөц зэрэг асуудалд анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа.