Б.НОМИН

2012 онд “Эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллага”-аар шалгарсан, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхцэцэгтэй ярилцлаа.

 

-Оны босгон дээр уулзаж байгаа болохоор та бүхний өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, энэ жил  хийхээр төлөвлөж байгаа ажлуудаас ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жилд бид хоёр тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтыг хийлээ. Үүнээс хамгийн том нь Эрүүл мэндийг дэмжих төвийн гурван давхар барилгыг барьж ашиглалтад оруулахад 680 сая гаруй төгрөг зарцуулсан. Мөн 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн, одоогоор 45 хувийн гүйцэт­гэлтэй байна. Энэ онд ашиглалтад оруулна. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, Далан­жаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумын эмнэлгийн барилгын засвар уурын зуухны шинэчлэлтийн ажлуудыг хийлээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлүүдийг бас хий­сэн. Аймгийн хэм­жээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөм­жөөр хангаснаар аймгийн нэгдсэн эмнэл­гүүдэд нэн шаардлагатай тоног төхөө­рөмжийн хангалт 90 гаруй хувьтай боллоо. Сум, анхан шатны эмнэлгүүдэд 80 гаруй хувьтай байна.

-Тоног төхөөрөмжийн тал дээр бараг асуудалгүй боллоо гэж ойлгож болох нь ээ?

-Бүгд шаардлага хан­га­чихлаа гэж хэлж бо­лохгүй л дээ. Төсөв мөн­гөний асуудлаас болоод хугацаа нь  дууссан ч ашиг­лаж байгаа, шинээр авах шаардлагатай тоног төхөөрөмжүүд бас байна.

-Эрүүл мэндийн сал­барт сүүлийн үед цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэг­жиж байна. Үр дүн нь танай аймагт ямар байгаа вэ?

- Аймгийн нэгдсэн эмнэ­лэгт 2009 оноос зайн оношлогоо, эх нярайн тусламж үйлчилгээ, зүрх судасны тусламж үйл­чилгээний хүрээнд төсөл хэрэгжиж байгаа. Сүү­лийн дөрвөн жилийн хугацаанд зүрх судасны тусламж үйлчилгээг 600, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг 2000 гаруй хүнд үзүүлж чадсан байна. Ач холбогдол нь юу вэ гэхээр, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт оно­шилж байгаа. ЭНЭШТ, Клиникийн гуравдугаар эмнэлэгүүдтэй зайнаас харилцаж онош нь тод­рохгүй байгаа хүмүүсийн оношийг тодруулж, орон нутагт эмч­лэх боломжгүй  эмгэгүү­дийг эрт оношлох гээд эмчилгээний асууд­лыг шийдвэрлэж байна.

Ер нь эх нялхсын эн­дэгдлийг бууруулах, тус­ламж үйлчилгээг сайж­руулах зорилгоор эх нялх­сын эрүүл мэнд стратеги, нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөр, хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөр гээд олон төслийг хэрэгжүүлж байна. Аймгийн хэм­жээнд бид сүүлийн дөрвөн жилд эхийн эндэгдэлгүй ажиллалаа. Аймгийн нэгд­сэн эмнэлэг сүүлийн зур­гаан жилд эхийн эндэгдэл гаргаагүй. Энэ бол үр дүн гэж ойлгож байна. Сүү­лийн жилүүдэд бидний хүрч чадаагүй байсан нэг том амжилтад хүрч халд­варт өвчний гаралтыг буу­руулсан. Нийт халдварт өвчний 40 гаруй хувийг бэлгийн замын, 30-аад хувийг нь гэдэсний өвчин эзэлдэг байсан. 10 мянган хүн амд ногдох халдварт өвчнөөр жил болгон улс аймгийн дунджаас өндөр, 200 гаруй тохиолдолтой байсан. Харин өнгөр­сөн 2012 онд бид 10 мянган хүн амд ногдох халдварт өвч­нийг 170 бол­гож бууруулж чадсан. Яаж бууруулсан бэ гэхээр, хүүх­дүүдийн дунд халд­варт А гепатитаас сэр­гийлэх дархлаажуулалтыг 2012 онд товлолд оруулж хэрэгжүүлсэн хамгийн анхны аймаг нь манайх. Дархлаажуулалтын хамралт 99 хувьтай байгаа. Энэ вакциныг хийснээр ялангуяа цэцэрлэгийн насныхны өвчлөл эрс буурсан. 10 мянган хүн амд ногдох А гепатитын өвчлөл 40 гаруй то­хиолдлоор буураад байгаа.

-Бусад халдварт өвч­нийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

- Гэдэсний халдвар буурчихсан. Хамгийн эг­зэгтэй нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин байна. БЗХӨ нийт халдварт өвчний 60-аад хувийг эзэлж байгаа. Үүнийг бууруулах чиг­лэлээр бас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. Үр дүнд нь бэлгэвч хэрэглэх зан үйл хэвшиж эхэлж байгаа.

-Иймэрхүү үр дүнг тодорхойлж, мэдэхэд амаргүй шүү дээ?

-  Жил бүр хэрэг­жүүл­сэн төсөл, хөтөлбөртөө давхар судалгаа шин­жилгээ хийдэг юм. Өнгөрсөн жил л гэхэд орон нутгийнхаа хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн бо­ловсролын төвшин тог­тоох судалгааг хийлээ. Бас аймгийн яаралтай тус­лам­жийн сүүлийн гурван жилийн байдалд судалгаа хийж үзсэн. Өрх, сумын эмнэлгүүдийн өвчлөлийн байдалд ямар өвчлөл зонхилж байгааг судалсан. Энэ олон судалгааны ажлыг хийж байгаа учир нь бид эргээд нотолгоонд суурилсан шийдвэр гар­гаж, тулгамдсан асуудлыг хөндөж, шийдвэрлэхэд бодитой, үнэмшилтэй байна гэж үзэж байгаа юм.

ЭМЯ-наас 2012 оныг эмнэлгийн тусламж үйл­чилгээний чанарыг сайж­руулах жил болгож зар­ласан. Энэ дагуу хийсэн ажлын  орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилт 90-ээд хувьтай байна.

-Эмч нарын ёс зүйн асуудал цаг ямагт анхаарал татдаг  сэдэв шүү дээ. Энэ тал дээр?

- Мэргэжлийн ёс зүйн харилцаа, хандлагыг сайж­руулах ажлууд хий­сэн. Аймгийн хэмжээнд ёс зүйн салбар хороог бай­гууллаа. Нэгдсэн эмнэл­гүүдэд ёс зүйн хэсгийг байгуулсан. Энэ жил 400-гаад эмч мэргэжилтнийг ёс зүйн сургалтад хамруулсан. 2009 оноос эхлээд манайх эвлэрүүлэн зуучлагчийг бэлдэж байгаа. Өргөдөл гомдлын мөрөөр ажиллаж, гомдлыг барагдуулж байна.

     Өнгөрсөн жил бид нийтдээ 50 гаруй өргөдөл гомдол, санал, хүсэлт хү­лээж авсан. Эмнэл­гийн тусламж үйлчилгээ, ёс зүй харилцаа ханд­лагатай холбоотой. Энэ асуудлыг цаг хугацаанд нь шийд­вэрлүүлсэн. Бас салба­рынхаа үйл ажиллагааг нээлттэй, ил тод байл­гахын тулд ЭМГ-таа тогтмол утас ажиллуулж байна. Заавал гомдол биш, талархал, саналыг бас авч байна. Иргэдийн сэтгэгд­лийг хурдан хугацаанд мэ­дэж шийдвэрлэхэд хялбар болсон.

-Шинээр томилогдсон сайд эмч нарт алдааны сан байгуулах шийдвэр гаргасан. Энд эмнэлгийн ажилтнууд тийм ч таатай хандаагүй болов уу?

- Алдааны санг бүрдүүлсний гол зорилго нь  ямар алдаа, юунаас болж олон гарч байгааг судлах. Шалтгаан нь удирдлагатай, эсвэл хувь хүний зохион байгуу­лалттай холбоотой юм уу, хангамжтайгаа холбоотой юу гэдгийг судалснаараа эргээд түүнийг нь засахад дөхөм болж байгаа юм.

-Дан ганц салбар нь зүтгээд хүн амын эрүүл мэнд сайжирчихна гэвэл өрөөсгөл ойлголт болов уу. Хүмүүст бас эрүүл амьдрах дадал зуршлыг бий болгох нь чухал байх?

-Тэгэлгүй яахав. Бид хүн амд нийгмийн эрүүл мэндийн сургалт сур­талчилгаануудыг хийсэн. Давхардсан тоогоор 300 мянга гаруй хүнд энэ судалгааг хийсэн. Гол амжилт нь бид орон нутагтаа эрүүл мэндийг дэмжигч эрүүл ажлын байрны үндэсний сүлжээ байгууллагын салбарыг байгуулж чадсан. Үн­дэсний зөвлөгөөнд манай аймгийн бусад аж ахуйн нэгж байгууллага, ТББ-аас 11 хүн төлөөлж өөрийн зардлаар явж оролцсон. Энэ бол том амжилт. Эрүүл мэндийн ажлыг зөвхөн энэ салбарынх гэж хүмүүс ойлгодог байсан. Одоо тийм биш.

-Эмч ажилтнуудын хүрэлцээ ямар байна вэ. Танай аймаг анагаахын сургуультай шүү дээ. Тэндээс төгсөгчдөө шууд аваад ажиллуулах боломж хэр байдаг юм бол?

-Жилдээ энэ сур­гуулиас арваад их эмчийг авч сумдад ажиллуулдаг. Сумдын эмнэлгүүдийг их эмчээр 100 хувь хангасан. 40-өөд хувь нь хоёр их эмчтэй. 2-3 багт их эмч ажиллуулж байна. Бас суманд уламжлалт анагаах ухааныг төгссөн их эмч нарыг ажиллуулах оролдогыг хийж байгаа. Ингээд манай аймагт их эмч, сувилагч, дүн бүрт­гэгч бага эмчийн хангалт 100 хувь, эх баригчийнх 88 хувьтай байна.

    Хүн хүчний хувьд аймгийн нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүдийн нэгд­сэн эмнэлэг стандар­таас доогуур орон тоотой ажилладаг байсан. Өнгөр­сөн 2012 онд хийсэн том ажил бол төмөр замын эмнэлгүүдийг орон нут­гийн эмнэлэгт хүлээж авсан. Замын-Үүдийн эмнэлэгт нийтдээ 35 орон тоо, 60 гаруй сая төгрөгийн хөрөнгийг орон нутагт нь хүлээж авсан. Ингэснээр Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг 2013 онд нийтдээ 85 орон тоотой ажиллах боломж бүрдээд байна. Аймгийн нэгдсэн эмнэ­лэгт орон тоо бага байна гэсэн асуудлыг олон жил тавьсны эцэст 2012 онд 40 орон тоо нэмлээ. Төмөр замын эмнэлгээс 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө, 28 ажлын байрыг шилжүүлж авсан. Ингээд энэ оноос тус эмнэлэг 270-аад орон тоотой ажиллана.

-Эмнэлгүүдийн барилгын хүртээмж ямар байна вэ.Ачааллаа дааж ажиллаж чадаж байна уу?

-Бидэнд тулгамдаж байгаа нэг зүйл нь нэгдсэн эмнэлгийнхээ амбу­латорийн хэсэгт байдаг халдвартын эмнэлгийг тусад нь гаргах хэрэгтэй байгаа юм. Салхины дээд талдаа байрлачихсан учраас халдвар хамгаал­лынхаа талаас зохимжгүй л дээ. Нөгөө талаас манай аймаг Монгол Улсын өмнөд хилд ойрхон гэдэг утгаараа шинээр гарч байгаа халдварт өвчин эхэлж тархах магад­лал өндөртэй. Тиймээс халдвартын эмнэлгийн нөөц, тусгаарлах тасгууд хэрэгтэй байгаа юм. Энэ үүднээс ЭМЯ-нд 50 ортой халдвартын эмнэлэг барьж өгөөч гэсэн хүсэлт тавь­сан. Аймаг орон нутагтаа ч тавьсны эцэст 2013 онд энэ барилгын зургийн ажлыг хийхээр орон нут­гийн төсвөөс хөрөнгийг нь шийдсэн.

-Хүмүүсийн эрүүл мэн­дэд учирч байгаа ноцтой хүндрэл юу байна вэ?

-Хүн амын дунд зон­хилон тохиолдох өвчлө­лийн эхний байранд амьс­галын зам, хоол шингээх болон шээс бэлгэсийн халдвар ордог. Манай олон суманд ил уурхайтай, нөгөө талаас цаг агаарын байдалтай холбоотой тоос­жилтоос болж амьсгалын халдвар гардаг. Нөгөө хоёр эмгэг их байдгийн шалт­гаан нь говийн бүсийн сумдын усны хатуулаг, химийн найрлага стан­дартаас өөр. Маш өндөр хатуулаг, фторын агуу­ламжтай. Хүнцэл маш ихтэй. Энэ нь хоол боловс­руулах эрхтэн тогтолцоо, ялангуяа цөс, бөөр шээс, давсагны чулуужих өвлөлд нөлөөлж байгаа юм. Нас баралтын бүтцийг аваад үзэхээр зүрх судасны өвчлөл, хавдар осол гэмтэл эхний гурван байрт орж байна. Хавдар их байгаа нь усны найрлага, цаг агаар, тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг, дадалтай холбоотой.

-Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг хэрхэн хийж байгаа вэ?

-Мянганы сорилтын сантай хамтраад халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгээр артерийн даралт ихсэх, чихрийн шижин, хөх, умайн хавдар илрүү­лэх үзлэгүүд хийж байна. Одоогийн байдлаар 13000 гаруй хүнийг хамруулсан. Энэ нь хамрагдвал зохих хүн амын50-60 хувь нь.

-Сүүлчийн асуултыг таньд үлдээе?

- Ирэх онд гурван үе шаттайгаар шинэчлэл хийх яамны бодлого гар­сан. 2013-2016 оны Дорно­говь аймгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд энэ зорил­туудаа тусгаад хэрэгжүү­лэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд бид 2006 оноос эхлээд яамны хэмжээнд тогтмол эхний гурван байрт шал­гарч ирсэн. 2006, 2007 онд системийн хэмжээнд нэг­дүгээр байранд шалгар­сан. 2009 онд ёс зүйг дээдлэгч байгууллагаар хоёрдугаар байранд шалгарсан. Өнгөрсөн жил эх хүүхэдэд үзүүлэх тус­ламж үйлчилгээгээрээ тэргүүлэгч байгууллагаар шалгарлаа. Цаашид энэ амжилтуудаа бататгах, бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр төлөв­лөсөн ажил их байна.