Р.ОЮУН

 

Суулгалт өвчин манай оронд долоо, найм, есдү­гээр сард ихэсдэг. Энэ нь хоол хүнсний бүтээгдэхүүн амархан мууддаг­тай холбоотой. Мөн үүнээс болж хүүхдийн баас шингэрч, хэвийн тог­тоц нь алдагдаж 24 цагийн дотор гурваас олон баахыг шингэн алдалт гэдэг бай­на. Суулгалт өвчний хам­гийн аюултай нь шингэн алдалт аж. Учир нь хүүх­дийн биед байгаа шингэ­ний 15 хувь алдагдахад амь насанд аюул учирдаг ажээ. Энэ талаар “Баянзүрх” эмнэлгийн Хүүхдийн эмч А.Бямбацэцэг зөвлөж байна.

Суулгалт өвчнийг 25 гаруй вирус, нян, эгэл биетүүд үүсгэдэг. Суулгал­тын  шалтгаан болох эмгэг төрөгчид ихэвчлэн хоол боловсруулах замаар (үүнд баасны нянгаар бохирдсон сүү, хоол буюу ус, гараар) дамжиж  халдварлана. Хүн, амьтны өтгөн аль нь ч халдварын эх үүсвэр болдог. Нялх, бага насны хүүхдийн баас эмгэгтөрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай. Хүүхдийг хөхөөр хооллох­гүй байх, буруу хөхүүлэх, угжих, хөхөлт хэрэглэх, чанаж бэлдсэн хоолыг тасалгааны дулаанд удаан хадгалах, бохир ус уух, хүүхдийн баасыг цэвэр­лээд гараа угаахгүй байх, өтгөнийг зөв хаяж зайлуу­лаа­гүйгээс суулгалт үүс­дэг. Энэ үед хүүхэд тань бөөл­жинө, шингэн устай, шараар олон удаа суул­гаж, хоолонд  дургуй  болж, гэдэс нь дүүрч, шээс хо­вордох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

ХҮҮХДИЙГ СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

 

Хүүхдийг зургаан сар хүртэл зөвхөн хөхөөр хоол­лох, боломжтой бол хоёр нас хүртэл нь үргэлж­лүү­лэн хөхүүлэх хэрэгтэй. Мөн нэмэгдэл хоолонд дасгаж оруулах, хоол хүн­сийг зөв хадгалж, зөв бэлт­гэнэ. Ундны цэвэр ус хүрэл­цээтэй хэрэглэх нь суулгах өвчнөөс сэргийлэх гол аргын нэг юм. Гэр орны нөхцөлд ундны усыг  бохирдохоос хамгаална. Ундны усыг ариун цэв­рийн хамгаалалтын бүс тогтоосон цэвэр эх булгаас аваарай. Гараа үргэлж зөв угааж занших нь чухал. Гэр хорооллын айлууд жор­­лонг салхины дор, нам газар, гэр, байшингаас 20 метрийн зайтай барьж үерийн уснаас хамгаалж шуудуу татаарай. Зарим хүн хүүхдийн баас халд­вар­гүй гэж буруу ойлгодог. Нялх хүүхдийн баас ч гэсэн бусад хүнд гэдэсний халдвар тараах аюултай учир эрүүл ахуйн шаард­лагын дагуу хурдан зай­луу­лах хэрэгтэй. Хүүх­дийн суулгалтаар алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал ямар ч эм хэрэг­лэх­гүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Иймээс хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдал­таас сэргийлж тодорхой хэмжээний шингэн уул­гана. Хүүхэд өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ илүү шин­гэн уух ёстой.

 

ЯМАР ШИНГЭН УУЛГАХ ВЭ?

 

Та гэртээ бэлтгэж бо­лох будааны шүүс, буцал­сан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уус­малын алиныг ч өгч болно. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амт­лаг шүүс их чихэртэй учир туулгаж, шингэн алдалтыг ихэсгэдэг. Шингэн алдал­таас сэргийлэх, түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол шингэн сэлбэх давсны уусмал юм. Шин­гэн сэлбэх давсны олон улсын нэр нь ORS  юм. ORS-ийг  аль болох эрт, цаг алдалгүй ердийн ууд­гаас их өгөхийг хичээ­гээрэй. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн ч хоног өгч болно. Энэ уус­малын нууц нь глюкоз, натри, калийн давс, усыг зөв харьцаатай агуулах учир суулгалт өвчний шин­гэн, эрдэс алдалтыг бүрэн нөхөх чадалтай. Шин­гэн алдалтаас сэр­гий­лэх болон эмчлэх цорын ганц эм.

Хоёр хүр­тэлх насны хүүхдийн шингэн алдалт бүрийн дараа 50-100 мл шингэ­нийг цайны хал­багаар 2-3 минутын зайтай уулгана. Харин хоёроос дээш нас­ны хүүхдэд 100-200 мл шингэнийг аяганаас бага, багаар уулгаарай. Хэрэв хүүхэд чинь бөөл­жөөд байвал 10 минут хү­лээ­гээд дахин үргэлж­лүүлэн өгөөрэй. Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгана.